29.03.2021

Үхэж өгдөггүй хачин неолиберализм - Номын хэсгээс

2008 онд дээд цэгтээ хүрсэн санхүүгийн хямралыг төрөөс үлэмж хэмжээний тусламж дэмжлэг үзүүлж байж, өөрөөр хэлбэл татварын мөнгөөр л аргалж намжаасан билээ. Неолиберализмын тэргүүн эгнээний төлөөлөгчид болох, тухайн үед дампуурахаас аврагдсан томоохон банкнууд хямралаас хойш гурван жилийн дараагаас эдийн засаг, улс төрийн үйл явдлыг дахиад л удирдан захирах боллоо. Энэ асуудлыг Британийн нийгэм судлаач Колин Крауч Үхэж өгдөггүй хачин неолиберализм номдоо авч үзжээ.

 

Үхэж өгдөггүй хачин неолиберализм

Уг номын хоёрдугаар бүлэгболон наймдугаар бүлгийг Монсудар хэвлэлийн газрын албан ёсны зөвшөөрөлтэйгээр Та бүхэнд хүргэж байна. Тус хоёр бүлгийг энд дарж уншаарай!

Тухтай суугаад унших завгүй бол сонсдог ном хэлбэрээр энд дарж сонсох боломжтой!  

Мөн түүнчлэн Та уг номыг энэ линкээр орж худалдан авах боломжтой. 

Тэрээр зах зээлийн сонгодог онол өнөөгийн неолиберализм хүртэл хэрхэн өөрчлөгдөж ирснийг дэлгэрэнгүй танилцуулж, эрэлт ба нийлүүлэлтээр зохицуулагдан чөлөөтэй явагддаг цэвэр зах зээлийн эдийн засаг гэдэг зүйл үнэндээ байдаггүйг харуулсан. Зах зээл дээрх компаниудад тэнгэр газар шиг ялгаатай нөхцөл байдал үйлчилдэг. Ашигтай шийдвэр гapгax, хэрэглэгчдийн эрэлт хүсэлтэд нийцэх тустай мэдээлэл олж авах боломж зөвхөн том концернуудад бий. Үүгээр зогсохгүй үндэстэн дамнасан том компаниуд улс орнуудын засгийн газар, улс төрийн намуудад нөлөөлж чаддаг. Энэ нөлөөллөөрөө дамжуулан ардчиллыг шууд бус замаар хүчгүйдүүлдэг аж. Крауч өнөөгийн эдийн засгийн бодлогын талбар дээр болж буй цогц үйл явдлууд, тэдгээрийн улмаас улс төр болон нийгмийг нөмрөн ирдэг хүнд сорилтуудад олон талт дүн шинжилгээ хийсэн юм. Хэдийгээр Крауч асуудлыг хялбархнаар шийдэх бэлэн жор гapгaж ирээгүй ч том концернуудын эрх мэдлийн талаар үнэ цэнтэй мэдлэгийг уншигчдад хүргэж, олон талын дуу хоолойг нэгтгэсэн идэвхтэй иргэний нийгмийн тусламжтайгаар тэднийг сөрөн зогсвол неолиберализмын бий болгосон бүтэц, зохион байгуулалтаас ашиг хүртэгсдэд шахалт үзүүлж, идэвхтэй тэмцэхэд уриалан зоригжуулсан юм. Түүнчлэн энэ сэдвээр улс төрийн хэлэлцүүлэг маргаан өрнүүлэх ч үүгээрээ үлэмж хувь нэмэр оруулсан билээ. Хэвлэгдэн гараад арван жил өнгөрсөн хойно ч энэ номын ач холбогдол огт буурсангүй. Дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын эдийн засгийн үр дагаврыг урьдчилан таамаглахад эрт байгаа ч том орнуудын ард түмний аж ахуйд хэрхэн дарамт үүсэж, ядуурал, ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй хүмүүсийн тоо хэрхэн нэмэгдэж, дэлхийн улс орнуудын засгийн газрууд эдийн засгаа нам зогсоочихгүйн тулд асар өндөр дүнтэй сэргээх хөтөлбөрүүддээ санхүүжилт босгох зорилгоор иргэдийнхээ дэмжлэгийг авах гэж хэрхэн ажиллаж байгааг бид ажиглан харж байна.

Эцэст нь энэ их мөнгийг хэн нэгэн төлөх л ёстой болно. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас татах уу? Үгүй бол их хэмжээний орлого, хөрөнгөд ногдуулдаг татварыг нэмэх үү? Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр өдгөө ноцтой нөхцөл байдал үүсэж, хүмүүст маш хүндээр тусаж байгаа ч том концернууд, цөөн тооны саятан тэрбумтан л ашиг хонжоо олж, хөрөнгөө ихээхэн өсгөлөө. Ардчиллыг аливаа хямралаас айхааргүй болгож бэхжүүлэхийн тулд Колин Краучийн энэхүү номдоо дэвшүүлэн тавьсан дээрх асуултуудын хариултыг бид аль болох хурдан олох хэрэгтэй.

Фридрих-Эбертийн сан 2012 онд Үхэж өгдөггүй хачин неолиберализм номд ''Улс төрийн оны шилдэг бүтээл'' -ийн шагналаа олгосон юм. Энэ нь 1982 оноос Германд олгож эхэлсэн, улс төрийн ном бүтээлд өгдөг, хамгийн том шагнал билээ. Түүнчлэн цаг үеийнхээ нийгэм-улс төрийн бодлогын талаар асуудал дэвшүүлсэн, тухайн үед давамгайлж буй улс төрийн үзэл, онол, урсгалд шинэ санаа боловсруулсан, улс төрийн aгyyлгыг ард нийт, өргөн олонд ойлгомжтойгоор хүргэж чадсан бүтээлд энэ шагналыг олгодог. Тус шагналыг хүртсэн уг бүтээлийг манай Фридрих-Эбертийн сан Монсудар хэвлэлийн газартай хамтран Монголын уншигчдад хүргэж байгаадаа туйлын баяртай байна.

 

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de