02.06.2023

Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо - судалгааны товч тойм

Монгол улсын ахмадын тухай хуулийн дагуу 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 түүнээс дээш насны эмэгтэйчүүдийг ахмад настан гэнэ. Өнөөдрийн байдлаар 344766 ахмад байна.

Үүнээс 238637 эмэгтэй, 106129 эрэгтэй байна. 2017 оны хүн амын тооллогоор ахмад настны нийт хүн амд эзлэх хувь нь 10,4% байсан бол өдгөө 10.1% болж буурчээ. Монгол хүний дундаж наслалт 71,01 хүрч 10 жилийн өмнөхөөс 5-6 насаар нэмэгдсэн хэдий ч ковид цар тахлын үед ахмад настнуудын нас баралт огцом нэмэгджээ. Өндөр насны тэтгэвэр авагсдын 29% нь эрэгтэйчүүд, 71% нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9 насаар бага байна. 

Хөдөлмөр эрхлэлт

2021 оны судалгааны дүнгээр нийт  73438 мянган ахмад /нийт ажиллагсдын 6,6%/ хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй ахмадуудын 28% нь хувиараа, 27.8% өрхийн аж ахуй, 19.2% нь цалин хөлстэй ажилладаг. Тэтгэвэрт гарсан 180 мянга гаруй ахмад ямар нэгэн ажил эрхлэх хүсэлтэй хэдий ч өндөр мэргэжлийн дадлага туршлага бүхий зөвлөх мэргэжилтэн 768 ахмад байна.

Эрүүл мэнд

Ахмад настны 35.1% нь зүрх судасны, 12.6% нь хоол боловсруулах тогтолцооны, 10.3% нь шээс ялгаруулах тогтолцооны өвчин, 8,7% нь мэдрэлийн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

“Настан ба эрүүл мэнд” дэд судалгааны үр дүнгээс харахад ахмад настны 85.5% нь үндсэн болон дагалдах хэд хэдэн өвчтэй байна. Судалгаанд оролцогсдын 43.2% нь цусны эргэлтийн тогтолцооны 13.7% нь хоол боловсруулах эрхтний, 8.6% нь яс булчингийн тогтолцоо болон холбох нэхдэсний өвчтэй байна.

Ахмад настны 80.0% нь сэтгэл санааны байнгын ба байнгын бус шаналгаатай, 20.3% нь сэтгэлээр унасан, 17.4% нь ганцаардалтай байна.

Ганцаардал

Залуучууд ахмадуудыг биеийн эрүүл мэнд нь муудахад, эсвэл аливаа баяр ёслолын үеэр илүүтэй сэтгэл гутарч ганцаарддаг гэж үздэг. Гэхдээ залуус мөнгө санхүүгээр туслахаас илүү /12,2%/ биеэр туслах /30.3%/, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд /31.3%/ бэлэн гэжээ.

Ахмад настны эрхийн зөрчил: Судалгаанд хамрагдсан ахмадууд 100 хувь тэтгэврийн зээлтэй, зээлээр авсан мөнгөө өөрсдийн хэрэгцээнд бус үр хүүхдэдээ зарцуулсан, хууль ёсны дагуу өөрт ногдох мөнгөө захиран зарцуулах эрхгүй, өөрийн хүсэл сонирхлоор нийгмийн харилцаанд оролцох, идэвхтэй амьдрах боломжгүй байна.

Нийгмийн хамгаалал, тэтгэврийн хэмжээ

Өдгөө нийт ахмадуудын 16% буюу 28,2 мянган ахмад амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхөд, 3963 ахмад настан ганц бие, харж хандах ах дүүгүй, 7815 ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтэрт, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид амьдарч байна.

Тэтгэврийн даатгалд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажилтан 8.5%, ажил олгогч 8.5%-ийн шимтгэл тус тус төлдөг. 2022 оны байдлаар 21 жил 3 сар ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн даатгуулагчид өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ. Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоодог.

Нийт 480 мянган иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байна. Тэдний 53.3% нь тэтгэврийн доод хэмжээ буюу 500 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. 97% нь бага тэтгэвэртэй тул амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй.

Амьдрах орчин

Нийт ахмад настны 68.3% нь хотод, 31.6% нь хөдөөд амьдарч байна. Суурьшлаар нь харьцуулан үзэхэд хотын ахмад настны 24.1% нь гэрт, 35.1% нь орон сууцанд, 39,6% нь сууцны тусдаа байшинд амьдарч байна. Харин хөдөөгийн ахмад настны 61.5% нь гэрт, 2.7% нь орон сууцанд, 35% нь тусдаа байшинд амьдарч байна.

Монголын нийгэмд газар авч буй хандлагууд

Нэгдүгээрт: Ахмад ажилчид цаг үеэсээ хоцорч буй тул тэтгэврийн насанд хүрмэгц шууд тэтгэвэрт гаргах

Судалгаагаар насаар хязгаарлан тухайн хүний саналыг харгалзахгүй тэтгэвэрт гаргах нь буруу гэж 68% нь үзсэн.

Судалгаагаар ахмадуудыг тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв гэж 20.4%, санал нийлэх талдаа гэж 36.0% нь үзсэн.

Судалгаагаар залуучуудын 10.9% нь ахмадууд цаг үеийн хөгжлөөс хоцрогдсон, 36.1% нь хоцрогдох талдаа гэж үзсэн.

Хоёрдугаарт: Ахмад болон залуу үеийн хооронд соёлын зөрүүтэй байдлаас үүдэлтэй зөрчил их байна.

Судалгаагаар ахмадуудын хэлсэн үг, сургамжийг дагах нь зөв гэж 40.5%, санал нийлэх талдаа гэж 47.7% нь үзсэн бол ахмадууд үндэсний уламжлал, өв соёлыг хадгалан дамжуулагч мөн гэж 65% нь, санал нийлэх талдаа гэж 29.0% нь үзэж байна.

Гуравдугаарт: Ахмад настнууд нийгмээр тэжээлгэж суудаг, баялаг бүтээхэд оролцдоггүй илүүдэл бүлэг

Судалгаагаар төр олон нийтийн зүгээс ахмадуудад дэмжлэг тусламж үзүүлэх үүрэгтэй гэж 54.4%, санал нийлэх талдаа гэж 36.3% нь үзсэн бол ахмадуудыг гэр бүл, үр хүүхэд нь асран халамжлах үүрэгтэй гэж 72.8%, санал нийлэх талдаа гэж 19.9% нь үзсэн.

Судалгаагаар дээрх хандлагууд батлагдаагүй. Харин ахмадуудыг харилцааны соёлоор тааруу, өөрийнхөөрөө зөрүүд гэж үнэлжээ. Мөн ахмадууд архи их хэрэглэдэг, согтуу явах нь таалагддаггүй 63.4%, өөрт хамааралгүй зүйлд оролцож бусдыг зааж зааварладаг 56,5%, аль нэг нам, хүнийг туйлшран шүтэж зөв буруугүйн дэнсгүй дэмжиж байгаа нь таалагддаггүй гэж 42,0% нь үзсэн.

Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо судалгааны тайлан

Судалгааг Мэдлэгийн хотхон НҮТББ хийж гүйцэтгэв.

Судалгааны тайланг эндээс татаж авах боломжтой. 

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de