10.06.2021

КОВИДООС УЛБААЛЖ ЭНЭТХЭГТ АМИА ХОРЛОХООС НААГУУР БАЙНА

Өдөр бүр хэдэн зуун мянган хүн шинээр халдвар авч өвчилж байна. Компаниудын ашиг орлогыг хүний амь наснаас илүүд үздэг газар л ийм аймшигтай үзэгдэл орших боломжтой.

Эдүгээ Энэтхэгт тохиож буй цар тахлын тархалтад аймшигтай олон шалтгаан нөлөөлж байна. Хэдийгээр хэдэн сарын өмнөөс мутацилагдсан вирусийн халдварын шинэ давлагаа илэрхий нөмрөх аюул отож байсан ч нөхцөл байдлыг үл тоомсорлож гаргасан шийдвэртээ хатуу зогсдог тус улсын төрийн хариуцлагагүй удирдлага нэг түүний шалтгаан байлаа. Тухайлбал сонгуулийн кампанит томоохон арга хэмжээнд ерөнхий сайд Наренда Моди оролцож, үй олон хүн цуглуулсан явдал халдвар тархах аюулыг нэмэгдүүлсэн юм. Халдвар тархах аюулыг засгийн газар дутуу үнэлж, дурдсан томоохон арга хэмжээг зохион байгуулсан гэмтэй. Үүгээр зогсохгүй одон эрхэс судлаачдын дүгнэлтээр л арванхоёр жилд нэг удаа тохиох Хинди шашны "Кумб Мела" баярыг нэг жил урагшлуулж, гамшгийн энэ цаг үед зохион байгуулсан явдал үнэхээр гайхмаар шийдвэр байлаа. Энэ баярын үеэр Энэтхэг нутгийн өнцөг булан бүрээс хэдэн арван сая хүн Ганга мөрний эрэг дагуух жижигхэн талбайд цугларсан явдал халдвар өргөн хүрээнд тархах өөр нэг шалтгаан болсон гэж болно.

Энэ улсын тухайд Ковид-19 өвчлөлийн тоо эрс нэмэгдэж буйн цаад шалтгаан бол зохистой түвшинд сорил, шинжилгээ хийж чадахгүйн дээр өвчилсөн болон нас барсан иргэдийнхээ ч тоог бүрэн гаргаж чадахгүй байгаа явдал болно. Энэ бүхнээс харвал халдвар тархалтын бодит байдал өвчлөлийн албан ёсны тоо мэдээнээс илүү хүндэрсэн хэмээн таамаглаж болохоор байна. Өвчлөлийн энэхүү гамшигт нөхцөл байдал бол эрх баригчдын хариуцлагагүй, биеэ өргөмжлөхийн дон, чадваргүй байдлын илрэл төдийгүй муу төлөвлөлт болон олон нийтийн эрүүл мэндийн тогтолцооны асар хүндэрсэн дутагдал, доголдлыг харуулж байна. Иймээс ч эмнэл зүйн хүчил төрөгчийн хомстол олон өвчтөнийг үхэлд хүргэж байна.

Хот болон хөдөөгийн эрүүл мэндийн өнөөгийн дэд бүтцийг түргэн хугацаанд үрашигтай дайчлах боломж байсан.

Энэхүү гамшигт байдалд хүргэсэн онцгой нэгэн шалтгаан бол вакцинжуулалтын хөтөлбөр явц дундаа бүтэлгүйтсэн явдал онцгой нөлөөтэй болно. Хэдийгээр дэлхий дахины вакцинжуулалтын шаардлага дарамт учруулж байсан ч өөрийнхөөрөө шийдэх боломж Энэтхэг улсад байсан. Баян орнууд вакциныг хэрэгцээнээсээ илүүгээр нөөцөлсөн, түүнчлэн TRIPS Trade Related Aspects of Intellectual Property Rights хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Энэтхэг дотоодын вакцин үйлдвэрлэлдээ хязгаарлалт тавьсан ядвал нэрмээс болсон юм.

Энэтхэг бол дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн байршил. Тус улсад вакцины үйлдвэрлэл явуулах чадалтай бусад олон компани ч үйл ажиллагаагаа явуулдаг.

Цар тахлаас өмнө хөгжиж буй орнуудын хүүхдийн дархлаажуулах вакцины 60 хувийг Энэтхэг дангаараа үйлдвэрлэж байсан. Энэ улс полио, сүрьеэ зэрэг олон өвчний эсрэг вакцинжуулалтын кампанит ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн уламжлалтай. Хот болон хөдөөгийн эрүүл мэндийн өнөөгийн дэд бүтцийг түргэн хугацаанд үр ашигтай дайчлах боломж уг нь тэдэнд байсан.

Маш богино хугацаанд Коваксин тарих зөвшөөрлийг энэ төрлийн зөвшөөрөл олгох эрх бүхий Энэтхэгийн байгууллагууд зэрэг зэрэг олгосноос хүмүүс итгэлгүй болж, вакцин тариулахаас цааргалах болсон байж болзошгүй.

Вакцин үйлдвэрлэхийн төлөө өрсөлдөгч хоёр компани болох Энэтхэгийн серумийн хүрээлэнгийн Ковишиелд (Оксфорд АстраЗенекка) болон Энэтхэгийн эрүүл мэндийн судалгааны консулын үйлдвэрлэлийн лицензтэй Вахарат Биотех компанийн коваксинд өнгөрсөн нэгдүгээр сард дотооддоо тарих зөвшөөрлийг олгосон байдаг. Вакцины хүрэлцээт байдлыг хангахын тулд бусад үйлдвэрлэгчдэд дээрхтэй төстэй замаар лиценз олгож болох л байсан.

Гуравдугаар сарын сүүлч гэхэд эрүүл мэндийн салбарын ажилтан, тусгай чиг үүрэг гүйцэтгэгч бусад мэргэжлийн 30 сая хүнийг, долдугаар сар гэхэд нийт 250 сая хүнийг дархлаажуулах зорилго тавьж, вакцинжуулалтын хөтөлбөр 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн юм. Дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар эхний бүлгийн дөнгөж 37 хувь /зөвшөөрөл олгосон 2 үйлдвэрлэгчийн вакцины аль нэгээр/ 2 дахь тунгаа тариулсан бол 30 хувь нь зөвхөн нэгдэх тунгаа тариулсан байна. Вакцинаас цааргалагчдын дотор аюултай нөхцөлд ажиллаж буй хүмүүс ч багтаж байгаа явдал судалгааны III шатны дүн гараагүй байхад Энэтхэгийн тусгай зөвшөөрлийн байгууллагууд коваксин тун шавдуу тарих зөвшөөрөл олгосонтой холбоотой. Үүний зэрэгцээ Энэтхэгийн засгийн газраас Энэтхэгийн серумийн хүрээлэнгийн Ковишиелд вакцины экспортыг Оксфорд Астра Зенеккагаас илүү дэмжиж, ДЭМБ-аас санаачилсан КОВАКС хөтөлбөрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, тус улсын нэр хүндийг хөгжиж буй орнуудад өргөхийн тулд их хэмжээгээр вакцин нийлүүлсэн явдал нэрмээс боллоо.

Астра Зенеккагийн вакцины экспортыг АНУ хориглосон явдал тус вакцины үйлдвэрлэлд саад учруулсан юм.

Жараас дээш насныхнаар вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлж, удалгүй 45-аас дээш насныхнаар өргөжүүлсний дараагаар вакцины хүрэлцээ эрс хомстож эхэлсэн юм. Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар хүн амын дөнгөж 8.5 хувь эхний тунгаа тариулсан явдал өвчний тархалтыг бууруулахад огт нэмэр болоогүй. Түүнчлэн хувийн эмнэлгүүд тун тутамд 250 рупи буюу 2.76 еврогийн хураамж шаардаж байсны улмаас вакцинд хамрагдагсдын тоо ийм доогуур үзүүлэлттэй байгаа аж. Модигийн засгийн газар дотоодын вакцины үйлдвэрлэл хангалттай түвшинд үйлдвэрлэнэ гэсэн ташаа таамаглалд суурилж, бодлогоо тодорхойлсон нь илт. Бодит байдал дээр зөвшөөрөл бүхий хоёр компани дотоодын хэрэгцээг бүрэн хангахад наанадаж гурван жилийн хугацаа шаардлагатай аж.

Астра Зенеккагийн бүтцэд ордог зарим нэг бодист АНУ экспортын хориг тавьсан явдал тус вакцины үйлдвэрлэлд саад учруулж байна. Гэтэл Вахарат Биотех компанийн хүчин чадал хязгаарлагдмал. Засгийн газар хэдийгээр коваксин вакциныг Энэтхэгийн төрийн мэдлийн эрүүл мэндийн судалгааны консул гарган авсан ч үйлдвэрлэлийн лиценз олгох замаар бусад үйлдвэрлэгчдэд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг ногдуулаагүй. Үүнээс гадна засгийн газар төрийн мэдлийн олон компанид хөрөнгө оруулалт дутагдаж аргагүйдэж байхад гараа хумхин харж суусан юм.

Ядуус вакцин худалдан авах чадваргүй учраас цар тахал улам гаарах болно.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Энэтхэг даяар цар тахал хямралын түвшинд хүрч, гамшигт нөхцөл байдал намжих ямарч найдваргүй болох үед төв засгийн газраас төрийн мэдлийн гурван компанид нэмж вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон юм. Гэвч зөвшөөрөл олгосон дээрх гурван компаниас илүү туршлага, хүчин чадал бүхий хувийн хэвшлийн гурван компани тодорхойгүй байдлаар зөвшөөрөлгүй хоцорчээ. Лиценз авсан компаниудад шинэ үйлдвэрүүдээ барьж үйлдвэрлэлээ эхлүүлэхэд олон сарын хугацаа хэрэгтэй. Туршлага, хүчин чадлаар илүү компаниудад лиценц олгохын оронд Модигийн засгийн газар бусдын гараар могой бариулах увайгүй стратеги баримтлахаар шийдэж вакцины асуудлаа өөрсдөө шийд хэмээн Холбооны улсууд руугаа түлхсэн хэрнээ санхүүгийн дэмжлэг огт үзүүлээгүйгээр барахгүй вакциныг илүү өндөр үнээр худалдан авахыг тулгажээ. Холбооны улсууддаа вакцины асуудлыг тулгаж өөрөөсөө зайлуулсныхаа дараагаар засгийн газар хувийн хэвшлийн вакцин үйлдвэрлэгч компаниудтай үнийн тогтолцоог тохиролцсон юм. Холбооны улсууд ёстой л "хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага" шиг нэг талаас төсвийн дарамт, нөгөө талаас Шинэ Дели дэх засгийн газраас вакциныг дөрөв дахин өндөр үнээр худалдан авах хүнд тулгалтад ороод байна. Холбооны улсуудыг вакцинаа гадаадаас импортлох эрх олгосон ч импорттой холбоотой асуудлыг өөрсдөө шийд гээд орхижээ. Хүн амын тодорхой хэсэгт зориулах вакциныг нэгдсэн журмаар зохион байгуулж санхүүжүүлэлгүйгээр орон нутгийн засгийн газруудыг вакцинаа худалдаж авах эсвэл өлсөх хоёрын аль нэгийг өөрсдөө сонго хэмээн зөнд нь орхих тохиолдолд энэ тоглоом гамшгаар төгсөх ойлгомжтой. Энэтхэгийн төрийн дэмжлэгтэй гамшгийн капитализмын хамгийн сүүлийн үеийн жишээ дээрхээс ч илүү аймшигтай. Тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтын хөтөлбөрийг 18-45 насныханд нээлттэй болгохдоо вакциныг зөвхөн хувийн эмнэлэг, клиникүүдэд хийх, тун тус бүрийн үнэ 1200-2400 рупи буюу 13,25-26.50 евро байх хязгаарлалт тавьсан юм. Ядуус вакцин худалдан авах чадваргүй тул цар тахал улам гаарч эцэс төгсгөлгүй зовлон зүдүүр үргэлжилж, тоог нь гаргах боломжгүй олон хүн нас барах болно.

Хэрэв ийм романы уншигч байсан бол энэ түүх бодит бус, боломжгүй зүйл гэж бодохсон. Харамсалтай нь бидний уншиж буй энэ түүх бодит байдал бөгөөд Энэтхэгийн засгийн газрын энэ стратеги өнөөгийн неолиберал ертөнцөд компаниудын олох ашгийг хүний аминаас дээгүүр тавих болно гэдгийг харуулсан нэгэн онцгой жишээ юм.

Жаяати Гоош нь олон улсын хөгжлийн эдийн засгийн холбооны үйл ажиллагаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, олон улсын компанид ногдуулах татварын шинэчлэлийн комиссын орон тооны бус гишүүн.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. Редактор Гунгаагийн Базарваань.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de