07.10.2020

Өрсөлдөөн лаборатори руу шилжлээ

Оросын Холбооны Улс уу? Хятад уу? эсвэл Америкийн Нэгдсэн улс уу? Ковид-19 -ийн вакцины эрэл нь геостратегийн тулалдааны талбар болчхоод байна. Йоханнес Варвик коронагийн вакцины эрсдэл ба сөрөг нөлөөллийн талаар ингэж өгүүлэв.

Өдгөө коронагийн эсрэг вакциныг хэн нь түрүүлж үйлдвэрлэн гаргах вэ? гэдэг өрсөлдөөн дэлхий дахинд өрнөж байгааг бид харж байна. ОХУ коронагийн вакциныг ард түмэндээ тарих зөвшөөрөл олгосон анхны орон болоод байна. Үүнтэй зэрэгцээд энэ өрсөлдөөний болзошгүй сөрөг үр дагаврын тухай сануулга улам чангарч байна. ОХУ-ын вакциныг шүүмжлээд байгаагийн цаана АНУ, Хятадын өөрийн орны нэр төрийг эрхэмлэх байдал буюу өрсөлдөөнд хожигдсоны хор шар ямар үүрэг гүйцэтгэж байна?

Мэдээж бид коронагийн вакциныг хэн нь түрүүлж гаргаж авах вэ? гэдэг өрсөлдөөн дэлхий дахинд өрнөж байгааг харж байна. Энэ өрсөлдөөнд улс орнууд үндэстний нэр хүнд, эцэст нь үндэсний эрх ашгийн төлөө оролцож байна. Германы хувьд вакциныг хэн түрүүлж гарган авах вэ? гэдэг өрсөлдөөн нь үндэстний нэр сүр, үндэсний ашиг сонирхлын асуудал учраас бид ч оролцож байна. ОХУ вакциныг хүн арддаа тарих зөвшөөрөл олгохдоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан стандартуудыг баримтлаагүй юм байна гэдгийг болсон үйл явдлуудаас бид мэдэж авсан. Клиникийн судалгааны үр дүнг хүлээлгүйгээр вакциныг өргөн хүрээнд тарих зөвшөөрөл өгсөн нь хүн дээр туршилт хийх ойлголтын зарим шинжийг агуулсан гэж хэлж болохоор. Үүнийг ОХУ шиг эзэрхэг төртэй систем л хийж чадна. Барууны ардчилсан орнуудад энэ бол хүний ухаан санаанд багтамгүй зүйл. Оросуудын "Спутник 5" гэж нэрлэх гээд байгаа вакцин нь энэ өмнөх түүхийн дараагаар сайнаар нөлөөлөх үү? эсвэл бүр эсрэгээрээ хор хөнөөлтэй байх уу? гэдгийг одоогоор урьдчилан таамаглах боломжгүй байна. Олон улсын журам стандартыг зөрчин байж гарган авсан оросын вакцин амжилтад хүрэх эсэхийг харан байж больё. Хэрвээ орос ковид-19 цар тахлаас хамгаалах вакциныг дэлхийн бусад орнуудаас түрүүлэн гаргаж аваад хүн амаа хамгаалсан анхдагч орон болж чадсан нөхцөлд 1950-иад онд "Спутник" нэртэйгээр тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас дэлхийд анх удаа хөөргөсөн хиймэл дагуултай зүйрлэх хэмжээний том амжилтыг Орост авчрах болно. Амжилттай болбол ОХУ дэлхий дахины технологийн өрсөлдөөнд өөрт нь нэр хүнд, эдийн засгийн давуу талуудыг авчрах хэмжээний давуу талуудыг бий болгож чадсан гэдэг нь батлагдах болно. Бүтэлгүйтсэн тохиолдолд сүйтгэл нь ч тэр хэмжээнд их байх болно. ОХУ энэ эрсдэлийг мэдсээр байж нүдээ аниад зүтгээд байгаа гэж би бодохгүй байна. ОХУ зөв замаар явж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа учраас хүн арддаа тарих зөвшөөрөл олгосон гэж би таамаглаж байна. Миний хувийн бодол бол ганцхан хувь хүнийх учраас буруу зөрүү ч байж болно.

Коронагийн вакцин нь яаж яваад геополитикийн тулааны шинэ талбар болчих воо?

Вакцин гарган авах судалгаа нь бүхэл бүтэн зууны хямралыг даван туулах стратегийн асуудал учраас үнэн хэрэг дээрээ бидний өмнө нь "хүн төрөлхтний хамтын баялаг" гэж нэрлэдэг байсан стратегийн бүтээгдэхүүн болчхож байгаа хэрэг. Тэгэхлээр дэлхийн хүн ам, газар нутгийн томоохон хэсэгт онцгой чухал ач холбогдолтой материаллаг болон материаллаг бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудал нь олон улсын аюулгүй байдал, худалдааны чөлөөт зам, байгалийн унаган төрх зэрэгтэй эн зэрэгцэх хэмжээний асуудал юм. Хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт үйлчлэх эдгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг орнууд олон улсын бодлого болон бусад салбаруудын бодлогыг тодорхойлдог уламжлалтай. Эдгээр бүтээгдэхүүний тодорхой хувийг гартаа атгаж байж дэлхийд манлайлагч гүрний байр сууринд хүрэх баталгаа нь болдог байсан үе бий.

Клиник туршилтын үр дүнг хүлээлгүйгээр вакциныг хүн амд өргөнөөр тарих нь хүн дээр хийх туршилтын зарим нэг элементийг агуулж байна гэж хэлж болох юм. Үүнийг зөвхөн эзэрхэг төртэй системд л хийх боломжтой, барууны ардчилсан орнуудад бол хүний ухаан санаанд багтамгүй зүйл.

Хэрвээ вакцин нь хүн төрөлхтний хамтын баялгийн шинэ хэлбэр юм бол үүний төлөө дэлхий даяар өрсөлдөөн өрнөж байгаад гайхаад байх зүйлгүй. Энэ өрсөлдөөний талаар хооронд нь ялгаж салгууштай хоёр өөр яриа хөөрөө ам дамжин тарсаар байна. Нэг хэсэг нь энэ цар тахал бидэнд дэлхийн дайд сэтгэж бай, дэлхийн эрүүл мэндийн асуудлаар дэлхийн бүтцийн бодлого хэрэгтэй юм байна гэдгийг харуулж байна гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь харин эсрэгээрээ эхний ээлжид улс орон бүр өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой гэдгийг харууллаа гэж үзэж байна. Аль яриа хөөрөө нь ялахыг би одоогоор хэлж мэдэхгүй байна. Хэрвээ хоёрдох нь ялах юм бол улс үндэстний төр хоорондоо яаж сөргөлдөхийг бид харах болно. Энэ сөргөлдөөн томоохон үр дагавруудыг дагуулах болно. Урт хугацаанд энэ сөргөлдөөнөөс хэн нь ч хожихгүй.

Орос, АНУ, Хятад гэдэг гурван том тоглогч байх шиг байна. Хүчний энэ харьцаанд Европын Холбоо ямар байр суурь эзэлж байна?

ДЭМБ-ын жагсаалтад бүртгэгдсэн, үр дүнд хүрэх нь тодорхой болчихсон 150 төрлийн вакцин боловсруулалтын шатандаа байна. Энэ жагсаалт вакцин гаргаж авахын төлөө олон төвшинд хүчээ шавхан ажиллаж байгааг харуулж байна. Вакцин гарах нь тодорхой бөгөөд цаг хугацааны л асуудал болоод байна. Нэмж хэлэхэд өнөөдрөөс бусад үед бол хүн төрөлхтөн үүнийг мөрөөдөхөөс хэтрэхгүй байлаа. Энд сонирхол татаж буй нэгэн асуулт бол: Аль орон түрүүлж вакциныг гарган авах вэ? Вакцинаас аль улс ашиг олох вэ? Санхүүгийн хувьд боломжтой том гүрнүүд өнгөрсөн саруудад зүгээр суусангүй, вакцин ашиглах эрхээ баталгаажуулж эсвэл төрийн оролцоотой компаниудаараа дамжуулан судалгааг урагшлуулж байна. Тюүвенгийн Куревак компанийн хувьцааг германы төр худалдан авсан нь ганцхан тохиолдол биш юм. Куревак одооноос АНУ-ын бирж дээр гарч хувьцаагаа арилжаалах болсон нь энэ салбарт үндэстэн дамнасан сүлжээ байна гэдгийг харуулж байна.

Эхлээд өөрийн орны хүн ардад санаа тавих нь засгийн газар бүрийн үүрэг. Улс төрийн ухаалаг удирдлага энэ үүргээсээ эсрэг зүйлийг хийдэггүй.

АНУ Германы биотехийн салбарын компаниуд болон Жонсон Жонсон, Санофи болон бусад олон компаниудтай гэрээ байгуулаад байна. Австрали, Канад, Япон болон бусад орнууд мөн дээрхтэй төстэй гэрээнүүдийг байгуулсан. Европт мөн дээрхтэй төстэй олон оролдлогуудыг хийсэн. Жишээлбэл Герман, Франц, Итали, Нидерланд орнууд эвсэл байгуулж английн Асрта Зенеса концернтой 400 сая лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлэх тухай тохиролцоо хийсэн. Европын Холбоо ДЭМБ ба вакцины төлөөх дэлхийн нэгдсэн эвсэл ГАВИ-ээс эхлүүлсэн ГОВАКС нэртэй идэвх санаачилгад нэгдэж 2021 он хүртэл 2 тэрбум лаазалсан бүтээгдэхүүн худалдан авч, дэлхий нийтэд шударгаар хуваарилахыг хүсэж байна.

Европын орнуудын вакциныг бүх нийтэд тараах санаачилгад давуу тал байна уу? Эцсийн бүлэгт дэлхийн өмнөдийн орнуудыг бодохоос өмнө Герман, Франц зэрэг орнууд эхлээд өөрийн улсын хүн ардад вакцин тариулна шүү дээ.

Дэлхий дахиныг хамарсан цар тахал нь "Бүх хүмүүс бүгдээрээ баталгаатай болоогүй байхад нэг ч хүн баталгаатай болохгүй". гэдэг үндсэн философитой тул хуваарилахдаа ч энэ үзэл санаан дээр суурилан вакциныг хуваарилах хэрэгтэй болно. Нөгөө талаас эхлээд өөрийн орны хүн ардад санаа тавих нь засгийн газар бүрийн үүрэг шүү дээ. Энэ цаг үед засгийн газруудын амжилт болон бүтэлгүйтлийг хэмжих хамгийн чухал масштаб нь цар тахлын үед улс орноо хэрхэн жолоодов? гэдэг асуулт юм. Ухаалаг улс төрийн удирдлагатай орнууд энэ үүргээ цалгардуулахгүй нь тодорхой. Засгийн газрууд зөвхөн өөрийн улс үндэстний богино хугацааны ашиг сонирхол ба дэлхийн нийтийн дунд хугацааны ашиг сонирхол хоорондын зохист тэнцвэрийг хангах хэрэгтэй болоод байна. Сайн харвал дэлхийн нийтийн дунд хугацааны ашиг сонирхол дунд тухайн орны үндэсний эрх ашиг явж л байгаа.

Коронагийн вакцин дэлхийн дараагийн буюу шинэ дэглэмийг тогтоох замыг заах эвслийг бүрдүүлэхэд замын тэмдэглэгээний үүрэг гүйцэтгэх үү? Эндээс ямар орнууд хожих вэ? гэдгийг урьдчилан таамаглах боломжтой юу?

Таны асуултыг би хэт сүржин асуулт гэж бодож байна. Миний бодлоор олон орны хувьд олон улсын эв санааны нэгдэл нь тансаг зэрэглэлийн, үнэтэй бараа болоод хувирчихсанд л асуудал нь байгаа юм. " Хил дамнасан үүрэг" гэдэг нэрээр нэрд гарсан өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн орны өмнө бус бусад орнуудын өмнө хүлээх үүрэг ирэх жилүүдэд маш их дарамтад орох болно. Улс орон бүр чадахынхаа хэрээр үндэснийхээ жороор бантангаа чанахыг оролдох магадлал илүү өндөр байна. Тэгэхийн хэрээр олон улсын эв санааны нэгдэл улам их дарамтад орох болно. Үүнийг наад зах нь хөгжлийн хамтын ажиллагааны төсөв буурах, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанаас хойш суух, батлан хамгаалах, тогтвортой байдалд зарцуулах төсөв буурах зэргээс харчхад л болно. Косполитизм буюу дэлхийн иргэний үзэл, олон улсын эв санааны нэгдэл ба дэлхий дахины өмнө хүлээх хариуцлага эхлээд мэтгэлцээний хүрээнд, дараагаар нь бодит үйл ажиллагаан дээр дарамтад орох аюулд ороод байна.

НҮБ зэрэг олон улсын байгууллагууд геополитикийн хүчний харьцаа шинээр тогтоох өрсөлдөөний хөл доор няц гишгэгдчихгүй байх баталгаа байна уу?

Харамсалтай нь энэхэн эгшинд НҮБ ямар ч үүрэг рольгүй болчхоод байна. Аюулгүй байдлын зөвлөл хуралдаанаа хийсээр байгаа боловч хятадын хориг тавих эрхээс болоод Орос, АНУ саад дайруулсан хүн мэт чадамжгүй болчхоод байна. Хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хөтөлбөр зэрэг салбарт амжилттай ажиллаж байгаа НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд бол байна. ДЭМБ зэрэг хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр байгаа ч улс төрийн өрсөлдөөний хөлд чирэгдэж байгаа байгууллагууд ч байна. Улс төрийн өрсөлдөөн хурцадсаар АНУ ДЭМБ-ын гишүүнчлэлээс гарахдаа тулж, гарна гэдгээ мэдэгдээд байна. АНУ ба Хятадын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн ДЭМБ дээр толины тусгалд харагдаж байгаа юм шиг л тодорхой харагдаж байна.

Вакцин нь хүн төрөлхтний хамтын баялгийн шинэ хэлбэр юм. Вакцины үйлдвэрлэлд хэн түрүүлсэн нь олон улсын бодлогын бусад салбарт тэргүүлдэг уламжлалтай. Хүн төрөлхтний хамтын баялаг буюу стратегийн бүтээгдэхүүнүүд бол манлайлагчдын гартаа барьдаг багаж хэрэгсэл нь.

НҮБ-ын системийн нөлөө эрс суларсан ч огт нөлөөгүй болчхоогүй байна. Гэхдээ бидний мэддэг олон талтын оролцоотой бүтцүүд жинхэнээсээ дарамтад орж хүнд байдалд ороод байна. Өнөөдөр хөгжиж буй орнуудад юу болоод байгаа тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орохгүй байгаа нь энэ талаар ямар ч тоо баримт байхгүй байгаатай холбоотой юм. Хөгжиж буй орнуудад коронагийн тест хангалтгүй, цөөн тоогоор хийгдэж байна. Африкийн хүн амын ихээхэн хувь эсвэл Сири, Ливан, Афганистан зэрэг зөрчилдөөнтэй бүс нутгууд цар тахалд төдийлөн нэрвэгдэлгүй өнгөрвөл гайхамшиг тохиож гэж бодохоос өөр яахав. Зөрчилдөөнтэй бүс нутгууд, Африкийн орнуудад халдвар авагсдын тоо нэмэгдвэл тогтворгүй байдал үүснэ. Тогтворгүй байдал нэгэнт үүсчихвэл хэт оройтно, дэлхийн бодлогод хар нүхнүүд буюу ямар ч арга хэмжээ аваад үр дүнд хүрдэггүй, бүс нутгууд, улс орнуудын тоо нэмэгдэж дэлхий дахины санааг зовоосон асуудлууд улам нэмэгдэх болно.

Проф. Др. Йоханнес Варвик нь улс төр судлаач бөгөөд Халле-Виттенбергийн Мартин Лютерийн нэрэмжит Их сургуульд олон улсын харилцаа, Европын улс төрийн чиглэлээр багшилдаг. 2019 оны 5-р сараас тэрээр Аюулгүй байдлын бодлогын нийгэмлэгийн (GSP) ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. 

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de