04.05.2022

Гэрээ зөрчигдлөө

Цар тахал харилцан бие биеийнхээ өмнө хариуцлага хүлээх болон нийгмийн харилцан итгэлцлийн мэдрэмж хэр хүчтэй буурсан бэ? гэдгийг тодоор харууллаа. Юунаас болоод ийм байдалд хүрчхэв ээ?

Цар тахлын гуравдах жилд дэлхийн өмнөдийн орнуудын тэрбум тэрбум хүнийг вакцинаар хангаж чадахгүй байгаа нь олон улсын системийн бүтэлгүйтэл гамшгийн хэмжээнд хүртэл бүтэлгүйтсэнийг харуулж байна. Хангалттай вакцин байгаа газарт засгийн газрууд нь вакцинд хамрагдахыг хүсэхгүй байгаа хүмүүстэйгээ тэмцэж байна. Вакцинд хамрагдахгүй байгаа тэр бүлэгт нас барах болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хамгийн өндөр магадлалтай хүмүүс хамаарах бөгөөд тэд вируст шинэ, илүү өндөр аюултай хувилбар үүсгэх маш том боломжийг олгож байна.

Энэхүү асуудлыг улс төр үндсээр нь авч үзэх ёстой. Вакцинд эргэлзэх эргэлзээ бол тусдаа, бусад хөгжилтэй уялдаа холбоогүй үзэгдэл биш. Энэ бол манай энэ цаг үеийн хамгийн том муу зүйлийн илэрч буй нэгэн шинж тэмдэг. Нийгмийн гэрээ зөрчигдсөнөөс болоод олон оронд хүмүүс олон нийтийн байгууллагуудад итгэхээ больсон. Нийгмийн гэрээ нь хувь хүмүүс, компаниуд, иргэний нийгэм, төрийг хооронд нь холбосон үндсэн дүрэм журмууд, норм, харилцан хүлээх үүргээс бүрддэг. Энгийнээр хэлэх юм бол бид бие биедээ ямар өртэй вэ? гэдгийг нийгмийн гэрээ тодорхойлдог. Цар тахлын нөхцөлд хамтын ашиг сонирхлыг сөрж хувь хүн хүссэнээ хэрэгжүүлэх хэмжээг нийгмийн гэрээ тодорхойлж байна. Хүмүүс бусдын өмнө хүлээх хариуцлагаа вакцинд хамрагдах, маск зүүх, халдвар авсан нөхцөлд өөрийгөө тусгаарлах байдлаар мэдрэх эсэх нь халдварт өвчин судлалын асуудал биш харин нийгэм, улс төрийн асуудал юм.

Хүмүүс бусдын өмнө хүлээх хариуцлагаа вакцинд хамрагдах, маск зүүх, халдвар авсан нөхцөлд өөрийгөө тусгаарлах байдлаар мэдрэх эсэх нь халдварт өвчин судлалын асуудал биш харин нийгэм, улс төрийн асуудал юм.  

Нийгмийн гэрээ нь хүмүүсийн олон талт харилцан үйлдлийн ерөнхий хүрээг бүрдүүлж байдаг. Жишээлбэл нийгэмд хэн хүүхэд асрах асуудлыг хариуцах вэ? Гэр бүлүүд хүүхдээ гэр гэртээ хүмүүжүүлэх ёстой юу? Энэ арга хэмжээг эцэг эхийн цалинтай чөлөө шиг төрөөс дэмжих ёстой юу? Эсвэл асаргааг компаниуд хариуцах ёстой юу?

Дээрхтэй төстэй асуудал эрүүл мэндийн салбарт ч гардаг. Хүүхэд асрах, эрүүл мэндийн зардлыг ажил олгогчид, даатгалын газрууд, төр эсвэл хүмүүс өөрсдөө төлөх ёстой юу? Бид ажил олгогч нараас зохицуулалттай ажлын цаг, нийгмийн үйлчилгээний санал бүхий хөдөлмөрийн гэрээ хүлээх ёстой юу? Эсвэл ажиллагсад ажлаас ажлын хооронд үсчиж өөрийнхөө ирээдүйн төлөө өөрсдөө л санаа тавьж түүндээ санал ханамжтай байх ёстой юу?

Уламжлалт нийгэмд нийгмийн гэрээний  нөхцөлүүдийг ихэнхдээ гэр бүлүүд ба засаг захиргааны нэгжүүд хангаж байдаг. Орчин үеийн улс орнууд харин эсрэгээрээ зах зээл ба төрд илүү үүрэг ногдуулдаг. Харин хаа сайгүй насанд хүрсэн, хөдөлмөр эрхлэх чадамжтай иргэд нийтийн сайн сайхан байдлыг хангахад хувь нэмрээ оруулах ёстой гэдэг  хүлээлт байдаг. Харин хариуд нь тэд хүүхэд ахуй цагтаа, насан өндөр болсон, өвчилсөн үедээ нийгмийн дэмжлэг авдаг.

Нийгмийн үйлчилгээнүүд нь хүмүүст авьяас чадвараа нийгэмдээ тустайгаар хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд нь тусалдаг. Туслалцаа авсан хүн буцаагаад тус хүргэдэг гэсэн хүлээлт байдаг. Хэрвээ ажил хийх чадамжтай хэр нь туслалцаа аваад огт хувь нэмэр оруулахгүй байх юм бол тухайн хүн нийгмийн гэрээг зөрчиж байна гэсэн үг. Бусад хүмүүсийн бид хамтдаа гэдэг мэдрэмжийг сүйтгэж нийт нийгмийн зорилтууд ба харилцан итгэлцлийг нурааж байна гэсэн үг. Иймэрхүү зөрчил зөвхөн хувь хүмүүсийн амьдралыг төдийгүй нийгмийг нэгтгэж байдаг холбооснуудыг тасалдаг.   

Ихэнх орнуудын нийгмийн гэрээ хамтын таамаглал дээр суурилдаг. Гэтэл энэ таамаглалууд урьдынх шигээ биелэхээ больсон.

Уламжлал ёсоор эхнэрүүд гэртээ хүүхдүүд, ахмад настнуудаа асарч  гэр бүлийн бүх гишүүдийг “талхны мөнгөө олдог” ганцхан эр хүн тэжээнэ гэдэг таамаглал дээр суурилдаг. Хүмүүс бүх амьдралынхаа туршид үхэн үхтлээ нэг л хүнтэй гэрлэдэг, зөвхөн нэг гэрлэлтээс хүүхдүүд нь төрдөг гэсэн хүлээлт байдаг. Эрчүүд урт хугацааны нэг л хөдөлмөрийн харилцаанд ажиллаж ажил мэргэжлээрээ өсөн дэвжих явцдаа ажил олгогчоо солих нь ховор байлаа. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалтад сурч байх залуу насандаа олж авсан ур чадвар нь бүх амьдралынх нь туршид хангалттай гэж үздэг байлаа. Тэтгэвэрт гарах хүртлээ тэсэж тэвчиж ажилласан хүмүүс насан эцэс болтлоо зөвхөн цөөн жил дэмжлэг авдаг байлаа.

Хэдийгээр ач холбогдол буурсаар байгаа ч нийгмийн гэрээний олон нөхцөл болзлыг дээрх таамаглалууд тодорхойлсоор байна. Өнөөдөр дэлхий дахинд хэдийгээр бүс нутаг хооронд томоохон зөрүү байгаа ч эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь хөдөлмөрийн зах зээл дээр оролцоотой байна. Баян орнуудад гэрлэсэн хосуудын гуравны нэгээс тал хүртэлх хувь нь гэрлэлтээ цуцлуулж байна. Дэлхийн өмнөдөд нэгэн адил хөгжлийн хандлага нэг зүгт чиглэж байна. Гэрлээгүй эцэг эхээс төрж буй хүүхдийн хувь хэмжээ нэмэгдсээр байна.

Өнөөдрийн  дундаж ажилтан өмнөх үеийнхтэй харьцуулахад амьдралынхаа хугацаанд илүү олон удаа ажлаа сольж байна. Энэ хандлага технологийн хувьслын нөлөөгөөр улам эрчимжих болно. Хөгжиж буй орнууд хөдөлмөрийн албан харилцаанд ажиллаж буй ажиллагсдынхаа тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэж байхад баян орнуудад албан бус сектор тэлсээр байна. Баян орнуудад эрх зүйн болон нийгмийн баталгаагүй, эсвэл нийгмийн баталгаа султай   хөдөлмөрийн харилцаанд ажиллаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Эдгээр хөгжилд дараах дөрвөн шалтгаан байна. Эдгээрт: Хамгийн том хоёр хүчин зүйл нь өнөөг хүртэл өөрчлөгдсөөр байгаа хүйсийн үүрэг ба хүүхэд, өндөр настны асаргааны уламжлалт системүүдийг унагасан, технологийн дэвшил, хөдөлмөр ба мэргэжлийн сургалт хүчтэй нөлөөлсөн. Дээрээс нь олон оронд цагаачлал ба хүн амын насжилтын улмаас хүн ам зүйн эрс өөрчлөлтүүд гарсан. Эдгээрээс ч илүү ноцтой асуудал бол цаг уурын өөрчлөлтөөс болоод улс орнуудын улс ардын аж ахуй, амьдралын хэв маяг бүхэлдээ сүйрэх аюул заналхийлж байна.

Хөгжлийн сөрөг хандлагууд эрчимжсээр байгаа ч  бид нийгмийн гэрээний шинэлэг хувилбарыг боловсруулаагүй байна.

Ийм ч учраас бид иргэдийн хүлээлт ба бодит байдлын хооронд үүсээд байгаа төөрөгдөлд хөтлөх, зогсооход улам хэцүү болсоор байгаа зөрүүтэй байдлын завсарт зовж байна. Нийгэм өөрийн хэзээ нэгэн цагт өгсөн амлалтаа биелүүлж чадахаа байхын цагт хүмүүс тэдний оруулж буй хувь нэмэр урьдынх шиг урамшуулахаа больсон гэдгийг мэдэрснээр үл итгэх байдал газар авч  нийгмээсээ хүнийрхэн хөндийрөх боллоо. Энэ хэлбэрийн сүйрэл олон оронд илт харагдаж байна. Энэ нь өдгөө олонтоо үндэслэл болгон тайлбарладаг зогсонги байдал, буурсаар байгаа амьдралын стандартуудаас илүү өнөөгийн үймээн, уур бухимдлын үнэнд ойртсон тайлбар юм. Өнгөцхөн харахад дээрх хоёр тайлбар хоорондоо төстэй мэт харагдавч хоёр дох нь хангалтгүй юм. Тэгш бус байдал ба ядуурал нь олон тооны нийгмийн асуудалтай харилцан хамааралтай гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч эдгээр нь баян дэлхийн дундаж давхарга дээр улс төрийн хэт туйлшрал, хуйвалдааны онол, хар тамхины донтолт, вакцинд харагдахаас татгалзах байдал нэмэгдээд байна бэ? гэдэг асуултын хангалттай тайлбар болж чадахгүй. Ганцаардмал байдал, сэтгэл гутрал чинээлэг, өндөр боловсролтой хүн амын давхаргад тахал мэт тархаж байгаа нь нийгмээсээ хөндийрөн хүнийрхэх байдлын ард материаллаг үгээгүй хоосролоос илүү зүйл нуугдаж байгааг харуулж байна. Хувь хүний сэтгэл хангалуун байдал бүгдээрээ хамтдаа гэдэг мэдрэмж ба нийтийн сайн сайханд оруулж буй хувь нэмрээс хүчтэй хамаардаг өөрөөр хэлбэл нийгмийн гэрээгээр чухам юуг зохицуулж байна гэдгээс хамаардаг.

Нийгэм өөрийн хэзээ нэгэн цагт өгсөн амлалтаа биелүүлж чадахаа байхын цагт хүмүүс тэдний оруулж буй хувь нэмэр урьдынх шиг урамшуулахаа больсон гэдгийг мэдэрснээр үл итгэх байдал ба нийгмээсээ хөндийрөн хүнийрхэх үзэгдэл газар авдаг.

Эндээс бид нийгмийн гэрээгээ шинэчлэх ёстой гэдэг нь тодорхой харагдаж байна. Харин аль чиглэлд өөрчлөх вэ? 20-р зууны эхэн үед нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн Беатрис Вебб нийгмийн гэрээ ямар үүрэгтэй вэ? гэдгийг тайлбарласан. Түүний тодорхойлолт ёсоор нийгмийн гэрээ нь нийгэм ба хувь хүмүүс хоорондын шударга тохиролцоо юм гэдэг энэ тодорхойлолтын ач холбогдол өнөөг хүртэл буураагүй байна. Вебб гурван дээд зарчмыг тодорхойлсон. Эдгээр нь: Бүх хүмүүсийн эдийн засгийн баталгааны хамгийн доод хэмжээ, хүмүүсийн авьяас чадварыг хөгжүүлэхэд оруулах хөрөнгийн дээд хэмжээ, эрсдэлийг илүү өргөн хүрээн хуваарилах зарчмууд юм.

Эдийн засгийн баталгаат байдлын доод хэмжээ гэдэг нь нийгэм бүр нийгмийн хамгааллын доод түвшнийг хангасан байх ёстой. Хүмүүсийг энэ түвшнээс доош унагаж болохгүй гэсэн үг. Хөгжиж буй орнуудад бэлэн мөнгө тараахаас аж үйлдвэржсэн орнуудад бага цалинтай хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэх хүртэл энэ түвшнийг хангах олон арга бий. Энд эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ, өвчилсөн нөхцөлд цалинг үргэлжлүүлэн олгох, ажилгүйдлийн даатгал болон өндөр насны ядууралд өртөхгүй байх хэмжээний зохист тэтгэвэр багтдаг. Хөгжиж буй орнуудад аль болох олон тооны ажиллагсдыг албан секторт ажиллуулахыг эрмэлздэг гэсэн үг. Баян орнуудад жишээлбэл ажил олгогч нар платформын ажилчдад тэдний хөдөлмөрийн хэмжээнд нийцүүлэн нийгмийн үйлчилгээ хүртээнэ гэсэн үг. Сүүлчийн өгүүлбэр нь нийгмийн гэрээ дасан зохицох чадамжтай байх ёстой гэдгийг тодорхой харуулж байгаа учраас шийдвэрлэх ач холбогдолтой юм. Хөдөлмөрийн зах зээл дээрх баталгаат байдал нь хүчтэй, хөшүүн зохицуулалт гэдэг ойлголттой ижил утгатай биш юм. Хөшүүн зохицуулалтаас илүү энд хөдөлмөрийн зах зээлийн  баталгаат байдал ба өндөр хэмжээний уян хатан байдлын хооронд хамгийн үр өгөөжтэй харилцан буулт чухал. Тухайн үеийн Дани улсын ерөнхий сайд асан Пол Нируп Расмуссен энэ харилцан буултыг “флексикүрити” гэж нэрлэсэн байдаг. Хөдөлмөрийн ертөнц дэх технологийн хувьсал ба зайлсхийх боломжгүй хувьсгал нь биднээс ийм тэнцвэрт байдал тогтоохыг шаардаж байгаа юм.

Аливаа нийгэм бүх хүмүүст өөрийн авьяас чадвараа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж чадаагүй нөхцөлд зөвхөн нийгмийн байдлын хувьд сул бүлгүүдийг төдийгүй бусад  хүмүүсийг нийтэд нь хохироодог.

Хүмүүсийн авьяас чадварыг хөгжүүлэхэд боломжит дээд хэмжээний хөрөнгө оруулалт хийх тухай хоёрдох зарчмыг дэндүү олон удаа үл хайхарч ирсэн. Ядуу орнуудын ядуус болон баян орнуудын хүн амын ядуу хэсгийн авьяасыг системчлэн устгасаар ирсэн. Нийгэмд байр сууриа дээшлүүлэхэд шаардагдах эдийн засгийн боломжоор хангах талаар хангалттай санаа тавьдаггүй. Ингэж устгасан авьяасын томоохон хэсэг нь эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, авьяас чадвараа хөгжүүлэх боломжгүй гэр бүл, газар нутаг, засаг захиргааны нэгжид төрсөн хүүхдүүдэд заяасан байдаг. Аливаа нийгэм бүх хүмүүст өөрийн авьяас чадвараа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж чадаагүй нөхцөлд зөвхөн нийгмийн байдлын хувьд сул бүлгүүдийг төдийгүй бусад хүмүүсийг нийтэд нь хохироодог.

АНУ-ын 1960-2010 оны хооронд үйлдвэрлэгдсэн бүтээмжийн өсөлтийн 20-40% нь нуугдмал авьяас чадварыг илрүүлэн ашиглаж чадсанаас эхтэй. Холбогдох хууль ба нормуудыг өөрчилснөөр ажил олгогч нарт цөөхөн тооны цагаан арьст эрчүүдийн дундаас сонголтоо хийж ажилд авахын оронд тэдний шаардлагыг хамгийн сайн хангасан авьяас чадварын илүү том сангаас сонголтоо хийх боломжийг бүрдүүлж өгсөн.

Энэ хэрээр нийгэм онцгой эрх ямба эдэлдэггүй гэр бүл, орчинд төрж өссөн авьяаслаг хүүхдүүдийг дэмжсэнээр инновацын том ашгийг хүртэж чаддаг. Лондоны эдийн засгийн сургуулийн судалгаанаас ядуу гэр бүлүүдээс гаралтай “алдагдсан Эйнштейн”-үүд  чинээлэг гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн нэгэн адил олон тооны патентаа бүртгүүлж чадсан бол инновац нь дөрөв дахин нэмэгдэх боломжтой байжээ гэдгийг харуулсан.

Онцгой эрх ямба эдэлдэггүй, энгийн гэр бүл, орчинд  авьяаслаг хүүхдүүдийг дэмждэг нийгэм инновацаас олох  ашгаа эрс нэмэгдүүлэх боломжтой.

21-р зуунд амжилттай хөгжсөн улс орнуудын нийгэм иргэдийнхээ зөвхөн бага залуу насанд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй мэргэжлийн сургалт, насан туршдаа их сургууль, эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжийг нь бүрдүүлж өгсөн байдаг. Хэдийгээр ихэнх орнууд эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролтой болох боломжийг тэнцвэржүүлж чадсан ч эмэгтэйчүүд ажлын байран дээр хохирсоор байна. Эмэгтэйчүүд өдөр тутамд эрэгтэйчүүдээс дунджаар хоёр цагаар илүү  хөлсгүй гэрийн болон халамжлах хөдөлмөр эрхэлдэг. Эцэг/эхийн цалинтай чөлөөнд илүү өгөөмөр хандаж гэр бүлүүдэд төсвөөс дэмжлэг үзүүлж гэртээ хөдөлмөрөө илүү шударгаар хуваарилах юм бол эмэгтэйчүүд авьяас чадвараа илүү хөгжүүлж эндээс нийгэм бүхэлдээ хожих болно.

Эцэст нь нийгмийн гэрээ эрсдэлийн хуваарилалтыг илүү өргөн суурин дээр хийх ёстой. Ачааллын  томоохон хувь хэмжээг хувь хүмүүс үүрч байна. Нийгэм, хамт олноороо үүрвэл илүү хялбар байхсан. Жишээлбэл ажлаас халагдсан хүмүүс ажилгүйдлийн даатгалтай, мэргэжлээ өөрчлөх боломж олгодог механизмуудтай бол ажил олгогч нарт ажиллагсдыг ажилд авах, ажлаас халахад илүү уян хатан, илүү хялбар байхсан. Эцэст нь хэлэхэд иймэрхүү арга хэмжээнүүд ажилгүйдлийн эрсдэлийг хувь хүмүүс, гэр бүлд дааж давшгүй зардал болгон үүрүүлэхийн оронд нийт нийгэмд хуваарилдаг.

Хүүхдийн асаргаа, эрүүл мэнд, өндөр настны хангамжид дээрхтэй ижил төстэй мэдлэг хуримтлагдсан байдаг. Ажил олгогч нар эцэг эхийн цалинтай чөлөөний зардлыг даалгах нь төдийлөн сайн шийдэл биш. Төсвийн санхүүжилт энэ зорилгыг биелүүлэх боломжтой бөгөөд ингэснээр жижиг компаниудад ирэх ачааллыг бууруулж хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд хоорондын шударга ёсыг илүү хангана.

Үүнтэй нэгэн адил эрүүл мэндийн эрсдэлийг илүү том бүлэгт хуваарилах юм бол бүх хүмүүст илүү үр өгөөжтэй,  өртөг зардлын хувьд бага байх болно. Ийм хэлбэрийн дахин хуваарилалт хувь хүн бүр өөрийн эрсдэлийг зөв хооллолт ба хөдөлгөөнөөр дор бүрдээ бууруулах урамшууллын систем бүрдүүлсэн нөхцөлд бүр ч илүү үр дүнд хүрэх болно. Өндөр насны тэтгэвэр, асрамжийн даатгалд автоматаар гишүүн болгох арга хэмжээ нь хүмүүст амьдралынхаа төгсгөл үед илүү баталгаатай амьдрах боломж олгохын  зэрэгцээ бусдад ирэх ачааллыг бууруулах болно. Герман, Япон зэрэг орнууд иргэддээ нас өндөр болох үедээ асруулах асрамжийн даатгалд даатгуулах үүрэг ногдуулаад байна.

Нийгмийн гэрээ нь ердийн нэг эрх зүйн гэрээ биш, АНУ, Япон, Чили, Гана зэрэг олон оронд ижилхэн байж болох бүхнийг анагаагч эм биш. Нийгэм бүр гэр бүлүүд, компаниуд, иргэний нийгэм, төрд суурилсан нийгмийн анхаарал халамжийн нөхцөлүүдээ өөрийн түүхтэй нийцүүлэн өөрөө тогтооно гэсэн үг.

Гэхдээ бүх оронд ижил  зүйл нь гэвэл цаг уурын өөрчлөлт, цар тахал гэх мэт глобал сорилтууд юм. Эдгээр сорилтуудыг хэсэгчлэн шийдэх нь сонгон замнах зам биш. Хамтын ашиг сонирхлоо мэдрэхгүйгээр шийдэхийг хүсэх нь байж боломгүй зүйл. Бид дэлхий нийтээрээ харилцан холбоотой гэдгээ таньж мэдэхийн зэрэгцээ манай нийгмийг нэгтгэж байдаг зангилааг шинэчлэн зангидах ёстой. Бидний орчин үеийн амьдралд цаг үедээ нийцсэн, чухал зөвхөн үндэсний түвшинд нийгмийн гэрээгээ цаг үедээ нийцүүлэн орчин үеийн амьдралд чухал ач холбогдолтой болгон шинэчлэх замаар бид  улс орнуудын дотоодод болон улс орнууд хоорондын эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд  шаардагдах  итгэлцлийг дахин бэхжүүлж чадна.

Зохиогч Минүш Шафик нь 2017 оноос хойш Лондоны эдийн засгийн сургуулийн захирлаар ажиллаж байна. 2021 оны 11-р сард “Бид нэг нэгэндээ ямар өртэй вэ: 21-р зууны нийгмийн гэрээ” гэдэг ном хэвлэгдэн гарсан.

Энэхүү нийтлэл нь анх  Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia(at)fes.de