12.01.2021

Даяаршлын нэгэн шинэ үе эхлэв үү? 

Ковид-19 ганцхан цохилтоор даяаршин хөгжиж, эдийн засгийн холбоосоор аалзны тор мэт хэрэгдсэн буй эх дэлхийг маань нам зогсоож, хөгжлийг гацааж орхив. Коронавирус дэлхийн эдийн засгийн систем ямар хэврэг юм бэ? Дэлхийн улс орнуудын харилцан хамаарлын зэрэг хэр өндөр юм бэ? гэдгийг ил гаргаж ирээд бидэнд харууллаа шүү дээ.

Эдийн засгийн хайпер даяаршлын суурийг бүрдүүлэгч зах зээлүүдийн нэгдэл, бараа үйлчилгээний чөлөөт урсгал, секунд дойлоор хэмжигддэг, агуулахгүй нийлүүлэлтийн ложистик, мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг олон улсын хөдөлмөрийн хуваарь, урт бөгөөд цогц нийлүүлэлтийн сүлжээнүүд зэрэг нь хэдхэн долоо хоногийн дотор гацаж саатаж орхив. Ковид-19 даяаршлын хөгжлийн төвшнийг бууруулж орхив уу? Энэ асуултад хариулт өгөхөд эрт байна. Харин Ковид-19-тэй хамт дэлхийд нэгэн шинэ хямрал эхлэх нь тодорхой байна.

Олон долоо хоног үргэлжилсэн хөл хорио, өдгөө авч эхлээд байгаа хязгаарлалтыг сулруулах арга хэмжээнүүдийн дараагаар дэлхийн улс орнуудын нийгмийн нэгдэл, эдийн засагт урт хугацаандаа ямар үр дагаврыг авчрах вэ? гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй, эргэлзээтэй, айдастай байна.

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хувьд бусад орноос хамааралт байдлаас айх айдас гүнзгийрсэн эргэлтийн нэгэн цэгтээ хүрээд байгаа нь тодорхой болоо. Хөгжлийнхөө хүрсэн төвшингөөс ухрах бий гэдэг айдастай орнууд олон байна. Ковид19-ийн эдийн засгийн шууд нөлөөг арилгах арга хэмжээ авч эхлэхээсээ өмнө цар тахал эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд хүргэх үү? хүргэхээр бол өөрчлөлт нь ямар хэлбэртэй байх бэ? гэдэг асуултад хариулчхаад хэрэгжилтээ эхлүүлээрэй. Хэдэн аравны өмнө даяаршлаас хүлээгдэх эерэг хүлээлтүүд ба зөгнөлүүд хэлэлцүүлэгт давамгайлж байсан бол өдгөө аюул, заналхийллийн талаар түлхүү ярьцгаах боллоо. Дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээ хэтэрхий урт, хэтэрхий цогц байна уу? Дэлхийн улс орнууд эдийн засгийн хувьд бусад орноос, нэн ялангуяа Хятадаас хамааралт байдлаа хэрхэн бууруулах бэ?Дотоодын зах зээлээ бусад орнуудаас тусгаарлан хамгаалах нь дээр үү? гадаадад байгаа үйлдвэрлэлийн салбараа эгүүлэн татах уу? зэрэг олон хэлэлцүүлэг өрнөж байна. ОУВС сүүлийн 90 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй хүнд хямрал болно гэсэн бол Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 3 сарын байдлаар дэлхийн нийт 3.3 тэрбум ажиллах хүчний 2.7 тэрбум нь компани нь хаагдах, нийлүүлэлтийн сүлжээг богиносгох арга хэмжээнд өртөх болно. 2020 онд 230 сая бүтэн цагийн ажлын байр үгүй болж болзошгүй. Үүнээс болоод олон хүмүүсийн нийгмийн байдал хүндэрнэ. Сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаагаа ядуурал дэлхий дахинд эрс нэмэгдэж дахин хагас тэрбум хүн ядууралд өртөнө гэжээ. Дэлхийн Худалдааны Байгууллагаас 2020 онд дэлхий худалдаа цар тахлын өмнөхөөс гуравны нэг буюу 30%-иар агших болно хэмээн таамаглажээ. 5 сарын байдлаар тив хоорондын усан онгоцны ачаа тээвэрлэлтийн тавны нэг орчим хувь нь цуцлагджээ. Мөн Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалт ГШХО 50 орчим хувиар буурна. Дэлхийн өмнөдийн орнуудын эдийн засгийн амин чухал эх үүсвэр болох гадаадад ажиллагсдын эх орон руугаа шилжүүлдэг мөнгөний хэмжээ тавны нэг хувиар буурна. Даяаршил одоогоос арван жилийн өмнө хөгжлийнхөө дээд төвшинд хүрээд хөгжил нь буурч байна. өнгөрсөн арван жилд эдийн засгийн хөгжлийн динамик бүхэлдээ буурч  хөгжлөөр буурай орнудын эдийн засгийн өсөлт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шаардагдах өсөлтийн доод хувь хэмжээ буюу 7 хувьд ч хүрсэнгүй.    ОУВС үүнийг “шинэ дундаж” гэж нэрлэсэн юм. Америкийн эдийн засагч Лерри Саммерс “дэлхийн зогсонги байдал” гэсэн бол хятад улс “шинэ хэвийн байдал” хэмээн нэрлэж байна. Эдгээр ойлголтууд өсөлтийн хувь хэмжээ нь доогуур, бууралттай, хөрөнгийн орлого багатай нэгэн шинэ “мөстлөгийн үе” эхэлж байгааг тодорхойлж байгаа юм. Хүн амын эрчимтэй өсөлт, улам бүр өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал, бодлогын арга хэмжээнүүдийг дэмжих хүн амын дэмжлэг сул, инновацид шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, банкнуудад итгэх итгэл суларсан, төрийн өр эргэн төлөх чадвараас хэт давсан зэрэг олон учир шалтгаануудын аль нь ч байлаа гэсэн эдийн засгийн өсөлт нь нийгмийн сайн сайхны эргэлтийн болон тулгуур цэг нь болдог улс ардын аж ахуйнууд болон энэ хөгжлийн загвараар хөгжиж буй орнуудын хувьд яав ч сайн мэдээ биш. ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд байсхийгээд өсөлтийн таамгуудаа өөрчилж байгаа ч 2020 онд дэлхийн ДНБ гурван хувиар буурах таамаг байна. Америкийн банкны санал асуулгын дүнгээр үндэстэн дамнасан компаниудын 80% нь хийлийн чанадад байгаа үйлдвэрлэлийн салбаруудынхаа зарим хэсгийг эгүүлэн татахаар төлөвлөж байна. Үндэстэн дамнасан компаниудыг өвсний сөлийг даган нүүдэг царцаа шиг хаа ашиг өндөр байна? тэнд ашгаа хийдэг. Ашиг буурчихвал буцаад явчихна гэдэг тодорхойлолт юутай үнэн. Энэ талаар Коронагийн тун II-оос гүнзгийрүүлэн уншаарай.

 

Дэмбэрэлийн Нарантуяа нь МУИС-ийн докторант, МҮОНТ-ийн Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн алба, Хүүхдийн нэвтрүүлгийн албанд сэтгүүлч, редактороор 17 жил ажилласан, телевизийн салбарын мэргэшсэн уран бүтээлч. Нийгэм улс төр, эдийн засаг боловсрол, соёл иргэншил, үндэсний хөгжил, оюун санааны үнэт зүйл, сургамж, санал шүүмж, анализ дүгнэлтийн олон арван нийтлэл нэвтрүүлгийн зохиогч редактор, хөтлөгчөөр ажилласан нийгмийн сэтгүүлч.

Фридрих-Эбертийн-Сан Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org

эхлэл хэсэгт буцах