14.06.2021

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ХОТОД НУУГДАЖ АМЬДАРДАГ

Энэ удаагийн зочин болох Анне Тулкин маань АНУ-аас холбогдлоо. Тэрээр АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан Нээлттэй Коллеж (Accessible College)-ийг үүсгэн байгуулсан ба одоо захирлаар нь ажиллаж байна.

Хатагтай Тулкин 2007-2008 онд “Сургуульд суралцагч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд хандах Монгол багш, сонирхогч бүлгүүдийн хандлага”-ын тухай магистрын ажлын судалгаа хийжээ. Бидэнтэй “Сайн байцгаана уу” хэмээн Монголоор мэндлээд, өөрийгөө манай улстай зүрх сэтгэлээрээ холбоотой нэгэн хэмээн танилцуулсан юм. Тэрээр анх 2003 онд АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар Дорнод аймгийн Чойбалсан хотын ерөнхий боловсролын 8-р сургуульд хоёр жил ажиллаж, тус сургуулийн багш нарын заах арга зүйг сайжруулах чиглэлээр Энх тайваны корпусын төсөл хэрэгжүүлжээ. Хожим АНУ-д магистрантурт суралцаж байхдаа Фулбрайтын хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдан, өмнө дурдсан судалгааны ажлаа хийн, дахиад жил гаруй Монгол Улсад амьдарсан байна. Монголд элгэмсэг хатагтай Тулкин хуримынхаа бал сарыг хүртэл манай улсад тэмдэглэжээ.

Хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээл илүү ойр мэдрэгддэг

Энх тайваны корпусын Монгол амьдрал, ахуйтай танилцах сургалтаа Хатагтай Тулкин Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд хийжээ. Хөдөөний айлд гурван сар сууж, Монгол соёл, ёс заншилтай танилцаж, хэлний эрчимтэй сургалтад хамрагдсан тэрээр шууд алс зүүн хязгаарын Чойбалсан хотод ажиллахаар болжээ. Тус хотод  ажиллаж байхдаа тэрээр ерөнхий боловсролын сургуульд нь хэд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байхыг анзаарчээ. Тухайн үед оюуны бэрхшээлтэй хүүхдийг эргэн тойрных нь хүмүүс “тэнэг хүүхэд” гэж дууддаг байсныг тэрээр дурсаад, аливаа хүн хөгжлийн бэрхшээлийг хэрхэн тодорхойлж байгаа нь тэдний хандлагаар илэрхийлэгддэг болохыг онцолсон. 

Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сургуулийн орчин хүртээмжтэй бус, саад ихтэй байсан хэдий ч үе тэнгийн найзууд нь тэдэнд ихээхэн тусалдаг болохыг тэрээр ажигласан байна. Хоттой харьцуулахад хөдөө, орон нутагт хүн амын тоо бага учраас хүмүүс бие биенээ сайн таньдаг. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг нуух боломжгүй. Ийм нөхцөл байдлын улмаас хөдөө дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд хот суурин газартай харьцуулбал нийгмийн харилцаанд түлхүү ордог. Нутгийн иргэд хөгжлийн бэрхшээлийг Бурхны шашинтай холбон тайлбарладаг. Тухайлбал, өмнөх төрөлдөө муу зүйл үйлдвэл энэ төрөлдөө хөгжлийн бэрхшээлтэй болж төрнө гэх ойлголт Монголчуудын дунд зонхилж байсан нь хатагтай Тулкины гайхлыг төрүүлж байсан аж.  

Тэрээр Улаанбаатар хотод судалгааны ажлаа хийх явцдаа хотын амьдралтай танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал ахуй, тэдэнд хандах хүмүүсийн хандлагын талаарх бодлоо бидэнтэй илэн далангүй хуваалцсан юм. Хөдөөтэй харьцуулахад хотод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гадуур бараг л харагддаггүй, зөвхөн гуйлга гуйж байгаа юм уу эсвэл гэр оронгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л гудамжинд харагдагддаг. Учир нь Улаанбаатар хотын хувьд дэд бүтэц хүртээмжтэй бус, ээлгүй байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадуур чөлөөтэй зорчиж чаддаггүйтэй холбоотой хэмээн тэр тайлбарлав. Мөн хотод хүмүүс илүү хаалттай төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ бусад хүмүүсээс нуух тохиолдол ч байдгийг хатагтай Тулкин анзаарчээ.

Анне судалгаандаа хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн. Жишээлбэл, хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү гадуур гарч, хүмүүстэй харилцдаг ч энэ нь яг тэгш хамруулалт байж чадах уу? Монголчуудын хувьд  тэгш хамруулалт гэж яг юуг хэлээд байгааг ойлгохыг оролдсон нь цаашид түүнийг  тусгай боловсролын чиглэлээр судалгаа хийхэд нь чухал нөлөө үзүүлжээ.

Алдагдсан боломжууд

АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  хамгаалах, дэмжихэд чухал нөлөө үзүүлснийг хатагтай Тулкин бидэнд онцолж байв. Ялангуяа, хоёр хуулийг ( The Rehabiliation Act 1973, Americans with Disabilities Act 1990) тэрээр тусгайлан дурьдаж, энэ нь АНУ зэрэг  хөгжингүй орнуудад дээр үеэс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ  эрхийг хамгаалах, тэднийг хөдөлмөр эрхлэлт болон боловсролын салбарт  ялгаварлан гадуурхах явдлыг зогсоох, орчны хүртээмжийг сайжруулах зэрэгт анхаарч ирснийг сонсоод атаархаж сууснаа нуух аргагүй. Гэтэл манай  улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг тавхан жилийн өмнө анх баталсан нь энэ хоёр нийгмийн хооронд асар их ялгаа байгааг түүнтэй ярилцахдаа мэдэрсэн юм. Хэдийгээр орчныг бүх нийтэд хүртээмжтэй болгох тухай хууль, дүрэм журам, стандарт нь батлагдчихсан боловч эдгээрийг хэрэгжүүлэх, хянан шалгах тогтолцоо сул байна. Үүнийг манай зочин онцолж, бид хууль тогтоомжоо хэрэгжүүлэхгүй, хяналтгүй сул орхисноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд ээлтэй орчин буй болгох боломжоо энэ их хурдацтай хотжилтын үйл явцад алдсаар л байна. Анхнаас нь чанарын стандартын дагуу барихгүй, налуу зам барьсан гэсэн нэр төдий байх нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд учрах орчны саадыг арилгаж чадахгүй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд  гадуур чөлөөтэй, саадгүй явдаг байж л нийгмийн амьдралд тэгш хамрагдаж, өөрсдийн эрхийг хамгаалахаар гарч ирж, дуу хоолойгоо хүргэх болно гэдгийг тэрээр онцолсон юм. 

АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхээ хамгаалуулахаар тэмцэж буй баримтат кино (Crip Camp)-г үзэхийг хатагтай Тулкин бидэнд санал болгосон. Энэ нь манайхан ч гэсэн АНУ-ын нэгэн адил  хүний эрхийг дээдлэдэг ардчилсан орны хувьд иргэд дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлээсэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань эрхийнхээ төлөө тэмцээсэй гэж хэлэхийг зорьсон мэт. Ярилцлагын явцад зочин маань Монгол хүмүүст байдаг сайхан чанарыг олонтаа дурсаж байв. Тухайлбал, Монголд гудамжинд явж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараад хэн ч уриалгахан тусалдаг нь нөгөө талаараа тэдэнд өдөр тутамд тулгардаг орчны саадыг нь давахад тусалдаг гэсэн юм.

ХБИ-ийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхдээ

Хатагтай Тулкин 2008 онд хийсэн судалгааны ажилдаа манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлага муу байгаа нь нийгэмд эргээд олон сөрөг асуудал үүсэхэд нөлөөлж байдаг талаар бичсэн байдаг. Хэрхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хандлагыг эерэг болгох талаарх бидний асуултад тэрээр ямар ч эргэлзээгүйгээр мэдээллийн хэрэгслүүдээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулцуул, олон нийтэд таниулах хэрэгтэй гэж хэлсэн юм. Хэдийгээр нийгэмд  энэ асуудлаар бусад хүмүүс ярихгүй байсан ч гэсэн дуу хоолойгоо тасралтгүй хүргэх хэрэгтэй гэж тэрээр үздэг аж. Мөн Монголчуудыг Солонгос олон ангит кино үзэх дуртайг анзаарсан тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  талаарх дэлгэцийн контентыг нийтэд хүргэх нь үр дүнтэй аргуудын нэг хэмээн онцолсон юм. Эцэст нь хэлэхэд, зочин маань Монголд байхдаа Шар хадны эмнэлэгт (СЭМҮТ) оюуны хувьд ямар ч бэрхшээлгүй  тархины саажилттай хүүхдүүдийг байлгаж байсныг хараад  хэрвээ тэр хүүхдүүд АНУ-д төрсөн бол амьдрал нь ямар өөр байх байсан гэсэн бодол төрсөн гэдгээ хуваалцсан нь бид цаашид ямар их зүйл хийх хэрэгтэй, АНУ зэрэг орнуудаас хичнээн хол байгааг ахин нэг удаа ухааруулсан юм.  

М.Сайнбуян

Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэнгийн төслийн зохицуулагч бөгөөд Канадын Вотерлүүгийн Их Сургуульд улс төр судлал болон БНСУ-ын Ёнсей Их сургуульд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Фридрих-Эбертийн-Сан Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org

эхлэл хэсэгт буцах