31.03.2021

Хэрэлдэж суухын оронд вакцинаа тариулсан нь дээр

Зарим орнууд вакцинжуулалтад Германаас илүү хурдтай байна. Тэд яаж ингэж амжуулаад байна вэ? Энэ талаар Фридрих-Эбертийн сангийн АНУ, Дани, Чили орнуудад суугаа суурин төлөөлөгчдийн мэдээллийг хүргэж байна.

Вашингтон хотоос Кнут Детлефсэн

АНУ-ын вакцинжуулалтын стратегийн хэрэгжилтэд гуравдугаар сар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно. Стратегийн хэрэгжилт сайн мэдээгээр эхэлж саяхан АНУ-ын эм ба хүнсний асуудал эрхэлсэн захиргааны байгууллагаас гуравдагч вакцинд хүн амдаа тарих зөвшөөрлийг олгоод байна. Энэхүү шинэ вакцин нь Америкийн Жонсон&Жонсон эм үйлдвэрлэлийн концерных бөгөөд хадгалалт, хэрэглэх нөхцөлийн хувьд бусад вакцинуудаас хялбар гэдгээрээ давуу талтай юм. Бусад вакцинтай адил хоёр тун тариулах шаардлагагүй нэг удаа тариулахад л болно. Хадгалахад тусгай хөргөлт шаардлагагүй. Тус концерн гуравдугаар сарын эцэс хүртэл 20 сая тун вакцин үйлдвэрлэх урьдчилсан таамаглал байна. Жонсон ба Жонсон болон Мерк концернүүд хэдийгээр хоорондоо өрсөлдөгчид боловч энэ хооронд өрсөлдөгч Мерк Жонсон&Жонсонд вакцины үйлдвэрлэл дээр туслах аж. Энэ хэлэлцээрийг цагаан ордон жуучилж байгаа талаар Вашингтон пост сонин мэдээлсэн байна. Файзер-Бионтех ба Модерна зэрэг бусад үйлдвэрлэгчид энэ сард вакцины үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх болно. Нийтэд нь авч үзэхэд АНУ 3-р сарын сүүлч гэхэд нийт хүн амынхаа 40%-д буюу 130 сая америкчуудад хүрэлцэх хэмжээний вакцинтай болох нь. Жое Байден ерөнхийлөгч болсон цагаасаа хойш цар тахалтай хийх тэмцлийг үндсэн ажлаа болгосон тул үйлдвэрлэгч үндэстэн Америкийн хүчийг нэмэгдүүлж байна. Байдений засаг захиргаа вакцинжуулалтын дэлхийн аварга болох зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Зорилтоо биелүүлж л байвал үнэ өртөг, хичээл зүтгэл тийм ч чухал биш аж. Байдений засгийн газар амжилт гаргах том дарамтын дор ажиллаж байгаа тул 1-р сарын 20-ноос хойш АНУ-ын холбооны засгийн газрын мэдэлд байгаа бүх эрх мэдэл, нөөцийг цар тахлын эсрэг хийж буй тэмцэлд ашиглаж байна. Арга хэмжээнүүд хоорондын зохицуулалтыг сайжруулахын тулд ерөнхийлөгч коронавирустэй тэмцэх нэгжийг байгуулаад байна. Тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа хийсэн хэлэлцээрүүдийнх нь нэг нь АНУ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүнчлэлээс гарсан байсныг цуцалж гишүүнчлэлээ сэргээх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Дээрээс нь цар тахалтай тэмцэх нэмэлт 10 арга хэмжээг баталсан юм.

Өдөрт гурван саяас доошгүй хүнд вакцин тарьж байж АНУ шинэ коронавирус буюу мутацид орсон коронавирусийн цар тахлын асар хурдацтай тархалтаас түрүүлж чадах юм. 

Дээрээс нь шинэ ерөнхийлөгч Байден олон нийтийн тээврийн хэрэгслээр зөвхөн масктай зорчих, компаниудыг N95 маск, хамгаалалтын хувцас, хэрэгслийн үйлдвэрлэлд татан оролцуулахын тулд "Хамгаалалтын хэрэгслүүдийн үйлдвэрлэлийн тухай хууль" батлууллаа. Вакцинжуулалтын хөтөлбөр нь эхнээсээ авахуулаад хамгийн өндөр ач холбогдолтой байлаа. Учир нь вакцинжуулалт цар тахлын тархалтыг хяналтдаа оруулж авах цор ганц боломж юм. Асар түргэн хугацаанд тарилгын шинэ төвүүд байгуулж ажиллах хүчний шинэ халааг татаж төсвийн байгууллагууд-эдийн засаг буюу хувийн секторын хооронд түншлэл байгуулж (Public-Private Partnership) байгуулсан. Жишээ нь CVS эмийн сангийн сүлжээ ба төрийн байгууллагын хооронд түншлэл байгуулаад байна. Шаардлагатай газруудад цэргүүдийг цар тахлын эсрэг явуулж буй тэмцэлд дайчилж байна.

Энэ долоо хоногийн эхээр (3-р сарын 1-7-ний долоо хоног) 51.8 сая америкчууд вакцинаа тариулсан бол тэднээс 26.2 сая нь хоёрдох тунгаа хийлгэсэн байна. Ингэснээр өнөөгийн байдлаар америкийн нийт хүн амын 15.6% эхний тунгаа, 7.9% нь бүрэн буюу хоёр тунгаа хоёуланг нь тариулаад байна. Энэ нь Германаас гурав дахин өндөр үзүүлэлт юм. Өдөр бүр 1.8 сая хүнд вакцин тарьж байна. Ингэснээр ерөнхийлөгч Байден өөрөө дэвшүүлсэн өдөр тутамд нэг сая хүнд вакцин тарих зорилтоо давуулан биелүүлээд байна. Америкийн эм ба хүнс хариуцсан захиргааны байгууллагаас 2020 оны 12-р сард Файзер-Бионтех, Модернагийн вакцинд аргагүй байдлын улмаас хүн амдаа тарих зөвшөөрлийг олгоод байсан юм.

Астра Зенекад (дөрөвдөгч вакцин) АНУ хараахан зөвшөөрөл олгоогүй байгаа ч 4-р сар гэхэд өдөр тутамд гурван саяас доошгүй тун вакцин тарих юм. Байдений засгийн газар долоо хоног тутамд 28 сая тун вакцин тарих зорилт тавиад байна. Өдөр тутамд гурван саяас доошгүй тун вакцин тарьж чадсан нөхцөлд коронавирусийн шинэ төрөл буюу мутацид орсон вирусийн тархалтын хурднаас түрүүлж чадах юм. Нобелийн шагналт эдийн засагч Паул Ромерийн математик загварчлалаар хийсэн тооцоогоор өдөрт гурван саяас доошгүй тун тарьж байж цар тахлын тархалтын хурдыг давж чадна гэдэг тооцоо гарчээ. Вакцинжуулалтын хөтөлбөрийг ийнхүү асар ихээр тэлэхэд асуудал гарах нь тодорхой. Саяхнаас хүн ам нягт суурьшсан газруудад асар том тарилгын төвүүдийг барьсан. Энэ төвүүдээр тариулах хүсэлтэй хүмүүс өдөртөө хэдэн мянгаараа машинаасаа гаралгүй вакцинаа тариулж байна. Тариулах хүсэлгүй байгаа, эвсэл хангалттай мэдээлэл аваагүй байгаа хүмүүсийг яаж хамруулах бэ? гэдэг асуудал байна. Олон сая хүн амтай Вашингтон ДС зэрэг метрополуудад Германтай төстэй нөхцөл үүсээд байна. Тарилгын цаг авахад техникийн бэрхшээл тулгарч байна. Хүмүүст хүн амын зарим бүлгийг онцгойлон үзэж заримыг нь вакцинжуулалтад хамруулахаас цааргалаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж болохгүй. Өнгөт арьстан америкчуудын тарилгад хамрагдсан квот цагаан арьстан америкчуудаас доогуур, нийгмийн тэгш бус байдал вакцинжуулалтад хүртэл хадгалагдаж байгаа нь өдгөө ажиглагдаж эхлээд байна. Иймээс эрүүл мэндийн дэд бүтэц маш тааруу эсвэл оршин суугчид нь вакцин тариулахад бэлэн бус газруудад хэрхэн хүрч ажиллах, хамруулах концепт дээр ажиллаж эхлээд байна. Тарилгатай зэрэгцүүлээд залуус, өсвөр насныхан, хүүхдүүдэд зориулсан шинэ вакцин гаргаж авахын төлөө ажиллаж байна. Сүргийн дархлаа тогтоохын тулд нийт хүн амын дийлэнх олонхыг вакцинжуулсан байх ёстой. Вакцинжуулалтын хурдыг өнөөгийнхөөс сааруулахгүй байж чадсан нөхцөлд зун гэхэд америкчуудын олонх нь вакцин тариулсан байх болно. Ерөнхийлөгч Байден өнөөдөр (3-р сарын 6) 3-р сарын сүүлч гэхэд вакцин тариулах хүсэлтэй байгаа насанд хүрсэн хүн ам бүгд вакцинжуулалтад хамрагдсан байх болно хэмээн мэдэгдлээ. Өнөөг хүртэл ерөнхийлөгч Байден өгсөн амлалт бүрээ ажил болгоод байна.

Дани улс нь Европын холбооны гишүүн орнуудын дунд коронагийн эсрэг вакцинжуулалтаар тэргүүлж байгаа орон. Энэ хооронд асрамжийн газруудыг бүгдийг нь бүрэн хамгаалалтад аваад байна. Ойролцоогоор хагас сая хүнд вакцин тариад байна. Энэ нь 100 хүн ам тутамд 8.34 тун таригдсан гэсэн үг. Бусад орнууд вакцины хоёрдох тунг хойш тавьж байхад Данийн засгийн газар аль болох олон хүнд вакцины эхний тунг тарих зорилт тавиад байна. Үүнээс гадна вакцины төрлөөс хамааран хоёрдох тунг тарих хугацааг уртасгаж савласан савнаас нь шууд соруулан тарихыг илүүд үзэж байна. Ингэснээр нэг савлагаанаас 7 хүртэлх тунг соруулах боломжтой юм.

Швед Улсаас Филипп Финк

7-р сарын сүүлч гэхэд Данийн засгийн газар нийт хүн амаа бүрэн вакцинжуулж амждаггүй юм гэхэд бүх хүнд вакцин тариулах санал хүргүүлсэн байх зорилттой ажиллаж байна. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд өдөр тутамд 100 000 хүртэл хүнд тарилга хийсэн байх шаардлагатай байна. Вакцинжуулалтын кампанит ажил ба хүн амын зүгээс ирж буй өндөр дарамт нь Данийн засгийн газрыг хязгаарлалтыг сулруулах бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Дэлгүүр, хоршоог дахин нээгээд байна. Үзэгчид PCR-ийн шинжилгээ сөрөг гарсан гэдэг баталгаа авчирсан нөхцөлд Амьтны хүрээлэнгүүд, мэдээж музейнүүд үзэгчдээ хүлээж аваад эхэлсэн. 25 хүртэлх хүн оролцсон спортын арга хэмжээг зөвшөөрсөн. Дунд сургуулийн сурагчид хоёр долоо хоног дараалан шинжилгээнд хамрагдсан, хариу нь дараалан сөрөг гарсан бол танхимаар хичээллэж эхлээд байна. Данид вирусийн халдварлах чадвар өндөртэй, англи мутацийн тархалт хамгийн өндөр байгаа ч Данийн засгийн газраас хязгаарлалтыг сулруулах бодлогоо үргэлжлүүлсээр байна. Хүн амын дунд коронагаас залхсан байдал давамгайлж байгаа тул өндөр төлөөс төлөх аюул заналхийлж байгаа ч засгийн газар хязгаарлалтыг сулруулсаар байна. Дани 4-р сарын дунд үеийг хүртэл коронавируст халдвараар өвчилсөн 900 орчим өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ гэдэг тооцоо гаргаад байна. Энэ нь эмнэлгээр эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тоо өнөөгийнхөөс 4 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Данийн ерөнхий сайд өнөө хэрэгжүүлж буй сулруулах бодлогоо “эрсдэлээ тооцоолсон” зам хэмээн нэрлэж байгаа. Энэ замаар явахад гуравдагч давлагаа дэгдэх нь ойлгомжтой. Харин эрүүл мэндийн системийн даацыг хэтрүүлэхгүй байхад анхаарч байгаа. Ерөнхий сайд урьдчилан сэргийлэх зарчмаас зай барьж байна. Урьдчилан сэргийлэх зарчмаар явахад халдвар авагсдын тоог аль болох цөөн байлгахад анхаардаг. Улам бүр нэмэгдэж буй вакцинжуулалтад хамрагдагсдын тоо ерөнхий сайдын улс төрийн арыг даах болно. 

Данид коронавируст тахлаар өвчилж хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болзошгүй өвчтөнүүдийн тоог зориудаар эрс нэмэгдүүлэн тооцоолж байна.

Тарилгад хамрагдах дэс дарааллыг үндэсний эрүүл мэндийн яаманд харьяалагддаг, эрүүл мэндийн мэргэжлийн хяналтын төрийн байгууллагын удирдлага дор ажилладаг Данийн таван бүсийн эрүүл мэндийн байгууллагууд тогтоодог. Вакцинжуулалтад хамрагдсан бүх хүмүүсийн мэдээллийг төрийн мэдлийн сийвэнгийн хүрээлэнгийн мэдээллийн серверт хадгалдаг. Тарилгын цагийг Данийн иргэн бүр болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн бүрд байдаг өвчтөний е-түүх ба хувь хүмүүсийн дижитал регистрийн дугаараар дамжуулан олгодог. Хувь хүмүүсийн эдгээр мэдээллээр дамжуулан вакцинд хамрагдаарай гэдэг хүсэлт илгээдэг. Тарилгын цагийг vacciner.dk үндсэн вебсайтаар цахимаар олгож байна. 

Данид тарилгын 30 төвөөр эсвэл шууд асрамжийн газруудад вакцин хийдэг. Асрамжийн газруудын асруулагчид энэ хооронд бүгд тарилгад хамрагдсан тул эрсдэлтэй бүлгүүдэд амбулаторитой хувийн эмнэлгүүдэд вакцин хийж байна. Хүн амын ердийн бүлгүүдэд эмийн сангуудад тарилга хийж байна. Үүнээс  гадна компаниуд ажилтнууддаа вакцин хийж байна. Данид өвчтөний дижитал түүх ба е-регистрийн е-дугааргүй хувь хүн байдаггүй гэдгийг вакцинжуулалтын кампанит ажлын эхний шат харууллаа. Хүний тооноос илүү вакцинд хамрагдаач гэдэг  хүсэлт илгээсэн. Үүнээс болоод тарилгын цагийн эрэлт эрс нэмэгдэж төв вебсайтын хандалт гацсан юм. Үүнийг эс тооцвол Дани улс эрүүл мэндийн дижитал дэд бүтцийнхээ үр шимийг хүртэж байна. Төрийн байгууллагууд өвчтөний е-түүхийг үндэслэн хүмүүсийг  эрсдэлтэй бүлгүүдэд хувааж байна. Данид коронавирусийн халдвараас хамгаалах вакцин тариулсан хүн бүрд дижитал үнэмлэх олгох юм. Вакцинжуулалтын е-паспортыг бэлдэц нь бэлэн болсон бөгөөд харин олголтыг нь түргэвчлэх хэрэгтэй байгаа юм. Вакцинжуулалтад хамрагдсан гэдгээ батлахад буюу вакцин тариулахад  хувь хүмүүст онцгой эрх эдлүүлж, бусдаас илүүд үзэж болохгүй тул Дани болон Германд “тарилгад хамрагдахад онцгой эрх олгохгүй байх” тухай хэлэлцүүлэг өрнөж байна. Тарилгын паспорттай болсноор олон нийтийн амьдрал буцаад хуучин хэвэндээ орох болов уу? хэмээн эдийн засгийн зарим салбарууд найдаж байна.  Тарилгын дижитал паспортын үр шимийг хүртэгсдийн эхнийх нь тодорхой болоод байна. Эдгээр нь гадаадад аялж буй бизнесийн төлөөлөгчдийн аялал саад тотгор багатай болох юм.

Чилийн Сантиаго хотоос Симоне Репергер

Чили улс 2021 оны дунд үе гэхэд цар тахлыг дарсан байх зорилт тавиад байна. Энэ улсад халдвар авагсдын тоо өндөр, эмнэлгүүд нь дүүрэн байгаа ч ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Учир нь тус улс өнөөгийн байдлаар вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж буй орнуудын тоонд багтаж байгаа бөгөөд хөрш орнуудаасаа (Аргентин 1.6%), Бразил (3.4%) төдийгүй Герман зэрэг Европын Холбооны гишүүн олон орнуудаас хол түрүүлээд байгаа юм. Чили улс хоёрдугаар сард , зөвхөн 21 хоногийн дотор гурван сая гаруй хүнд вакцин тарьсан нь нийт хүн амынхаа 16%-д эхний тунг тарьсан гэсэн үг. Себастиан Пинерагийн тэргүүлдэг консерватив засгийн газар нь нийт чилинүүдийн 80%-ийг 6-р сар хүртэл вакцинжуулах ингэснээр сүргийн дархлаа тогтоох зорилго тавиад ажиллаж байна. Өнөөгийн байдлаар 60-аас дээш насны нийт хүн амаа вакцинжуулж дуусаад байна. 

Чили улс вакцинжуулалтад яаж ийм өндөр амжилтад хүрэв ээ? Вакцинжуулалтын кампанит ажлын стратеги нь эхнээсээ ойлгомжтой байсан. Дээрээс нь хэн нь, ямар байгууллага нь юуг хариуцах нь эхнээсээ ойлгомжтой байсан. 2020 оны тавдугаар сараас лабораториудтай хэлэлцээр хийх, дэлхий дахинд вакцины худалдан авалтыг хариуцсан засгийн газрын тусгай эрхт төлөөлөгчийг томилсон. Тусгай эрхт төлөөлөгч нь шууд ерөнхий сайдын дор ажиллаж вакцины хангамжийн олон талт байдлыг хангах тусгай мандат олгосон. Иймээс Чили вакцинаа олон үйлдвэрлэгчээс худалдан авсан юм. (Файзер- Бионтех 20%, Синовак 60%, Астра Зенека 20%), Чилийн засгийн газар үйлдвэрлэгчидтэй шинжлэх ухааны хамтын ажиллагаатай учраас вакцинд үл итгэх байдлыг хурдан даван туулж итгэлтэй болсон. 2020 онд хэрэглээнд оруулсан бүх вакциныг Чилид клиникийн туршилтад давхар оруулсан. Чилийн академичид, эрдэмтэд вакцин хариуцсан гадаадын лабораториудтай нягт хамтран ажиллаж Хятад, Европ, АНУ-д вакцин гарган авах, хөгжүүлэх шатанд газар дээр нь очиж танилцсан. Дээрээс нь улс төрчид, хэвлэл мэдээлэл нь вакцины талаар байнга мэдээлэл хийж байсан. Иймээс хүн ам нь вакцинд өндөр итгэлтэй байна. Учир нь вакцинуудыг чилинд туршсан гэж үздэг. Хүн амын дунд вакцинд хамрагдахад бэлэн байдал өндөр. Вакциныг эсэргүүцэгчид, коронаг үгүйсгэгчдийн тоо ч цөөн.

Багш нар болон хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарыг вакцинд яаралтай хамрагдах нэн шаардлагатай бүлэг гэж үзсэн. 3-р сарын 1 хүртэл багш, хүмүүжүүлэгч нар бүгдээрээ эхний тунг тариулаад байна. 

Чили улс санхүүгийн хангалттай нөөцтэй, вакцинд зориулан 300 сая долларын төсөв батлаад байна. Дээрээс нь Чили вакцинуудын клиник туршилтыг өөрийн оронд өөрийн оронд хийх зардлыг төсвөөс гаргасан нь худалдан авалт хийхдээ тодорхой вакциныг илүүд үзэхгүй байхад нөлөөлсөн. Улс төрийн хэлэлцүүлэгт нэгдмэл байр суурьтай байж харилцааны тодорхой стратеги баримталсан. Энэ нь “Би энэ цаг үед хамт амьдарч байгаа хүмүүстэйгээ эв санааны нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлж вакцинаа тариулж байна. Вакцинаа тариулах нь бүх хүмүүсийн амь, амьдралыг хамгаалахад оруулж буй миний хувь нэмэр” гэдэг агуулгатай. Ерөнхийлөгч, сайд нар, хэвлэл мэдээллүүд нь коронагийн асуудлаар нэгдмэл, нэг дуу хоолойгоор ярьдаг учраас олон нийтийн дунд элдэв төөрөгдөл байхгүй. Долоо хоног тутамд вакцинжуулалтын шинэчилсэн календарийг танилцуулдаг. Бараг хүн бүр вакцин тариулах огноогоо мэдэж байгаа. Багш нар, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарыг вакцинжуулалтад нэн даруй хамрагдах ёстой бүлэг хэмээн тодорхойлсон. 

3-р сарын 1 гэхэд энэ бүлэгт хамрагдагсад бүгдээрээ вакцинаа тариулсан. Улс орон даяар хурдан хугацаанд багтаан үр өгөөж өндөртэй логистикийн сүлжээ байгуулаад байна. Тарилгын төвүүд байгуулах, тарилгын календарь боловсруулах ажлыг төрийн мэдлийн олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэнд даалгасан. Хүнд суртал багатайгаар уртаараа 5000 километр газар нутагтай энэ улс 1300 тарилгын төв байгуулсан. Одоогоор ашиглагдахгүй байгаа спортын заал, театр болон бусад албан байгууллагуудын байранд тарилгын төвүүдээ байгуулаад байна. Үүний ачаар өдөр бүр 80.000 хүртэлх чилинүүд вакцинаа тариулж байна. Дүгнээд хэлэхэд Чили улс арга замаа хэдийн олчхоод байна. Гэсэн хэдий ч дараах хоёр том эрсдэл байна. 6-р сар хүртэл тархах цаг хугацаа вируст их байна. Өдгөө Чилид зуны дэлгэр цаг айлчлаад байна. Халдвар авагсдын тоо өндөр, эрчим эмчилгээний орны 95 хүртэлх хувь нь өвчтөнтэй байна. Сүргийн дархлаа тогтохоос өмнө эрүүл мэндийн гамшиг дахин нүүрлэх бодит аюул арилаагүй байна. Дээрээс нь өдгөө Чили улсад голлон хэрэглэж буй хятадын үйлдвэрлэгч Синовакийн вакцин мутацид орсон шинэ коронавирусийн тархалтаас хэр зэрэг найдвартай хамгаалж чадах нь тодорхой бус байна. Өнөөг хүртэл явуулсан судалгааны дүнгээр өдгөө тархаад байгаа коронавирусээс 52% хамгаалж чадна гэдэг нь батлагдаад байгаа.

 

 

Зохиогч Кнут Детлефсэн нь Фридрих-Эбертийн сангийн Вашингтон хот дахь суурин төлөөлөгчөөр ажилладаг. Тэрээр өмнө нь ФЭС-гийн Варшав, Иерусалим болон Шанхай хотын хотуудад суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан. 

 

Зохиогч Др.Филипп Финк нь Швед дэх Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгчөөр ажилладаг. Үүнээс өмнө тэрээр Берлин хотын эдийн засаг, нийгмийн бодлогын хэлтэст референтээр ажиллаж байжээ.

 

Зохиогч Симоне Репергер нь улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн, Фридрих-Эбертийн сангийн Чили дэх суурин төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Уругвай улсад Латин америк - Карибийн арлуудыг хамарсан бүс нутгийн үйлдвэрчний эвлэлийн төслийн удирдагчаар ажиллаж байсан. 

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de