08.05.2026

ТЭДНИЙГ АВРАХ АРГА БАЙНА УУ?

Төв Европын газрын зураг дээрээс социалдемократ намууд ар араасаа цувран арчигдан алга болсоор байна. Баруун Европт ч мөн ижил төстэй хувь тавилан хүлээж байхыг үгүй гэх газаргүй болоод байна.

Дэлхийн дэвшилтэт улс төрийн хүчнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр өөдрөг бадрангуй байдал нэгэн хором төдийд огшиж байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс дэвшилтэт улс төрийн хүчнүүдийн төлөөлөгчид эв санааны нэгдэл, хүчирхэг байдлаа бататгахаар ийнхүү Барселона хотноо хуран чууллаа. Уулзалтын гол цөм нь нийгмийн шударга ёс, ардчиллын сөрөн тэсвэрлэх чадвар, илүү сайн сайхан ирээдүйд хүрэх замнал байлаа. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес социалдемократ гэр бүлийн хамтын оюун санааны нэгдлийг батлан тунхаглаж, дэлхий даяар хүчээ авч буй хэт барууны үзэл дээр суурилсан популизмын төгсгөл ирж буйг ийнхүү зөгнөн хэлэв: “Тэд ялж байгаадаа бус, харин өөрсдийнх нь цаг хугацаа дуусаж байгааг мэдэрч байгаа учраас л ийнхүү хашхичиж байгаа юм.”

Хэдийгээр тайзны гэрэлтүүлэг илтгэгчдийг сүр жавхлантайгаар тодотгон харагдуулж чадсан ч Европын ихэнх хэсгийн улс төрийн орон зайг харанхуйлж буй тэрхүү бараан сүүдрийг бүрмөсөн нүдэнд харагдахгүй болтол гэрэлтүүлж дийлсэнгүй. Барселонагаас хараа салгаж, Төв Европын зүг хараа бэлчээвэл хүн бүрд бодит байдал тэс өөр байгаа нь тодорхой харагдана. Тэнд социалдемократ үзэл санаа зөвхөн хямралд ороод зогсохгүй, олон газар үзэгдэх орчноос бүрмөсөн арчигдахад тун ойрхон байна. 

Үүний бодит жишээ сүүлийн үед олноор гарах болов. Тухайлбал, Чех улсад "Пост-коммунист" хүчнүүдтэй эвсэж сонгуульд орсон Социалдемократ Socdem нам 2025 оны аравдугаар сард болсон сонгуулиар хоёр дахь удаагаа дараалан ялагдаж парламентад суудал авч  чадалгүй бүтэлгүйтлээ. Түүхт Чехийн Тусгаар Тогтнолын Социалдемократ Намын /ČSSD/ суурин дээр байгуулагдсан тус намын оршин тогтнох эсэх хутганы ирэн дээр байна. Хэдийгээр Унгарт 2026 оны 4-р сард 16 жил тасралтгүй засгийн эрхийг барьсан Виктор Орбаны засгийн газар ялагдал хүлээсэн ч социалдемократууд мөн адил сулраад байна. Социалдемократ үзэл баримтлалтай Унгарын Социалист Намын авсан саналын хувь хэмжээ хэмжигдэхээргүй бага түвшинд хүрсэн бол олон жилийн турш хамгийн хүчирхэг сөрөг хүчин байсан зүүний либерал үзэл баримтлалтай Унгарын DK /Ардчилсан эвсэл/ нам дөнгөн данган 1.1 хувийн санал авч, парламентын суудлаас хол зайтай мултарлаа. 

Барселонагаас хараа салгаж, Төв Европын зүг хараа бэлчээвэл хүн бүрд бодит байдал тэс өөр байгаа нь тодорхой харагдана.

Болгар улсын хувьд нөхцөл байдлыг тоон утгаар илэрхийлээд харьцуулах юм бол төдийлөн хол зөрөөгүй, нэг их дээрдээд байх юмгүй харагдаж байна. Нэгэн цагт Болгарын гол улс төрийн хүчнүүдийн нэг байсан Болгарын Социалист Нам сүүлийн сонгуулиар байгуулагдсан шинэ эвслүүдийн сүүдэрт дарагдаад ямар ч нөлөөгүй болж хувирснаар ирээдүйд парламентад төлөөлөлгүй нам болж хоцров. Ийнхүү дэвшилтэт улс төрийн хүчнүүдийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний маргааш нь ердөө сүүлийн тавхан сарын дотор гурав дахь социалдемократ нам парламентын үзэгдэх орчноос алсран одлоо.

Улс төрийн хувьд харьцангуй тогтвортой Словени улсад социалдемократууд 6.7 хувийн санал авч, парламентад 6 суудалтай болсон ч өмнөх засгийн газрын эвсэлдээ орж чадсангүй мултарлаа. 

Дараа дараагийн хүнд цохилтууд хүлээж байгаа дүр зураг тодорсоор байна. Польш улсад Нова Левица нам улс төрийн тавцан дээр тэсэж үлдэхийн төлөө тэмцэж байна. Тус нам 2023 онд нэр хүндтэйгээр улс төрд эгэн ирснийхээ дараа Европын Парламентын сонгуульд сонгогчдынхоо урмыг хугалаад зогсохгүй өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд огт нөлөөлж чадаагүй гэхэд хилсдэхгүй хэмжээнд тун тааруухан оролцсон. Өнгөрсөн сонгуулиар тус нам илүү өргөн хүрээнд ажиллах чадамжгүй байсан тул зөвхөн том хотуудын дэвшилтэт үзэлтэй сонгогчдын давхаргад хүрч ажиллах хэмжээнд л оролцсон юм. Нөгөө талаас, Румын улсад социалдемократ үзэл баримтлалтай PSD нам бүрхэг нүүдэл хийж, засгийн газрын эвслээс гарч байгаагаа зарласан. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хүнд ялагдал хүлээснийхээ дараа ийнхүү гэнэтхэн эвслээс гарах шийдвэр гаргасан нь чөлөөлөх оролдлого уу, эсвэл ялагдлын дараагийн шат уу гэдгийг одоогоор таамаглах боломжгүй байна.

Дээрх жишээнүүдийн ард бүтцийн ноцтой, эрс шилжилтүүд явагдаж байна. Нэгэн цагт улс орнуудын улс төрийн тогтолцооны гол тулгуур багана нь байсан Социалдемократ намууд бодлого тодорхойлох хүчээ алдаад зогсохгүй, улс төрийн газрын зураг дээрээс бүхэлдээ арчигдах аюул заналхийлж байна. 

Хөгжлийн энэ чиг хандлагыг ерөнхийлөн дүгнэхэд бэрхшээлтэй, анхаарал татсан асуудал болгоод байгаа зүйл нь тэдгээрийн ялгаатай байдал юм. Дээр дурдсан, хүнд байдалд ороод байгаа улс төрийн намууд нь хоорондоо эрс ялгаатай байна. Тухайлбал, Польшийн социалдемократ нам өнөөдөр бодлого хөтөлбөртөө эрс дэвшилтэт байр суурийг баримталж байхад Чех болон Унгарын намууд төв үзэлтэй байна. Гэтэл Болгарт тэд нийгмийн бодлогын талбарт эрс консерватив байр суурийг баримталж байх жишээтэй. Мөн эдгээр орнуудын улс төрийн тогтолцоо,  нийгмийн зөрчилдөөний шугамууд, сонгуулийн тогтолцоо нь хоорондоо эрс ялгаатай. Иймээс эдгээр намуудын талаар энгийн бөгөөд нийтлэг тайлбар хийх боломжгүй тул үүнийг сөрөн зогсох стратеги боловсруулах нь ч тэр хэрээр бэрхшээлтэй байна. 

Гэсэн хэдий ч хоёр ерөнхий зүй тогтол ажиглагдаж байна. 

Нэгдүгээрт: Дээрх улс орнуудад баруун талаас нийгмийг бүхэлд нь өөрсдийнхөөрөө хайрцаглаж байгаа нь янз бүрийн хэлбэрээр ажиглагдаж байна. Улс орнуудын онцлог нөхцөл байдлаас хамааран энэ нь үндэсний консерватив, барууны популист, тусгаар тогтнолын эсвэл нийгмийн ижил төстэй ба ялгамж чанар дээр түшиглэсэн бодлогын хэлбэрээр хэлбэршиж байна. Эдгээр өөр хэлбэрүүдийн ижил төстэй байдал нь улс төрийн хэлэлцүүлгийн өнгө аясыг тодорхойлж байгаа явдал юм. Ижил төстэй ба ялгамж чанар, цагаачлал, соёлын бие даасан байдлыг бататгах асуудлууд нь тодорхой сонгуулийн кампанит ажлын үеэр өдөр тутмын “амьжиргааны” асуудлуудаас хойгуур тавигддаг ч  гэсэн нийгмийн суурь дэвсгэр болж, нийгмийн хэлэлцүүлгийн чиг хандлагыг бүхэлд нь тодорхойлж байдаг. Социалдемократ намууд эдгээр асуудлуудад харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг ч ямагт хамгаалсан байр суурьтай байдаг. Тэд нийгмийг манлайлагчийн байр сууринд хүрэхийн төлөө тэмцэхийн оронд өөрсдөдөө тохирсон булан тохойг хайдаг нийтлэг хандлага ажиглагдаж  байна. Тиймээс эдгээр улсуудын алинд нь ч тэд улс төрийн хэлэлцэх асуудлын дарааллыг (agenda) тодорхойлж, "тоглоомын дүрэм"-ийг тогтоож чадахаа байсан байна. Эндээс харахад бүс нутгийн хүрээнээс хальсан нэг сургамж байна: Нийгмийн манлайллын төлөөх тэмцэлд ялагдсан л бол бодлого, хөтөлбөр дээр суурилсан сонгуулийн тэмцэлд ялагддаг нь нэгэнт тодорхой юм. 

Хэдийгээр социалдемократ намууд улс төрийн талбарын зах руу улам шахагдсаар байгаа ч  тэднийг улс төрийн төлөвшсөн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг хэмээн үздэг хэвээрээ байна. 

Хоёрдугаарт: “Системээ хамгаалагч нам” гэх дүр төрх нь хэзээ ч хөнгөрөхгүй ачаа болоод байна. Учир нь олон улс орнуудад эдгээр намууд олон жил эсвэл олон арван жилийн туршид засгийн эрхийг барилцсан түүхтэй. Хэдийгээр дүр зургийг дангаараа тодорхойлогч байгаагүй ч гэсэн ялангуяа 2008 оны санхүү-эдийн засгийн хямрал энэхүү дүр төрхийг бүрдүүлэхэд голлох нөлөө үзүүлсэн. Тухайн үед социалдемократууд зарим улсад засгийн газрын хариуцлагыг үүрч байсан тул хямралын үеийн нийгмийн хүнд хэцүү нөхцөл, нийгмийн үр дагавруудыг хүмүүс шууд тэдэнтэй холбон ойлгодог болжээ. Нийгмийн тогтолцоо ганхаж, иргэдийн амьдрал доройтох үед социалдемократ намууд бусад улс төрийн хүчнүүдтэй харьцуулахад илүү том асуудалтай нүүр  тулдаг. Учир нь социалдемократуудаас тогтолцооны золиос гаргахгүйгээр хамгаалахыг шаарддаг бөгөөд хэрэв энэ хүлээлтэд хүрч чадахгүй бол тэдний легитим байдал (хүлээн зөвшөөрөгдөх) бусад намуудаас хавьгүй илүү алддаг байна. Үүний үр дүнд өнгөрсөн он жилүүдийн урсгалд улам бүр гүнзгийрсээр байгаа итгэл алдрах байдал бий болжээ.

Энэ бүх нөхцөл байдлыг эргэн харахад Барселонагийн тэрхүү өөдрөг сэтгэл зүй бараг л зэрэгцээ ертөнц дэх өөр нэгэн бодит байдал мэт санагдана. Дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтой байсан нь эргэлзээгүй. Тус уулзалт улс төрийн намуудын хамтын ажиллагаа, сүлжээнүүдийг бэхжүүлж, нарративыг тодорхойлж, оролцогчдын урам зоригийг сэргээсэн. Гэсэн ч цөөн хэдэн төлөөллөөс бусад нь өөрсдийн үндэсний бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулахад асуудал улам бүр хүндэрсээр байна. Иймээс Барселонагийн уулзалт нь тодорхой хэмжээгээр өөрсдийгөө тайвшруулж, бид сайн байгаа гэж өөртөө итгүүлэх гэсэн орон зай болон үлдэв.

Энэ бол зөвхөн Төв Европын орнуудаар хязгаарлагдах асуудал биш. Социалдемократуудын хямрал нь дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болон хүрээгээ тэлээд байна. Гэхдээ өнөөдөр Төв Европт энэхүү хямрал онцгой хурц хэлбэрээр илэрч байгаа юм. Тиймээс энд өрнөж буй үйл явдлуудын зарим нь бусад улс орнуудад тохиолдож болох ирээдүйн “дохио” байж магадгүй гэсэн болгоомжлол үндэслэлгүй зүйл биш юм. 

Тэгвэл үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Нэн түрүүнд: Улс төрд зайлах замгүй,  заавал хийх ёстой зүйл гэж үгүй бөгөөд зарчмын хувьд улс төрийн орон зай урт хугацаанд хоосон үлддэггүй. Зарим улс орнуудад  социалдемократ намууд бүтэлгүйтээд байгаа нь тухайн онцлог нөхцөл байдлаас хамаарах хэдий ч энэ нь тэдний төгсгөл ирсэн гэсэн үг биш юм. Улс төрийн намуудад чиг хандлагаа өөрчлөх, шинэчлэгдэх, нийгмийн бодит байдалд нийцсэн эвсэл байгуулах боломж бий. Жишээлбэл: 2023 онд Польш улсад дэвшилтэт улс төрийн хүчнүүд шинэчлэл хийж, улс төрийн урсгал дамнасан эвсэл байгуулах болон шинээр нэгдэх замаар улс төрийн нөлөөгөө эргүүлэн авах боломжтой гэдгийг харуулсан. 

Социал-демократ намууд нийгмийн олонхтой холбоос үүсгэх тэрхүү амаргүй замыг туулахаас өөр аргагүй болно. 

Үүний зэрэгцээ нийгмийн өөрчлөлт, шинэ хандлагыг (dynamics) мэдрэх чадвараа сэргээх нь нэн чухал юм. Ялангуяа олон нийт тархай бутархай, талцсан (fragmented) өнөөгийн нөхцөлд зөвхөн уламжлалт эсвэл шинээр бүрэлдэж буй нийгмийн бүлгүүдэд найдах нь хангалтгүй болжээ. Социалдемократ намууд урт хугацаанд буланд шахагдсан хэвээрээ байхыг хүсээгүй бол нийгмийн олонхтой холбоос үүсгэх тэрхүү бэрх замаар замнахаас өөр аргагүй болно.

Төв Европт өрнөж буй эдгээр үйл явдлуудыг зөвхөн тухайн бүс нутгийн онцлог гэж үзэх хандлага их байдаг. Гэвч үүний цаадах үндсэн шалтгаанууд болох буй итгэл алдрах, бүтцийн хувьд хамгаалсан (defensive) байр суурь, хэлэлцүүлгийн ба нийгмийн шилжилтүүд зэрэг нь Баруун Европт ч мөн адил тод харагдаж эхлээд байна. Даяаршлын үр дагаврыг эсэргүүцэх нийгмийн эсэргүүцэл дэлхий даяар хүчээ авч, ардчилсан улс орнуудын үндэсний төрийн ирээдүй ямар байх вэ гэх асуулт төлөвшсөн улс төрийн хүчнүүдийн бодлого, хөтөлбөрийн суурийг ганхуулж байна. Ингэснээр социалдемократ намуудын өмнө давхар сорилтууд тулгараад байна. Эдгээр нь: Социалдемократууд өөрсдийн нийтлэг /ижилсэл ба ялгамж чанараа гээхгүйгээр шинэчлэгдэх ёстой бөгөөд үүнийг өөрсдөд нь буй орон зай улам бүр хумигдаж буй улс төрийн орчинд хийх шаардлагатай болж байна.

Энэ бол найдваргүй болчихсон гэсэн үг биш гэдгийг Барселонад зарим улс төрийн хүчнүүд үйл хэргээрээ маш тодорхой харуулсан. Хэдийгээр нэг улсын туршлагыг нөгөөд шууд хуулбарлах боломжгүй ч Скандинавын орнууд, Испани, магадгүй Балтын орнуудын туршлагаас зарим талуудыг нь анхааран харах нь зүйтэй юм. Социалдемократуудын өмнө ирээдүй нээлттэй хэвээр байна. Мэдээж зах хязгааргүй нээлттэй ирээдүй угтахгүй нь тодорхой. Нийгмийн итгэлийг эргүүлэн олж авч, шинэ холбоотон, эвслүүдийг байгуулж, улс төрийн орон зайг шинээр эзэлж чадахгүй бол өнөөдөр Төв Европт болж буй үйл явдал маргааш өөр нэгэн газар бодит байдал болон хувирах боломжтой. 

Хенрик Майер нь Фридрих-Эбертийн сангийн Европын Холбоо болон Хойд Америкийн рефератын даргаар ажилладаг. Тэрээр үүнээс өмнө тус сангийн Истанбул дахь суурин төлөөлөгчийн газар болон Тунис дахь салбарыг тус тус удирдаж байсан туршлагатай. 

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. Фридрих-Эбертийн сангаас орчуулав. 

 

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн Сангийн байр суурьд нийцэж байх албагүй. 

Friedrich-Ebert-Stiftung
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia(at)fes.de