12.01.2021

Эрх чөлөө, итгэл, хардлагын онолууд

Неолиберализм ид хүчээ авч байх үед болохгүй бүтэхгүй бүхнийг төртэй холбож “төр бол муу менежер, төрийнхөн бүгдээрээ авилгач” гэх мэтээр нэр төрийг нь шавартай хутгаж байсан бол цар тахлын үед үүссэн эрүүл мэнд, нийлүүлэлт, хомстлын менежментийг зөвхөн төр л хийж чадна хэмээн урин залав. Ийнхүү төрийн сэтгэн мандалтын үе ирж төр ба улс төрчдөд итгэх итгэл сэргэв. Барууны ардчилсан орнуудын төрд “төр л менежер нь байх ёстой гэсэн ард түмнийхээ итгэлийг биелүүлж эрүүл мэндийн хямралд эхлэн өртсөн Азийн орнуудын төрөөс шийдвэр гаргалт ба хэрэгжүүлэлтийн чадамжаараа илүү гэдгээ батлан харуулах” сорилт тулгарсан юм.

Шинээр халдвар авагсдын тоог эрүүл мэндийн системийнхээ чадамжаас хэт давуулахгүйгээр хяналтдаа байлгахын тулд хувь хүмүүсийн эрх чөлөөний эрхүүдийг ихээхэн хязгаарлав. Бусадтай биечлэн уулзахгүй, гэрээсээ гарахгүй байхыг шаардаж амин чухал бус эдийн засгийн секторуудыг нам зогсоосон юм. Эдгээр шийдвэрүүд засгийн газруудын гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлж парламентын үйл ажиллагааг хязгаарлав.Олон нийтийн амьдралыг ч нам зогсоов. Хямралын эхэн үед хөл хорио, хөдөлгөөн хязгаарлалтыг ард түмэн нь дэмжиж байсан бол 3 сарын дараагаас эхлэн хүмүүс уйдаж дэмжлэг нь суларч эхэлсэн юм. Улс орон бүрт ард түмний итгэл, дэмжлэг харилцан адилгүй байгааг судалгаагаар тогтоосон үр дүнтэй танилцаарай. Цар тахлын анхдагч давлагаа намжиж эхлэнгүүт эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүйн тулд засгийн газруудаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ ихээхэн хардлага дагуулж байлаа. Үүний зэрэгцээ Польш, ОХУ, АНУ зэрэг орнууд хязгаарлалтыг сулруулах арга хэмжээнүүдийг сонгуулийн тактиктайгаа уялдуулж байв. Европын орнуудын иргэдийн дийлэнх нь цар тахлын эсрэг явуулж буй тэмцэл хувь хүний эрх чөлөөг хязгаарлах шийдвэрийн эрх зүйн үндсийг бүрдүүлж байна хэмээн үзжээ. Нийтийн эрх ашгийг хувь хүний эрх ашгаас дээгүүр тавьдаг. Японы нийгэмд иргэдийн хувийн хариуцлага маш өндөр байна. Хүлээн зөвшөөрөгдөх байдал өндөр гээд үг дуугүй дагаад бай гэсэн үг биш. Хязгаарлалт, хөл хорионы арга  хэмжээнүүдийг бүхэлд нь биш харин хэсэгчлэн эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн зарим орнуудад гарч байна. Нийгмийн байдал тогтворгүй, нийгмийн хамгаалал сул тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ бага Туниз зэрэг орнуудад "Өлбөрч үхсэнээс коронагаар үхсэн нь дээр" гэдэг уриан дор эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Тэр ч байтугай хэт барууны үзлийг баримтлагч зарим улс төрийн намууд коронагаар далимдуулан олны дэмжлэгээ нэмэгдүүлэх оролдлого хийсэн ч төдийлөн амжилт олсонгүй. Эзэрхэг төртэй орнуудад коронагаар далимдуулан хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, хязгаарлахыг оролдож байгаа нь магадгүй хамгийн урт хугацаанд ноцтой ул мөр үлдээх арга хэмжээ байж болох юм. "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагаас тухайн орны хэвлэлийн эрх чөлөөний индекс ба коронагийн үеэр хэвлэлийн эрх чөлөөнд учирч буй дарамт хоёрын хооронд шууд хамаарал байгааг тогтоожээ. Ковид-19-ийн үүсэл, эмчилгээ, вирусийн эсрэг явуулж буй тэмцлийн стратегийн тухай худал мэдээллийн үер савнаасаа хальжээ. Англид вирус 5G сүлжээний шонгоос тархаж байна гэдэг цуу яриа тарсан тул сүүлийн 2 сарын дотор 100 гаруй удаа шонд гал тавьжээ. Францад хар тамхи сайн гэсэн бол АНУ-д ариутгалын бодисыг тариагаар хэрэглэвэл сайн гэх мэтийн цуу яриа таржээ. Цар тахлын үеэр цуу яриа, хардлага хоёр хуурай өвсөнд тавьсан түймэр шиг тархаж байна. Хуурамч мэдээлэл ба хардлагын онолын эсрэг хэрэглэдэг бүгдийг анагаагч нийтлэг жор гэж үгүй. Нийгмийн сүлжээнд хуурамч мэдээлэл эрс нэмэгдсэн тул Европын комисс нийгмийн сүлжээтэй харьцах харьцааг илүү чангатгаж хэрэглэгчид сайн дураараар мөрддөг байсан "харьцааны код"-ыг заавал дагаж мөрдөх код буюу дүрэм болгон өөрчлөх гэж байна. Энэ талаар гүнзгийрүүлэн уншихыг хүсвэл Коронагийн тун III-аас уншаарай.

 

Дэмбэрэлийн Нарантуяа нь МУИС-ийн докторант, МҮОНТ-ийн Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн алба, Хүүхдийн нэвтрүүлгийн албанд сэтгүүлч, редактороор 17 жил ажилласан, телевизийн салбарын мэргэшсэн уран бүтээлч. Нийгэм улс төр, эдийн засаг боловсрол, соёл иргэншил, үндэсний хөгжил, оюун санааны үнэт зүйл, сургамж, санал шүүмж, анализ дүгнэлтийн олон арван нийтлэл нэвтрүүлгийн зохиогч редактор, хөтлөгчөөр ажилласан нийгмийн сэтгүүлч.

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia@fes.de