21.09.2021

ЭМГЭНЭЛТЭЙГЭЭР ХӨНДИЙРЧЭЭ

Хуучин Зөвлөлт Холбоот Улсыг задран унасны дараагаар Зүүн Европын зүүний намууд ажилчин ангиас зай барьж хөндийрсөн. Популистууд ч үүнийг ичгүүргүйгээр ашигласан.

Коммунизм сүйрлийг дагасан сэтгэлийн хөөрөл сүүлийн хэдэн арван жилд сэтгэл гутралаар солигдов. Өмнө нь нэлээд амжилтад хүрээд байсан Зүүн Европын хэд хэдэн ардчилсан орнууд гажуудалтай либерализм руу, зарим нь тэр ч байтугай эзэрхэг дэглэм рүү гулсаад орчихлоо. Яагаад ийм болчхов? гэдгийг ойлгох нь зөвхөн Зүүн Европоор мэргэшсэн мэргэжилтнүүд төдийгүй даян дэлхийн ардчиллыг хамгаалагчдад маш чухал ач холбогдолтой юм.

Зүүн Европын орнууд 1989 онтой харьцуулахад илүү хангалуун чинээлэг амьдралтай болж иргэд нь коммунизмын үед зөвхөн мөрөөдөхөөс хэтрэхгүй байсан хэрэглээний зүйлс, тав тухтай байдлыг худалдан авч чаддаг болсон ч хэт барууны үзлийг баримтлагч популистууд болон тэдний ардчиллыг хумих санаачилгыг яагаад ийм олноороо дэмжээд байна вэ? гэдэг асуултын хариултыг хайхад тулгарч буй эдийн засгийн бэрхшээл, зүдүүрийг авч үзэх ёстой атал ихэвчлэн анхаарлын гадна үлдээсээр ирлээ. Энэ сэтгэлгээ неолиберал капитализмд шилжих шилжилт ба түүний нийгэм, улс төрийн үр дагаврын тухай хялбаршуулсан ойлголт дээр суурилдаг. Зүүн Европ нь мэдээж олон талаар бусад бүс нутгуудаас ялгаатай ч энэ олон жилийн туршид Зүүн Европын эрдэмтдийн шилжилтийн үр дагавар, сөрөг үзэгдлүүдийн талаар хуримтлуулсан мэдлэг дэлхийн бусад хэсэгт неолиберал капитализмын өнөөгийн ардчиллын асуудалд үзүүлж буй нөлөөг ойлгоход нь тустай байж магадгүй юм.

Кристен Годсее, Митчелл Оренштайн нарын “Шокийн өнөөгийн байдал” ном шилжилтийн нийгэм, улс төрийн үр дагаврыг ойлгоход илүү хялбар болгосон. Зохиогчид өөрсдийн ном болон Зүүн Европоор мэргэшсэн мэргэжилтнүүдийн судалгааны үр дүн дээр суурилан эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг энгийн хэдэн индексийг нийлүүлээд таамаглал дэвшүүлэх нь ямар том төөрөгдөлд хүргэдэг вэ? гэдгийг тодорхой харуулсан. Тэд Зүүн Европын орнууд 1989 онтой харьцуулахад илүү чинээлэг болсон нь үнэн боловч энд хүрэх зам ямар том эдийн засгийн бэрхшээл ба ямар гүнзгий нийгмийн хуваагдалд хүргэснийг мөн харуулжээ. Капитализмд шилжих шилжилт нь дэлхийн энэ бүс нутгийн орчин үеийн түүхэнд “хамгийн гүнзгий, хамгийн тогтвортой эдийн засгийн сүйрэл”-ийг дагуулсан.

“Илүү амжилтад хүрсэн” дундад Европын орнуудад энэ сүйрэл АНУ-ын их гутралтай төстэй байдлаар тохиосон. Бусад пост коммунист орнуудад энэ сүйрэл илүү хүнд, илүү удаан тохиож , зарим оронд хэдэн арван жилээр үргэлжилсэн. Энэ хугацаанд ядуурал дунджаар 23%-иар нэмэгдсэн. “Польш болон бусад арван оронд ядуурлын квот 49 хувь ба түүнээс дээш хувиар нэмэгдээд алгуур буурч эхэлсэн.” Годсее, Оренштайн нар “1999 онд, зовлон гачаал дээд цэгтээ хүрч пост коммунист орнуудын бүх хүмүүсийн 45% нь ядууралд өртөж туйлын ядуурлын доод хязгаар болох өдрийн 5.50 доллараас бага орлогоор амьдарч байжээ.” гэдгийг тогтоосон.

Орлогын болон хөрөнгийн ялгаа ноцтой хэмжээнд хүртэл хурцадсан.

Шокийн өнөөгийн байдал номд пост коммунист орнуудын нийгэм өнөөгийн харьцангуй чинээлэг улс ардын аж ахуйтай орны төвшинд хүрэх хөгжлийн замдаа ямар их зовлон зүдүүр туулсан бэ? гэдгийг тодорхойлоод зогсоогүй энэ зовлон зүдүүрийг хүн бүр тэгш амсаагүй гэдгийг харуулсан. Орлогын болон хөрөнгийн ялгаа ноцтой хурцдаж, шилжилтийн үед хот ба хөдөө, боловсролтой элитүүд ба ажилчид, ахмадууд ба залуусын хооронд гүнзгий ангал үүссэн.

1989 оноос өмнө боломжийн тэгш байдал гэдэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг байсан Зүүн Европын бүс нутаг ийнхүү нийгмийн илүү гүнзгий хуваагдалд хүрсэн нь хүмүүст илүү хүндээр туссан. Амьдралдаа анх удаа модоо барьтлаа ядуурна” гэдэг үнэхээр хүнд. Гэхдээ “Өөртэй нь ижилхэн амьдралтай байсан эргэн тойрных нь зарим хүмүүс төсөөлөхийн аргагүй эд хөрөнгөтэй болж жарган суухад ядуурал руу гулсаад орчихно гэдэг насаараа ядуу байхаас огт өөр зүйл, гунигтай мэдрэмж“. Орлого ба хөрөнгийн энэ ялгаа “коллектив буюу хамтын” сэтгэл зүйд гүнзгий сорви үлдээжээ.

Зөвхөн Европын орнуудын өнөөдрийн харьцангуй өндөр ДНБ дээр анхаарал хандуулсан хүн капитализмд шилжих шилжилтийн үеийн эдийн засгийн гунигт үр дагаврыг ухаж ойлгохгүй. Шокийн өнөөгийн байдал номд эдийн засгийн энэ гунигт үр дагавар нийгмийн гүнзгий хуваагдал хоёр хоорондоо холбоотой гэдгийг харуулсан. Үүнийг түүхэн дээд цэгтээ хүрсэн хүн ам зүйн хямралаас илүү тодорхой харж болно. 1989 оны дараах Зүүн Европоос гаралтай цагаачлал бусад бүс нутгуудтай харьцуулахад хурд, тоо хэмжээ, үргэлжлэх хугацааны хувьд харьцуулшгүй өндөр байлаа.

Үүний зэрэгцээ төрөлтийн коэффициент эрс буурч нас баралт нэмэгдсэн байна. Хүн амины хэрэг (гэмт хэргийн тоо нийтдээ) эрс нэмэгдэж, том хотуудаас алсад амьдардаг дунд насны эрэгтэйчүүдийн дунд архидан согтуурах, зүрхний өвчин, нэн ялангуяа амьдрах итгэл алдарсны улмаас амиа хорлох тохиолдлын тоо ч нэмэгдэв.

Нийтэд нь авч үзвэл Зүүн Европын олон орнуудад хүнд дайн байлдаантай орнуудтай ижил, бүр ч илүү тооны хүн амиа алдсан.

АНУ ба Европын ДНБ их сэтгэл гутралын дараагаар дахин нэмэгдсэн ч эрдэмтэд сэтгэл гутрал ба түүнтэй холбоотой эдийн засгийн бэрхшээл улс төрийн илүү хүнд үр дагавартай байсан гэдэг дээр санал нэгдсэн. Эдийн засгийн бэрхшээл, зовлон зарим орны ардчиллыг нүдэн дээр сүйрэлд хүргэсэн. 1989 онд Зүүн Европын хүн амын үүрч гарсан их сэтгэл гутралтай харьцуулах хэмжээний тэр ч байтугай түүнээс ч илүү эдийн засгийн зовлон бэрхшээл, маш гүнзгий нийгмийн өөрчлөлтүүд улс төрийн үр дагаваргүй өнгөрсөн гэвэл энэ шиг худлаа зүйл байхгүй.

Тэгвэл үндсэрхэг үзэлт популистууд ямар учраас олон тохиолдолд Зүүн Европын эмгэнэлт туршлагаас ашиг хонжоо олов? Зүүн Европын орнуудад “Гологдлууд” гэж нэрлэгддэг ахмадууд, ажилчид, боловсрол тааруу хүмүүс, хөдөөгийн хүн амын бүлгүүд буюу шилжилтийн “хохирогсод” ямар учраас хүн амын бусад бүлгүүдээс илүү үндсэрхэг үзэлт популистуудыг дэмждэг шалтгааныг олох нь эдгээр бүлгийн улс төрийн сонголтыг тайлбарлахад онцгой чухал гэж Годсее, Оренштайн нар үзсэн юм. Девид Ост, Мариа Снеговая, Анна Грзимала-Буссе, Милада Вачудова, Гавор Шеринг нарын олон эрдэмтэд хүн амын эдгээр бүлгүүд эцэг эхийн гэрээс гарч амьдралд хөл тавихдаа эзэрхэг, гадаадынханд дайсагнасан улс төрчдийг дэмждэг байсан учраас үндсэрхэг-популист улс төрийн намуудын гишүүнчлэлийн суурийг бүрдүүлж өгсөн юм биш, харин тэдний эдийн засгийн бэрхшээлийг зүүний намууд биш харин эдгээр намууд л хөндсөн учраас дэмжээд байгаа юм гэдэг дээр санал нэгдсэн.

Шилжилтийн дараагийн жилүүдэд Зүүн Европын ихэнх зүүний намууд неолиберализмын тууштай хамгаалагчид болцгоосон. Хамгаалах хамгаалахдаа баруун жигүүрийн эсрэг тоглогчдоосоо ч илүү хамгаалсан. Зүүний намууд засгийн эрх барьж байхдаа маш хатуу неолиберал шинэчлэлүүдийг хайр найргүй хэрэгжүүлж, үүгээрээ коммунист өнгөрсөн үеэс ялгарч байлаа. Зүүн Европын зүүний намуудын ахан дүүс намууд болох Баруун Европын зүүний намууд неолиберал капитализмыг орчин үеийн эдийн засаг болгоход хэрэгтэй зам хэмээн үзэж Европын холбооноос сайшаан дэмжсэн шинэчлэлийг хэрэгжүүлж байлаа.

Шилжилтийн дараагийн жилүүдэд Зүүн Европын ихэнх намууд неолиберализмын тууштай хамгаалагчид болцгоосон юм.

Үр дүнд нь сонгогчид зүүний намуудыг неолиберализмтай холбон ойлгодог болж, мэдээж түүний үр дагавар болох эдийн засгийн бэрхшээл ба нийгмийн хүнд байдлыг ч зүүний намуудтай холбож байлаа. Дээрээс нь зүүний намууд шилжилтийн үед хүнд байдалд ороод гацаж орхисон ажилчин анги болон бусад бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах бодлого явуулахаас цааргалж байсан юм. Олон зүүний намууд, мөн либерал намууд улс орондоо улс төр ба эдийн засгийн либерализмыг заавал хэрэгжүүлэх ёстой хэмээн үзэж байсан тул шилжилтийн “хохирогсдод” -ыг бодлогоор дэмжих шаардлагагүй, тэр ч байтугай либерализмд бодит заналхийлэл учруулна хэмээн үзэж байлаа.

Олон зүүний нам, (зарим либерал нам) эдийн засгийн болон улс төрийн либерализм нь хоорондоо салшгүй холбоотой хэмээн үзэж байсан учраас эдийн засгийн либерализмаас үүдэлтэй зовлон бэрхшээлийн эсрэг намынхаа бодлогоор хариу арга хэмжээ авалгүй намынхаа үнэт зүйлс ба сууриасаа холдож байгаагаа үл тоосон нь улс төрийн либерализмтай ижил төстэй зүйл багатай үндсэрхэг үзэлт популистуудад замыг нь нээгээд өгчихсөн юм. Үүнийг хувь заяаны шоглоом гэхээс өөр юу гэхэв? Үндсэрхэг үзэлт популистууд шилжилтийн хохирогсод хэмээн өөрсдийгөө үздэг хүмүүст зориудаар санаа тавьж, тэдний уур бухимдлыг “гадаадынхан”, Европын “хүнд сурталтнууд”, нүүрээ хувиргасан коммунистууд” рүү чиглүүлж, бодлогоор тэдний эдийн засгийн бэрхшээл зовлонг нимгэлэхийн төлөө бага ч гэсэн зүйлийг зориудаар хийсэн гэдгийг эрдэмтэд судалгаагаар баталж чадсан. Судлаачид Баруун Европоос илүү Зүүн Европт өөрсдийгөө неолиберал капитализмын “хохирогсод” гэж үздэг олон сонгогчид зүүний, либерал болон бусад намуудаас үндсэрхэг үзэлт популист намууд руу шилжсэнийг баталсан.

Хэдийгээр яаран харьцуулалт хийхээс зайлсхийх нь зүйтэй боловч Зүүн Европт болсон үйл явдлуудаас зарим нэг тодорхой сургамж авах боломжтой. Шилжилтийн үйл явцын талаар хийсэн Зүүн Европын судалгаанаас багаар бодоход бид өсөлтийн болон хөгжлийн зарим индикаторуудыг хооронд нь нэмж хасаад дүгнэлт хийсэн нөхцөлд эдийн засгийн асар хүнд зовлон бэрхшээл цаана нь нуугдаж үлдэх боломжтой юм байна, неолиберал капитализмын нийгмийн зардал зарим тохиолдолд эдийн засгийн зардлаас илүү өндөр байх боломжтой гэдгийг мэдэж авлаа. Дээр нь нэмж хэлэхэд неолиберал капитализмын улс төрийн нөлөөлөл ихэвчлэн шууд бус, цогц байдаг. Хэдийгээр улс орны хангалуун чинээлэг байдал ба үндсэрхэг-популист намуудын амжилт хоёрын хооронд шууд хамаарал бараг үгүй ч гэлээ эдийн засгийн бэрхшээлээс үүдэлтэй улс төрийн нөлөөллийг анхаарлын гадна орхих нь буруу.

Эдийн засгийн бэрхшээл, зовлон болгон заавал ардчилалд хохиролтой улс төрийн нөлөөтэй байх албагүй, харин улс төрийн янз бүрийн актёрууд эдийн засгийн бэрхшээлийг даван туулахын тулд юу хийв? гэдгээс хамаардаг. Зүүний болон либерал намууд эдийн засгийн гачаал, бэрхшээлд эрх чөлөөт-ардчилсан хариулт өгөх чадваргүй, ихэнхдээ хүсэлгүй байдаг. Ингэснээрээ эрх чөлөөт ардчиллын өмнө хариуцлага хүлээх албагүй гэж үздэг бусад намуудад өөрсдийн хариултыг өгөх боломжийг олгосоор ирлээ.

Шери Берман нь Нью Йорк хотноо байрладаг Колумбийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны Барнард коллежед профессороор ажилладаг. Тэрбээр Европын түүх ба улс төр, ардчилал, популизм, фашизм, зүүний намуудын түүх сэдвээр судалгаа хийдэг.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Уг нийтлэлийг англи хэл дээр уншихыг хүсвэл энд дарж уншаарай.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн Сангийн байр суурьд нийцэж байх албагүй. (c) Social Europe

 

 

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org

nach oben