28.10.2021

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвхитэй оролцоо нийгмээс хамааралтай...

Энэ удаагийн зочин Чиба Хисао маань Япон улсаас холбогдож байна. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдэнд учрах саад бэрхшээлийг арилгахын төлөө ажил, амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан эрхэм нэгэн билээ. Бангкок хотноо НҮБ-ийн Ази номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисст томилогдсоноор энэ чиглэлээрх ажлын гаргаагаа эхлүүлж байжээ.

Чиба Хисао 2016-2020 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас Монголд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийн нийгмийн оролцоог дэмжих төсөл дээр ажиллаж байсан. Төслийн үр дүнд ХБИ-ийн асуудлаарх мэдээлэл, судалгааны нэгдсэн статистиктай болж “Цагаан ном”-ыг 2018, 2019, 2020 онуудад боловсруулан гаргаж нэгдмэл бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулсан байна.   Харин өнөөдөр Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжихээр ЖАЙКА-аас Монголд 2021-2024 онд хэрэгжүүлэх төсөл дээр идэвхийлэн ажиллаж буй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд учирдаг түгээмэл саад, бэрхшээлүүд

Чиба Хисао хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь биеийн, харилцаа мэдээллийн болон ухамсарын гэсэн 3 төрлийн бэрхшээлээс үүдэн хүрээлэн буй орчинтойгоо харьцахад хүндрэлтэй байдаг, харин эдгээр саад бэрхшээлийг давчихвал тэдгээр иргэд нийгэмд илүү оролцоотой, идэвхтэй байж чадна гэдгийг онцоллоо.  

Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд биетээр учирдаг саад бэрхшээл маш түгээмэл байдаг. Наад зах нь тэдэнд зориулсан зам, шат гэж бараг байдаггүй. Байгаа цөөхөн нь стандартад нийцээгүй, хэтэрхий огцом өгсүүр байх жишээтэй. Мөн, харилцаа, мэдээллийн саад их учраас тэд нийгмээс тусгаарлагддаг. Сүүлийн үед Mонголын үндсэний телевиз болон өөр бусад сувгууд дохионы хэлмэрчээр дамжуулан мэдээллээ дамжуулж байгаа нь сайшаалтай. Ухамсарын түвшинд авч үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд идэвхтэй, оролцоотой байхад саад болж буй гол зүйл нь “тухайн хүн өөрөө биш, харин нийгэм нь юм” гэдэг ойлголтыг Монголчуудад хүргэж, ойлгуулах нь Чибагийн гол хүсэл, эрмэлзэл юм.  

Харилцан ажиллагаа, хамтын хүчин чармайлтын үр дүн

Тэрээр 2016 оныг одоо үетэй харьцуулахад ахиц дэвшил, өөрчлөлт гарсан эсэх талаар сэтгэгдэлээ хуваалцахдаа харилцан уялдаа холбоо, хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг онцолсон юм. Монгол улсын Засгийн газраас ХБИ-ээ дэмжих, нийгэмд идэвхтэй, оролцоотой байлгах талаар анхаарлаа хандуулан тодорхой төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэн, олон бодлого шийдвэрүүдийг гаргасан. Гэхдээ тухайн оролцоог яаж нэмэгдүүлэх арга замыг тодорхойлоход олон улсын байгууллага, төслүүдийн дэмжлэг хэрэгтэй байсан. Чиба ЖАЙКА-д ажиллахдаа дараах 3 түвшинд харилцан ажиллагаа, хамтын хүчин чармайлт үгүйлэгдэж байгааг олж харсан байна. Нэгдүгээрт, Монгол дахь ХБИ-ийн байгууллагууд өөр хоорондын;  хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага ба засгийн газар хоорондын; гуравдугаарт, яамд, төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо байдаггүй нь маш том сул тал гэж үзсэн. Төрийн байгууллага, яамд өөрсдийн судалгаа, мэдээллүүдтэй боловч нэгдсэн системгүй байв. Тийм учраас нэгдмэл хүч, нэгэн дуу хоолойгоор төр засагтаа санал бодлоо зөв хүргэхэд нь эдгээр иргэдэд дэмжлэг үзүүлэхээр зорьсон байна. Япон улсад зохион байгуулагдсан олон тооны сургалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн байгууллагын албан хаагчдын аль алиных нь төлөөллийг хамтад нь оролцуулж, харилцан ойлголцолыг дэмжиж иржээ.

Түүний бодлоор, өнгөрсөн 4 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд олон чухал төсөл, хөтөлбөрүүдэд өөрсдөө биечлэн оролцож, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр томоохон ахиц гаргасан. Тэд төр засагтайгаа асуудлыг хэлэлцэн тохирч, зарим үед шахан шаардсаар тодорхой шийдэлд хүрч чадсан. 

Монгол Улсыг Азийн зарим улс орнуудтай харьцуулсан түүний бодол, дүгнэлт

Бангкокт 7 жил, Камбож, Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад нэлээдгүй олон жил ажиллахдаа тэрээр Монгол улсын нийгмийн хамгаалал, аюулгүй байдлын тогтолцоо нь  арай өөр болохыг анзаарчээ. Түүхэндээ Монгол улс нь социалист системтэй орон байсан. Хэдийгээр ардчилсан хувьсгал ялсан ч гэсэн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал гэх мэт хуучин системийн бодлого хэвээр хадгалагдаж байдаг. Харин Тайланд, Филиппин зэрэг улсууд эдийн засгийн хөгжлийг нэгдүгээрт тавьдаг. Тийм ч учраас эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоо нь Монголтой харьцуулахад арай сул, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд өөрөөр ханддаг санагджээ. Гэхдээ, хүний эрхийн хандлага талаас нь авч үзвэл Тайланд улс сайн хөгжсөн бөгөөд Монголчууд тэднээс сурах зүйл их байдаг.

Бидний суралцах зүйл: Нэгдүгээрт, түрүүн дурдсанчлан Монголд хамтын буюу харилцан  ажиллагаа сул. Тайландад бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгэн дээвэр дор нэгдэж ажилладаг. Ингэх нь засгийн газартайгаа яриа хэлцэл хийх, хамтран ажиллаж хүсэл сонирхолоо илэрхийлэхэд том боломжийг олгодог. Түүний хувьд энэ бол орхигдох ёсгүй чухал сэдэв юм.  Хоёрдугаарт ажил эрхлэлтийг дэмжих асуудал. Тайландад төрийн болон хувийн байгууллагууд квотын систем буюу 100 хүн тутамд 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах шаадлагатай байдаг. Харин Монголын квот 100 хүн тутамд 4 байдаг. Хэдийгээр Монгол улс квотын тоогоор илүү боловч, Тайландын хариуцлага тооцох систем нь илүү сайн. Квотдоо хүрч ажиллуулж чадахгүй бол өндөр хэмжээний татварыг засгийн газартаа төлнө, тэр орлого нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд зориулагддаг. Энэ нь тухайн иргэдийг ажлаар хангах том хөшүүрэг болж өгдөг байна. Энэ бол өнөөдөр түүний ажиллаж буй төслийн гол зорилго юм.

2021-2024 онд хэрэгжүүлэх төслийн тухай

ЖАЙКА-аас Монголд 4 жил хэрэгжүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих төсөл нь 2 ажлыг хандлагыг голчилж байна. Нэгдүгээрт, Ажилд дадлагажуулагч буюу Job coach. Япончууд АНУ-ын туршлагад үндэслэн ХБИ болон ажил олгогч компаниудыг хооронд нь холбох энэ аргад суралцсан. Тэд төрийн оролцоо багатайгаар өөрсдөө ажил олох боломжтой болно гэсэн үг. Нөгөө талаар ХБИ-ийг ажиллуулах хүсэлтэй ч тэдэнтэй яаж холбогдохоо мэдэхгүй байгаа компаниудад бас тусалдаг юм. Ажилд дадлагжуулагчид зөвхөн гүүр болоод зогсохгүй, компаниудад ХБИ-тэй хэрхэн хамтран ажиллах тухай тусгай сургалт явуулж биеийн, харилцааны болоод сэтгэл зүйн хувьд тулгарч болох саад бэрхшээлүүдийг аль болох багасгахад дэмжлэг үзүүлдэг. Хоёрдугаарт, компаний удирдах бүрэлдэхүүний оролцоог нэмэгдүүлэх. Хэрэв тухайн компаний удирдлага чухам яагаад ХБИ-тэй хамтран ажиллаж байгаа учир шалтгаан, ач холбогдлыг ул суурьтай ойлгохгүй бол тэд зөв шийдвэр гаргаж чадахгүй.

Асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг бий болгоход хүмүүсийн ухамсар, сэтгэлгээ маш чухал юм. Хараагүй, сонсголгүй зэрэг хөгжлийн биет бэрхшээлтэй хүмүүсийн хувьд  ажиллах орчин орчинг бүрдүүлсэн байхад  болох мэт санагддаг. Гэтэл оюуны болон сэтгэлгээний бэрхшээлтэй хүмүүсийн хувьд байдал өөр. Тэдэнд тохирсон ажил олгоход ажилд зуучлагчдийн үүрэг оролцоо өндөр байдаг.

Энэ бүхний эцэст бусдад өгөхийг хүссэн түүний зөвлөгөө бол “биет бус нийгмээс үүдэлтэй саад бэрхшээл”-ийг аль аль тал нь ойлгох хэрэгтэй гэв. Хүмүүс ХБИ-д зүгээр л туслах биш, тэднийг нийгмийн идэвхитэй, оролцоотой бүлэг гэж хүлээн зөвшөөрөөсэй гэж тэр боддог. Хэрэв ХБИ нь нийгэмдээ оролцоотой байж чадаж байвал, тэр нийгэм бусад бүх хүмүүсээ оролцоотой, идэвхитэй байлгаж чаднаа гэсэн үг. Энэ консептийг хүн бүхэн ойлгоосой.

Бие даан амьдрах төв

Япон улс 1980-аад оны үеэс ХБИ-ээ Америк явуулж “Бие даан амьдрах чадвар”-т сургаж, энэ аргыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэд мэдээж шууд хуулбарлаад ирээгүй, Японы онцлогт тохируулан сайжруулж ирсэн. Одоогоор Японд 140 гаруй “Бие даан амьдрах төв” байдаг. Монголд байгуулсан “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаяр, Чиба нар анх 2008 онд Японд, дараа нь Монголд уулзаж байж. Бие даан амьдарна гэдэг нь зөвхөн эдийн засаг, санхүүгийн хувьд хязгаардагдах асуудал биш юм. ХБИ шийдвэр гаргахад сэтгэлзүйн хувьд маш хүнд байдаг. Яагаад гэвэд тэд үргэлж орчин тойрны болон гэр бүлийн хүмүүстээ ямар нэг байдлаар нөлөөлчихвий гэж боддог. Тийм ч учраас өөрсдийн жинхэнэ хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй. Тэгэхээр “Бие даан амьдах төв”-ийг ажиллуулна гэдэг өргөн агуулгатай гээд Монголын засгийн газар үүнд анхаарлаа хандуулахыг хүсэж байдагаа илэрхийлэв. Америк, Япон зэрэг улсуудтай харьцуулахад Монголд энэ төрлийн төвүүдийн санхүүжилт илүү хүндрэлтэй санагдсан. Японы хувьд 1990-ээд оны үед ХБИ засгийн газартаа хүчтэй шаардлага тавьсны үр дүнд “Бие даан амьдрах төв”-үүдийг төрөөс санхүүжүүлж эхэлсэн бөгөөд ажилчдийн цалингийн хэмжээ боломжийн түвшинд хүрсэн тухай туршлагаас хуваалцав.

Ярилцлагын явцад Чиба Монгол хүмүүс их найрсаг, тусархуу юм хэмээгээд нэгэн тохиодлыг дурсав.”Би хөгжлийн бэрхшээлтэй найзынхаа хамтаар автобусанд суух гэж байв. Мэдээж, зориулалтын хэрэгсэл байгаагүй. Найз минь яах бол гээд ажиж байтал түүний ойр орчимд байсан хүмүүс огтхон ч эргэлзэх зүйлгүйгээр маш хурдан түүнд тусалсан.  Японд бол нөхцөл байдал арай өөр. Тэд шууд туслахгүй, эхлээд жоохон анзаарч, эргэлзэнэ. Магадгүй Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дэд бүтцээ сайн хөгжүүлсэн, бас тэднийг сургалтад хамруулж бэлддэгтэй холбоотой байх. Японд миний найз хараагүй боловч олон нийтийн газраар ганцаараа явж, нийгмийн оролцоотой байж чаддаг. Харин Улаанбаатарт тийм бэрхшээлтэй хүн ганцаараа явна гэдэг маш хэцүү. Миний найз ийм сорилттой орчинд өөрөө явах гээд оролдоод үзье гэж хэлсэн, тэр чадсан. Гэнэт л бөөн хүмүүс түүнийг хүрээлээд, тусалсан. Зарим нь чи яагаад ганцаараа явж байгаа юм бэ, болохгүй, .... ямар нэг болбол яана гээд л...энэ бүхэн нь Монгол хүмүүсийн сайхан хандлагыг илэрхийлж байсан. Мэдээж их сайхан зүйл. Гэхдээ тэд үргэлж хүмүүст найдаж амьдрах хэцүү. Тийм учраас тулд DET /disability equality training/ буюу “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт”-ыг явуулж байх шаардлагатай” гэснээр яриагаа өдөрлөв. 

Чүлтэмийн Нямсүрэн

АНУ-ийн Тэнгисийн явган цэргийн Төгсөлтийн дараах сургуульд Азийн улс орнуудын аюулгүй байдал судлалын чиглэлээр магистрын зэрэг, Австралийн Үндэсний их сургуульд Цэргийн болон батлан хамгаалах судлалын  чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.  

Фридрих-Эбертийн-Сан Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org

эхлэл хэсэгт буцах