02.06.2022

ЯГ ОДОО!

Цалингийн доод хэмжээ, цалин нэмэх, инфляцыг тэнцэтгэх: Эдийн засгийн салбарын Нобелийн шагнал үйлдвэрчний эвлэлийн үндсэн шаардлагад шинэ эрч хүч нэмлээ.

Дэвид Гардын 30 жилийн өмнө хийсэн судалгааны ажилд 2021 оны 10-р сард нобелийн эдийн засгийн шагналыг олголоо. Эдгээр судалгааны ажил өнөөг хүртэл ач холбогдлоо гээгээгүйн учир нь юундаа байна? 

Гард ба түүний энэ хооронд насан эцэслэсэн хамтран зүтгэгч Алан Крюүгерийн мэдлэг чухал ач холбогдолтой, хожим хийгдсэн эмпирик судалгаанууд цалин нэмлээ гээд ажлын байр үгүй болдоггүй, тэдний зөв гэдгийг баталсаар байсан ч өнгөрсөн хэдэн арван жилд хөөрөгдөлд хөтөлдөг онол цалин нэмлээ л бол ажлын байрууд үгүй болно хэмээн нотолж энэ байр суурин дээрээ хатуу зогссоор байсан юм. Энэ онолыг юуны өмнө сонгодог эдийн засагчид, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг томоохон холбоод, Олон  улсын Валютын сан зэрэг зарим олон улсын байгууллагууд сурталчилсаар байлаа. 

Нобелийн шагнал нь Гард болон бусад судлаачдын судалгааны үр дүнг тайзны гэрэлд ил гаргаж ирснээрээ ач холбогдолтой юм. Нобелийн шагнал нь олон улсын хамгийн дээд түвшинд судалгааны үр дүнг үнэлж олон жилийн өмнөөс няцаагдсан ч амь бөхтэй оршсоор байсан “цалин нэмэгдүүлэх нь ажилчид болон эдийн засагт муу “гэдэг эдийн засгийн ам дамжсан ярианд цэг тавьж чадлаа. 

Дээрээс нь улс орнуудын засгийн газрууд цар тахлын дараах үед эдийн засгаа сэргээх хөтөлбөрөө боловсруулж тулганы чулууг нь тавьж буй шийдвэрлэх чухал үед нобелийн шагналыг олгосон нь цагаа олсон шагнал боллоо. Үйлдвэрчний эвлэлүүд цар тахлын  дараах үеийн дэлхий дахины эдийн засгийн сэргээх хөтөлбөрүүдэд бүх ажилтнуудыг оролцуулах ёстой гэдэг шаардлага дээрээ хатуу зогсож байна. Хуримтлалгүй, ажлын байр нь баталгаа султай бага цалинтай ажиллагсад цар тахлын үед ачааны хүндийг үүрч байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Иймээс цалингийн доод хэмжээний судалгаанд чухам яг одоо илүү анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай хэрэг. Ингэснээр засгийн газруудад зохист цалинтай, хүний ёсоор ажиллах хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлсэн ажлын байрыг  олноор нь бий болгох замаар эдийн засгаа сэргээх боломж байгаа гэдгийг сайн ойлгуулахад илүү хялбар байх болно. 

Нобелийн эдийн засгийн шагнал олгосноор цалин нэмэх нь ажилчид болон эдийн засагт муу гэдэг олон жилийн өмнө няцаагдсан ч амь бөхтэй оршсоор байсан ам дамжсан ярианд цэг тавьж чадлаа.

Цалингийн доод хэмжээ ба цалин нэмэх шаардлагыг няцаахын тулд зарим эдийн засагчид болон улс төрчид Эрэлт ба Нийлүүлэлтийн хялбархан логикийг ашиглахыг оролдож байна. Өдгөө энэ логикийг эрүүл ухаантай хүн бүрд ойлгомжтой зүйл гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Таны ажигласнаар энэ эсэргүүцэл эмпирик судалгааны нөлөөн доор сарниж эхэлж байна уу? 

Зарим нэг ашиг сонирхлын бүлгүүд, консерватив үзлийг баримталдаг эдийн засагчид, олон улсын байгууллагууд цалин нэмэгдэхэд ажлын байр үгүй болдог гэдэг маргаантай онолыг цаашид ч баримталсан хэвээр байна. Үүнийг няцаах нотолгоо улам олон болсоор байгаагаас болоод хэлэлцүүлэг ийм урвуу хамаарал байхгүй гэдэг тал руугаа эргэж байна. Гард Нью Жерси муж улсад цалингийн доод хэмжээний нэмэгдэл ямар нөлөө үзүүлэв гэдгийг голлон судалсан, харин хожим нь АНУ-ын бусад муж улсууд, Индонези, Бразил, Өмнөд Африк, Германд цалингийн доод хэмжээг нэвтрүүлэх ба цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний нөлөөг судалсан бусад эмпирик судалгаагаар цалингийн доод хэмжээг тогтоосноор, нэмэгдүүлснээр ажлын байр үгүй болдоггүй гэдгийг баталсаар
байсан. Иймээс бид зарим олон улсын байгууллагуудын ойлголт өөрчлөгдөж байгааг харж байна. 2012 онд жишээ нь Дэлхийн Банк цалингийн доод хэмжээний талаар баримтлах байр сууриа илт өөрчилсөн. Тус банкны “Ажлын байр бий болгох зохицуулалтын тэнцвэрт байдлыг хангах” тухай илтгэлд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэдгийг батлах зарим нотолгоог танилцуулсан байдаг. 

Дээрээс нь Их 20-ийн гишүүн орнуудын засгийн газрууд цалинг удаан хугацаагаар зогсонги байдалд барих нь нийгэм, эдийн засагт ямар тогтвортой нөлөө үзүүлдэг вэ? гэдгийг анхааралдаа авч зогсонги цалин нь тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн. ИХ 20-ийн гишүүн орнуудын үйлдвэрчний эвлэлүүд засгийн газрууддаа хүчтэй шахалт үзүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажилласан учраас Их 20-ийн гишүүн орнууд цалин ба цалинд хөтлөгдсөн өсөлтийн нотолгоо дээр ажилласан. 2018 онд ИХ 20-ийн хөдөлмөрийн сайд нар ДНБ-нд эзлэх цалингийн зардал буураад байгаагийн эсрэг ямар нэг арга хэмжээ авах ёстой гэдгийг ойлгосон.

2019 онд өөрчлөлтийн чиглэлд бас нэг чухал алхам хийсэн нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас “Хөдөлмөрийн ирээдүйн төлөөх зууны тайлбар” баримт бичгийг баталсан. Уг баримт бичиг бүх ажилчид цалингийн зохист доод хэмжээгээр цалинжих эрхтэй гэдэгт хүч нэмсэн. Ингэснээр засгийн газар, ажилчид, ажил олгогчдын гурван талын оролцоотой ОУХБ энэ зорилт онцгой чухал ач холбогдолтой гэдэг дээр санал нэгдсэн. Бид засгийн газруудад амлалтыг нь сануулж байх ёстой. 

Судалгааны үр дүнгээс цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь хөдөлмөр эрхлэлтэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталсан. Тэгсэн ч үйлдвэрчний эвлэлүүд энэ үр дүнг шаардлагадаа хэрхэн ашиглах вэ?

Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн олон жилийн туршид Дэвид Гард ба түүний хамтран зүтгэгчдийн шинжлэх ухааны ололт дээр суурилан тэмцэж бусад эмпирик судалгаанууд цалин нэмэгдүүлэхийн давуу талуудыг тогтоож эдгээр судалгааны үр дүнг кампанит ажлууд, тарифын хэлэлцээрт орохдоо цалингаа нэмэгдүүлэх шаардлагынхаа үндэслэл болгон ашиглаж байна. Нобелийн шагналын нөлөөгөөр эдгээр судалгаануудын үнэлэмж эрс дээшилсэн тул үйлдвэрчний эвлэлүүдийн шаардлагын үндэслэл, баримт фактын суурь баталгаатай болж хүчирхэгжиж байна. Дээрээс нь судалгааны ажлын үнэлэмж дээшилсэн нь ажил олгогч эздийн довтолгоог няцаах цалингийн доод хэмжээг нэмэгдүүллээ гээд ажлын байр үгүй болохгүй гэдгийг батлахад илүү амар боллоо. 

Одоо бид засгийн газруудад амлалтыг нь сануулж байх ёстой.

Нобелийн шагналаар үнэлэгдсэн судалгаа цалингийн доод хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшнийг хангах хэмжээнд тогтоох тухай хэлэлцүүлэгт ямар ач холбогдолтой вэ?

Уг судалгаа дэлхий дахины үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнүүд хуулиар цалингийн доод хэмжээг тогтоох арга хэмжээ эсвэл тарифын хэлэлцээрээр амьжиргааны баталгаажих доод түвшнийг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд цалингийн доод хэмжээг тогтоох тухай
шаардлагад хүч нэмэх нь дамжиггүй. Энэ нь юуны өмнө ажилчид, тэдний гэр бүлд хүний ёсоор амьдрах амьдралын нөхцөлийг баталгаажуулахад чухал. Харин үүнийг өргөн агуулгаар нь нийтийн сайн сайхан байдал, нийт эдийн засагт давуу тал гэдэг талаас нь ойлгуулах нь чухал. Өндөр цалин ядуурлыг бууруулж хэрэглээг хөхиүлэн дэмжиж ингэснээр эрэлтийг нийтэд нь дэмжиж бүтээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна, татварын орлогыг нэмэгдүүлнэ, нийт эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Дэвид Гардын мэдлэг ажилчдын сайн сайхан байдал, эдийн засгийн дэвшил хоёрын нэг нь нөгөөдөө хаалт болдоггүй гэдгийг тодорхой болгоход тус дэм болдог. Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос (цаашид ОУҮЭХ хэмээн товчлох) цалингийн доод хэмжээг тогтоох,  цалингийн доод хэмжээг амьжиргааны баталгаажих түвшнийг хангахуйц хэмжээнд тогтоохын төлөөх тэмцэлд ямар дэмжлэг үзүүлж байна вэ? ОУҮЭХ нь бүс нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоод үүний дотор ITUCAsia- Pazific- Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ази-Номхон далайн бүсийн салбар, Европын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Trade Union Confederation of the Americas -Америкийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос олон жилийн өмнөөс дэлхий дахинд кампанит ажил өрнүүлж цалингийн доод хэмжээг амьжиргааны баталгаажих түвшнийг хангах хэмжээнд тогтоох тухай шаардлагыг тавьсаар ирсэн. Эдгээр кампанит ажлууд нь манай холбоотой хамтран ажилладаг үйлдвэрчний эвлэлүүдийг хүчирхэг болгож хуулиар тогтоодог цалингийн доод хэмжээг нэвтрүүлэх, нэмэгдүүлэх, тарифын гэрээний хамрах хүрээг өргөтгөхийн төлөөх тэмцэлд нь дэмжлэг болох юм. Кампанит ажлууд үйлдвэрчний эвлэлүүдэд судалгаа, ажилчдын ашиг сонирхлыг төлөөлөх, чадамжаа нэмэгдүүлэхэд нь тус болдог. Бид үйлдвэрчний  эвлэлүүдэд харилцан суралцах боломж бүрдүүлэхийн тулд тэдний хоорондын мэдээлэл, туршлага солилцох үйл ажиллагааг дэмжихийг хүсэж байна. Жишээлбэл: тэд цалингийн доод хэмжээний асуудлаар баримталдаг төрөл бүрийн стратегиа хуваалцах. Зарим  үйлдвэрчний эвлэлүүдэд цалингийн шаардлагаа боловсруулах, баталгаатай баримт нотолгоо бүрдүүлэхэд нь зорилтот, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. (Жишээ нь: амьдралын өртгийн тухай тоо баримтууд). Бид үйлдвэрчний эвлэлүүдэд туслахын тулд судалгааны илтгэлүүд, кампанит ажлын материалуудыг хэвлэн нийтэлдэг. Мэдээж эдгээр кампанит ажлын хүрээнд үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд зорилтод нийцсэн лобби ажлуудыг хийдэг. Оролцогч үйлдвэрчний эвлэлүүдийн нэлээд хэсэг нь цалингийн доод  хэмжээг тодорхой нэмэгдүүлж чадсан. Африкийн холбоо, Европын Холбоо, Их 20 зэрэг бүс нутгийн, олон улсын чухал байгууллагууд цалин нэмэгдүүлэх зорилтыг ач холбогдлыг өндрөөр үнэлдэг болсон. 

Гард, Крюүгер нарын “бодит туршилтууд” өмнө нь эмпирик судалгаагаар нотлогдсон газар нутгууд хоорондын зөрүүтэй байдал дээр үндэслэн тогтоосон үр дүн бусад салбаруудад мөн тустай байж чадах уу?

Гард, Крюүгер нарын эдгээр “туршилтууд” нь цалин нэмэгдүүлэхэд ажлын байр үгүй болдог гэдэг сонгодог онолыг няцаахад тус болсон. Өөр нэг онолыг нэлээд тооны консерватив эдийн засагчид цааш нь үргэлжлүүлэн сурталчилсаар байна. Энэ нь: Нийгмийн даатгалын санд төлөх шимтгэл, суутгалын хувь хэмжээ өндөр байх нь хөдөлмөрийн өртгийг нэмэгдүүлдэг тул ажилчин ажилд авахад саад тушаа болдог гэдэг онол юм. Ямар нэгэн шалтгаанаар энэ онол сүүлийн жилүүдэд илүү нэрд гарсан. Дэлхийн банк саяхан ном товхимолдоо энэ онолыг сурталчилсан нь нэг шалтгаан байж болох юм. Үүнээс гадна сүүлийн үед нэлээд орны засгийн газрууд ажил олгогчдын нийгмийн зардлын тодорхой хувийг ажилтнуудад үүрүүлж эхлээд байна. Зарим ажил олгогч нар тэр ч байтугай шимтгэл дээр суурилсан нийгмийн даатгалыг бүр байхгүй болгохыг шаардаж байна. 

Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах хандлага нь ажилчдын нийгмийн хамгааллын зохист түвшнийг хангах санхүүжилтийн суурьт ноцтой аюул учруулж болзошгүй юм. 

Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах хандлага нь ажилчдын нийгмийн хамгааллын зохист түвшнийг хангах санхүүжилтийн суурьт ноцтой аюул учруулах эрсдэлтэй юм. Мөн энэ онолын зөв гэдгийг батлах эмпирик нотолгоо огт байхгүй. Хэрвээ хэн нэгэн ажил олгогчийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ практик дээр ямар нөлөө үзүүлж байгаа талаар судалгаа хийх юм бол сонирхолтой үр дүнд хүрэх нь магад бөгөөд Гард, Крюүгер нартай төстэй үр дүнд хүрэх болов уу? хэмээн таамаглаж байна. Миний бие энэ талбар дээр судалгаа үргэлжилбээс ихээхэн баярлах болно.

Зохиогч Эвелин Астор нь Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилладаг. Тэрбээр ёс зүйтэй худалдааны санаачилгын захиргааны зөвлөлийн гишүүн, Глобал манлайлагч хөтөлбөрийн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын нийгмийн хамгааллын суурь түвшин төслийн зөвлөхөөр ажилладаг. 

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй. 

Энэхүү нийтлэл нь анх  Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Фридрих-Эбертийн-Сан Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org

эхлэл хэсэгт буцах