12.03.2018

Берлин хотын захирагч ноён Михаель Мюллерын Улаанбаатар хотод хийсэн айлчлaлаас хуримтлуулсан туршлага ба хотын хөгжил

Зөвхөн хөдөлмөр нийгмийн оролцоог хангадаг. Нийгмийн золиос болохоос урьдчилан сэргийлдэг тул ажилгүйдэлтэй хийх тэмцэл нь нийгмийн хариуцлагатай хотын бодлогын үндсэн чиглэл юм.

Асуулт: Та зургаан сард хотын хөгжлийн талаар туршлага солилцохоор Берлинээс Улаанбаатар луу аялсан.Олон ч хүн Улаанбаатар хотыг Германчуудын мэддэг хотын амьдрал, хотын хөгжилтэй огтхон ч адилгүй гэж үздэг.Та үүнтэй санал нийлэх үү?

МихаeльМюллер: Бид ижилхэн асуудалтай, ижилхэн сорилтуудыг даван туулах шаардлагатай байна. Энэ тухайгаа би Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нартай санал солилцсон. Берлин, Улаанбаатар аль аль нь маш эрчимтэй хөгжиж буй хотууд, ийм ч учраас би Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар эхэлж зочилсон. Бид харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулах замаар бие биенээ дэмжиж ажилладаг. Манай хоёр хотод хоёуланд нь тооны хувьд олон, үнийн хувьд боломжийн орон сууц, нийтийн тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх болон цаг уурын өөрчлөлтөөс хамгаалах арга хэмжээнүүд шаардлагатай байгаа. Мэдээж Улаанбаатарт манай хотоос өөр нөхцөл байдал давамгайлдаг. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Өвөлдөө дунджаар -17-оос -21 градус хүрч хүйтэрдэг байх жишээтэй. Энэ нь мэдээж Берлинтэй харьцуулбал дулааны хангамжийн тал дээр эрс өөр шаардлага тавигдана. Ижил төстэй сорилтуудаас гадна бидэнд нэн ялангуяа боловсрол, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ болон соёлын салбарт ижил төстэй давуу талууд ч бас бий. Берлин, Улаанбаатар хотууд маань Герман, Монгол Улс хоорондын боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны удаан жилийн хамтын ажиллагаанаас ихээхэн үр ашиг хүртдэг. 1960-аад оноос эхлээд Хумболдтын Их сургууль, Монгол Улсын Их сургууль хоёр хамтран ажиллаж байна. Уг хамтын ажиллагаа нь 2016 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойш улам эрчимжсэн. Хумболдтын Их сургуулийн Ерөнхийлөгч Проф. Др. Забине Кунст манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Улаанбаатарт зочилсон. Тэрээр уулзалт ярилцлага бүрд Хумболдтын Их сургуулийн Монгол судлалын чиглэлийг авч үлдэх байр сууриа илэрхийлж байсан. 

Асуулт: Та дээхэн үед хотын хөгжил гэдэг өөрийн гольдролоор болог гээд орхиж болдоггүй үйл явц гэж тайлбарлаж байсан. Хотын хөгжлийг эрх чөлөө, шударга ёс болон эв санааны нэгдэл - үнэт зүйлсийн хэрэгжилтийг хангах замаар тодорхой хэлбэр дүрсэд оруулж өгөх ёстой. Үнэт зүйлсийг практик дээр хэрэгжүүлсэн тодорхой нэг жишээг Та дурдана уу? (өмнө нь Танд тохиолдож байсан жишээ илүү тохиромжтой байх болов уу. Танд Берлин хотын аль нэг дүүрэгт тохиолдож байсан, эсвэл өөрөө шийдвэр гаргах явцдаа нүүр тулж байсан жишээ байвал бүр сайн байна.)

Михаель Мюллер: Удаан хугацааны туршид үргэлжилсэн эдийн засгийн зогсонги байдал дуусгавар болсны дараагаар 2011 оноос эхлэн Берлин хот тогтвортой өсөлтийн замд орсон. Берлин хот нэгэнт бий болсон эерэг орчинд өсөлттэй хэрхэн харьцахыг дахин шинээр сурах хэрэгтэй болсон. Өсөлт нь боломжийг ч, өөрчлөлтийг ч дагуулдаг. Өөрчлөлт хувь хүмүүс болон тэдний амьдрах орчинд нөлөөлдөг учраас хүмүүсийн сэтгэл зовниж эхэлдэг. Хотын иргэдийн өмнө тоон өсөлтийг хэрхэн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чанарын өсөлт болгох вэ гэдэг дээр харилцан ойлголцох үүрэг тулгардаг. Ийм учир шалтгааны улмаас бид “Берлин хотын хөгжлийн хөтөлбөр 2030” -г зөвхөн ширээний араас, дээрээс тушаал өгөх замаар бус, харин засаг захиргааны бүх байгууллагууд, олон нийттэй харилцах мэргэжлийн алба болон хотынхоо иргэдтэй хамтран боловсруулсан юм. Бид зөвхөн хүчтэй иргэний нийгмийн оролцоотойгоор их хотын амьдралын олон талт байдлыг аль болох бүрэн дүүрэн тусгаж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлж чадна. Бид үүний тулд www.mein.berlin.de гэсэн цахим платформыг үүсгэн, хотын иргэдийн санал бодол, байр суурийг хүлээн авч, хөгжлийн бодлогодоо тусгасан.  

Асуулт: Берлин хүйтэн дайны үед  фронтын галын шугам дээр байж, дундуураа хана хэрмээр тусгаарлагдаж байсан түүхтэй хот гэхэд, өнөөдөр дэлхийн хот болтлоо эрчимтэй хөгжиж, ихэнхдээ Нью Йорк, Лондонболон бусад томоохон хотуудтай харьцуулагдах болсон. Энэ өөрчлөлтөд ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн бэ?

Михаель Мюллер: Хүлээцтэй, дэлхийд нээлттэй Берлин шиг хотууд түүхэндээ хангалуун чинээлэг амьдрал,  оролцооны хөдөлгүүр гэдгээ дахин дахин нотолсоор ирснийг түүх гэрчилнэ. Ийм хотууд нэн ялангуяа өөр өөр үндэс угсаатай, шашин шүтлэг, өөр өөр бэлгийн чиг хандлагатай залуучуудын сэтгэлийг татсан газар. Энд л шинийг эрэлхийлэгч, бүтээгч авьяастнууд хуран цугларч, санаа бодлоо солилцож, шинэ санаагаа хөгжүүлж байдаг. Гэсэн хэдий ч Берлин олон улсын хэмжээнд авч үзвэл амьжиргааны өртөг харьцангуй хямд хотын тоонд ордог. Дахин нэгдсэн Берлин нь хотын хөгжилд санаа оноо, хувь нэмрээ оруулахыг хүсэгчид, нэн ялангуяа уран бүтээлчид, шинийг санаачлагчдыг урин дуудсан газар болсон бөгөөд бидний урилгыг тэд баяртайгаар хүлээн авсан юм. Энэ урилга өдгөө ч нээлттэй хэвээр байгаа.    

Хотын бодлого тодорхойлогчид бид энэхүү эрчимтэй хөгжилд хүч нэмэх зорилгоор эртнээс соёл урлаг, эрдэм шинжилгээний судалгаа болон шинжлэх ухааны салбаруудад хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд бид бусад дэлхийн бүх хотуудын атаархлыг төрүүлсэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой их дээд сургууль, эрдэм шинжилгээний орчинг бүрдүүлж чадсан. Эндээс л тогтвортой хөгжил, Германы Интернетийн Хүрээлэн гэх мэт бусад суурьшлын бүсүүд  эхтэй. Берлин нэг талаас соёл, шинжлэх ухааны солилцооны төв, мөн дэлхийн их хотын бүх давуу талыг бүрдүүлж чадсан тул түүнийхээ үр шимийг хүртэж байна.

Нөгөө талаас манай хот өөрийн шинэ санааг хөгжүүлэхийг хүсэгч хүн бүрд хангалттай орон зай, талбайг бүрдүүлж өгдөг. Олон хүмүүс энэ боломжийг ашиглаж өөрийн гэсэн компаниа үүсгэн байгуулж, шинэ ажлын байруудыг бий болгож байна. Берлин шинэ эхлэл бүрийг дэмжигч – их хот бөгөөд соёл, эдийн засгийн шинэ санааны үүр уурхай билээ. Их хот байнгын хувьсал, мэдлэг санаачлагын солилцоогүйгээр зогсонги байдалд орж гацдаг. Иймээс бид өрсөлдөөний давуу тал болсон эдгээр үнэт зүйлсээ зах зээлээ тусгаарлая гэсэн популист чиг хандлагаас хамгаалан авч үлдэх ёстой.

Асуулт: Берлин хотын сүүлийн 20 жилийг тодорхойлсон өөрчлөлтүүд ул мөрөө үлдээсэн. Нэгэн цагт нийтэд хүртээмжтэй, олонд танигдсан хот байсан Берлиний оршин суугчид, хэдийгээр тэн хагас нь хана нурсны дараа шинээр ирж суурьшсан ч шинэ хөгжлөөс үүдэн гарсан үр дагаврын талаар дургүйцлээ илэрхийлдэг. Орон сууцны түрээс, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдлийн улмаас иргэд оршин суудаг дүүргээсээ нүүхээс өөр аргагүй байдалд хүрснээс авахуулаад олон нийтийн соёлын төвүүдийн захирлуудын сонгууль хүртэл тэдний дургүйцлийг хүргэж байсан. Шүүмжлэгчид хот төлөвлөлт, хотын хөгжлийн шийдвэр гаргалтад Берлин хотын ирээдүйд өнөөгийнхөөс илүү тэргүүлэх ач холбогдол өгсөн гэж үздэг. Берлин хотын захиргааны байгууллагууд дээрх шийдвэрүүдээс үүдэлтэй үр дагаврыг хэрхэн шийдвэрлэсэн? Хотын тэлэлт болон амьдралд ямар том сорилтууд тулгарч байна? Эдгээр нь хотын хөгжлийн чиг хандлагад ямар нөлөө үзүүлэв?

Михаель Мюллeр: Берлин шинэ боломж эрэлхийлсэн, их дээд сургуулиа төгсөж байгаа эсвэл өндөр мэргэжил эзэмшиж, сайн орлоготой болоод хот руу нүүж байгаа гадна, дотнын залуусыг соронзон мэт өөртөө татдаг. Гэхдээ та тийм сайнгүй амьдарч байгаа уугуул болон суугуул Берлинчүүдтэй ч тааралдана.  Тэдний дунд сүүлийн хэдэн 10 жилийн дотор өрнөсөн улс төр, эдийн засгийн гүнзгий өөрчлөлтүүдийн улмаас ажилгүй болсон, нийгмийн халамжаар, багахан тэтгэврээр амьдарлаа залгуулдаг хүмүүс ч байгаа юм. Миний хувьд нийгмийн тэнцвэрт байдлыг шударгаар тогтоох,  хөгжлийн гажуудлыг залруулах нь төрийн үүрэг гэж үздэг.

Берлиний сенатын бүх түвшинд бид орон сууцны үнийн хөөрөгдлийг зогсоохын төлөө ажиллаж байна. Холбооны түвшинд түрээсийн үнийн хөөрөгдлийг сааруулах ажлыг үр дүнтэй болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Бид хотын өмчийн орон сууцны хоршоодтой ирэх 10 жилдээ багтаан орон нутгийн хэмжээнд 100.000 мужийн өмчийн орон сууц шинээр барих тохиролцоонд хүрсэн. Үүнээс гадна бид орон сууцны үндсэн зорилтыг гажуудуулан амралтын байр болгон ашиглах зэргийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч ажиллана. Хэдийгээр энэ нь санаачлагч агентлагуудын цаашдын үйл ажиллагаанд буюу Берлин хотыг хүн бүрийн очих дуртай газар байлгах нэр хүндэд сайнгүй ч гэсэн бид үргэлжлүүлсээр байх болно.          

Асуулт: Хот төлөвлөлт, өсөлтийн хамгийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага нь жишээлбэл Бангкок, Ханой зэрэг Азийн хотууд зочин гийчдийг татах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зориулалтаар зохион байгуулахад чиглэгдэж байна.

Орон нутгийн байгууламж, захуудыг хааж, бүсчлэл, газар ашиглалтыг шинэчлэн зохион байгуулах, хуучны дүүргүүдийг буулгаж оронд нь тансаг зэрэглэлийн болон жуулчны обьектоор солих зэргээс үүдэн өдөр тутмын амьдрал, тухайн дүүргийн эдийн засаг нурж унаад байна. Ийм замаар өсөлтийг бий болгосон дэлхийн статустай Азийн хотуудын хөгжил нь нийслэл хотуудад нийгмийн хөгжил болон нийтийн эрх ашгийг орхигдуулж, улмаар ядуурал газар авах байдал ажиглагдаж байв. Улаанбаатар хотын оршин суугчид болон төрийн байгууллагуудын өмнө тулгараад байгаа бэрхшээлтэй сорилтуудыг дээрх чиг хандлагуудын нөлөө гэж үзэж болох уу? 

Михаель Мюллер: Боловсрол бол тухайн улсын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хөгжлийн гарцыг тодорхойлох түлхүүр юм. Иймээс Монгол Улс мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бүх салбарын нарийн мэргэжлийн ажиллах хүчний хэрэгцээ асар өндөр байна. Энэ нь Монголын эдийн засгийн хүчийг бэхжүүлэх, дундаж давхаргыг бий болгох хоёр том хөрш ОХУ, БНХАУ-аас хараат байдлыг бууруулах урт хугацааны зорилттой холбогдоно. Берлиний “Гар урлал ирээдүйг бүтээнэ” сангаас тодорхой саналууд тавиад байна. Уг санаачлагын хүрээнд МЭСҮТ-ийн багш нарыг Берлинд мэргэжил дээшлүүлэх, Германы онол практик хослуулсан мэргэжлийн сургалтын мэргэжилтнүүдийг Монголд авчрах ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа. Дадлагын ажлыг тус сангаас хариуцна. Энэ жилийн есдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд зорилтоо улам тодорхой болгож, мэргэжлийн сургалтын гурван төвтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Д.Тэрбишдагва онол практик хосолсон мэргэжлийн сургалтын системийг нутагшуулах санаачлага гаргасан. Жилд ойролцоогоор 500 орчим Монголчуудыг Германд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт зуучлан хамруулах юм билээ. Үүний зэрэгцээ GIZ буюу Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг олон жилийн өмнөөс Монголын МЭСҮТ-ийн салбарт үйл ажиллагаа явуулж, сургалтын гарын авлагуудыг герман, монгол хэлнээ боловсруулан гаргаад байна.

Асуулт: Берлин хотын иргэн, дүүргийн гишүүн, хотын хөгжил хариуцсан сенатор, харин одоо бол эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Берлин хотын захирагчийн хувьд Та олон жилийн турш хот төлөвлөлт, хотын амьдрал бүх түвшинд хэрхэн өөрчлөгдөж байгааг нүдээрээ харж, үүнд гар бие оролцож ирсэн.

Энэ туршлагадаа суурилж одоогийн болон ирээдүйн бодлогын ямар салбарт түлхүү анхаарал хандуулж байж хотын түвшинд нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг шударгаар зохион байгуулах боломжтой гэж боддог вэ?        

Михаель Мюллер: Одоогийн байдлаар Берлиний хүн ам жил тутамд 40.000 гаруй хүнээр нэмэгдэж байна. Энэхүү хүн амын хурдацтай өсөлтийн үед хүн амын төлбөрийн чадварт нийцсэн, нэн ялангуяа бага болон дунд орлоготой иргэдийн эрэлтэд нийцсэн орон сууцыг бий болгох нь бидний хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Миний байр суурь маш тодорхой: Орон сууцаар хангагдах нь хүний үндсэн эрх. Тийм ч учраас иргэдээ орон сууцаар хангах нь, нэн ялангуяа мужийн өмчийн орон сууцны хоршоодоор дамжуулан орон сууцжуулах нь нэгэн чухал үүрэг юм. Нийгмийн бүх бүлгүүдийн эрэлтэд нийцсэн орон сууцны хангамж бүхий нийгмийн хариуцлагатай хот байх нь Берлиний орон сууцны бодлогын зорилт байх болно.

Зөвхөн хөдөлмөр нийгмийн оролцоог хангадаг. Нийгмийн  золиос болохоос урьдчилан сэргийлдэг тул ажилгүйдэлтэй хийх тэмцэл нь нийгмийн хариуцлагатай хотын бодлогын үндсэн чиглэл юм. Хүн бүрийг ажилтай болгох нь миний цаашдын зорилго хэвээр байх болно. Хэдийгээр хоёр Герман нэгдсэнээс хойш ажилгүйдлийн тоог тал хувиар бууруулж чадсан ч өдгөө ажилгүйдлийн квот 9 хувьтай тэнцэж байна. Нэн ялангуяа дигиталчлал биднийг шинэ сорилтуудын өмнө аваачиж байна. Учир нь автоматжуулалт олон тооны энгийн ажлын байран дээр хүмүүсийг орлох боллоо. Урт хугацааны ажилгүйдэлтэй хийх тэмцлийг үр дүнд хүргэхийн тулд холбооны улс даяар эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан сар тутмын үндсэн орлогыг нэвтрүүлэх саналыг би дэвшүүлсэн. Энэ нь ажилгүйдлийн мөнгө төлж, ажилгүйдэлтэй үргэлжлүүлэн зууралдахын оронд нийгэмд тустай ажлын байруудыг бий болгоё гэсэн санаа юм. Нийгмийн даатгалд хамрагдах үүрэг бүхий шинэ ажлын байруудыг бий болгох шаардлагатай бөгөөд ажиллагсдыг цалингийн доод хэмжээнээс доогуур цалинжуулдаг байж болохгүй. Үндсэн орлого нь өрх толгойлсон эцэг эхчүүд, хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө, цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон хэлбэртэй байж болно. Одоогоор бид энэ санаачлагыг дөнгөж эхлүүлээд байна. Гэхдээ бид хүмүүсийг ажилтай болгохын тулд илүү ихийг хийх цаг ирсэн гэдэгт итгэлтэй байгаа.                

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia(at)fes.de