26.03.2020

Эрин үеийн сорилт - Коронавирусийн хямралаас үүдэлтэй дэлхий дахины цочрол болон боломжууд

Коронавирусийн хямрал бүх системийн дундуур шокийн долгион илгээж байна. Зөвхөн шок бус харин шинэ боломжуудыг ч нээж байна. Цар тахал хэр удаан үргэлжлэхийг хэчнээн хүн өвчлөхийг, хэдэн хүний амьдрал вирусээс болоод хүндрэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Харин өнөөг хүртэл болж өнгөрсөн үйл явдлуудаас коронавирусийн улс төр, эдийн засгийн үр дагаврыг багцаалан харж болохоор байна.

Цар тахлын тархалтыг удаашруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд олон нийтийн амьдралыг тасалдуулж байна. Хятадаас эхлээд улам бүр олон улс үйлдвэрлэлээ нам зогсоож байна. Дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээнүүдийн үйлдвэрлэл доголдож байна. Нэг нь нөгөөгөөсөө бүрэн хамааралтай тул хичнээн олон үйлдвэрлэл хямралын давалгаанд өртөж дуу дуугаа аван дампуурах вэ гэдгийг таамаглахад нэг их ургуулан бодох, фантазлах чадвар шаардагдахгүй.

Харсан болгоноо хаман авч дэлгүүрийн лангуу хоосолж байгаа тухай мэдээ сүүлийн өдрүүдийн цаг үеийн мэдээллийг тодорхойлж байлаа. Учраа олохоо байсан хэрэглэгчид хэт үнэтэй худалдан авалтыг хойш тавьж байна. Нийлүүлэлт доголдож эхлэхэд хэрэглээ тасалдаж байна. Эдгээр хэвийн бус байдал коронагийн тархалтаас өмнө сульдаж эхлээд байсан Европын улсуудын улс ардын аж ахуйг зогсонги байдал руу чирч оруулах магадлалтай болчхоод байна.

Цар тахлын хямрал хараахан гүнзгийрч амжаагүй байхад л хөгжиж буй орнуудад хямралын эдийн засгийн нөлөө хэдийн сүйтгэлийн хэмжээнд хүрчихсэн байлаа.   Орон нутагт хэрэгжүүлж буй гэрээсээ гадагш гарахыг хориглох, хөдөлгөөн хязгаарлах бодлогын нөлөөгөөр Пакистан, Энэтхэг, Бангладеш, Индонез, Тайланд зэрэг орнуудад сая сая ажилчид ажилгүй болж амьд үлдэхийн тулд төрөлх тосгод, төрсөн нутаг руугаа буцацгааж байна. Энэ нь дээрх орнуудын алслагдсан, хамгийн ядуу өнцөг булан бүрд вирус тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Вирусийн тархалттай зэрэгцээд  хэрэглэгчдийн эрэлт эрс буурсны улмаас дэлхийн том брендүүд захиалгаа цуцлахад хүрч Бангладеш, Энэтхэг зэрэг орнуудад үйлдвэрлэлээ явуулдаг оёдол, нэхмэлийн томоохон үйлдвэрлэгчид цохилтод ороод  байна. Орон нутагт хөдөлгөөн хорьсон, Хятадын гол зангилааны үүрэг гүйцэтгэдэг усан боомтууд, тээвэр логистикийн сүлжээнүүд үйл ажиллагаагаа зогсоосноос болоод дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээнүүдэд томоохон давлагаа үүсгээд байна. Малайз, Өмнөд Солонгост байршилтай үйлдвэрлэгчид нийлүүлэгчдээсээ таслагдсан тул  үйлдвэрлэлээ зогсоож ажилчдаа халахад  хүрлээ. Хилийн худалдаа, жишээлбэл Мьянмар, Хятад хоорондын хилийн худалдааны нөхцөл хүндрээд байна. Аялал жуулчлал бараг зогсоход хүрснээс болоод Тайланд, Филиппин, Индонезийн эдийн засаг эрс хүндэрлээ. 

Хятадын түүхий эдийн эрэлт гэнэт огцом буурсны улмаас түүхий эдийн зах зээл нийтдээ доргиж Малайз, Индонезийн наргил модны самрын тос экспортлогчдын байдал хүндэрлээ. Хятадын зах зээлээс өндөр хамааралтай Монгол зэрэг түүхий эд экспортлогчид хэдийнээс өвдөлт мэдэрч эхлээд байна. Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) Оросын Холбооны улстай үнийг тогтвортой барихын тулд үйлдвэрлэлээ хазаарлах тохиролцоонд хүрч чадалгүй тарснаас хойш Саудын Араб стратегиа гэнэт өөрчилж, газрын тосны зах зээл рүү хямд үнэтэй газрын тос цутгаж эхлэв. Үр дагаварт нь газрын тосны үнэ түүхэн доод хэмжээндээ хүртэл уналаа. Эндээс аж үйлдвэр, хэрэглэгчид түр зуур амсхийх боломж олдож магадгүй юм. Газрын тосны үнийн дайн эдийн засаг зогсонги байдалд орох вий гэдэг зовнил, санхүүгийн зах зээл дээр үнийн савлагаа үүсэх зэргээс болоод биржүүд нурах аюултай. Бүх төв банкууд хөндлөнгөөс шийдэмгий оролцож байсны хүчинд л санхүүгийн зах зээлийн цусан хангамж тасалдах аюулыг хойшлуулсаар байгаа билээ. 

2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь төв банкууд галд унасан самрыг гаргаж авахад бэлэн биш байгаа юм. 

Айсуй санхүүгийн хямралын сөрөг нөлөөг бууруулахын тулд зарим орнууд тэр дундаа Герман нэн даруй хөтөлбөрүүд батлан хэрэгжүүлж эхлээд байна. АНУ нэгэн адил эдийн засгаа өөд нь татах өргөн хүрээтэй арга хэмжээ авч сэргээх тарилга хийхээр төлөвлөөд байна. Эрчимтэй хөгжлийн гараан дээрээ байгаа Тайланд, Индонез зэрэг орнууд эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлээд эхэлчихсэн. Эрчимтэй хөгжлийн гараан дээрээ байгаа орнууд тэр ч байтугай хөгжлөөр нэн хоцрогдсон орнууд баян орнууд шиг өндөр дүнтэй авралын хөтөлбөрүүд хэрэгжүүлж чадахгүй ч жижиг дунд үйлдвэрүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилчдаа хамгаалахын тулд санхүүгийн нөхцөл байдалдаа тохирсон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

 

Нэн даруй авч хэрэгжүүлэх, мөн цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүд эдийн засгийн уналтыг зогоож чадах эсэх нь систэм хэр гүнзгий вируст идэгдэхээс хамаарна. Сүүлийн үед гарсан эпидемик тархалтын үед эдийн засаг богино хугацаанд эрчимтэй унасан ч хэсэг хугацааны дараа эргээд тун богино хугацаанд өсөлтийн зам дээр гарч байсан. Корона вирусийн дараагаар эдийн засаг богино хугацаанд сэргэж эрчимтэй өсөлтийн замд орох эсэх нь цар тахал хэр удаан үргэлжлэхээс хамаарна.

Энэ удаа хямралын дараа эдийн засаг сэргэх эсэхээс илүүтэй хоцрогдсон, тааруухан санхүүгийн системүүдийн дундуур шокийн долгион цацагдахад урт хугацааны өмнөөс эхлээд байсан зарим хандлагуудыг улам бэхжүүлэх вий гэдэг айдас санаа зовоож байгаа юм. Америкийн олон аж үйлдвэрүүд, өрх гэр, бүлүүдийн өр нь эргэн төлөх чадвараасаа даваад байгаа юм. Хятадад сүүдрийн банкууд, үл хөдлөх хөрөнгийн болон төрийн өмчит компаниуд, мужууд өрийн дарамтан дор дэнжигнэж байна. Европын банкууд өнөөг хүртэл санхүүгийн хямралын хүндрэлээс хараахан гарч амжаагүй байна. Италийн эдийн засгийн нуралт еврогийн хямралын очийг дөл болгон ноцоож болзошгүй болчихоод байна. Хөзрөөр босгосон байшин ханараад нурчих вий гэдэг айдас хэр их байгааг хөрөнгө оруулагчид баталгаатайгаар нь бонд үнэт цаас худалдан авахыг илүүд үзэх болсноос харж болно. Коронавирусийн хямрал нь дэлхийн санхүүгийн хямралаар төгсөх гинжин урвалыг эхлүүлчихэж болзошгүй юм.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас ялгаатай нь төв банкууд галд унасан самрыг гаргаж авахад бэлэн биш байгаа юм. Өнөөдрийг хүртэл дэлхийд тэргүүлэгч улс ардын аж ахуйтай орнуудын зээлийн хүү түүхэн доод хэмжээндээ хүрээд байлаа. Иймээс Америкийн төв банк репо арилжаагаар дамжуулан төлбөрийн хэрэгслүүдийг зах зээлүүдэд шууд хүргэх үйл ажиллагаанд шилжээд байлаа. Европын төв банкны шинэ захирал Кристина Лагарде эхний ээлжинд хямралын эсрэг авах арга хэмжээнүүдийг сааруулж ингэснээр Европын орон зайн нэгдэлийн эсрэг чиглэсэн мөнгө хүүлэх явцыг зогсоож чадлаа. Зохицуулалттай интервенцийн тусламжтайгаар энэ хооронд бүх том банкууд зах зээлүүдэд үүсээд байгаа балмагдлыг намжаах шийдэмгий арга хэмжээ авах тал дээр нэгдэж чадлаа. Энд тодорхой бус нэг асуудал байгаа нь коронагийн хямралыг мөнгөний бодлогын хэрэгслүүдээр албадан хазаарлах боломжтой эсэх нь тодорхой бус байгаа юм. Мөнгөний бодлогын хэрэгслүүд тус болох эсэх нь хямралын мөн чанараас л хамаарна.

Коронагийн хямрал засгийн газруудын бүрэлдэхүүнд байгаа популистуудын шидэт савааг ид шидийг үл үзүүлэгч ердийн нэгэн саваа болгосноор тэдэнтэй санал нэгтэй байдаг сөрөг хүчний ахан дүүс нь тэднийг бэлэн олдсон зууш мэт зүгээр л гүнцэглэж орхиж магадгүй юм.

Учир нь хямрал зөвхөн эдийн засгийн орон зайг хязгаарлаад зогсохгүй. Хямрал улс орнуудын төрийн дангаараа эсвэл бусад улсуудтай хамтарcан концерт дэглэх замаар өөрийн иргэдийн амь нас, амьдралыг хамгаалах чадварыг шалгах болно. Евроазийн эзэрхэг дэглэмтэй орнуудын хүчирхэг эрчүүдийн би та нарыг хамгаалах болно гэдэг амлалт дээр тогтдог хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг ч шалгах болно. Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин үүнийг маш сайн ойлгосон тул вирусийн тархалтын эсрэг өртөг зардлыг нь харгалзахгүйгээр вирусийн нүсэр том арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Харин түүний мэргэжил нэгт нөхөд болох Тайланд, Филиппиний ерөнхийлөгч нар тахлын хяналтад хөнгөн хуумгай хандаcны гор гарч тойрон хүрээлэгчдийнхээ дайралтанд өртөхдөө тулаад байна. Онц байдал зарлах эрх мэдлийг олон нийтийн санаа бодлын зөрүүтэй байдлыг дарангуйлахад ашиглаж болзошгүй юм. Цар тахлын үед хэрэгжүүлж буй хатуу чанга арга хэмжээнүүдийг хямрал дууслаа, өнөөдөр цуцал гэдгийг хэн хэлэх юм бэ? 

Доналд Трампын дэмжигчиддээ өгсөн Америкийг гаднын заналхийллээс хамгаалах болно гэдэг гол амлалтандаа хүрч чадах эсэхээс Америкийн сонгуулийн үр дүн хамааарах нь тодорхой болчихоод байна.

Цар тахлын үед хүний эрхийг ноцтой хязгаарласан арга хэмжээ хэрэгжүүлсэн ч  ерөнхийлөгчийг дэмжсэн ард түмний дэмжлэг өсч харин дараагаар нь алгуур буурч байгааг харлаа. Хямралын үед хүмүүс удирдагчаа дагах, хэлснийг нь гүйцэтгэх нийтлэг хандлагатай байдаг. 

Коронагийн хямрал засгийн газруудын бүрэлдэхүүнд байгаа популистуудын шидэт савааг ид шидийг үл үзүүлэгч ердийн нэгэн саваа болгосноор тэдэнтэй санал нэгтэй байдаг сөрөг хүчний ахан дүүс нь тэднийг бэлэн олдсон зууш мэт зүгээр л гүнцэглэж орхиж магадгүй юм. 2008, 2015 оны хямралуудын үеэр ардчилсан орнуудын төр иргэдийнхээ нүдэн дээр хяналтаа алдсан. Олон орны иргэд олон арван жилийн турш үргэлжилсэн хэмнэлтийн бодлогын үр дүнд тамирдсан төр ялангуяа хэмнэсээр байгаад сэхэл авахад хэцүү болсон эрүүл мэндийн системүүд коронагийн том хямралыг давж чадах уу гэдэгт санаа зовниж байна. Олон улсад олон нийтийн санал бодол нь мөнгө, бараа, хүмүүсийн чөлөөт урсгалын эсрэг чиглэж байна.

 Улс орнуудын хил хязгаарыг дамнан тархаж буй цар тахал дэлхий дахинаас нэгдсэн хариулт шаардаж байна. Өнөөг хүртэл улс үндэстнүүд авралын замыг ганц ганцаараа хайсаар байна.

Олон италичууд даяаршил, Европын холбооны хохирогсдын эгнээнд орчих вий гэдэг айдастай болсоор удсан. Гэтэл одоо дээрээс нь онц байдалд нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, эдийн засгийн шок, цагаачдын шинэ давалгаа нөмрөн айсуй. Ломбардиний хэт барууны үзлийг баримтлагч Маттео Салвини ганцаараа биш бусад нь ч Нээлттэй хил, аюултай гадныхан, хахуульд идэгдсэн элитүүд, хамгаалалтгүй төр гэдэг ишлэлээс хортой торх исэлдэж эхэлснийг мэдэж байгаа. Баруун Европын либерал ардчилагчид шалгалтын өмнө ирээд байна. Барууны үзлийг баримтлагсдаас хамгаалах тэмцэлд ардчилсан намынхан иргэдийнхээ амь амьдралыг хамгаалж чадна гэдгээ батлах хэрэгтэй болоод байна. 

Харин хамгаалахдаа хувь хүмүүсийн эрх чөлөөний эрхүүдийг хэр хэмжээнд хязгаарлаж болох вэ? Онц байдлыг хэр удаан үргэлжлүүлж болох вэ? Барууны орнууд хятадынх шиг хатуу чанга арга хэмжээнд уян хатан хандаж чадах уу? Барууны орнуудын нийгэм зүүн Азийнхан шиг нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьж чадах уу? Хэрвээ иргэд нийгмийн буюу хоорондын зай барих тухай зөвлөмжийг дагахгүй бол цар тахлын тархалтын зэргийг хэрхэн сааруулах вэ? Хэрвээ өөрийгөө тусгаарлах нь таны хийж чадах цор ганцхан зүйл юм бол бусадтай эв санааны нэгдэлтэй байгаагаа яаж илэрхийлэх юм бэ?

Улс орнуудын хилээр үл хязгаарлагдах цар тахлын тархалт дэлхий нийтээс нэгдсэн зохицуулалт шаардаж байна. Өнөөг хүртэл улс үндэстнүүд ганц ганцаараа аврал хайсаар байна. Тэр ч байтугай Европ тивийн орнууд хоорондын эв санааны нэгдэл сул байна. Нэн ялангуяа Итали өмнөх евро бүсийн хямрал болон цагаачлалын хямралын үеийнх шиг түншүүд маань биднийг шавар суулгаад орхичихлоо гэж бодож байна. Хятад, Европын эв санааны нэгдэл сулрах үеэр гарсан сиймхийг овсгоотой ашиглаж нэг бүс, нэг зам төслийн нэгэн түнш Итали руу эмнэлгийн тусламжийн хэрэгсэл дүүртэл ачсан тусгай онгоц илгээлээ. Берлин энэ хооронд цагаачлал болон коронавирусийн хосолмол хямралын геополитикийн цар хүрээг мэдэрч гаднын гүрнүүдийн Европын холбоог задлах гэсэн оролдлогуудад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байна. Эмнэлэгийн хамгаалалтын хэрэгслүүдийн экспортыг зогсоох шийдвэрээ эргэн харж Италид нэг сая ширхэг хамгаалалтын маскны туслалцааг нэн даруй үзүүлэхээр боллоо. 

Гэсэн хэдий ч евро бондын тухай сэтгэл хөдлөлд хөтлөгдсөн хэлэлцүүлэг европын эв санааны нэгдлийн хямралыг дэвэргэж байна. Евро бонд нэртэй байсныг нь Коронагийн бонд хэмээн нэрийг нь өөрчилсөн энэ бонд нь европын холбооны суурь нь юм. 

Дэлхийн тавцан дээрх коронагийн хямрал их гүрнүүд хоорондын шинэ зөрчлүүдийг улам хурцатгаж байна. Юуны өмнө гарын тосны үнийн дайн гео эдийн засгийн сэдлээр өрнөж байна. 

Вирусийн хямралаас өмнө хүндэрчихээд байсан Трансатлантын түншлэлд коронагийн хямрал стрессийн туршилт боллоо. Доналд Трампын Европын холбоотнуудтайгаа зөвшилцөхгүйгээр Америкийг тусгаарлаж хилээ хаах ганцаарчилсан шийдвэр гаргаж байгаа нь нэгэн тодорхой сигнал өгч байгаа хэрэг. Тюбингенд төвтэй CureVac компанийг худалдан авах замаар тарилга буюу вакцинийг АНУ дангаараа хэрэглэх эрхийг гартаа оруулах Америкийн оролдлого нь Берлинтэй ширүүн хэрүүл мандах хүртэл шат ахив.  Энэ нөхцөлд хямралд хамтарсан, нэгдсэн зохицуулалттай хариулт өгөх тухай бодохын ч хэрэг алга. Баруунд өнөөг хүртэл орон бүр амь амиа бодоорой гэдэг дохио дамжуулагдаж байна.

Дэлхийн тавцан дээр их гүрнүүд хоорондын шинэ зөрчлүүд улам хурцадсаар байна. Юуны өмнө газрын тосны үнийн дайн гео эдийн засгийн сэдлээр өрнөж байна. Саудын Араб, Орос хоорондын зөрчил газрын тос экспортлогч улсуудын холбооны шударга өрсөлдөөнийг зохицуулах газар тэсэж үлдэх эсэхийг шийдэхэд хүрээд байна. Түүхэн доод хэмжээндээ хүрээд байгаа үнийн уналтын томоохон хохирогчид нь эцэстээ харин өрөнд баригдсан занарын тосны аж үйлдвэр байхад үгүй гэх газаргүй юм. Ерөнхийлөгч нь амласан ёсоор Америкчуудад цооног дээрх үнэ хямдарсанд баярлах боломж бодитойгоор олдох эсэх нь хямд үнийн төлөөх дайнд хэн нь илүү удаан тэсэж чадахаас л хамаарна. Орос ба Саудын Арабын аль алинд нь зээлээр санхүүждэг Америк өрсөлдөгчөө өрсөлдөөний талбараас гаргах гол сонирхол бий.

Нэг сонирхолтой эргэлт нь хэдэн арван жилийн туршид уг салбарыг доргиож буй газрын тосны олборлолт дээд цэгтээ хүрсэн үеийн үнийн маргаан шийдэгдэх байх. Эцэст нь шавхагдах нь болоогүй байгаа эрчим хүчний чулуужсан эх үүсвэр – чулуун нүүрс, занар нөөц газрын тосны үнийн аж үйлдвэрийн уналтыг хурдасгаад өгч болзошгүй юм. Үнэ урт хугацаанд доогуур байх нөхцөлд газрын тосны олборлолт эдийн засгийн хувьд ашиггүй болно. Гео эдийн засгийн зөрчил хүсээгүй үр дүнг авчирч хатуу эх үүсвэрээс эрчим хүч гарган авдаг эрин үеийн төгсгөлийг авчирч болох юм.

Коронагийн хямрал олон жилийн өмнө эхлэл нь тавигдсан хөгжлийн нэгэн хандлагыг хурдасгаж болзошгүй юм. Энэ бол даяаршлийг буцаах үйл явц юм. Үр дүнд нь дэлхий дахины хөдөлмөрийн хуваарилалт хоорондоо өрсөлдөгч эдийн засгийн блокууд болон задарч болзошгүй юм. 

Хямрал Америк, Хятадын дэлхийн манлайлагчийн байр суурийг эзлэхийн төлөөх зөрчилдөөний гал дээр тос нэмэх болно. Нэлээд хугацааны өмнөөс өөрийнхөө мөнгө, технологиор өрсөлдөгчөө дэлхийд манлайлагчийн байр сууринд залахгүйн тулд Вашингтонд намуудын хооронд америк-хятадын эдийн засаг хоорондын холбоосыг таслах нь зүйтэй гэдэг тохиролцоонд хүрcэн. Дэлхий дахиныг хэрэн нийлүүлэлтийн сүлжээгээ байгуулсан компаниуд ганцхан шөнийн дотор сүлжээгээ шинээр байршуулах хэрэгтэй болсон юм. Хямрал дуусмагц эдгээр компаниуд Хятад руу буцаж ирэх үү? Концернуудыг чиглүүлэгчид Вашингтоноос өгч буй геополитикийн маршийн чиглэлд маршлаад байх уу эсвэл сонсоогүй юм шиг байхуу гэдгээ сайн эргэцүүлэн бодох хэрэгтэй. Энэ нь Вьетнам, Энэтхэг зэрэг эрчимтэй хөгжлийн гараан дээрээ орнуудын өмнө томоохон том боломж нээн өгч магадгүй юм. 

Хятадын нийлүүлэлтийн сүлжээнээс хэт хамааралтай болсны төлөөс тодорхой болсны дараагаар Европын компаниуд хэрхэн шинээр зохион байгуулалтад орох вэ? Хятадын Хуавэй компанийг Европын 5G сүлжээний өргөтгөлд оролцуулах эсэх тухай маргаан Америкийн талаас ирэх дарамт хэр их байж болохыг Европчуудад мэдрүүллээ. Коронагийн хямрал олон жилийн өмнөөс эхлэл нь тавигдаад байгаа даяаршлыг буцаах хөгжлийг хурдасгаж болох юм. Үр дүнд нь дэлхий дахины хөдөлмөрийн хуваарилалт хоорондоо өрсөлдөгч эдийн засгийн блокууд болон задарч болзошгүй юм. 

Улс орнууд  хүсээгүй өрсөлдөгчид, хэрэгжүүлэх боломжгүй норм, стандартууд, технологийн платформууд,мэдээлэл харилцааны системүүд эсвэл зангилааны хаалттай дэд бүтэц, зах зээл дээр гарахад тулгарах бэрхшээлийг даван туулахын тулд улс орнууд бүс нутгийн хэмжээний нэгэн манлайлагчийг тойрон хүрээлдэг. Дэлхий дахины өртөг шингээсэн үйлдвэрлэлийн сүлжээнд орон зай эзлэхийн төлөө тэмцэж буй хөгжлөөр буурай орнууд хаана байна? Тэдний хувьд аж үйлдвэржилтийн хөгжлийг гүйцэж түрүүлэх боломжит эгшин нь ингээд өнгөрчхөв үү? Дэлхийн брендүүд эх орныхоо зах зээлд ойртох, бараа бүтээгдэхүүнүүдээ өөрийн орны зах зээл дээр гаргах шийдвэр гарган нутаг буцвал Бангладеш, Мьянмар, Пакистан зэрэг орнууд  дэлхийн дахины нийлүүлэлтийн сүлжээнд ажиллаж байсан олон сая ажилчдынхаа амьжиргааг хаанаас залгуулах бэ? Тайланд, Малайз зэрэг дундаж орлоготой орнууд геополитикийн ач холбогдлоо дээшлүүлэхийн тулд дэлхий дахины өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээнд хэрхэн байрших бэ? Дундаж орлоготой орнууд өөрсдийн стратегийн хувилбартай байхгүй бол бүс нутгийн ивээгч буюу манлайлагчийн  дарамтад өнөөгийнхөөс илүү өртөмтгий болох болно. 

 

Цаг нь ирэхээр үйл явц асар хурдацтай өрнөж магадгүй. Хэдхэн цагийн дотор зах зээлүүд рүү шахуургаар шахсан ус мэт мөнгө нийлүүлж мөнгөн дүнгүүд Америкийн ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Берни Сандерсийн эрс амлалтуудыг халаасны мөнгө шиг л үнэгүйдүүлж болзошгүй. Cоциалдемократ залуучуудын холбооны дарга Кюүнертийн сэтгэлгээний тоглоом буюу ургуулан бодох чадварыг гайхширч дуусаагүй суугаа Германы улс төрчид компаниудыг төрийн мэдэлд авах тухай илүү нухацтай бодож суугаа. Цаг уурын өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэгт хүүхдийн гэнэн мөрөөдөл гээд үл ойшоосон ч гунигтай үнэнтэй нүүр тулахаас өөр аргагүй боллоо. Дэлхий дахины агаарын тээвэр нам зогсоход ойртлоо. Цагаачлалын хямралын үед хаах боломжгүй хэмээн үзэж байсан улс орнуудын хил өнөөдөр хаагдчихаад байна. Бавари муж улсын ерөнхий сайд Зөдер “Хар нойл” төслөө “ Бид тайлангийн тэнцэлийг биш харин Германд юу хэрэгтэй байна гэдгээр чиг баримжаа авах болно” гэж хэлээд тийм ч чухал санаа байгаагүй мэт сэмхэн булшилчихав.

Неолиберал төрд эргэлзсэн байдал дөрвөн арван үргэлжилсний дараагаар мартагдаад удсан нэгэн зүйл сэргэж ирэв. Улс орнуудын төр хүсэх л юм бол өмнөх шигээ бодлого зохицуулалтын асар их хүчтэй хэвээрээ байна.

Зах зээлийн эрх ашгийг нийгмийн бүх эрх ашгаас дээгүүр тавьдаг неолиберализмын эрин үеийн төгсгөл ирэх нь. Эдгээр бүх арга хэмжээнд онцгой байдлыг буруутгах нь ойлгомжтой. Үүнээс өөр сонголт байхгүй гэдэг хариулт тун удахгуй сонсогдож эхэлвэл иргэд энэ үеийг эргэн санах болно. Хямралтай зэрэгцээд удаан хугацаанд унтаа байдалд байсан улс төр хөдөлгөөнд орж эхэллээ. Дөрвөн аравны турш үргэлжилсэн төрд эргэлздэг неолиберал бодлогын дараагаар мартагдаад удсан нэгэн зүйл гэрэлд гарч ирлээ. Улс орнуудын төр хэрвээ хүсэх юм бол бодлого зохицуулалтын асар их хүчтэй хэвээрээ байна.

Коронагийн хямрал том чийдэнгийн гэрэл шиг манай эрин үеийн геополитик, эдийн засаг, үзэл суртал, соёлын хугарлуудыг гэрэлтүүлэх болно. Энэ эргэлт тэр ч байтугай магадгүй энэ эрин үеийн төгсгөлийг зөгнөж байж ч магадгүй юм. Эдийн засгийн томоохон блокууд хоорондын холбоос тасарснаар Турбо даяаршлын эрин үеийн төгсгөл ирэх үү? Газрын тосны үнийн дайн чулуун нүүрсний эдийн засгийн төгсгөлийг зөгнөөд байна уу? Дэлхий дахины санхүүгийн систем нэгэн шинэ дэглэм рүү шилжих үү? АНУ-ын системүүдийн баталгаа Хятад руу шилжих үү? эсвэл бид дэлхий олон туйлтай болох өөрчлөлтийн гэрч болцгоох уу?

Коронагийн хямрал удаан хугацаанд нуугдмал байдалд байсан олон хандлагуудыг ил гаргаж ирэх нь тодорхой боллоо. Амьсгал даран гайхмаар асар өндөр хурдтайгаар дээрх хөгжлүүд хоорондоо харилцан үйлчилж байна. Эдгээр цогц буюу харилцан хамааралт байдлууд нь энэ хямрал сүүлийн санхүүгийн хямралаас илүү гүнзгийрнэ гэдгийг харуулж байна. Цар тахал дэлхийн системийн хямралын дарьтай торхонд тавих гал нь болж болзошгүй болчхоод байна.

Бид гадны саад буюу хямралын энэ торгон агшинг ашиглаж даяаршлын хурд саарч буй үйл явцаас шууд хуримтлуулж буй туршлагаасаа олж авсан хандлагын өөрчлөлтөө цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцэлдээ урт хугацаанд ашиглаж болох юм.

Коронагийн хямрал нь асар том талбарыг хамарсан сорилт юм. Сая сая хүмүүс өдөр тутмын амьдралаа зохион байгуулахын тулд шинэ замаар замнах туршилт хийх хэрэгтэй болоод байна. Бизнесийн шугамаар аялагчид онгоцоор зорчихоос татгалзаж видеоконференцэд шилжиж байна. Их сургуулийн багш нар онлайнаар семинараа явуулж байна. Албан хаагчид гэрээсээ ажиллаж байна. Зарим хүмүүс хямралын дараагаар амьдралын хуучин загварт шилжих болно. Гэхдээ олон хүмүүс амьдралын туршлагаасаа энэ шинэ ажиллах хэлбэрээр ажиллах боломжтой төдийгүй байгаль орчин болон гэр бүлд илүү ээлтэй гэдгийг мэдэж байгаа. Бид гадны саад буюу хямралын энэ торгон агшинг ашиглаж даяаршлын хурд саарч буй үйл явцаас шууд хуримтлуулж буй туршлагаасаа олж авсан хандлагын өөрчлөлтөө цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцэлдээ урт хугацаанд ашиглаж болох юм.

Хямралд хандаж буй неолиберал хандлагыг сэтгүүлч Жереми Варнер хоржоонтойгоор товч бөгөөд тодорхой хэлэхдээ “Эдийн засаг талаас нь харвал энэ хямрал гэр бүлийн гишүүдийн дунд хэт өндөр хувийг эзэлж буй ахмадуудыг өвчлүүлэх учраас урт хугацаандаа ашигтай ч байж магадгүй” гэжээ. Улс орнуудын төр ямар ч эв санааны нэгдэлгүй байгаатай харьцуулах юм бол харин хүмүүс хөрш айлуудтайгаа, ажлын байран дээрээ найз нөхдийнхөө хүрээнд эв санааны нэгдлийн нэгэн шинэ давлагааг мэдэрч байна. Аливаад ашгийг эрхэмлэдэг капиталист үнэлгээний машин хэзээ хамгийн сүүлд ахмадууд, өвчтэй хүмүүсийн хамгааллыг зогсоосон билээ. Бид хямралын үеэр сэргэсэн хүмүүс хоорондын эв нэгдэл дээр суурилаад нийгмийг бүхэлд нь эв санааны нэгдэлтэйгээр шинэчлэн зохион байгуулж чадна. Хэрвээ бид энэ хямралыг хамтдаа даван туулж чадвал шинэ цаг үеийг эхлүүлэх бэлэг тэмдэгтэй болж чадна. Эвийн гагнаасаар гагнагдсан нийгэм, хамт олон аливаа сорилтыг даван туулж чадна.

Хямралд үзүүлж буй хариу үйлдлүүдийн цаана аюул нуугдаж байгаа. Дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд улс орнууд хилээ хааж, визээ хүчингүй болгож, гадаадын иргэдийг хилээрээ оруулахгүй хааж байна. Аж үйлдвэрийн роботуудын захиалга рекорд эвдэж, урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа нь үйлдвэрлэлийн сүлжээнүүд хүний хүчин зүйлийн улмаас гардаг үйлдвэрлэлийн доголдлыг арилгахын тулд автоматжуулалтын шийдэмгий алхам хийхээр шийдсэний дохио юм. Дижитал автоматжуулалт эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа орнуудын “дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээнд онгорхой цоорхой үүсвэл түүнийг нь эзэлнэ” гэдэг итгэл найдварыг үгүй хийж болзошгүй болчхоод байна. Энэтхэг, Вьетнам зэрэг орнуудад байршсан дэлхийн үйлдвэрлэгчдийн фабрикийн зааланд роботыг олноор нь байршуулаад эхэлчихсэн байна. Эдгээрийг роботон хүн ам гэж нэрлэж болохоор. Нийлүүлэлтийн сүлжээг солонгоруулах зорилгоор хийгдэж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлэх ч энэ өсөлт ажилчингүй өсөлт байх болно.  

 

Ажиллах хүчгүй өсөлт нэмэгдэх хөгжлийн энэ хандлага барууны орнуудад ажилгүйдлийн тэтгэмж нэмэгдэх, нийгмээс тусгаарлагдан үлдэх бий гэдэг айдас, цагаач ажилчдад таагүй хандах, улс төрийн өнөөгийн либерал эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн бослого, үймээнийг гааруулах зэрэг үр дагаврыг авчрах эрсдэлтэй юм. Сүүлийн хэдэн арван жилийн туршид эзэрхэг дэглэмүүдийг эсэргүүцсэн эсэргүүцэл, тэмцэлд тахлагдсаар байгаа Ази тивд бол хөгжлийн дээрх хандлага барууны орнуудаас илүү санаа зовоосон үр дагаврыг авчрах болно. Жишээлбэл Тайландад хувийн эмнэлгүүд цар тахлын эсрэг явуулж буй тэмцэлд хувь нэмэр оруулахаас удаан хугацаанд татгалзсаар байна. 

Хямралын менежментийг сайн хийж чадах юм бол Германд ардчилсан төрдөө итгэх итгэл бэхжих болно. Хямралын үед чадварлаг, асуудлыг шийддэг, ард иргэдээ хамгаалдаг төр гэдгээ харуулах боломж нээгдэж цагийн зүү цохилж эхлээд байна.

Либерал эдийн засагч Филипп Легрэйн “Коронагийн хямрал бол нативист үндсэрхэг үзэлтнүүд, улс орнууд зах зээлээ хааж хамгаалах ёстой гэдэг үзлийг баримтлагсдын хувьд улс төрийн бэлэг юм” хэмээн сануулсан нь зөв юм. Тэд л гадаадынхан бол заналхийлэл дагуулагсад, хямралын үед хөршүүд болон хамгийн ойр дотнын хүмүүстээ ч бүрэн дүүрэн итгэж болохгүй гэдэг үзлийг дэвэргэсээр ирсэн. Бид хэт барууны үзлийг баримтлагсдын гарт хямралыг даван туулах зүг чигийг тогтоох эрх мэдлийг атгуулж болохгүй. Хил, зах зээлээ хаах, үндэсний аминч үзэл хямралын үед тулгамдаж буй сорилтуудыг даван туулах хариулт нь байж таарахгүй, харин эв санааны нэгдэл ба олон улсын хамтын ажиллагаа хариулт нь байх ёстой.

Олон хүмүүс юуны өмнө залуус амьдралдаа анх удаа үндэсний хэмжээнд онц байдал тогтоохыг үзэж байна. Цөөн хэдэн өдрийн дотор тэдний эрх чөлөөний эрхүүд өнөөг хүртэл төсөөлж ч байгаагүй хэмжээнд хязгаарлагдаж байна. Зөвхөн Хятадад бус харин Европ тивийн дунд өргөн хүрээнд технологи ашиглаж иргэдийн биеэ авч яваа байдалд хяналт тавьж зохицуулалт хийж байна. Алан хядлагын эсрэг тэмцлийн нэгэн адил онцгой байдлын үед мөрдөгдөж байсан зарим дүрэм журам хямрал дууссаны дараа ч хүчинтэй хэвээрээ үлдэх болно. Онц байдал хэвийн байдалд шилжсэний дараагаар Жорж Агамбен, Наоми Клайн нар шиг хувь хүмүүсийг гамшгийн капитализмд дайчлагдагсад болгоно хэмээн мууг зөгнөөд байх хэрэггуй. Гэсэн хэдий ч бид үндсэн эрхүүдийг маань бага багаар зувчуулсаар хэврэгшүүлэхээс сэргийлэх ёстой. Сүүлийн 10 жилийн хугацаанд авторитар дэглэмээс болж зовж шаналж байсан Азид эдгээр чиг хандлага бүр ч их санаа зовоож байна.

Славой Жижек “Хүмүүс төрийн эрх мэдэл хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа нь зөв. Та нарын гарт эрх мэдэл байна. Одоо та нар юу чаддагаа харуул хэмээн анхааруулсан” нь голыг нь олсон үг байлаа. Европынхны өмнө Хятадын хийснийг бид ч ардчилсан, ил тод арга замаар хийж чадна гэдгээ батлах сорилт тулгараад байна. Иргэдийнхээ эрх чөлөөний эрхүүдийг хязгаарлахгуйгээр яаж хийдгийг Зүүн Азийн Өмнод Солонгос, Тайван, Япон улсууд яруу тодоор харууллаа. Хямралын менежментийг амжилттай хийж чадвал Германд ардчилсан төрдөө итгэх итгэл бэхжинэ. Хямралын үед чадварлаг, асуудлыг шийдэх чадамжтай, иргэдээ хамгаалдаг засаглал гэдгээ харуулах боломж нээгдэж цагийн зүү цохилж эхэллээ.

Хямралын үед бид бүгдээрээ дахин Кейнсийн онолыг хэрэгжүүлэгчид болцгооно. 2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь гэвэл хямралын дараа бүгдээрээ бүсээ чангалах, хэмнэлтийн бодлого руу буцаж болохгүй.

Олон жил хэмнэсээр байгаад эвдэрч хоцорсон эрүүл мэндийн системүүдийг олноороо ирсэн өвчтөнүүдийг хүлээн авах даацтай болгох хэрэгтэй. Орон нутгийн эмнэлгүүдийг хаасан, олон жилийн турш үргэлжилсэн асрагчийн орон тооны дутагдал, техник хэрэгсэлтэй холбоотой өдөр тутам гардаг гомдол, хямралын үед биднээс өшөөгөө авч байна. Тайландад хувийн хэвшлийн эмнэлгүүд тахлын эсрэг тэмцэлд өөрсдийн зүгээс оролцохоос удаан хугацаагаар татгалзжээ. Эрүүл мэндийн хангамжийг хувьчилсан шийдвэрийг цуцалж дахин улсын мэдэлд шилжүүлэх тухай шаардлагыг дэмжсэн дуу хоолой энд тэндээс сонсогдож байна. Испани Улс хямралын үед огцом шийдвэр гаргаж бүх хувийн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг төрийн мэдэлд авчихлаа. Германд ч нэгэн адил хамтын амьдралаа зах зээлийн хуульд даатгах тухай шийдвэр маань тийм ухаалаг шийдвэр байсан уу, эргэн харвал яасан юм гэдэг хэлэлцүүлэг эхлээд байна. Ирээдүйд хүмүүний амьдралын суурь дэд бүтцийн төвд хувь хүмүүсийн ашиг олох сонирхол биш харин зөвхөн нийтийн сайн сайхан байдал байх учиртай.

Амьдралын суурь хангамжийн дэд бүтцүүдийг газар нутаг даяар сэргээн босгоход олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардагдана. Холбооны Канцлер Ангела Меркел онцгой байдал тогтоосон үед өрийн тормост гараа ч хүргэхгүй, өр нэмэхээс айхгүй гэдэг амлалтаараа хүч нэмэгдүүллээ. Эцэст нь өрийн баланс ямар гарах вэ гэдгийг бид ярихгүй. Хямралын үед Германы засгийн газар түүхэндээ байгаагүй том авралын шүхрийг гэрээт ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгсдээс авахуулаад том концернуудынхаа дээгүүр хүртэл дэлгэлээ. Холбооны сангийн сайд Олаф Шольц “Бид боломжтой бүхнийг хийх болно” гэдэг амлалт өглөө. Хагас тэрбум евро хүртэлх баталгаа олгож эхэлнэ гэдэг амлалтыг Холбооны Эдийн засгийн сайд Алтмайер өглөө.

Тэгэхээр хямралын үед бид дахиад нэг удаа Кейнсийн онолыг баримтлагсад болцгоох нь. 2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь энэ хямралын дараагаар эргээд бүсээ чангалах хэмнэлтийн бодлого руу эргэж болохгүй. Хэдэн арван жил тасралтгүй хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний дараагаар эрүүл мэнд-боловсролын систем, орон нутгийн засаг захиргаа, тээврийн дэд бутэц цагдаагийн байгууллага туйлдаж гүйцжээ.  Иргэдээ хяналтаа алдахааc айх айдсаас нь салгахын тулд эдийн засаг ба нийгэм дижитал хувьсгалд бэлтгэх, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд хөрөнгө оруулалтыг түүхэнд урьд өмнө байгаагүй их хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх хэрэгтэй. Амьсгаагаа түгжих хэрэггүй. 2008 оны санхүүгийн хямралын дараагаар эдийн засгийг аврах арга хэмжээнүүдийн өртөг болох  асар өндөр дүнтэй өрийг дарахын тулд маш хатуу хэмнэлтийн бодлого явуулж ачааг нь нийгэмд үүрүүлсэн билээ. Банкнууд өөрсдийн зах зээлд эзлэх хувиа баталгаажуулахын тулд татвар төлөгчдөөс мөнгийг нь авсан. Эдийн засгийг аврах гэсэн биш нийгмийн орой хэсэг буюу эрх мэдэлтнүүд, баячууд дээр эрх мэдэл ба нөөц төвлөрсөн. Анхааруулж хэлэхэд дахиад дараагийн 10 жилд хэмнэлтийн бодлого явуулах юм бол зөвхөн барууны орнуудын улс ардын аж ахуй, нийгмээр тогтохгүй бодит эдийн засаг оршин тогтнох чадваргүй болно. Хямралын сүйтгэлийн хэмжээнд хүрээд байгаа нөлөө, эдийн засгийн үр дагаврыг өөрсдөө мэдээд даван туулаарай гээд хөгжиж буй орнуудыг хувь заяанд нь даатган орхиж болохгүй. Дүрвэгсдийн дараагийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд хямралын дараагаар эдийн засгаа сэргээхэд нь хөгжиж буй орнуудад туслах нь европыг орнуудын сонирхолд нийцнэ. Эцэст нь дахин хэлэхэд манай цэнхэр гариг цаашид хэмнэлтийн бодлогыг даах даацгүй болсон. Нийгэм, экологийн хувьсал, дэлхийн дулаарлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдаж буй  хөрөнгө оруулалтыг одоо л хийхгүй бол оройтно. Коронавирусын эсрэг хийж буй тэмцэлд хамаг хөрөнгөө төвлөрүүлж бусдыг нь орхигдуулж болохгүй. Бодит байдал дээр бид ганцхан эх дэлхийтэй, бүгдээрээ хоорондоо холбоотой билээ.  

2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь дэлхийн хамгийн томд тооцогддог улс ардын аж ахуйтай 20 орон зохицуулалтай, нэгдсэн хариултыг өгч чадахгүй нь ээ.  

Дэлхийн хямрал, хайпер даяаршил биднийг ямар эмзэг, хямралд өртөмхий болгосныг ухамсарлах ухамсрыг маань бэхжүүлж өглөө. Дэлхий дахиныг хэрсэн сүлжээгээр улс орнуудын хил хязгаарыг дамнан цар тахал асар хурдан тархлаа. Дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээг таслах дэндүү хялбар аж. Санхүүгийн зах зээлүүд хямралд өртөмхий юм байна. Хэт барууны үзлийг баримтлагсад улс орнууд хил, зах зээлээ хаахыг шаарддаг. Харин энэ бол тахал, дайн, худалдаа, дүрвэгсэд, цаг уурын өөрчлөлтийн улмаас тулгамдаж байгаа сорилтуудад өгөх зөв хариулт биш. Энэ цаг үед эдгээр хямралыг үүсгээд байгаа шалтгаантай нь тэмцэх ёстой. Үүний тулд дэлхийн эдийн засгийг хямрал эсэргүүцэх чадвартай суурьтай болгох ёстой.

Коронагийн хямралын үр дагавраар дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээ хүссэн хүсээгүй шинээр ангилагдах болно. Мексик дэх Америкийн нийлүүлэлтийн сүлжээ, Европт Зүүн европын сүлжээ гэх мэтийн богино сүлжээнүүд илүү тогтворжино. Европ технологийн хувьд дахин бие даасан байдлаа хангах ёстой. Бие даасан байдлаа хангахын тулд бид судалгаа, технологийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж илүү нягт хамтран ажиллах ёстой. Утсаар холбож шүлсээрээ наасан мэт эмзэг дэлхийн санхүүгийн систем удаан тэсэхгүй тул нэн даруй санхүүгийн шинэ дэглэм тогтоох хэрэгтэй. Олон арван жилийн туршид төв банкууд цэвэр мөнгөний бодлогоороо дэлхийн санхүүгийн системийг бэхжүүлж дефляцийн хандлагыг тогтоож чадсангүй. Хямралын үед өнөөгийн засгийн газрууд төсвийн хөрөнгө оруулалт, зарлагаа нэмэгдүүлэх бодлогоороо дэм өгөх болно. Улс төрийн хувьд парламентийг үүсгэн байгуулсан логикийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж төлөөлөл үгүй бол татвар ногдуулахгүй байя.  Санхүүгийн системүүдийг дахин ардчилсан хяналтын дор авчиръя. 

Хэтэрхий их олон талын оролцоотой бие даасан байдал зөрчилдөөнд хүргэдэг. Талуудын зөрчилдөөнийг олон улсын нормууд, олон талт хамтын ажиллагаагаар зөөллөх ёстой. 2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь дэлхийд хамгийн томд тооцогддог улс ардын аж ахуйтай 20 орон энэ удаад зохицуулалттай, нэгдсэн хариулт өгч чадахгүй нь ээ. Нэг талаас их гүрнүүд хоорондын геополитикийн өрсөлдөөн нөгөө талаас хэт барууны үзэлтнүүдийн хил, зах зээлээ хаа гэдэг уриалга олон улсын хамтын ажиллагааны эсрэг зогсож байна. Олон талт засаглалын одоогийн элементүүдийг тодорхой санхүүжилтээр дэмжих ёстой. Энэ дэмжлэгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг нэмэгдүүлэхээс эхэлж эдийн засгийн хямралын менежментийг зохицуулах Их 20-ийн уулзалтаар үргэлжлүүлэх хэрэгтэй. Энд олон талтуудын эвсэлд давуу талуудаа батлах боломж гарна. 

Хямрал иргэдэд одоогийнх шигээ цаашид амьдрах боломжгүй болжээ гэдгийг cайн ойлгууллаа. Эдийн засаг хамтын амьдралын зарчмаа өөрчлөн шинэчлэн зохион байгуулалт хийх хүсэл өнөөгийнх шиг ийм тод томруун байсан удаагүй. Үүний зэрэгцээ ардчилал, эрх чөлөөний эрхүүдийг хэт их хязгаарлахгүйгээр бидний оршихуйд тулгараад байгаа аюулыг зайлуулах ёстой. Улс төрийн ямар хүчин үүнд шаардагдах нийгмийн харилцан буултыг хийх хэлэлцээрийг удирдаж чадах вэ? Америкийн улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн Шери Берман Социалдемократууд дахин нэг удаа дэлхийг аварч чадах болов уу? хэмээн сулхан итгэлээ илэрхийлсэн. Социалдемократуудаа ажилдаа орцгооё.

Марк Заксер нь Берлин хотноо Фридрих-Эбертийн сангийн Ази, Номхон далайн рефератын даргаар ажилладаг. Үүнээс өмнө тэрбээр ФЭС-гийн Энэтхэгт, Тайланд Улс дахь суурин төлөөлөгч, Маргаашийн Эдийн засаг Азийн төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан. Тэрээр нийгмийн өөрчлөлт, үүнийг хэрхэн яаж улс төрд тусгаж болгох асуудлуудыг судалдаг.

Энэхүү нийтлэл нь анх Герман, Англи хэл хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. 

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй болно.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de