08.04.2020

Тэгш бус байдал аминд хүрч байна

Корона аж үйлдвэржсэн орнуудаас илүү дэлхийн өмнөдийн орнуудад хүндээр тусах болно. Дэлхийн өмнөдийн орнуудад олныг хамарсан улс төрийн үймээн самуун дэгдэж тогтворгүй байдал үүсэж болзошгүй байна.

Дэлхийн олон оронд олон нийтийн амьдрал бараг унтаа байдалд ороод удлаа. Гэр гэртээ бай, гадагшаа бүү гар гэдэг зааварчилга хүмүүсийн өдөр тутмын амьдралыг тодорхойлж байна. Коронавирусийн тархалтыг удаашруулахын тулд өгч буй зөвлөмжүүдийн дагуу олон нийтийн тээврийн хэрэгслээр аль болохоор зорчихгүй байх, гэрээсээ ажиллах, жишээлбэл хүмүүстэй биечлэн уулзахгүй байх зэрэг эрүүл ахуйн журмуудыг ягштал баримтлах хэрэгтэй болоод байна. Энэ бүх арга хэмжээнүүд зөв зүйтэй. Гэхдээ эдгээр журмуудыг хэрэгжүүлье гээд ч хэрэгжүүлэх боломжгүй олон хүмүүс байгааг тооцоогүй. Дэлхийн хүн амын дийлэнх хэсгийн амьдралын бодит нөхцөлтэй авцалдахгүй зөвлөмжүүдийг өгсөн. Дэлхийн өмнөдийн орнуудын хувьд шууд коронавирусээр өвчилсний улмаас нас барагсдын тооноос вирусийн шууд бус нөлөө буюу коронавирусийн хямралын эдийн засаг, нийгмийн үр дагаврын золиос болон амиа алдагсдын тооноос давах болно. Иймээс хямралын эдийн засаг нийгмийн ур дагаврыг зөөллөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүйгээр яаралтай гаргах хэрэгтэй. 

Дэлхийн эдийн засаг коронагийн хямралын шокоос үүдэлтэй зогсонги байдалд  орчхоод байна. Аж үйлдвэрлэл үндсэндээ зогслоо.

Эдийн засгийн шокийн шалтгаан нь нэг талаас коронагийн тархалтыг удаашруулахын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй холбоотой ч нөгөө талаас дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээнүүдийн тасалдал дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр рүү хийсэн элс мэт гацааж байна.

Коронагийн хямрал практик дээр хэлэлцээрийн ширээгүй бүх нийтийн ажил хаялт шиг аж үйлдвэрлэлийг зогсоож байна. Дайран дээр нь давс гэгчээр эдийн засгийн олон салбарт эрэлт унаж байна. Хүмүүс гэр гэртээ байж зарим хэрэглээнээс татгалзаж сурч байна. Коронагийн албадлагын дор пост материаллаг амьдралын хэв маягт гарч буй энэ эргэлтийг Петер Виктор “Гамшгаас үүдэлтэйөсөлтийн бууралт” гэж нэрлэсэн. 

2020 онд дэлхийн эдийн засаг ихээр агшилтад орох болно. Бид хоёр оронтой хасах өсөлт буюу эдийн засгийн агшилтад бэлтгэлтэй байх ёстой. Ялгаатай нь: Коронагийн хямрал дэлхийн хойд хэсгийн орнуудын эдийн засагт бол хүнд ханиад хүргээд өнгөрөх болно. Эдийн засгийн агшилтын хамгийн хүнд ачааг дэлхийн өмнөдийн орнууд үүрэх болно. Түүхий эдийн үнэ ба аялал жуулчлалын салбарын гэнэтийн уналт, гадаад орнуудад ажилладаг цагаач ажилчдын эх орон луугаа шилжүүлдэг валютын шилжүүлэг багасах зэргээс болоод өмнөдийн орнуудын төсвийн болон валютын орлого эрс буурч эхлээд байна.

Мөн хангамжийн хомсдол үүсч худалдааны алдагдал, өр нэмэгдэнэ. Юуны өмнө өргөн хэрэглээний бараа хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна. Энэ нь нийгмийн хямралыг гүнзгийрүүлнэ.

Дээрээс нь дэлхийн өмнөдийн орнууд дэлхийн зах зээл нээлттэй болсны нөлөөгөөр өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ хангах үндэсний чадамжаа алдаж импортоос хараат болсон. Гэхдээ өнөөгийн байдлаар дэлхийн худалдаа хэмнэлтийн улмаас хумигдаж дээрээс нь өнгөрсөн долоо хоногуудад дэлхийн өмнөдийн ихэнх орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн евро ба доллартай харьцах ханш огцом унаад байна. Үр дүнд нь хангамж эрс доголдож эсвэл гадаад худалдааны алдагдал ба өр нэмэгдэж болзошгүй. Юуны өмнө өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулна. Эдгээр нь нийгмийн хямралыг улам бүр хурцатгана. 

Коронагийн тухай мэдээ тайлан шинэ төрлийн вирусийн эрүүл мэндийн хор хөнөөл дээр төвлөрч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нэг үндсэн асуудлыг ихэнхдээ мартаж байна. Эрүүл мэнд, утаа, цаг уурын өөрчлөлтийн нэгэн адил нийгмийн бүлгүүдэд харилцан адилгүй нөлөөлөх болно. Энэ нь нэн ялангуяа нийгмийн тэгш бус байдал нь хэт гүнзгийрсэн, эрүүл мэндийн систем нь сул Латин Америкийн орнуудын нийгмийн бүлгүүдэд харилцан адилгүй нөлөөлнө гэсэн үг. Тус бүс нутаг ба Өмнөд Африкийн орнуудын тэгш бус байдлын үзүүлэлт /жини коэффициент/ дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Хэт их тэгш бус байдал нь эрүүл мэндийн үйлчилгээнд тод мөртэй байх нь ойлгомжтой.

Нийгмийн эмзэг бүлгүүд нь нийгмийн баталгаа сайтай чинээлэг давхаргатай харьцуулахад эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байдаг учраас өнөөгийн коронагийн хямралын үед хамгийн өндөр эрсдэл дунд амьдарч байна. Тэртэй тэргүй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байдаг эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн баталгаа коронагийн хямралын үед улам дордох болно. Учир нь цар тахал Латин Америкийн орнуудын сууриараа ганхсан, эрх зүйн баталгаа муутай эрүүл мэндийн системүүдийн ачаалал даах чадварыг шалгах болно.

Тал бүрээс шаардаж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь олон хүмүүсийн амьдралын бодит нөхцөлөөс тасархай юм. Учир нь эдгээр арга хэмжээнүүдийг дундаж давхаргынхны амьдралын нөхцөлд нийцүүлэн боловсруулсан. 

Тус бүс нутгийн орнуудын эрүүл мэндийн систем бүгдээрээ муу гэдэг ойлголт түгээмэл байдаг ч зарим орнуудын эрүүл мэндийн үйлчилгээ сайн гэдгийг анхаарах хэрэгтэй.Харин ч эсрэгээрээ: бүхэлдээ муу гэхээсээ илүү эрүүл мэндийн систем нь хоёр ангитай болчхоод байгаад гол асуудал оршиж байгаа юм. Нэг талд Латин Америкийн орнуудын том хотуудын чинээлэг дүүргүүдэд байрлалтай, сайн тоноглогдсон хувийн эмнэлгүүд нөгөө талд техник, тоног төхөөрөмж чадавхийн дутагдлаас болоод эрүүл мэндийн наад захын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй улсын эмнэлгүүд хөдөө орон нутагт зэрэгцэн оршдог. Өвчин хүндэрсэн нөхцөлд өвчтөний нас, архаг хууч өвчтэй эсэхээс илүү өвчтөний хадгаламжид байгаа мөнгөн дүн, аль дүүрэгт амьдардаг нь үхэх сэхэхийг нь шийдэх нь.

Дээрээс нь нэмж хэлэхэд бүх талаас хэрэгжүүлэхийг шаардаж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд зөвхөн Латин Америкийн орнууд бус дэлхийн олон орнуудын хүмүүсийн амьдралын бодит нөхцөлөөс тасархай, дундаж давхаргынхны амьдралын нөхцөлд тулгуурлан боловсруулсан арга хэмжээнүүд юм. НҮБ-ын тооцоогоор дэлхийн хүн амын дөрөвний нэг хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь ундны цэвэр усаар хангагдаагүй байна. Олон хүний хувьд эрүүл ахуйн стандартуудыг мөрдөх хүсэл байвч амьдралынх нөхцөл хясах нь. Гэрийн хорионы үеийн хязгаарлагдмал байдал уужим тагттай, том орон сууцны оршин суугчдаас хотын алслагдсан дүүргийн, жижиг ядуу оромжид оршин суугчдад илүү хүндээр тусаж байна.

Латин Америкийн орнуудын хөдөлмөр эрхлэгчдийн 50 орчим хувь нь албан бус секторт, үлдсэн тал хувь нь эрх зүйн баталгаа муутай ажлын байранд ажилладаг хурааж хуримтлуулсан зүйлгүй, нийгмийн баталгаагүй хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн хувьд олон нийтийн тээврийн хэрэгслээс татгалзах, гэрээсээ ажиллах эсвэл өөрийгөө тусгаарлах зэрэг журмууд нь тансаглалд тооцогдох бөгөөд үнийг нь төлж дийлэхгүй.

Ирэх саруудад олныг хамарсан улс төрийн үймээн, тогтворгүй байдал, дээрэм тонуул гарч болзошгүй. Корона нь олон нийтийн хэв журмын асуудал болтлоо хүндэрнэ.

Сургуулиудыг хааснаар зөвхөн хүүхдээ хэнээр харуулах вэ? Асруулах вэ? гэдэг асуудал гараад зогсохгүй. Нэн ялангуяа хүн амын ядуу хэсгийн хувьд хүүхдийн хоол тэжээлийн суурь болдог, сургууль дээр нь үнэ төлбөргүй өгдөг “үдийн хоол” зэрэг хүнсний хөтөлбөрүүд зогслоо. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн огцом уналт, харсан үзсэн болгоноо хуу хамдаг худалдан авалтын нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт нь бусад олон хүндрэлийг дагуулж болзошгүй. Хямралын нийгмийн үр дагаврыг зөөллөх механизмууд бараг байхгүйтэй адил. Улс төрийн хүрээнийхэн уг механизмын талаар бодохтой манатай байх шиг. 

Коронагийн хямралын нөлөөгөөр ядуурал ба үгээгүй ядуу байдал эрс нэмэгдэх болно. Латин Америкийн олон оронд өнөөгийн хямралаас өмнө нийгмийн асуудлууд нь олныг хамарсан нийгмийн эсэргүүцэлд хүргэснийг тухайн улс орнуудын засгийн газрууд ямар нэгэн байдлаар дараад байна. Ирэх саруудад нийгмийн байдал эрс хурцдаад зогсохгүй олныг хамарсан үймээн, тогтворгүй байдал үүсч дээрэм тонуул гарч болзошгүй. Корона нийгмийн хэв журмын асуудал болтлоо хүндэрч эмх замбараагүй байдлын үрийг тарих болно. Улс төр хямралын нийгмийн ур дагаврыг зөөллөх замыг биш харин хялбараар нь дарамт үзүүлэх замыг сонгож ингэхдээ эрх зүйт төрийн стандартуудыг зөрчих вий гэхээс айдас төрж байна. 

Улс орнуудын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан нийгмийн суурь баталгааг хангахад тэг тариф үйлчлэхгүй нь ойлгомжтой. Их хэмжээний нэмэлт эх үүсвэр шаардагдана. Нэмэлт хөрөнгийг тусгай санд байршуулж бүх иргэдийн нийгмийн хамгааллын суурь төвшнийг хангахад зарцуулах хэрэгтэй. Дээрээс нь онцгой хүнд байдалд орсон сая сая хүнд чиглэгдсэн, зорилтот тусламжийг цаг алдалгүй санхүүжүүлэх хэрэгтэй болно. Дунд болон урт хугацаанд хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд зохист хөдөлмөр, нийгмийн эрхүүдийн хэрэгжилтийг дэмжих, хөгжлийн загварчлалын чиг хандлагыг өөрчлөхөд нэмэлт эх үүсвэр шаардлагатай болно.

Эдийн засаг ба нийгмийн сүйрэл, олныг хамарсан улс төрийн тогтворгүй байдлаас сэргийлэхийг хүсэгч хүн бүр олон улсын хамтын ажиллагаа ба дэлхийн дотоод бодлогыг эрхэмлэх нь энэ цагт урьд өмнөхөөс илүү чухал байна.

Өнгөцхөн харахад Латин Америкийн орнуудын төрд тусгай фондод байршуулах мөнгө байхгүй. Өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг дайчилбал мөнгө байгаа. Нэгдүгээрт Төсвийн зарцуулалтын багцуудыг ач холбогдлоор нь шинэчлэн эрэмбэлэх. Стокхолмын энх тайван судлалын хүрээлэнгийн (SIPRI) сүүлийн тайлангаас харахад тус бүс нутгийн орнуудын зэвсэглэлийн зардал нэмэгдсэн нь тодорхой байна. Харин коронавирусийг шумбагч завь, байлдааны нисдэг тэргээр дарах нь юу л болдоо. Зэвсэг худалдан авахад төлөвлөсөн мөнгийг нэн даруй царцааж,эрүүл мэнд, нийгмийн системүүдийг бэхжүүлэхэд зарцуулах хэрэгтэй байна.

ХоёрдугаартЛатин Америкийн орнууд чинээлэг давхаргынхандаа илүү өндөр татвар ногдуулахаас татгалзаж тансаглуулсаар байгаа. Коронагийн хямралын үед Латин Америкийн орнууд элитүүддээ нийгмийн хариуцлага ногдуулах ёстой. Цар тахлыг дарахын тулд хямралыг намжаах, хямралаас үүдэлтэй эрүүл мэнд, нийгмийн гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд нийгмийг бүхэлд нь хамарсан, өргөн хүрээтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хаан зам буюу хамгийн зөв шийдэл бол өндөр орлоготой хүмүүст илүү өндөр татвар ногдуулдаг татварын системийг нэвтрүүлэх. Өндөр орлоготнуудад ногдуулдаг прогрессив системийг нэвтрүүлсний дараа залгуулаад нэг удаа төлдөг хөрөнгийн татвар төлүүлэх хэрэгтэй.

 ГуравдугаартЦар тахалын нийгмийн үр дагаврыг зөөллөх арга хэмжээнүүдийг улс орнууд дангаараа зөвхөн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломжгүй. Вирус улс орнуудын хил дамнан торох юмгүй тархаж байгаагийн нэгэн адил вирусийн эсрэг авах арга хэмжээнүүд, олон улсын бодлого зохицуулалтыг шаардаж байна. Эдийн засаг, нийгмийн сүйрэл болон олныг хамарсан улс төрийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэхийг хүсэгч хүн бүр олон улсын хамтын ажиллагаа ба дэлхийн нийгмийн дотоод бодлогыг эрхэмлэх нь өнөө цагт урьд өмнөхөөс илүү чухал байна. Харин дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд ингэж бодохгүй байгаа нь харамсалтай.  

Олон улсын хамтын ажиллагаа ба эв санааны нэгдэл урьд өмнөхөөс илүү чухал болчхоод байгаа энэ үед улс орнууд ганц ганцаараа аврал хайж байгаа нь коронагийн дараа олон улсын дипломат харилцааг улам хүндрүүлэх дүр зураг өнөө тодорхой болчхоод байна. Энэ хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл нь хямралд орсон орнуудад өгөөмөр тусламж үзүүлэхээс эхэлнэ. Хямарсан орнуудад туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэдэг өнцгөөс харвал ОУВС Венесуэлд санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзсан нь тус улсад хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай гомдол мэдүүлж матрын нулимс унагаад байсан нь худлаа юм байна гэдгийг илчилсэн том скандал боллоо. Энд хүний эрхийн зөрчлийг шүүмжлэх нь буруу гэж хэлэх гэсэнгүй харин тусламж хэрэгтэй үед нь тусалсангүй гэсэн санаа. Үүний цаана өнөөгийн дэглэм буюу хүчний харьцааг өөрчлөхөд гол анхаарлаа хандуулж түүнийхээ төлөө хүмүүсийн амь насыг золиослоход төдийлөн санаа зовохгүй байгаа эрх ашиг цухалзаад байна уу? 

Хямралын үед нэн ялангуяа олон улсын хамтын нийгэмлэг коронагийн цар тахлын нийгмийн үр дагаврыг зөөллөхөд шаардагдах эх үүсвэрийг гаргах тухай өргөн хүрээтэй, хүнд сурталгүй шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн жагсаалт бүхий дэвтрээ шүүрэн авч шууд ажилдаа орох хэрэгтэй байна. Өнөөгийн дэлхийн хямралын үед ОУВС ба Дэлхийн банк хамтран олон улсын тусламжийн сан байгуулах нь олон улсын бодлогыг шинэчлэн өөрчлөх нэгэн боломжийг нээж болох юм.

Олон улсын хамтын нийгэмлэг нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж байгаагаа тоо томшгүй олон удаа илэрхийлээд байсан нь үнэн болохыг нотолж зоримог шийдвэрүүд гаргаж хангалттай санхүүжилт тавьж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 2030 онд хэрэгжиж дууссан байх ёстой тогтвортой хөгжлийн зорилтууд 2020 оны сүүлч гэхэд үлгэр болчихсон байх нь. Одоо нэн даруй шийдэмгий хэлэлцээр эхлүүлэх шаардлагатай байна.

Штефан Петерс нь ХБНГУ-ын Гийсен хотын Юустус-Либихийн их сургуулийн энх тайван судлалын профессор юм.

Энэхүү нийтлэл нь анх ГерманАнгли хэл хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. 

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй болно.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de