25.12.2020

Өнөөдрийн морьтон дээрэмчдийн эсрэг хийж буй тэмцэл

Цар тахал “Амазон” концернийг дэлхийн хамгийн хүчирхэг компани болголоо. Энэ концерний булхайтай аргуудыг зогсоох цаг болжээ.

Манай дэлхий эрс өөрчлөлтийн эрин рүү шилжин орлоо. Их өөрчлөлтийн энэ эрин цар тахлын нөлөөгөөр үүссэн хүний болон эдийн засгийн хямралд бид хамтдаа өгөх хариултаар томьёологдох болно. Ковид-19 даян дэлхийгээр тархах завсар нийгмийн сайн сайхан амьдрал, хөдөлмөрийн үнэлэмж, бахархлыг хамгаалах бодлогыг хөдөлгөгч дэвшилтэт хүчин болох "Амазон" концерн тэргүүтэй хатуу эдийн засгийн эрчимтэй өсөлт үйл ажиллагаа явуулаач гэх уриалга мэт сонсогдох болно.

Ковидоос улбаалж амин чухал биш бизнесүүдийг хаахаас өөр аргагүйд хүрээд буй энэ үед Амазон компанийн зах зээлийн үнэлгээ 1.5 тэрбум ам.доллар давсан явдал түүний үнэлгээ үндсэндээ хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ Амазон компанийн ашиг оны дөрөвдүгээр хагаст өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 200 хувиар нэмэгдээд байна. Зөвхөн АНУ-д гэхэд урьдчилсан тооцоогоор Амазон Зул сарын баярын үеэр зарцуулсан нэг ам.доллар бүрээс 42 центийн ашиг олох аж. Ковид-19 цар тахлаас өмнө дэлхийн хамгийн чинээлэг хүн байсан Жеф Безос улам баяжиж эзэнт гүрнээ урьд өмнө байгаагүй хэмжээнд өргөжүүлж байна. Амазон концерний агуулахад өрнөж буй ажлын хурд нэмэгдэхийн хэрээр хөдөлмөр урьд хэзээ ч байгаагүй бурангуй, харгис хэлбэртэй болж ажлын байран дээрх осол гэмтлийн тоо бусад ижил төстэй компаниас эрс өндөр боллоо. Ковид-19 цар тахал эхэлснээс хойш үйлчлүүлэгчид "е-" буюу цахим худалдааг илүү ашиглах болсноор концерний хөдөлмөрийн нөхцөл улам дордсон байна. Тухайлбал, захиалгын тоо нэмэгдэхийн хэрээр хүн хоорондын зай барих, гарын эрүүл ахуй сахих зэрэг бүх нийтээр дагаж мөрдөх шаардлага хэрэгжихгүй нь илт.

Европын зарим улсад Үйлдвэрчний эвлэлүүд компанийн хомхой зангийн эсрэг зогсож ажилтнуудаа хамгаалж чадсан бол АНУ зэрэг АНН-үүд нь ерөөс Үйлдвэрчний эвлэлээ сөрсөн байр суурь баримталдаг орнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх шаардлага тавьсан ажилтнуудыг шууд ажлаас халж байна. Коронагийн хямралаас хамгийн өндөр ашиг олсон компаниуд асуудлыг шийдвэрлэх, нийгмийн түншүүдтэйгээ хэлэлцээр хийхийн оронд  ажилчдаа халах, шүүмжлэгчдийн амыг барихыг урьтал болгож байна. 

Захиалгын тоо нэмэгдэхийн хэрээр хүн хоорондын зай барих, гарын эрүүл ахуй сахих зэрэг бүх нийтээр дагаж мөрдөх шаардлага хэрэгжихгүй нь илт.

Энэ сарын эхэнд Амазоны агуулахад ажиллаж байсан ажилтан бүсгүй Коуртней Воуден хөдөлмөрлөх нөхцөлөө дээшлүүлэх шаардлага тавьсны улмаас ажлаасаа халагдсаны дараагаас л АНУ-ын засгийн газар тус компанийн эсрэг гомдол мэдүүлсэн байна. Дөрөвдүгээр сард Амазон интернетийн хоёр мэргэжилтнээ цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөхгүй байх арга хэмжээний тухай сануулсных нь төлөө халсан юм. Үүний дараахан Америкийн "цагаан хуудас" цахим мэдээллийн сайт байгаль орчныг хамгаалах шаардлага тавих зориг гаргасан ажилтнуудаа болон байгаль орчныг хамгаалагчид, бусад идэвхтнүүдийн араас Амазон концернхувийн мөрдөгчдийг олноор хөлсөлж тагнуулдаг болохыг олж энэ тухай мэдээлсэн юм.

Технологийн магнат Амазон концерн зөвхөн цахим худалдааны салбарт төдийгүй Үүлэн инженерчлэл, дүрс бичлэг дамжуулалт, виртуал /зөвхөн нүдэнд үзэгдэх ч биет бус/ туслах, хэвлэл мэдээлэл, хүнсний бараа, эмийн худалдааны салбарт ноёлж байна. Цаашид утасгүй сүлжээ, эрүүл мэнд болон дотоод сүлжээний үйлчилгээний салбарт эзэлж буй байр сууриа эрс дээшлүүлэхээр төлөвлөж буй аж.  Амазон ажилтнуудынхаа хөдөлмөрийг мөлжихөөс гадна мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөө, зах зээлийн шударга өрсөлдөөнд заналхийл үзүүлж байна. Концерн тасралтгүй өргөжиж байгаа тул шүүмжлэгчид болон иргэний нийгмийг дуугүй болгох алга урвуулахын төдий зүйл.

Амазон хэр аюул учруулж болохыг олон нийт танин мэдлээ. Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газрууд болон дэвшилтэт улс төрийн хүчнүүд зах зээлд Амазон ноёлох байр сууриа улам бэхжүүлэхийн хэрээр цахим худалдаа эрхлэгчидтэй булхайтай аргаар өрсөлдөж буй төдийгүй жижиглэн худалдааны салбар дахь бурангуй үйлдэлд одоо л нухацтай хандаж эхлээд байна. Амазон өөрийн үйл ажиллагаанд үйлчлэх дүрэм журмаа өөрөө тогтоохын зэрэгцээ өөрөө борлуулдаг тул бусад худалдаалагчидтай харьцуулахад шударга бус давуу байдлыг өөртөө үүсгээд зогсохгүй хэрэглэгч бидний хэтэвч болон мэдээлэлд нэмэлт нөлөөллийг бий болгодог аж.

Европын Комисс энэ хугацаанд шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газарт гомдол гаргаад байна. Тэд Амазон худалдаачдын мэдээллийг өөрийн үйл ажиллагаанд давуу байдал үүсгэхэд ашигладаг гэжээ. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын Дижитал зах зээлийн өрсөлдөөнийг хариуцах хууль зүйн байнгын хороо олон хүний хөндөж буй дээрх асуудлыг мөн баталсан юм. Тус концерн зах зээлд ноёлогч байр суурийнхаа ачаар олж авсан давуу байдлаа ашиглаж худалдаачдын хөдөлмөрийг системтэйгээр мөлжиж буй явдал өрсөлдөөн талаас авч үзвэл үнэхээр сэтгэл зовоосон асуудал. Энэтхэгийн өрсөлдөөнийг зохицуулах комисс Амазоныг өрсөлдөөний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, хянан шалгах процесс эхлүүлсэн бол АНУ-ын Холбооны олон улсад цахилгаан барааны зах зээлд Амазон монополь ноёлох байр суурь эзэлж байгаагийн эсрэг зарга үүсгээд байна.

Бид дижитал худалдаанд ганц магнат дангаараа мэдээллийн бүтэц болон мэдээлэлд хяналт тогтоохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Амазон болон технологийн бусад компанийг журамлах гэсэн АНУ, Энэтхэг, Европын оролдлого дээр эдгээр компанийн ажилтан, дэвшилтэт улс төрчид, болон иргэний нийгэм хүчээ нэгтгэвэл дээрх компаниудад хариуцлага тооцох боломжтой. Хар баасан гариг /Black Friday/-аас эхлээд Амазоныг "ажилтнуудынхаа хөдөлмөрийг мөлжихөө зогсоо", "нийгмийн болон манай гаригийн өмнө хариуцлагаа хүлээ" гэх шаардлагыг хүргүүлж "UNI глобал үйлдвэрчний эвлэл", "Дэвшилтэт интернационал", "Оксфарм", "Грийнпийсе" болон бусад 50 гаруй иргэний нийгмийн байгууллага, байгаль хамгаалагчид, татварын мэргэжилтнүүд "#Амазонаар төлүүл" уриан дор нэгдэж нийтийг хамарсан кампанит ажлыг дэлхий дахинд өрнүүлжээ. Кампанит ажлын нээлтийн өдөр 34 орны 400 гаруй парламентын гишүүн уг кампанит ажлыг дэмжиж 15 орны ажилтнууд холбоотнуудынхаа хамтаар жагсаал хийж нэгдсэн шаардлага хүргүүлсэн байна.

Цар тахал удахгүй төгсгөл болно гэдэгт бид найдаж байгаа. Үүний зэрэгцээ Ковид-19-ийн дараа эдийн засгаа шударга, тогтвортой сэргээх үүрэг бидний өмнө хүлээж байна. Бусад татвар төлөгчдийн нэгэн адил Амазон эдийн засгийг сэргээн босгоход шаардагдах зардлын өөрт ногдох хувийг төлөөсэй хэмээн хүсэж байна.

Бид нэг магнат дижитал худалдаа, мэдээллийн бүтэц, мэдээлэлд дангаараа хяналт тавихыг зөвшөөрч хэрхэвч болохгүй. Бусад татвар төлөгчдийн нэгэн адил зайлшгүй шаардлагатай байгаа эдийн засгийн сэргээн босголтод шаардагдах зардлын компанид ногдох хувийг шударгаар төлүүлэх ёстой. Амазон үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хэлэлцээрт орохоос татгалзсан, ажилтнуудаасаа хүний чадлаас давсан бүтээмжийг шаардсан, бусад компанийг сүйрлийн ирмэгт тултал шахсан нөхцөлд бид түүнийг зогсоох ёстой.

Бид баячууд, хүчтэнүүд буюу эрх мэдэлтнүүд, сүлжээ сайтай хэсэг нь бусдын зардлаар баяжихыг зөвшөөрөхгүй. Ажилчдынхаа эрхийг хамгаалах, шударга зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох, татвараа шударгаар төлөх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад хүчин чармайлт гаргуулахын тулд бид Амазонд шахалт үзүүлэх ёстой.

ХХ зууны эхэн үед дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хянаж байсан аж үйлдвэрийн монопольчлолын эсрэг иргэний нийгмийн цар хүрээтэй эвсэл байгуулагдсан бөгөөд тэд энэ тэмцэлд ялалт байгуулж байсан түүхтэй. Амазон болон бусад орчин үеийн морьтон дээрэмчдийг дэг журамд оруулах явдал бидний өмнө тулгарч буй, заавал давж гарах ёстой хамгийн чухал туршилтын нэг бөгөөд энэ тэмцлээс хөдөлмөрийн болон улс орны эдийн засгийн ирээдүй ихээхэн хамаарах болно.

 

Кристи Хоффман бол олон улсын үйлчилгээний салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болох UNI Global Union-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга юм.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. 

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia@fes.de