FES Mongolia

ШИНЭ ТОВХИМОЛ - МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК

2022 онд ФЭС-гаас Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэнтэй хамтран англи хэл дээр эрхлэн гаргаж байсан “Монголын Геополитик” номыг уншигчдын хүсэлтээр монгол хэлнээ хөрвүүлэн та бүхэндээ ийнхүү хүргэж байна. Ингэхдээ цаг хугацааны хувьд өөрчлөлт харьцангуй багатай, ерөнхий сэдэв, утга агуулга бүхий арван өгүүллийг сонгон авлаа.

Монгол Улс нь газар зүйн байрлалын хувьд далайд гарцгүй, хоёр их гүрний дунд орших онцлогтой бөгөөд гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ тодорхой стратегийг баримталсаар ирсэн. Геополитикийн орчин өөрчлөгдөж буй энэ цаг үед бүс нутагтаа өөрийн бие даасан байдлаа хэрхэн хадгалж үлдэх вэ? гэдэг асуулт Монгол Улсын өмнө тулгарсаар байна. Монголын геополитик номд Монгол Улсын эргэн тойронд өрнөж буй геополитикийн нөхцөл байдлын улмаас тус улсад нөлөөлөх эерэг, сөрөг хүчин зүйлс болон боломжуудын талаарх судлаачдын байр суурийг тусгасан бөгөөд уг ном нь бодлого боловсруулагч, эрдэмтэн, сэтгүүлчид төдийгүй улс төр, олон улсын харилцаа сонирхдог хүн бүхэнд зориулсан мэдээллийн эх сурвалж байх зорилготой юм.

Геополитикийн орон зай өөрчлөгдөж буй өнөө үед МУ-д ямар сорилтууд тулгамдаж байна вэ? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх вэ? Дээр дурдсан эдгээр асуултуудыг хэлэлцэхээр 2022 онд Фридрих-Эбертийн-Сан Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан уулзалтад хүрэлцэн ирж оролцсон хэсэг шинжээчдийн боловсруулсан зөвлөмжүүдийг нэгтгэн гурван картад буулгасныг мөн танилцуулж байна.

Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал

Монгол Улс нь далайд гарцгүй бөгөөд импорт, экспортын талбарт ОХУ, БНХАУ-аас эдийн засгийн хувьд хараат байдаг. АНУ, Хятад, ОХУ-ын хоорондын ээдрээтэй харилцаа, өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед МУ аль нэг талыг сонгох аргагүй нөхцөлд хүрч болзошгүйд олон оролцогчид санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Хоёр хөршөөсөө эдийн засгийн ихээхэн хамааралтай байгаа нь COVID-19 цар тахал, Украин дахь нөхцөл байдлын улмаас үүссэн гео-эдийн засгийн өөрчлөлтийн үед МУ-д сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй юм.

Их гүрнүүдийн өрсөлдөөн, туйлшрал нэмэгдэж байгаа ч Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоороо дамжуулан гадаад бодлогодоо төвийг сахисан байр суурийг баримталж, цөмийн зэвсэггүй бүс байгуулахыг идэвхтэй эрэлхийлсээр ирсэн. Монгол Улс гадаад аюулгүй байдлаа тогтвортой байлгахын зэрэгцээ дотооддоо ч тогтвортой байдлаа амжилттай хадгалж ирсэн. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын нөлөөлөл, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарыг үр дүнтэй ашиглах зэрэг нь МУ-ын анхаарал татсан гол асуудал хэвээр байна.

Ирээдүйн чиг хандлага

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын техник, технологи сайжирч байгаа нь технологийн чиг хандлага шинэчлэгдэж буйг илэрхийлнэ. Энэ нь тус улсын эрчим хүчний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эергээр нөлөөлж, урт хугацаандаа эрчим хүчний хамаарлыг бууруулах, хөдөө аж ахуйн ургацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Гэвч уур амьсгалын өөрчлөлт нь Монголын хөдөө аж ахуйн цаашдын үйлдвэрлэлтэд сөрөг хүчин зүйлсийг нэмсээр байна. Тээвэрлэлтийн дэд бүтэц, харилцаа холбоо, технологийн дэвшлийг сайжруулснаар тухайн улс орны эдийн засгийг төрөлжүүлэн бэхжүүлэх бөгөөд Монгол Улс өндөр үнэлэмж бүхий ашигт малтмалын экспорт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүндээ суурилсан бие даасан эдийн засгийг бүрдүүлж, ногоон технологийн тэргүүлэгч орнуудын эгнээнд шилжихэд эергээр нөлөөлж чадна гэдгийг оролцогч судлаачид онцолж байв.

Геополитикийн хувьд Хятад улс хүчирхэгжиж байгаа нь Монголын өнөөгийн төвийг сахисан гадаад бодлого төдийгүй дэлхийн дэг журамд нөлөөлж болзошгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь Монгол Улс зэргэлдээх их гүрнүүдийн дунд холбогч гүүр, бүс нутагтаа энх тайвныг сахиулагч орон байх боломжийг олгож байна.

Бодлогын зөвлөмжүүд, стратегийн хувилбарууд

Дээр дурдсан хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Монгол Улс өөрийн өнөөгийн болон ирээдүйн хэтийн төлөв хооронд шилжихдээ дотоод, гадаад бодлогодоо баримталж болохуйц өргөн хүрээний стратегийн болон бодлогын зөвлөмжийн хувилбаруудыг боловсруулсан юм. Ингэхдээ тэдний зөвлөснөөр нэн тэргүүнд хийх шаардлагатай зүйлсийг нэрлэвэл: 

  1. Дотоод улс төрийн асуудлыг тогтворжуулж, засаглалыг сайжруулах: Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэдийнээс чухал байр суурь эзэлдэг бөгөөд Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах, бодлого боловсруулах явцыг удаашруулж байгаа асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний зорилтуудын нэг юм. Мөн гадаадын үндэстэн дамнасан корпорац, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, эдийн засгаа сайжруулахад тухайн орны дотоод улс төрийн тогтвортой байдал нэн чухал гэдэгтэй оролцогчид санал нэг байв. Үүний тулд төр нь тухайн улс орныхоо тогтвортой байдлыг сайжруулж, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх бодитой, тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
  2. Эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмжих дэд бүтэц, хүний ​​нөөцийг сайжруулах: Хөдөө орон нутагт дэд бүтэц, эдийн засгийн сүлжил сайжирснаар иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн буурна. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд МУ нь хурдацтай хөгжиж буй салбаруудад анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг хурдацтай хөгжиж буй цөөн хэдэн салбарт технологийн дэвшил, дижиталчлалыг эрэлхийлэх нь зүйтэй. Мөн боловсон хүчний хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь энэ зорилтыг хэрэгжүүлэх гол түлхүүр юм.
  3. Идэвх санаачилгатай гадаад бодлого хөгжүүлж, бүс нутгийн нэгдэлд төвлөрөх: Монгол Улс гадаад улс орон дахь идэвхтэй дипломат үйл ажиллагаагаараа дамжуулан төвийг сахисан байр суурь бүхий тоглогчийн хувьд дүрэмд суурилсан дэлхийн дэг журмыг бэхжүүлэх тал дээр яриа, хэлэлцээ өрнүүлдэг байх. Эдгээр хүчин чармайлт нь эргээд Зүүн хойд Азийн улс хоорондын дипломат харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн бүс нутгийн төв Монгол улс хэмээн нэрлэгдэх брэнд нэрийг хөгжүүлэхэд ач тустай юм. Түүнчлэн, Монгол Улс нь бүс нутаг дахь дипломат харилцааг дэмжих үүднээс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний яриа хэлэлцээг зохион байгуулах боломжтой гэдгийг оролцогчид онцолж байв.
  4. Эдийн засгийн түншлэлийг төрөлжүүлэхэд чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах сурталчилгааг нэмэгдүүлэх: Шаардлагатай дэд бүтцийг бий болгож, эдийн засгийг сайжруулахад зарцуулагдах санхүүжилтийг босгохын тулд гаднын шууд хөрөнгө оруулалтыг татах буюу үндэстэн дамнасан корпорацуудад үзүүлэх нөлөөллийн ажлыг ахиулах. Эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэх нь цөөн хэдэн түншүүдээс хараат байдлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг илүү чанаржуулах боломжийг олгодог. Монгол Улс гадаадын компаниудын сонирхлыг татахуйц эх орны брэндийг сайжруулах зорилгоор эдийн засгийн гадаад хөгжлийн хэлтсийг байгуулж, тус улсад хөрөнгө оруулалт хийх боломжуудыг тусгасан тайланг тогтмол гаргах нь чухал юм.

Дээрх зөвлөмжүүдийн англи хэл дээрх хувилбартай танилцах холбоос: https://asia.fes.de/news/mongolia-geopolitics.html

Keine Publikationen gefunden

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia(at)fes.de