30.06.2020

Чиний дураар болохгүй юм бас байна

Трампын засгийн газар олон талтын оролцоотой байгууллагад хяналт тавьж чадахгүйд хүрвэл эдгээр байгууллагууд руу довтолж эхэлдэг. Хамгийн сүүлийн үеийн золиос нь олон улсын эрүүгийн шүүх болоод байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 6-р сарын 11-нд Америкийн албан байгууллагуудад олон улсын нэгэн байгууллагын дансыг царцаах, тус байгууллагын ажилтнуудыг хилээр оруулахыг хориглох эрх олгох тухай итгэмжлэлд гарын үсэг зурлаа. Өмнө нь хориг арга хэмжээний зорилго нь террорист- алан хядах байгууллагуудын гишүүд эсвэл хүний эрхийг уландаа гишгэдэг дэглэмүүдэд хамааралтай этгээдүүдийг хилээр нэвтрүүлэхийг хориглоход чиглэдэг байсан. Харин энэ удаад олон улсын эрүүгийн шүүхийн ажилтнуудад хилийн хориг тавихад оршиж байгаа юм.

Энэхүү хориг арга хэмжээнүүд нь АНУ ба Нидерландын Ден Хаагт төвтэй шүүх хоорондын хурцадмал харилцааны оргил цэг нь байлаа. 1998 онд ромын үндсэн хууль батлагдаж байхад АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Билл Клинтон сонгуульт хугацааныхаа сүүлийн өдрүүдэд олон улсын эрүүгийн шүүхийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан боловч АНУ өнөөг хүртэл уг гэрээнд элсэн ороогүй байсаар байна. Хүү Жорж Буш онц шаардлага гарсан үед Нидерланд руу цөмрөн орох эрхийг нь Америкийн армид үлдээснээр олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээр тус улсын хорих лагерьт хоригдож буй Америкийн иргэдийг чөлөөлөх боломж нээлттэй үлдэх болно гэдэг үндэслэлээр гарын үсгийг нь буцаасан юм. Ден Хаагт ”Хаагт довтлон орох тухай акт”-ын тухайд жуумалзаад л өнгөрсөн юм. Өнөөг хүртэл дээрх торгуулийн арга хэмжээнүүд бэлэг тэмдгийн шинжтэй үлдэж Вашингтоны сэтгэл хангалуун бус байдлын илэрхийлэл болсоор байна. Доналд Трампын үед эгдүүцэл нь байнгын үзэн ядалтаар солигдсон юм. Тухай үеийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон 2018 онд АНУ тус шүүхийг цаашид дэмжихгүй харин үхүүлэх болно (санхүүжилтийг нь зогсооно) хэмээн мэдэгдээд торгууль, шийтгэлийн тодорхой арга хэмжээнүүдийг цаашид авна хэмээн заналхийлсэн билээ. Өнгөрсөн жилд ерөнхий яллагч Фатоу Бенсоудад визийн хязгаарлалт тавих арга хэмжээ авсан юм. Цаашид авах арга хэмжээнүүдийн дунд Афганистанд явуулсан дайны гэмт хэргийн мөрдөн шалгалтад оролцож буй тус шүүхийн бүх ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд ногдуулах шийтгэл багтаад байна. Америкийн цэргүүд болон тагнуулын төв газрын ажилтнууд үйлдсэн байж болзошгүй гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг Вашингтон хориг арга хэмжээ авах шалтгаануудын нэгээр нэрлэсэн байдаг. Америкийн иргэд олон улсын шүүхээр таслагдаж, ялтан болж болзошгүй юм гэдэг айдас тун гүнзгий суужээ. Америкийн иргэдийг ял шийтгэлээс хамгаалах нь Америкийн гадаад бодлогын үндсэн зарчмуудын нэг болжээ.

Засгийн газруудын ердийн хэрэгсэл жишээлбэл өөрийн ашиг сонирхолд хүч нэмэхийн тулд зорилтот санхүүжилт гаргах эсвэл бүтэлгүйтсэн үед зорилтот санхүүжилтийг татах зэрэг засгийн газруудын мэдэлд байдаг ердийн хэрэгслүүд эрүүгийн хэргийн шүүхэд үйлчилдэггүй.

Вашингтоны олон улсын эрүүгийн шүүхэд дайсагнаад байгаа цаад шалтгаан ба үл итгэх байдал илүү гүнзгий суурьтай юм. АНУ, нэн ялангуяа ерөнхийлөгч Трампын засаг захиргаа олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хяналт тогтоох боломжтой байх нөхцөлд л тэдэнд дэмжлэг үзүүлдэг. Жишээ нь: санхүүжилт олгох замаар. Үүний нэг жишээ бол: АНУ, НҮБ-ын хооронд хэнд тусламж үзүүлэх тал дээр саналын зөрүү үүссэн тул Ойрх дорнодод байгаа Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын байгууллагын (UNRWA)-д санхүүжилтийг танасан. 

Олон улсын байгууллагууд Америкийн дарамтад орж бөхийхгүй байх тохиолдолд АНУ-д гишүүнчлэлээс татгалзаж, тус байгууллагаас гарах ганц л зам үлддэг. Өнгөрсөн жилүүдэд дарамтад орж бөхийсөнгүй гэдэг шалтгаанаар АНУ UNESCO ба НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс гарч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтын ажиллагаагаа цуцлаад байна.

Олон улсын эрүүгийн шүүх харин өөр зарчмаар ажилладаг. Засгийн газруудын ердийн хэрэгслүүд жишээлбэл өөрийн ашиг сонирхолд хүч нэмэхийн тулд зорилтот санхүүжилт гаргах, бүтэлгүйтсэн нөхцөлд санхүүжилтийг буцаан татах зэрэг засгийн газруудын мэдэлд байдаг ердийн хэрэгслүүд эрүүгийн шүүхэд үйлчилдэггүй. Шүүх бол ердийн нэг олон улсын байгууллага биш, харин шүүх шүү дээ. Гишүүн орнууд нь гэрээний талуудын хуралд төлөөлөлтэй байдаг. Уг хурлаар шүүхийн төсвийг баталж шүүгчид ба яллагчдыг сонгодог. Шүүхийн хуралдаанд бусад олон улсын байгууллагуудын нэгэн адил шүүхийн төсвийг нэмэгдүүлэх тухай эсвэл албан тушаал хуваарилах тухай маргааны уур амьсгал ноёлж байдаг. Байгууллагын нөгөө хэсэгт шүүхийн үйл ажиллагаанд гэрээний талуудын хуралдаан огт нөлөөгүй байдаг. Яллагч нар нь ямар хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлүүлэх вэ? Хаана мөрдөгчдөө ажиллуулах вэ? Хэн гэдэг хувь хүмүүст ял оноох вэ? гэдгээ өөрсдөө шийддэг. Иймээс АНУ гишүүн орон ч гэлээ Афганистаны дайны гэмт хэрэгт огтхон ч нөлөөлж чадахгүй.

АНУ иймээс аль болох олон оронтой Америкийн иргэдийг ялтан солилцоогоор өөр оронд шилжүүлэхийг хориглох тухай хоёр талт гэрээ байгуулахыг оролдож байна. Өнөөг хүртэл 100 гаруй оронтой уг гэрээг байгуулаад байна.

Гэсэн хэдий ч Вашингтон сүүлийн жилүүдэд хяналт тавих боломж олж авахыг оролдсоор байна. Ромын үндсэн хуульд гишүүн орнууд олон улсын өмнө хүлээсэн бусад үүргээсээ зайлсхийхийн тулд шүүхтэй хамтран ажиллаж болохгүй гэсэн заалт байдаг. Иймээс АНУ аль болох олон оронтой Америкийн иргэдийг ялтан солилцоогоор шилжүүлэхийг хориглох тухай хоёр талт гэрээ байгуулахыг оролдож байгаа бөгөөд өнөөг хүртэл ихэвчлэн африк тивийн жижиг орнууд голдуу 100 гаруй оронтой хоёр талт гэрээ байгуулаад байна. Эрүүгийн хэргийн шүүхийн үйл ажиллагаанд гишүүн орнуудын засгийн газруудад зөвхөн хяналт тавих боломжгүй төдийгүй бусад олон улсын байгууллагуудын нэгэн адил хяналт тавих боломж олгохгүй бол гишүүнчлэлээс чинь гарлаа гэдэг хоёрын нэгийг сонгох тулган шаардлага тавих боломж бас байхгүй. Учир нь Ромын үндсэн хуулиар тус шүүхэд гишүүн бус орнуудын иргэд өдүүлсэн байж болзошгүй гэмт хэргийг ч мөрдөн шалгах эрхийг олгосон байдаг. Ден Хаагийн шүүх нь өнөөгийн байдлаар гишүүнчлэлтэй 123 орны эзэмшил нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн үндэстний цөөнх, ард түмний бүлгийг аймаглан устгасан, хүн төрөлхтний эсрэг өдүүлсэн гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг зэрэг гэмт хэргүүдийг, тухайн хэргийг үйлдэгчээр сэжиглэгдэж буй этгээд нь аль үндэстэн байхаас үл хамааран шийдэх эрхтэй. Иймээс АНУ-ын иргэдийг ч гэмт хэрэгт сэжигтнээр татан мөрдөн шалгаж ял ногдуулах боломжтой. 

АНУ гишүүн бус орнуудын иргэдийг ч мөрдөн шалгах энэхүү зарчим нь улс орнуудын тусгаар байдлыг зөрчиж байна хэмээн үзэж уг зарчмын хүлээн зөвшөөрөгдөх байдал болон хууль ёсны байдалд эргэлзэж байгаа юм.Энэ хооронд уг зарчмыг бусад олон улсын шүүх хэрэглэж байгаа, олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Энэ нотолгоо Трампын засгийн газарт огтхон ч нөлөөлөхгүй байгаа бололтой.

Америкийн засгийн газар одооноос дарамтаа улам нэмэгдүүлж хориг арга хэмжээнүүдээрээ эрүүгийн хэргийн шүүхийг хазаарлах, хяналт тогтоох боломж олж авахыг оролдсоор байна. Өнөөг хүртэл Америкийн талаас авч буй арга хэмжээнүүд эрс шүүмжлэлтэй тулгарсаар байна.

Өнгөрсөн жилүүдэд АНУ олон улсын шүүхийг дэмжигч нь байлаа. АНУ жишээлбэл НҮБ-ын шүүн таслах газрыг Балканы дайн, Руандад болсон аймаглан устгасан гэмт хэрэг, 1990, 2000-аад онд баруун Африкт болсон иргэний дайны дараагаар эдгээр гэмт хэргийн гэмтнүүдийг мөрдөн шалгахын тулд дээр үеийн Югослав, Руанда, Сьерра Лионд байгуулахыг дэмжиж байлаа. Эдгээр шүүн таслах газрууд нь гадаадын иргэдийг нэгэн адил мөрдөх эрхтэй байлаа.

Шүүн таслах газруудын олон улсын эрүүгийн шүүхээс ялгагдах нэгэн чухал ялгаа нь гэвэл тэдний мандат хязгаарлагдмал байлаа. Шүүн таслах газрууд зөвхөн НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоож өгсөн тодорхой цаг хугацааны дотор, газарзүйн байрлалын хувьд хязгаарлагдмал орон зайд хэрэг шүүх эрхтэй байв. Харин олон улсын эрүүгийн шүүх эсрэгээрээ 2002 оноос хойш гишүүн орнуудын газар нутаг дээр үйлдэгдсэн олон улсын бүх гэмт хэргүүдийг мөрдөх эрхтэй. Эрүүгийн шүүхийн үйл ажиллагааг хязгаарладаг хууль ёсны ганцхан хэрэгсэл НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн мэдэлд байдаг, зөвхөн аюулгүй байдлын зөвлөлөөс тусгай тогтоол батлагдсан нөхцөлд л дээд тал нь арван хоёр сарын хугацаанд хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагааг зогсоож болдог.

Шүүх гишүүн орнуудын засгийн газруудын хяналтаас ангид байдаг. Энэхүү хяналтаас гадуур байдал нь Вашингтоны  хийрхэл, юуны өмнө уур цухлыг бадраадаг. Зарчмыг мэдсээр байж Америкийн засгийн газрын зүгээс дарамтаа нэмэгдүүлж хориг арга хэмжээнүүдээр дамжуулан эрүүгийн хэргийн шүүхийг хазаарлах, шүүхийн үйл ажиллагаанд хяналт тогтоохыг оролдсоор байна. Өнөөгийн байдлаар эдгээр арга хэмжээнүүд эрс шүүмжлэлтэй тулгарч байна.

Бенжамин Дүрр бол шинжээч бөгөөд 2010 оноос хойш Ден Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүх дээр ажиглагчаар ажиллаж байна. Мөн түүнчлэн тэрээр Al Jazeera, Deutsche Welle, Spiegel, Die Zeit зэрэг мэдээллийн сувагт нийтлэл бичдэг. Дүрр Италид олон улсын эрүүгийн эрх зүйгээр сурч байжээ.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. 

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de