18.05.2020

Дампуурлын өмнөхөн

ОУВС-нд 80 гаруй орон дампуурлаас зайлсхийхийн тулд яаралтай зээл хүсээд байна. Саяхан хийгдсэн өр тэглэх тохиролцоо дэндүү явцуу болжээ.

Коронагийн хямралын эдийн засгийн үр дагавар хөгжиж буй орнуудад хамгийн хүндээр тусч байна. Тэдний экспортын орлогынх нь хамгийн чухал эх үүсвэр болсон түүхий эдийн үнэ навс уналаа. Ажилгүйдэлд үй олноороо өртөх болсон цагаас хойш цагаач ажилчдын эх орон, гэр бүл лүүгээ шилжүүлдэг мөнгөний хэмжээ ч буурлаа. Аялал жуулчлалын салбар бараг зогслоо. Коронагийн хямрал эхэлснээс хойш хөрөнгөтнүүд 2008 оны санхүүгийн хямралын үеэс ч илүү хурдан, илүү их хөрөнгөө хөгжиж буй орнуудаас зугтаалгаж татан авч байна. Зөвхөн гуравдугаар сард гэхэд цэвэр дүнгээр 100 тэрбумаас доошгүй доллар татан аваад байна.

Коронагийн ноцтой хямралтай тэмцэх, хямралын эдийн засгийн үр дагаврыг зөөллөхийн тулд хөгжиж байгаа орнуудын санхүүгийн хэрэгцээ асар өндөр байна. Баян орнууд асар өндөр дүнтэй авралын багц (санхүүгийн дэмжлэг, хүү багатай зээл) гаргах замаар хямралыг сөрж байна. Эдгээр авралын багцад санхүү, төсвийн бодлогын сонгодог олон хувилбарууд багтдаг боловч ядуу буурай орнуудад эдгээрийн алийг нь ч хэрэглэх санхүүгийн боломж хомс юм.  

Коронагийн хямрал эхлэхээс өмнө хөгжиж буй олон орны өрийн ачаалал төлбөрийн чадвараас нь давсан, татвар нэмэгдүүлэх боломж нь хэдийн шавхагдчихсан байсан учраас төсвийн санхүүжилтээр бодлого хэрэгжүүлэх орон зай нь маш хязгаарлагдмал юм. Үндэсний валют нь хүчтэй баян орнуудын төв банкнууд мөнгөний  бодлогын хэрэгслүүдээр хямралыг сөрж байхад, хөгжиж буй орнууд мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн нөхцөлд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унаж үр дагаварт нь чухал импортууд, гадаад өрийн эргэн төлөлтийг санхүүжүүлэхэд хүндрэл үүснэ. Иймээс НҮБ дэлхийн өмнөдийн орнуудад 2.5 их наяд долларын мөнгөн дүн бүхий асар том авралын багц гаргах шаардлага тавиад байгаа юм. НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хурлын (UNCTAD) тооцоолсноор уг багц гурван чухал бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх ёстой.

·   Ядуу орнуудын эрүүл мэндийн салбарт Маршал-төлөвлөгөө хэрэгжүүлэхэд 500 сая ам. долларын санхүүжилт хэрэгтэй байна. НҮБ-ын худалдаа ба хөгжлийн бага хурал Маршал-төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд баян орнууд нэмэлт санхүүжилт гаргах нь ёстой гэж үзэж байна. Учир нь баян орнууд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хөгжлийн хамтын ажиллагааг санхүүжүүлэх хариуцлагынхаа хүрээнд гаргахаар тохирсон мөнгөн дүнг бүрэн төлөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс энэ нэмэлт санхүүжилт нь нэг ёсны хөгжлийн хамтын ажиллагааны нөхөн төлбөр гэсэн үг.

·   Нэг их наяд долларын санхүүгийн нэмэлт туслалцааг ОУВС олон улсын нөөц хөрөнгөнөөс гаргаж, хүмүүжлийн онцгой эрхийнхээ дагуу хөгжиж буй орнуудад боломжтой мөнгө. Энэ нь Европын Төв Банкнаас эргэлтэд байгаа нийт мөнгөний нийт нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээтэй төстэй арга хэмжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл ОУВС дэлхийн өмнөдийн орнуудын төв банкны үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.

·   Дахин нэг их наяд долларын өрөөс шууд өр тэглэх замаар чөлөөлөх. Энэ бол хөгжиж буй орнууд руу хийж буй мөнгөн шилжүүлэг биш, харин ирээдүйд ядуу орнуудаас хийгдэх ёстой мөнгөн шилжүүлгээс татгалзаж байна гэсэн үг. Ингэснээр ядуу орнуудын эдийн засгаа сэргээн босгох төсвийн санхүүжилттэй бодлого хэрэгжүүлэх орон зайг тэлнэ гэсэн үг. 

Өнгөрсөн жил Аргентин зэрэг улсын дэлхий нийтийн анхаарлыг татсан дампуурал нь айсуй шинэ хямралын дохио байжээ.

Өрийн ачаалал улс орнуудын эргүүлэн төлөх чадвараас давжээ: Европ, Америкт мөнгө хямд, хүү бага байх үед олон хөрөнгө оруулагчид дэлхийн өмнөдийн орнуудад хөрөнгө оруулалт хийх арга зам эрэлхийлдэг байлаа. Энэ хөрөнгө оруулалтууд өмнөдийн орнуудын өр түүхэнд байгаагүй их хэмжээнд хүртэл өссөн шалтгаан нь юм. Өнгөрсөн жил Аргентин зэрэг улсын дэлхий нийтийн анхаарлыг татсан дампуурал нь айсуй хямралын дохио байжээ. Бага орлоготой орнуудын бараг тал хувь нь ОУВС-гийн шатлалаар өрийн өндөр эрсдэлтэй орнуудын ангилалд багтаад байна. Гэхдээ ОУВС-гийн тоон мэдээлэл нь коронагийн хямралын өмнөх тоо шүү гэдгийг сануулъя. Коронагийн хямрал хөөсийг хагаллаа. Улсаа дампуурахаас зайлсхийхийн тулд ОУВС-д 80 гаруй орон яаралтай зээл хүссэн өргөдөл гаргаад байгаа нь рекорд эвдсэн тоо юм. Олон орны төр дампууралд ойрхон ирсэн нь олон улсын хамтын нийгэмлэг, түүний ОУВС, Их 7, Их 20 зэрэг байгууллагуудад өр тэглэх шийдвэрээ яаралтай гаргах томоохон дарамт болж байна. Мөс хагалагчийн үүргийг ОУВС өөрөө гүйцэтгэлээ. ОУВС 4-р сарын 13-нд 25 орны бүлгийг он дуустал төлөх ёстой зээлийн хүүгээс чөлөөлөх шийдвэр гаргалаа. Уг шийдвэр ёсоор эдгээр орнууд 215 сая долларын зээлийн хүүгийн төлөлтөөс чөлөөлөгдсөн нь бэлэг тэмдгийн чанартай юм даа. Үнэн хэрэгтээ уг шийдвэр хөгжиж буй орнууд огт эерэг нөлөө үзүүлэхгүй юм. Учир нь ОУВС баян гишүүн орнуудаасаа ядуу орнуудын зээлийн хүүд төлөх ёстой байсан мөнгийг нөхөөд авчихна. Баян орнууд харин төлсөн мөнгөө хөгжлийн хамтын ажиллагааг санхүүжүүлэх мөнгөнөөсөө хасаад тооцчихно.

Энэ бол зүгээр л тэг нийлбэрийн тоглоом юм даа. Учир нь ядуу орнууд өрөөс чөлөөлөгдсөн хэмжээгээрээ хөгжлийн хамтын ажиллагааны санхүүжилтээсээ хасуулна гэсэн үг. Өөр нэг хувилбар бол өр тэглэх арга хэмжээг ОУВС өөрөө санхүүжүүлж түүнийгээ төдийлөн ач холбогдолгүй алтны нөөцөөсөө зарах замаар буцааж олж болох юм. Геополитикийн байнгын зөрчилдөгчид болох АНУ, Хятадын хооронд явагдсан ширүүхэн хэлэлцээрийн дараа 4-р сарын 15-нд Их 20-ийн гишүүн орнууд араас нь нэхэв. Их 20-ийн тогтоол ёсоор хамгийн ядуу 77 орны бүлэг энэ оны эцэс хүртэл зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Харин зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхийн тулд эдгээр орнууд тус бүрдээ өргөдөл гаргах ёстой юм байна. Ингэснээр эдгээр орнууд өрийн үйлчилгээнд төлөх ёстой байсан 14 тэрбум ам долларын зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Их 20-ийн тогтоолоор ядуу орнуудын өрийг бодитойгоор тэглэж байгаа хэрэг биш, харин урт амьсгаа авах боломж олгож байгаа юм. Учир нь ядуу орнууд энэ оны эцэс хүртэл зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа ч уг төлбөрийг ирэх гурван жилд багтаан хувааж төлөх үүрэг хүлээж байгаа юм. Тэд жинхэнээсээ төлж чадах эсэхийг нь харах л үлдлээ. Коронагийн хямрал бодит байдал дээр өрөнд баригдсан олон ядуу орныг төлбөрийн чадваргүй болсноо зарлахад хүргэх төлөвтөй байна. Ядуу орнуудын өрийг жинхэнээр нь тэглэсэн нөхцөлд л тэд төлбөрийн чадваргүй байдлаасаа гарч чадна. Дээрээс нь нэмж хэлэхэд энэ багц арга хэмжээнд ямар нэгэн болзолгүйгээр хамрагдах боломжгүй. Уг багцаас өдгөө ОУВС-тай ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлчихсэн байгаа орнууд л ашиг хүртэх боломжтой. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд нь хэмнэлтийн бодлого гэх мэт гоё нэртэй боловч ихэвчлэн “төсвийн санхүүжилтийг тогтворжуулах” журмуудыг ёс юм шиг багтаасан байдаг учраас ихээхэн маргаан дагуулдаг. ОУВС зээл олгохдоо тодорхой болзол, нөхцөлүүд тулгадгаас болоод олон орны нийтийн буюу төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн системүүд хэмнэсээр байгаад туйлдсан, үүнээсээ болоод коронагийн цар тахлаас их хохирол хүлээж байгаа юм. Коронагийн хямралын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ОУВС-г гоё нэртэй хөтөлбөрүүдтэй нь оруулж ирвэл ямааг байцааны талбайн манаачаар тавьсантай адил хэрэг болно.

Коронагийн хямрал өрөнд баригдсан олон орныг бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсноо зарлахаас өөр аргагүй байдалд хүргэх бололтой.

Үүнээс гадна багцад хамрагдагч орнууд зээлийн хүүгийн төлөлтөөс чөлөөлөгдөж байгаа хугацаандаа зах зээлийн хүүтэй зээл шинээр авахгүй байх үүрэг хүлээх ёстой. Энэ нь нэг талаас өрийн ачаалал нь төлбөрийн чадвараас нь давчхаад байхад нэмж өр тавихгүй байх нь дээр. Нөгөө талаас нэмж өр тавихын хэрээр тэдний эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн санхүүжилттэй бодлого хэрэгжүүлэх орон зай нь улам хумигдах нь ойлгомжтой. Герман болон дэлхийн хойд зүгийн орнуудын дэлгэж буй авралын шүхэр буюу хямралын үед эдийн засгаа дэмжих бодлогоо эхлээд шинээр өр тавих замаар санхүүжүүлэх нь ойлгомжтой. Эцэст нь Их 20-ийн хэлэлцээр хоёр талт буюу хоёр орон хоорондын өрөөр хязгаарлагдаж байгаа. Энд хэлэлцээр АНУ-ын талд шийдэгдсэн. Учир нь дэлхийн өмнөдийн орнуудын хамгийн том, хол тасархай хөрөнгө оруулагч бол Хятад улс юм. Мөнгийг үр өгөөжтэй чөлөөлөхийн тулд богино хугацаатай өрийг хэлэлцээрээр хойшлуулах, урт хугацаатай өрийг тэглэх арга хэмжээнд АНУ давамгайлсан Дэлхийн Банк зэрэг олон талт зээлийг нэн ялангуяа хувийн банкнуудын зээл ба ядуу орнуудын төрийн бондуудыг хамруулах шаардлагатай. АНУ ба Европын хөрөнгө оруулалтын томоохон  сангууд урт хугацаатай зээл олгодог. Хөгжиж буй орнуудын гадаад валютаар гаргасан бондуудын хүү хэт өндөр, жилийн арав хүртэл хувийн хүүтэй байна. Ядуу орнуудын өндөр хүүтэй, гадаад валютаар гаргасан бондууд тухайн орнуудын төсөвт хамгийн хүнд ачаа болж байгаа тул нэн тэргүүнд эдгээр бондыг авч хэлэлцэх шаардлагатай.

ОУВС ба Их 20-ийн өдгөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн эхний алхмууд ба НҮБ-аас коронагийн хямралтай тэмцэхэд шаардлагатай гэж үзэж буй өр тэглэх хэмжээ хоёр газар тэнгэр шиг хол зөрүүтэй байна. Ирэх долоо хоногуудад хоёр зүйл шийдвэрлэх үүрэгтэй байх болно. Нэгдүгээрт: Төлөх ёстой зээлийн хүүг хойшлуулах арга хэмжээг төлөх ёстой мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний өрийг тэглэх арга хэмжээгээр сольж чадах эсэх. Учир нь өрийг ирээдүй рүү шилжүүлснээр буюу төлөх хугацааг нь хойшлуулснаар өнөө үүсээд байгаа асуудлууд шийдэгдэхгүй. Хоёрдугаарт: өрийн бүтцийг өөрчлөх арга хэмжээнд хувийн зээлдэгчдийг нэгэн адил хамруулж чадах эсэхээс. Сүүлийн хэдэн арван жилд хувийн мөнгө хүүлэгчид холбооны засгийн газрын (германы) бондыг худалдаж авахаас ядуу орнуудын өндөр хүүтэй, тэр хэмжээгээрээ өндөр эрсдэлтэй бондыг худалдан авахыг илүүд үзэж их ч ашиг олсон. Одоо тэд ч гэсэн хямралтай тэмцэхэд хувь нэмэр оруулах ёстой. Хувийн өрийн бүтцийг өөрчлөх дүрмийг Их 20 тогтоох ёсгүй. Тэдний үүрэг бол коронагийн хямралын үед ядуу орнуудын хувийн банк, сангуудаас авсан өрийн үйлчилгээг зогсооход эрх зүйн болон улс төрийн ар тал нь болох. Тэд энэ хямралын үед үүнийг хийхгүй юм бол хэзээ хийх бэ? НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс өрийн үйлчилгээний тэргүүлэх зарчмуудыг тогтоохдоо улс орнуудын төр санхүүжилт хомстох үед боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг хүний эрхийн хэрэгжилтэд чухал үүрэгтэй салбаруудын санхүүжилтэд өрийн үйлчилгээнээс илүү өндөр ач холбогдол өгөх ёстой гэжээ. Зээлдүүлэгчдийн санхүүгийн шаардлагыг биелүүлэхийн тулд иргэдийнхээ эрхийг хөл дороо гишгэлэх эрх аль ч улсын төрд байхгүй.  Өрийн үйлчилгээг зогсоох шаардлага тулгарсан ч нэн тэргүүнд иргэдийнхээ эрхийг хангах ёстой. Коронагийн хямралын үед олон орны төрийн өмнө зээлдүүлэгчдийнхээ шаардлагыг биелүүлж өрөө төлөх үү? эсвэл иргэдийнхээ эрхийг хангах уу? гэдэг хоёр хэцүүгийн нэгийг нь сонгох хэцүү сонголт тулгарах нь.

Бодо Эллмерс бол Дэлхийн бодлогын форумын Тогтвортой хөгжлийн санхүүгийн хөтөлбөрийн захирал юм. 

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй болно.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de