06.07.2022

“Нийгмийн эрх тэгш байдлыг хангах нь” шийдлийн хакатон болж өндөрлөлөө

Хакатоны гол зорилго нь оролцогчид вакумжиж, 48 цагийн дотор тэгш бус байдлын эсрэг оновчтой шийдлийг боловсруулах явдал юм.

ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сан, Стратеги Академитай хамтарч залуучуудын дунд “Нийгмийн эрх тэгш байдлыг хангах нь” сэдвээр хакатон зохион байгуулав. Нийт 87 хүн бүртгүүлснээс судлаач, активист, дата аналист, сэтгүүлч, дизайнер зэрэг мэргэжилтэй 30 оролцогч шалгарч, 5 багт хуваагдан асуудлаа томьёолж, салбар бүрийн мэргэшсэн зөвлөхтэй (ментор) хамтарч шийдэл бүхий төсөл боловсруулсан. Шүүгчдийн үнэлгээгээр UNITY багийн “СӨХ-НӨХ” төсөл шалгарлаа. Хакатонд оролцсон багууд болон төслүүдийг товч танилцуулбал:

Боловсролын тэгш бус байдал: Ерөнхий боловсрол сэдвээр LEAD баг “Багш сургалтын систем” төсөл боловсруулав.

Энэ нь багшийн ур чадвар, мэдлэг, туршлагын ялгаанаас хамаарсан боловсролын хүртээмж, тэгш бус байдлыг бууруулахын тулд ЕБС-ийн багш нарт зориулсан цахим сургалтын систем нэвтрүүлэх инновац билээ. Төслийг хэрэгжүүлэх эхний шатанд  Хэнтий аймгийн Хэрлэн сумын  ерөнхий боловсролын  2 сургуулийн  100 орчим багшийг хамруулахаар төслийн цар хүрээг хязгаарласан. Боловсролын эрх тэгш байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулах зорилгоор Хэнтий аймгийн 180 орчим иргэдийн дунд авсан судалгааны дагуу Боловсролын тэгш байдалд багшийн ёс зүй 54.4, Боловсролын тэгш байдалд багшийн ур чадвар 51.3 хувиар нөлөөлж байгаа нь багшийн ур чадварын асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатайг харуулсан.

Орон нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээ сэдвээр ZET5 баг “Эрүүл шүд гэрэлт ирээдүй” төсөл боловсруулав.

Тус төслөөр шүдний үзлэг, эмчилгээ, сургалтыг зөөврийн үйлчилгээ хэлбэрээр хүргэж, амны хөндийн талаарх боловсрол олгох зорилгоор гар утасны аппликэйшн бүтээнэ. Ингэснээр орон нутаг дахь эрүүл мэндийн тэгш байдлыг хангахад зохих хувь нэмэртэй юм. Төслийг хэрэгжүүлэх эхний шатанд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон хамрагдах ба дээрх асуудлын хүрээнд тус тосгоны иргэдээс “Орон нутагт оршин суугчдын амны хөндийн эрүүл ахуйн эмчилгээ авахад тулгарч буй асуудал”-ыг тодруулах зорилгоор судалгаа авахад, судалгаанд оролцогчдын 69.9 хувь нь шүдээ эмчлүүлэхийн тулд 160 километр замыг 4-6 цагийн хооронд шороон болон засмал замаар дамжин туулж Дархан, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ханддаг бол 32.1 хувь нь нийслэл хотыг зорьдог байна. Харин үлдсэн 6 хувь нь Бугант тосгоны иргэн Т.Чулуунбаатарт хандаж уламжлалт аргаар шүдээ авхуулдаг гэжээ.

Зохистой, төлж чадахуйц, хүрэлцэхүйц орон байртай болох нөхцөл сэдвээр UNITY баг “СӨХ-НӨХ” төсөл боловсруулав.

Энэ төсөл нь орон сууцны жижүүрийн хүний эрхийн зөрчлийг тодруулж, түүнийг баримтат киногоор харуулж олон нийтэд таниулах, цаашлаад хууль санаачлагчдын анхаарлын төвд оруулж, тус бүлгийн орон сууц болон нийгмийн асуудлыг шийдэх зорилготой юм. Шаардлага хангаагүй орон сууцанд амьдарч буй хүн өвчлөлөөс салахгүй, ялгаварлагдах, амар тайван аж төрж чадахгүй байх гэх мэтээр эрх зөрчигдөж байдаг.  Нэг үгээр хэлбэл, нэг л эрх зөрчигдөх нь бусад эрх зөрчигдөх суурь болдог буюу хүн ёсоор амьдрах боломжгүй болгодог. Тус баг “Шатан сүүлт” нэртэй кино бичиж, ядуурал нь бусад асуудлын шалгаан болдгийг харуулжээ. Мөн хуулийн төсөл боловсруулж, санал оруулахаас гадна орон сууцны жижүүрийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт орохоор төсөлдөө тусгасан байна. 

Шинэ сонгогчийн улс төрийн оролцоо сэдвээр LUMOS баг “I-Voting Project” төсөл боловсруулав.

Энэ нь шинэ сонгогчдын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд залуу үеийн өдөр тутамдаа ашигладаг гар утасны аппликэйшн болон цахим хуудсаар блокчэйнд суурилсан туршилтын цахим сонгуулийг явуулах, ардчиллын ирээдүй болсон цахим сонгуулийн талаарх мэдлэг, мэдээллийг тогтмол шинэ үеийн сонгогчдод хүргэхийг зорьсон. Блокчэйн технологийг ашиглан сонгууль явуулахад сонгогч, хянагч, нэр дэвшигч гэсэн гурван үндсэн субъект байхад хангалттай бөгөөд хакердах ямар ч боломжгүй, орон зайн хүчин зүйлээс үл хамааран сонголтоо хийх давуу боломжийг олгох учир сонгогчдын залуу, шинэ сонгогчид итгэл үнэмшилтэйгээр оролцох, гадаадад түр болон байнгын оршин суугчид, хотод байрлах их сургуулиудын хөдөө, орон нутгийн оюутнуудын санал өгөх процессыг хялбар, хүртээмжтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч сонгуулийн санал авах байр луу очих шаардлагагүйгээр саналаа нууцаар өгөх боломжоор хангаснаар эрх тэгш, хүртээмжтэй, идэвхтэйгээр сонгуулийн санал хураалтад оролцох бүрэн боломжтой болох юм.

Нийгэм дэх хүйсийн тэгш бус байдал (gender gap) сэдвээр BETA баг “Таараагүй дүрс” төсөл боловсруулав.

Үүгээр жендэр, тэр дундаа эрэгтэйчүүдийн асуудлыг хөндөж, эрүүл мэнд, сэтгэл зүй, наслалт зэргийг нийгмийн хэвшмэл үзлээс үүдэлтэй тул үүнийг өөрчлөх нөлөөллийн аян хийж, хэрэгжүүлэх явдал юм. Нөлөөллийн аян нь “Чи ганцаараа биш”, “Аав аа, та урт наслаарай”, “Зүрхээ хайрлая”, “Эмнэлэгт болзъё”, “Аюулгүй бүс” зэрэг хөтөлбөртэй байна. Тухайлбал, “Аюулгүй бүс” веб сайтаар дамжуулан “Эр хүн та эрүүл байх эрхтэй, бидэнд байх хэрэгтэй” гэж уриалж, сэтгэлээ уудлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулна. Мөн Таараагүй дүрс хэмээх галерей үзэсгэлэн гаргахыг төлөвлөжээ.

Шүүгчээр МУИС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор М.Батбаатар, Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбадрал,Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны орлогч дарга, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимэгдондог,  ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн санхүү хариуцсан захирал О.Цэенбадам ажиллаа.

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia@fes.de