17.02.2021

Саран дээр буулт хийх 2021 он

Нэгэн шинэ даалгавар гүйцэтгэх цаг ирлээ. Засгийн газрууд инновацыг урагшлуулах хэрэгтэй байна. Үүний тулд тэд эрсдэл хийж олон нийтийн ашиг сонирхлыг хувийн компаниудын олох ашгаас дээгүүр тавих ёстой боллоо.

Ковид-19 орчин үеийн капитализмын тоо томшгүй олон сул талыг илрүүллээ. Ковидоос өмнө оршиж байсан төрийн болон төсвөөс санхүүжих олон улс орны нийтийн эрүүл мэндийн тогтолцооны хуваагдал байдал цар тахлын улмаас учирсан хохирлоос улбаалж улам гүнзгийрлээ. Өөрийн буруугаас болж өрөнд баригдсан төрийн тулгамдсан асуудал, үйл ажиллагааны зохицуулалт ба хэрэгжилтэд хүндрэл учирч байна. Бүх нийтээр сорил авах, хавьтлуудыг тогтоох, эрүүл мэндийн багаж хэрэгслийн үйлдвэрлэл, хатуу хөл хорионы үеэр сургалт явуулах зэрэг асуудал өрөнд өртсөн төрийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байна. Нийтийн буюу төсвөөс санхүүжих салбаруудын бүтээмж чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулж ирсэн бусад бүс нутаг төрийн үйл ажиллагааг сайтар хэрэгжүүлж, зохицуулж чадлаа. Хөгжиж буй орнуудын дунд Вьетнам, Энэтхэг, Керала зэрэг улс шаардлагатай арга хэмжээг хамгийн сайн зохицуулж хэрэгжүүлж байна.

Олон орны засгийн газар хамгийн дээд түвшний хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэхийн оронд хамгийн дээд шатны идэвхгүй, зээл олгогч болж хувирлаа. Өөрөөр хэлбэл хүүхэд худагт унасны дараа буюу хожимдсон хойно хүүхдийг аврах ажиллагааг эхлүүллээ. 2008 оны эдийн засгийн томоохон агшилтаас бид хямралын үеэр дотоодын үйлдвэрлэлийг аврах явдал асар өндөр өртөгтэй байдгийг туулж мэдсэн тул төсвийн хөрөнгө оруулалтыг хямралаас урьдчилан сэргийлэхэд чиглүүлэх нь илүү ач холбогдолтой болох сургамжийг амссан.

Харамсалтай нь ихэнх засгийн газар энэ сургамжийг үл тоомсорложээ. Нийт нийгмийн өмнө шинээр тулгамдаад буй сорилтуудыг харахад төр өөрт ногдсон зах зээлд зохицуулалт хийх хуулийн дагуух үүргээ биелүүлж чадахгүй байсаар бууж өгчээ гэж хэлж болохоор байна. Засгийн газрууд төрийн байгууллагуудын үүргийг гаднын байгууллагуудаас үйлчилгээ авах буюу оутсоурсинг хийлгэхийг зөвшөөрч зөвхөн өнгөцхөн харахад үр өгөөжийг илүүтэй нэмэгдүүлээд байгаа мэт арга хэмжээг авсаар төрийн байгууллагуудын үндсэн үүргээ биелүүлэх чадамжийг сулруулжээ. Төсвөөс санхүүжих төрийн салбарууд зайгаа тавьж өгсөөр компаниудын эздийн хүсэл сонирхол болон хөрөнгийн хуримтлал үүсгэхээс өөр даалуу компаниудад байхгүй гэдэг төсөөлөлд орон зай гаргаж өгчээ. Гэвч энэ бол сонирхлын бүлгүүдийн үнэлэмжийг дэмжигчдийн үзэл юм.

Үнэндээ бид хувийн сектор төрийнхөөс илүү дээр гэдэг домогт итгэхийн хэрээр ирээдүйд тохиох хямралуудын үед нөхцөл байдал улам дордох болно.

Өнөөгийн хямралын дараагаар хийх сэргээн босголтыг илүү үр дүнтэй явуулахаа АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден болон бусад олон засгийн газар амласан, тэд амлалтаа биелүүлэхийн тулд төрийн салбарыг шинэчлэх шаардлагатай болно. Үүний тулд зөвхөн шинэ бодлого хэрэгжүүлэх явдал хангалтгүй тул төрийн зохион байгуулах чадамжийг дээшлүүлэх хэрэгтэй болно. Үүний дээр төрийг нэмүү өртөг үйлдвэрлэх эх булаг мөн гэдэг уриа хөөрөөг дахин сэргээх хэрэгтэй болно.

Энэ талаар "Эдийн засгийн даалгавар: Капитализмыг өөрчлөхийн тулд саран дээр буулт хийх удирдамж боловсруулах нь" номдоо би тайлбарласан. Би саран дээр буулт хийхийн тулд маш өндөр чадамжтай төрийн болон хувийн салбар энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн түншлэл байгуулах хэрэгтэйг тайлбарласан юм. Бид төрийн энэ чадамжийг сулруулсаар ирсэн тул урьд өмнөх түүхэнд байсан амжилт давтагдах тэр ч байтугай тогтвортой хөгжлийн болон Парисын цаг уурын хэлэлцээрт тавьсан амбицтай зорилтуудыг хэрэгжүүлэх найдвар тасарсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Аполло хөтөлбөр бидэнд олон салбарыг хамарсан төр болон хувийн салбарын хамтын ажиллагаа, тодорхой үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нийлүүлэлт үйлдвэрлэлийн гэрээ, төрийн дэмжлэгтэй инновац, бүх эрсдэлийг төр даасан нөхцөлд бүх түвшинд зохион байгуулалтын өөрчлөлтийг эхлүүлж, ингэснээр оновчтой тодорхойлсон үр дүнд хүрэх боломжтой гэдгийг харуулсан байдаг. Ийм компаниуд компьютерын программ хангамж , гар утасны камер, эсвэл нярай хүүхдийн хоол зэрэг ашиг өндөртэй дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хандлага ажиглагдаж байна.

Улс төрийн арга хэрэгслийг ашиглаж, төвлөрсөн эрх мэдлээс өөр өөр салбарын олон тоглогчийг шийдэл боловсруулахад оролцох сонирхлыг өдөөх хэрэгтэй болно.

Саран дээр хийсэн анхны буултын загвар угтаа түүнээс дутахааргүй том зорилтуудыг эх дэлхий дээр хэрэгжүүлэхэд ашиглах мэдлэг, сэдлийг хуримтлуулж өгсөн. Энэ загвараар бид тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлж чадсан юм. Зорилт тус бүр хоорондоо тодорхой зааглагдсан, хэсэгчилсэн даалгаварт хувааж болно. Эдгээр нь салбар дамнасан инновацын үндэс суурийг босгох боломжтой тодорхой даалгаврууд юм. Далай тэнгисийг хуванцар хаягдлуудаас бүрэн цэвэрлэхийн тулд усан онгоцны тээвэр, биотехнологи, химийн бодисууд, хог хаягдлын эдийн засаг, дизайн зэрэг салбарт хөрөнгө оруулж, инновац хийх шаардлагатай болно. Чухам энэ шаардлагаар Аполла хөтөлбөр агаарын болон сансрын орон зайд, хоол хүнс, бодисын судлал, цахилгаан бараа, программ хангамж болон бусад олон салбарт инновацыг урагшлуулсан юм.

Тодорхой даалгавар биелүүлэхэд чиглэсэн шийдэлд "Төр ашиг хүртэгч байх" шийдэл чухал бус харин өөрчлөлтийн чиглэлийг заах эдийн засгийг байгаль орчинд ээлтэй шилжилт рүү чиглүүлэх хөрөнгө оруулалт ба инновацыг олон салбарт урагшлуулах явдал чухал.

Үүний тулд улс төрийн хэрэгслээр хэт төвлөрсөн эрх мэдлийг төслийн санаа гаргах, шийдлийг олоход оролцох хүсэл сонирхолтой тоглогчдыг бодлого боловсруулахад оролцуулахад ашиглах хэрэгтэй.

NASA тухайн үед өөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийлүүлэлтийн гэрээнүүдийг боловсруулсан байдаг. Ингэхдээ NASA дороос дээш чиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд оролцогчдыг зоригжуулж "үнэмлэхүй ашиг" олохыг хориглосон заалтыг гэрээндээ оруулж зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн байдаг. Ингэснээр саран дээр буулт хийх даалгавар биелүүлэхэд оролцогчид эрсдэл болон урамшууллыг хуваалцах гэрээ байгуулж чадсан юм. Үүнээс оутсоурсинг буюу гаднын байгууллагуудаар төрийн байгууллагуудын үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх явцдаа төрийн үйлчилгээний өртгийг нэмэгдүүлж чанарыг бууруулсан засгийн газрууд сургамж авах бололцоотой.

Дэлхий дээр болон саран дээр гүйцэтгэх даалгаврууд өөр өөр хэдий ч олон нийтлэг чанартай. Эдгээр даалгавар засгийн газрууд өргөн хүрээтэй зорилт тавьдаг, тавьсан зорилтдоо хүрэхийн тулд тууштай ажилладаг, засгийн газрын зоримог, алсын хараатай удирдлага шаарддаг байдлаараа төстэй юм.

Өргөн хүрээтэй зорилтуудыг биелүүлэхийн тулд зохих хэмжээний хөрөнгө, тоног хэрэгсэл, нөөц хангалттай байх ёстой. Ковид-19-ийн эсрэг вакциныг аваад үзье. Зөвхөн хамтдаа ялж чадна гэдэг итгэл, вакцин гарган авах судалгааны үр дүнд чиглэсэн шийдэл ба сүүлийн жилийн хөгжил Аполла хөтөлбөрийг санагдуулж байна. Технологийн дэвшлийн үр дүнд гаргаж авсан шинэ хэрэгслүүд заавал шийдэл байх албагүй. Дэлхий дээр гүйцэтгэх даалгаврууд улс төр, хууль эрх зүй, харьцааны өөрчлөлтөд анхаарал хандуулахыг шаарддаг. Дээд амжилт буюу хамгийн богино хугацаанд төр болон хувийн салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд баталгаатай, үр дүнтэй тарилгын бодис буюу вакциныг гарган авах явцад төрийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болох нь тодорхой харагдлаа. Гэхдээ тэр даруй баян болон ядуу орнуудын хооронд вакцин гарган авахын төлөөх өрсөлдөөнд ялгаа гарч, энэ өрсөлдөөнөөс хойш баян ба ядуу орнуудын хоорондын ялгаа улам гүнзгийрлээ.

Дэлхийн хүн амыг вакцинжуулах зэрэг даалгаврыг дэлхий дээр биелүүлэхэд технологийн шинэчлэлүүд бодит үр ашгаа өгдөг. "Түрүүлж вакцинжуулахын төлөөх өрсөлдөөн" ёс суртахууны болон эдийн засгийн сүйрлийг илэрхийлэх боллоо. Хэрэв эм үйлдвэрлэлийн компаниуд өөрсдөө тайлбарласан шигээ сонирхлын бүлгүүдийн үнэлэмжийн үндсэн зарчимдаа үнэнч хэвээр үлдвэл гарган авсан Ковид-19-ийн вакцины патент, тоо баримт, хуримтлуулсан мэргэжлийн мэдлэгээ "Ковид-19 технологийн мэдээллийн сан"-гийн тусламжтайгаар хуваалцах ёстой. Өнөөг хүртэл энэ санг ашиглаагүй байна.

Мөн төр ба хувийн салбаруудын хамтын  ажиллагааг нийтийн эрх ашигт нийцүүлэн удирдах ёстой. Бид өнөөгийн дижитал эдийн засгийн үед олон боломжийг хажуугаараа өнгөрөөсөн алдаагаа дахин давтаж болохгүй.

Мөн засгийн газрууд сонирхлын бүлгүүдийн үнэлэмжийн ерөнхий зарчмыг жинхэнээсээ өөрийн болгоод авах ёстой. Эдгээр зарчим зөвхөн компанийн удирдлагад мөрдөгдөх ёстой юм биш. Төр ба хувийн салбарын хамтын ажиллагааг олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлж удирдах ёстой. Төр ба хувийн салбарын хамтын ажиллагаанд өнөөгийн дижитал эдийн засгийн үед олон боломжийг хажуугаараа өнгөрөөсөн алдаагаа дахин давтаж болохгүй. Төр технологийн суурийг бэлдэж өгснөөс хойш төр ба хувийн салбарын хамтын ажиллагаа өнөөгийн  хэлбэрээр үүссэн бөгөөд төрөөс бэлдэж өгсөн суурин дээр хувийн компаниуд барьж байгуулж эхэлсэн ч төрөөс зохицуулалт хийж өгөлгүй орхигдуулсан байдаг. Үүний үрээр технологийн салбарт давамгайлагч цөөн хэдхэн компани алгоритмын тусламжтайгаар нэмүү өртөг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн шинэ эринд хөл тавьсан юм. Эдгээр цөөн тооны компани дийлэнх олонхын зардлаар өндөр ашиг олсон жишээ энэ юм. Технологи дангаараа хэзээ ч нийгмийн болон эдийн засгийн асуудлыг шийдэж чадахгүй. Саран дээр буулт хийх даалгаврыг биелүүлэхэд баримталсан зарчмуудыг эх дэлхий дээрх цогц сорилтуудыг даван туулахад баримтлахын тулд  улс төрчид нийгэм, улс төр, технологи, харьцааны тоо томшгүй олон хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй болно. Улс төрчид хамтдаа алсын хараагаа тодорхойлж иргэний нийгэм, эдийн засаг, төрийн байгууллагуудыг оролцуулах ёстой.

Дэлхий дээр даалгавар биелүүлэхэд иргэдийг аль болох өргөнөөр оролцуулах ёстой. Нүүрс төрөгчийн давхар исэл буюу хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд иргэдтэйгээ хамтран амьдарч буй газарт тохируулан үзэл баримтлалаа боловсруулах ёстой. Тухайлбал, нийтийн орон сууц барих хөтөлбөр боловсруулах зэрэг. Төрийн мэдэлд байдаг, орлого багатай иргэд түрээслэн амьдардаг орон сууцны хорооллууд барих хөтөлбөрүүдийг нийтийн орон сууцны хөтөлбөр гэж нэрлэдэг. Өргөн хүрээг хамарсан сонирхлын бүлгийн үнэлэмж  шийдлийг иргэдийн оролцоо бүхий тогтвортой суурьтай даалгавар болгон өөрчилж төрт улсын тогтвортой хөгжлийн нэгэн хөдөлгүүр болгох боломжтой. Ногоон үйл хэрэг, бүх нийтийн эрүүл мэнд, дижитал тэгш бус байдлыг бууруулах төлөвлөгөө, төсөөллөө биелүүлэхэд ашиглаж болно. Эдгээр сургамж Байдений засгийн газарт чухал ач холбогдолтой байж болох юм. Байдений засгийн газар батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслүүдийг хариуцсан агентлаг, жил тутамд эм үйлдвэрлэлийн салбарт инновац хөгжүүлэхэд зарцуулдаг үндэсний эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагатай тул өргөн хүрээг хамарсан ХХК-ийн эрх мэдлийг төр ашиглаж чадна. Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, уламжлалт салбаруудын болон технологийн компаниудаас давсан аж үйлдвэрийн бодлогыг дагаж засгийн газрын бодлогыг сэргээх асар том боломж гарч ирлээ. Орчин үеийн “ногоон сэргэн мандалт”-ыг авчрах зорилт бүхий аж үйлдвэрлэлийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд бүх салбар хиймэл оюун ухаанаар удирдуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тээврийн салбараас эхлээд хөдөө аж ахуй, хүнс хүртэл бүх салбарыг хиймэл оюун ухаанаар удирдуулсан инновацыг урагшлуулах шинэ чиг хандлагыг хөгжүүлэх хэрэгтэй юм. Ерөнхийлөгч Жон Кеннеди саран дээр буулт хийх үүрэг хүлээж байсан бол ерөнхийлөгч Байден саран дээр буулт хийсэн хөлгийг буцааж дэлхий дээр авчрах үүрэг хүлээгээд байна.

Проф. Др. Мариана Маззукато нь Их Британийн Сассексийн Их Сургуульд Шинжлэх ухаан, технологийн бодлогын чиглэлээр багшилдаг. Тэрээр Европын Комисст эдийн засгийн өсөлтийн талаар зөвлөгөө өгдөг бөгөөд Их Британийн байгаль орчны шинжилгээний “Green Alliance” төвийн удирдах зөвлөлд багтдаг.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

(c) Project Syndicate

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia@fes.de