18.12.2018

Монгол Улсын улс ардын аж ахуй дараагийн өрийн хямралын өмнөх эмзэг үедээ байна

Монгол улс 2017 онд үнэн хэрэг дээрээ төлбөрийн чадваргүй болчхоод байсан юм. Дампуурал зарладгийн даваан дээр Олон Улсын Валютын Сангийн босгож өгсөн 5 тэрбум ам.долларын дүнтэй авралын багцын тусламжтайгаар арайхийн зайлсхийж чадсан билээ. Вашингтонд төвтэй ОУВС-гаас гадна Хятад, Япон улсын дэмжлэгийн ачаар Монгол улс 2018 онд гадаадын зээлдүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж өрөө төлөх боломжтой болсон юм.

Юүрген Кайзер Монголд

2017 онд Монголд тохиосон хямралд засгийн газрынх нь төсвийн зардлын хэт үрэлгэн бодлого, юуны өмнө Монголын экспортын гол бүтээгдэхүүнүүд болох нүүрс, алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь гол нөлөө үзүүлсэн. Авралын багцыг авах үед төрийн гадаад болон дотоод өр нь Монголын эдийн засгийн чадлын 90 хувьтай тэнцэж байсан бол төрийн болон хувийн компаниудын тавьсан гадаад өр нийлээд эдийн засгийн чадлын 232 хувьд хүрчхээд байлаа. Хувийн секторын өр ийм өндөр төвшинд хүрсний гол шалтгаан нь түүхий эдийн олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд гадаадын зээлдэгчдээс асар их хэмжээний өр тавьж зээл авсанд оршиж байлаа.

Зөвхөн 2015 ба 2016 онд Монголын төр 2 тэрбум орчим ам долларын бондыг гадагшаа урсах валютын урсгалыг бууруулах, үнэ тогтворжуулах зорилгоор цемент болон бусад барилгын материал үйлдвэрлэгчид, бензин импортлогчдод төсвөөс олгосон их хэмжээний татаасыг бүрдүүлэхийн тулд олон улсын санхүүгийн зах зээл дээр байршуулсан. Ийнхүү үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор төсвийн хөрөнгийг хувийн компаниудын халаас руу цутгасны улмаас 2017 онд экспортоос олсон орлогынхоо талаас илүү хувийг гадаад зээлдүүлэгчдээс зээлсэн зээлийн хүү болон буцаан төлөлтөд зарцуулах хэрэгтэй болсон юм.

Монгол улс ганцаараа эдийн засгийн тусгаар тогтнолд нь аюул учруулж болзошгүй их хэмжээний өрөнд баригдчихаад байгаа юм биш. Дэлхийн бусад олон орны өрийн даац хэтэрч аюултай төвшинд хүрчхээд байгаа. Мозамбик, Венесуэл, Ангол, Бүгд Найрамдах Конго улс зэрэг олон орны өрийн хэмжээ Монголтой ойролцоо аюултай төвшинд хүрчхээд байна. Эдгээр орнууд дэлхийн санхүүгийн зах зээл дээр зээлийн хүү тогтвортой, доогуур байх үед их хэмжээний зээл авч экспортод гаргах боломжтой цөөн тооны түүхий эдийн хайгуулд хөрөнгө оруулалт хийж төсвийн цоорхойгоо нөхсөн юм. Баян орнуудын банк, хөрөнгө оруулалтын фондууд барууны орнуудын санхүүгийн зах зээл дээр өндөр хүүтэй бонд, зээл гаргах боломжгүй, боломжит хүү нь инфляцыг ч нөхөхгүй хэмжээнд хүрчхээд байсан тул тав ба түүнээс дээш хувийн хүүтэй зээлийг дуртай нь аргагүй олгосоор байлаа.

Түүхий эдийн экспортоос хараат эдийн засагтай орнуудыг гадаад далайд хүчит салхины аясаар хөвж байгаа самрын ястай зүйрлэн тайлбарлавал: Далайн салхины эрхшээл дор хөмөрчихгүйн төлөө тэмцэлдэж буй бяцхан завь гээд төсөөл дөө. Салхины чиг хойноосоо байх үед завь өндөр хурдтайгаар урагшилна. Өөрөөр хэлбэл түүхий эдийн экспортоос хараат орнуудын эдийн засаг гайхалтай өндөр өсөлтийг үзүүлнэ. Харин салхины чиг эргэж хажуугаас эсвэл бүр урдаас нь салхилах үед буюу зээлийн хүү нэмэгдэх үед (үндсэн зээлийн төлөлт хийгдсээр байх ёстой гэдгийг мартаж болохгүй) эсвэл цөөхөн хэдэн нэр төрлийн экспортын түүхий эдийнх нь үнэ унавал жижигхэн завь жолоодлогоо алдаж бараг гарцаагүй хөмрөхөд хүрдэг.

2017 онд Монгол улс дээрхтэй адилхан нөхцөлд орсон юм. Бээжин, Токио, Вашингтоны мөнгөн дэмжлэг буюу амь тарианы хүчинд салхины чиг эхний удаа өөрчлөгдөх үед арай ч хөмөрчхөлгүй тэсэж үлдсэн. Гэхдээ амь тариа ч гэсэн үнэ өртөгтэй тул үр дүнд нь Монголын өр улам нэмэгдсэн. Авралын багц гэдэг бол зүгээр өгдөг тусламж биш харин харьцангуй бага хүүтэй зээл учраас эцэст нь бусад зээлийн нэгэн адил эргэн төлөгдөх ёстой. 2016 онд санхүүгийн зах зээл дээр байршуулсан төрийн бондын эргэн төлөлтийн хугацаа болох тул тун удахгүй 2021 он гэхэд Монголын байдал дахиад хүндэрнэ. Өнөөдрийн байдлаар өрийн төвшин доошилж байгаа тул Монгол улс 2021 он хүртэл өөрийн эх үүсвэрээс өрөө төлөх нөөцийг бүрдүүлэх боломжтой болж магадгүй юм. Нөөцөө бүрдүүлж чадахгүй бол дахиад л гадаадын авралын санхүүжилтийн эрэлд мордохоос өөр аргагүй байдалд хүрнэ.

Энэ хүндрэлтэй байдал нь зөвхөн Монголын эдийн засгийн тусгаар тогтнолд аюул учруулаад зогсохгүй. Жишээлбэл Мозамбик улсад далайн эрэг дагуу урьд өмнө нь хэн ч мэдэж таамаглаж байгаагүй асар их хэмжээний байгалийн хийн орд хайгуулын ажлын явцад нээгдэж тэндээсээ өмнө нь зүүдэлж байгаагүй их хэмжээний орлого олох болсноор улс төрийн систем нь бүхэлдээ эвдэрч хямарсан. Тухайн үеийг хүртэл 30 гаруй жил засгийн эрхийг барьсан ФРЕЛИМО гэдэг чөлөөлөх хөдөлгөөн швецарийн болон оросын банкнуудтай асар өндөр үнийн дүнтэй сэжиг бүхий бизнесийн гэрээ байгуулж хэрэгжилтийн явцад нь хэдэн зуун саяын дүнгээр илэрхийлэгдэх их хэмжээний мөнгө дахин нүдэнд харагдаж гарт баригдахгүйгээр эгнэгт алга болсон. ОУВС эвдрэлийн анхны шугамыг нь татсан хэрнээ Мозамбикийн чухал зээлдүүлэгч, донорууд болох барууны орнуудтай хамтраад тус улсад дахин өөр аль ч хэлбэрийн зээл олгож болохгүй гэдэг шийдвэр дээр нэгдсэн юм.

Мозамбиктай төстэй буруу замаар орчихгүйн тулд Монгол улс юу хийх ёстой вэ? Нэн түрүүнд өмнө нь ахин дахин амлалт авсан хирнээ хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй эдийн засгаа солонгоруулах амлалтаа биелүүлэх замаар эдийн засаг болон улс төрийн туйлшралыг дэвэргээд байгаа суурийг үгүй хийх хэрэгтэй. Гэхдээ эдийн засгаа солонгоруулах амлалт нь богино хугацаанд биелүүлэх боломжгүй, дунд хугацаанд хэрэгжих зорилт юм. 2021 онд дампуурлын ирмэг дээр дахин тулахаас өмнө, эдийн засгаа солонгоруулах амлалтаа хэрэгжүүлэх хүртлээ Монголын эдийн засгийн чадал буюу даацаас хол давсан өрийг яаж төлөх тухай шийдлийг нэн даруй олох ёстой.

ОУВС, Дэлхийн банкнаас сүүлийн хориод жилийн хугацаанд HIPC буюу өрөнд баригдсан, бага орлоготой ядуу орнуудын өрийг тэглэх идэвх санаачилга гаргаж эдгээр орнуудын ихээхэн хэмжээний өрийг тэглэсэн атлаа өдгөө олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Монгол улс ба ОУВС-гаас авахуулаад Монголын хөрш орнуудын засгийн газрууд хүртэл, мөн засгийн газрынх нь бондыг бариад сууж байгаа дэлхий даяар тархсан хэдэн мянган зээлдүүлэгчдийг нэг ширээнд суулган өрийн буцаан төлөлтийн тухай хэлэлцээрт оруулах тухай бодож ч үзээгүй сууцгааж байна.

Монгол улс өмнө тохиож байсан өрийн хямралуудын үед зээлдүүлэгчид болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай олон шатлалтай аргачлалын дагуу харьцаж ирсэн. 2017 онд тухайн үеийг хүртэл Монголд мөнгөө зээлдүүлээд байсан зээлдүүлэгчдийн өрийн дийлэнх эргэн төлөлтийг эхлээд ОУВС ба Дэлхийн банк мөнгөөр хийсэн. Ингэснээр зээлдүүлэгчдийн бүтэц өөрчлөгдөж уламжлалт зээлдүүлэгчдээс олон улсын санхүүгийн байгууллагууд руу шилжсэн. Дараа нь ОУВС ба ДБ-ны зээлийг өөр бусад эх үүсвэрээс зээл авч зээлийг зээлээр буюу өрийг өрөөр төлж болохгүй гэдэг байр сууриа тулгасан. Үүнийгээ ОУВС ба ДБ-наас өөр өрийн хямралд орсон орнуудад зээл өгдөг өөр зээлдүүлэгч байхгүй гэж тайлбарладаг. Дээрээс нь ОУВС-гаас тулгаж буй дасан зохицоход чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүл, бүтцийн өөрчлөлт нь зээлдэгчийн талд гайхалтайгаар эргэх дэлхийн зах зээлийн өсөлтийн үетэй давхцах тул эдийн засаг баталгаатай сэргэнэ гэдэгт итгүүлсэн. Энэ гайхамшигт нь итгэсээр суутал ашиглах ёстой чухал цаг үе ч өнгөрч өр ч цаашаа нэмэгдсээр байдаг.

2014 онд хөгжиж буй болон эрчимтэй хөгжиж буй орнууд дээрхтэй төстэй туршлага болон ойртсоор байгаа өрийн хямралтай холбогдуулан НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдаанаар төлбөрийн чадваргүй болсон орнуудыг өрөөс чөлөөлөх тодорхой журам болон аргачлалыг хэлэлцүүлэх оролдлогыг хийсэн байдаг. НҮБ зээлдүүлэгч ч биш, зээлдэг ч биш дундыг барьсан байр суурийг баримтлах боломжтой байгууллагын хувьд бүх зээлдүүлэгчдийг оролцуулан өр тэглэх аргачлалыг боловсруулах чухал суурь болох боломжтой байгууллага юм. UNCTAD -НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурал зэрэг зэрэг мэргэжлийн байгууллагууд өргөн хүрээтэй концепц боловсруулах бэлтгэл ажил хийсэн. Харамсалтай нь 2015 онд Герман зэрэг зарим баян орнуудын эсэргүүцэлтэй тулсан тул энэ зөвлөлдөх үйл явц зогссон юм. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг бүрд аж төрж буй өрийн дарамтын дор зовж зүдрэгчдийн эгнээнд монголчууд ч орчхож магадгүй эгзэгтэй нөхцөл үүсчхээд байна.

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia@fes.de