13.06.2022

Тун чиг мөчидхөн ялалт

Хэлэлцээрийн тэмцээний төгсгөл нь бэлэн кино л гэсэн үг. Испани ажилчдын эрхүүд ба үйлдвэрчний эвлэлүүдийг хүчирхэгжүүлсэн хуулийн шинэчлэл батлагдлаа.

Испанийн нийгмийн түншүүд өнгөрсөн жил 9 сарын турш хөдөлмөрийн хуулийн шинэчлэл дээр ажиллалаа. Нэлээд ширүүн хэлэлцээр хийсний эцэст ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд, засгийн газар христосын мэндэлсэн өдрийн баярын өмнөхөн арайхийн нэг тохиролцоонд хүрэв. 2-р сарын 3-ний өдөр испанийн парламент ширүүхэн хэлэлцүүлэг хийсний дараагаар дөнгөн данган бүрдсэн олонх буюу нэгхэн саналын илүүгээр хуулийг баталсан.

Испанийн социалист ажилчдын намын (PSOE) Петро Санчезийн удирдсан дэвшилтэт, цөөнхийн засгийн газрын хувьд энэ шинэчлэлийн төсөл зүрх нь байсан юм. Хамгийн чухал зорилт нь энэ шинэчлэлээр 2012 оны шинэчлэлээр алдсан тарифын хэлэлцээрт орох зэрэг ажилчдын эрхүүд ба нөлөөллийн боломжийг эгүүлэн авчрах хөдөлмөрийн хуулийг эдийн засгийн өөрчлөгдсөн нөхцөлд нийцүүлэхэд оршиж байлаа. 

Испанийн эдийн засаг ба хөдөлмөрийн зах зээл хямралын дараагаар дахин сэргэсэн ч урьдын адил бүтцийн сул талуудаас болж тамирдсан хэвээр байна.

Европ бүсийн дөрөвдөгч том эдийн засаг болох Испани нь хямралын дараагаар өнгөрсөн саруудад гайхалтай хурдан сэргэсэн. Хөдөлмөр эрхлэлтийн квот нь урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Гэсэн хэдий ч испанийн эдийн засаг урьдын адил бүтцийн сул талуудаас болж тамирдсан хэвээрээ байна. Аялал жуулчлал зэрэг хямралд өртөмхий секторуудын хараат байдал өндөр хэвээрээ байна. 2021 оны 11-р сарын байдлаар ажилгүйдэл 14.1 хувьтай тэнцэж ялангуяа залуучуудын ажилгүйдэл 30 орчим хувьтай байгаа нь Европын холбооны гишүүн орнууд дунд харамсалтай нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Дэвшилтэт засгийн газар нийгэм-экологид ээлтэй орчин үеийн эдийн засагт шилжих том өөрчлөлтүүдийг төлөвлөж байна. Энэ зорилтоо  Испани ЕХ-ны сэргээн босголтын фондоос олгох 140 тэрбум еврогийн санхүүжилтээр (тал нь дэмжлэг, тал нь зээл) хэрэгжүүлэхийг хүсэж байна. ЕХ хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдах юм бол дараагийн шатны санхүүжилт болох 12 тэрбум еврог олгоно гэдэг болзол тавьсан юм. Мөн тэтгэврийн системийн шинэчлэл ба  тогтворжуулалт нь тус санхүүжилтийг олгох болзлын нэг байхаар тохиролцсон юм.

Хөдөлмөрийн сайд Ёоланда Диазын хэлснээр нэн ялангуяа зочид буудлуудын цэвэрлэгээний ажилтнууд, мөн барилга, хөдөө аж ахуйн ажилтнууд  зэрэг эрх зүйн баталгаагүй хөдөлмөрийн харилцаанд ажиллагсад шинэ хөдөлмөрийн хуулийн ашиг хүртэгчид нь байх болно. Испанийн үйлдвэрчний эвлэлүүд зочид буудлуудын цэвэрлэгээний ажилтнуудыг “Келлис” гэж нэрлэдэг бөгөөд эдгээр ажилтнуудын жилийн орлого 2500 евро хүртэл нэмэгдэх юм.

Нэн ялангуяа зочид буудлуудын цэвэрлэгээний  ажилтнууд, мөн түүнчлэн барилга, хөдөө аж ахуйн салбарт ажилтнууд шинэ хөдөлмөрийн хуулийн ашиг хүртэгчид нь байх болно.

Өнөөгийн байдлаар испанийн  бүх ажиллагсдын 25 % нь ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Хуулийн шинэчлэлээр ямар ч шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээг ингэж хугацаатай байгуулах боломжгүй болно. Харин ажилтныг ажлаас халагдахаас хамгаалах эрх зүйн баталгааг чангатгаагүй үлдээсэн нь ажил олгогчдын тавьсан шаардлагыг хүлээн авсны үр дүн юм. Улирлын чанартай ажилд зориулсан улирлын чанартай хөдөлмөрийн гэрээг нэвтрүүлсэн. Богиносгосон цагийн ажлыг хямралын үеийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгсэл болгон бэхжүүлсэн. Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлэл авах эрх, улсын байцаагч нарын хяналт, шалгалт хийх боломжийг сайжруулсан.  Салбарын тарифын гэрээний хэрэгжилт компанийн болон бүс нутгийн гэрээний хэрэгжилтээс давуу эрхтэй байна гэдгийг хуулиар шинэчлэн баталгаажуулсан.

Испанийн хоёр том үйлдвэрчний эвлэлүүдийн - Union de Trabajadores (UGT)-Үйлдвэрчний эвлэлийн холбоо ба Comissiones Obreras (CCOO)-Ажилчдын комиссууд ерөнхийлөгч нар хуулийн шинэчлэлийг “Ардчилсан испанийн түүхэн дэх ажилчдын эрхэд гарсан хамгийн том дэвшил” хэмээн тодорхойлжээ. Ажил олгогч нар мөн сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлсэн. Харин ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Антонио Гараменди саяхнаас  хэлэлцээрээр тохиролцсон бүх өөрчлөлтүүдийг эсэргүүцсэн мэдэгдэл хийж байгаа.

Санал хураалтаар дөнгөн данган олонх бүрдэх юм гэдгийг санал хураалтаас өмнөхөн ч таамаглахын аргагүй байлаа. Гайхалтай нь  Испанийн социалист намын удирдсан цөөнхийн засгийн газрыг бүрдүүлэгч бүх намууд хуулийн шинэчлэлийн эсрэг санал өгнө гэдгээ мэдэгдсэн бол барууны либерал Giudadanos-Гиудаданос зэрэг намууд шинэчлэлийн төлөө саналаа өгнө гэдгээ мэдэгдсэн.

Испанийн хоёр том үйлдвэрчний эвлэлүүдийн -Union de Trabajadores (UGT)-Үйлдвэрчний эвлэл  ба Comissiones Obreras (CCOO)-ажилчдын комиссууд  ерөнхийлөгч нар хуулийн шинэчлэлийг “Ардчилсан испанийн түүхэн дэх ажилчдын эрхэд гарсан хамгийн том дэвшил” хэмээн тодорхойлжээ.

Халуухан бөгөөд ширүүхэн маргааны дараагаар хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг батлахад улс төрийн урсгалууд дамнасан олонх бүрджээ, үүнийг  Испанийн туйлширсан улс төрд гарч буй дэвшил хэмээн үзэхээс өөр яах вэ? энэ бол ховор тохиолдол юм гэдэг дүгнэлтэд хүрчээ.   Харин засгийн эрхийг баригч цөөнхийн эвслийг бүрдүүлэгч намууд  санал хураалтад нэгдэж чадаагүй нь гашуун байлаа. Каталаны Бүгд Найрамдахчуудын Зүүний Нам зэрэг жижиг, илүү зүүний үзэл баримтлалтай бүс нутгийн намууд шинэчлэлийг дэмжихийг хүсээгүй. Энэ шинэчлэл хангалттай өргөн хүрээг хамарч чадаагүй, зүгээр л “холион бантан болсон байна” гэдэг шүүмжлэл тэдний эгнээнээс сонсогдож байсан.

Эцэст нь хууль батлагдсанд консерватив-барууны үзэлтэй Partido Popular (PP)-Ард Түмний Намын парламентын нэг гишүүн андуурсанд талархах хэрэгтэй юм. Тэр андуураад “Зөвшөөрч байна” гэдэг кноп дээр дарчихсан аж. Ингэснээр дөнгөн данган олонх буюу 175 гишүүн зөвшөөрч 174 гишүүн эсрэг кноп дарж нэг саналын илүүтэйгээр хууль батлагдсан юм. Ард Түмний Нам саяхан санал хураалтын үр дүнгийн талаар шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн. Улс төрийн оноо авахын тулд нийгмийн түншлэгч талуудын хэлэлцээрийн үр дүнд зөвшилцөлд саналуудын эсрэг  шүүхэд гаргасан гомдол гаргах нь  Ард Түмний  Намд нэмэх оноо авчрах эсэхийг харан байж л больё.

Дэд ерөнхийлөгч ба хөдөлмөрийн сайд Ёоланда Диаз нь коммунист намын гишүүний хувиар Unidas Podemos-засгийн газрын эвслийн зүүний холбоонд  харьяалагддаг тул нийгмийн түншүүдтэй хэлэлцээрт орсон юм. Тэрээр хууль батлагдсаныг чухал амжилт хэмээн үнэлэхийн зэрэгцээ санал хураалт улс төрийн намууд хоорондын харилцан буулт хийх чадвар ба парламентын системийн үйл ажиллагааны чадамжид муугаар нөлөөлж байна хэмээн гомдоллосон юм.

2-р сарын 3 сайнаар ч бай муугаар ч бай түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно. Парламентын ажлын өнгө гялбаа гэдэг утгаараа биш харин испанийн ажилчдыг эрхэд гарсан дэвшил гэдэг  утгаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно.

Зохиогч Беттина Луизе Рюүруп нь Фридрих-Эбертийн сангийн Мадрид дахь салбарын захирлаар ажилладаг. Тэрээр өмнө нь Берлин хотноо улс төр ба нийгмийн чуулган рефератын даргаар болон ФЭС-гийн  Нью-Йорк, Чили, Энэтхэг, Туркийн салбарын захирлаар ажиллаж байсан.

Энэхүү нийтлэл нь анх  Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй. 

Friedrich-Ebert-Stiftung 
Büro Mongolei

The Landmark
6th floor
Chinggis avenue 13
14251 Ulaanbaatar
Mongolia

+976 11 31 2892

info.mongolia@fes.de