22.02.2021

Сүргийн дархлаа тогтоох мөрөөдлийн зорилт

Сүргийн дархлаа тогтоох явдал бидний мөрөөдлийн зорилт. Гэвч хэрхэн тогтоох вэ? гэдэг асуудал болно. Зарим хэсэг маань хүлээх ёстойг чухалчилж, нөгөөх нь өөрсдөө хүлээхийг хүсэж буй бол үлдсэн нь хүлээхээс өөр аргагүй байдалд байна. Бид энэ талаар Япон, Сенегал, Унгараас мэдээлж байна.

Япон

Энэ оны эхнээс Токио болон түүнтэй хил залгаа хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Тус улсын Коронагийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж буй тэдний хүний тоо Европын орнуудад авч буй шинжилгээний өчүүхэн бутархай оронтой тэнцэж буй ч өдөртөө 8.000 орчим шинээр халдварлагсад бүртгэгдэж байна. Түүнчлэн шинээр халдварлагсдын тоо эрчимтэй буурч буй ч өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг ирэх гуравдугаар сарын 7-ны өдөр хүртэл сунгасан юм. Энэ хооронд тус улсын засгийн газар Токиод явуулах вакцинжуулалтын стратеги дээрээ ажилласаар байна. Одоогоор тус улс аль ч төрлийн вакцинд тарилга хийх зөвшөөрөл олгоогүй. Иймээс хоёрдугаар сарын дундуур Бионтех-Файзер компанийн вакциныг тарих зөвшөөрөл олгох болов уу? гэх хүлээлт үүсээд байна. Учир нь тус улс Файзер компанид 144 сая тунгийн захиалга өгсөн. Энэ нь 72 сая хүнд вакцин захиалсан гэсэн үг бөгөөд Япон улсын нийт хүн ам 127 сая болно.

Анагаах ухаан, эмнэлгийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгох үйл явц Японд удаан үргэлжилдэг. Энэ нь Японы эм үйлдвэрлэгч компаниудыг гадаадын өрсөлдөгчдөөс хамгаалахад чиглэсэн байдаг. Ковидын эсрэг вакцины тухайд Японы компаниудыг өрсөлдөөнөөс хамгаалахтай холбоогүй, учир нь тэдэнд вакцин байхгүй. Гэвч хүн амын дунд вакцинд эргэлзэх явдал их байна. Өнгөрсөн хугацаанд вакцины сөрөг үйлчлэл ажиглагдсан. Японы NHK олон нийтийн радио телевизээс 2020 оны 12 дугаар сард явуулсан санал асуулгад оролцогсдын 36 хувь вакцин огт тариулахгүй гэсэн бол зөвхөн 30 хувь нь л вакцинд итгэж байна гэсэн хариултыг өгчээ. Энэ болон бусад шалтгааны улмаас Японы эрүүл мэндийн яам 2020 оны 10 дугаар сард 200 иргэнд хийсэн вакцины сорилын хугацаа дуусахыг хүлээхийг шаардсан юм. Мөн хүний уг гарал ямар үндэстэн болохоос шалтгаалж, вакцин харилцан адилгүй үйлчилдэг гэх шинжлэх ухаанч бус хоцрогдсон төсөөлөл үүнд мөн нөлөөлж байна. Саяхан болсон парламентын хуралдаанаас ч энэ өнгө аяс цухалзаж байлаа. Ерөнхий сайд Суга 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус улсын "... иргэдэд туршилтын вакцинжуулалт хийх зайлшгүй шаардлагатай, учир нь ямар үндэстэн болохоос хамаарч вакцины үйлчилгээ харилцан адилгүй байна ..." хэмээн тайлбарласан юм. Төлөвлөсөн ёсоор хоёрдугаар сарын дундуур Бионтех-Файзерийн вакцинд тарих зөвшөөрөл олговол хоёрдугаар сарын дундаас эмч, эрүүл мэндийн салбарын ажилтныг вакцинжуулж эхлэх аж. Улмаар дөрөвдүгээр сараас +65 насныхан вакцинжуулалтад хамрагдаж, зургаадугаар сараас нийт хүн амаа вакцинжуулах юм. Ийнхүү үндэсний буюу төв засгийн газар вакцины захиалга, татан авалтыг харин орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд тарилгыг хариуцах аж. Гэвч татан авалт болон тарилгын ажлыг зохион байгуулахад тээвэрлэлтийн томоохон сорилт тулгарах эрсдэлтэй болно.

Ард түмний дунд ихээхэн нэр хүндтэй байгаа Захиргааны шинэчлэлийн сайд Таро Конод ерөнхий сайд Суга вакцинжуулалтын кампанит ажлыг хариуцуулаад байна. Таро Коно кампанит ажлыг үр өгөөжтэй, хүндрэлгүй зохион байгуулж чадвал дараагийн ерөнхий сайд ч байж болох ирээдүйтэйгээ батлах юм.

Фридрих-Эбертийн сангийн Токио дах суурин төлөөлөгч Свен Саалер

Сенегал

Сенегал гарааны зурвас дээр "шавар"-т суучаад байна. Тус улсын Эрүүл мэндийн яам гуравдугаар сарын сүүлчээр ирэх 1.3 сая тун вакцинаа хүлээж байна. Вакцин ирлээ л бол шууд тарилгыг эхлүүлэх аж. Эхний шатад Сенегалын хүн амын 20 хувь буюу 3.5 сая хүнд вакцин хийхээр төлөвлөжээ. Үүнээс эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилчин, өндөр настан, архаг хууч өвчтэй хүнд вакцин хийх аж. Вакцинжуулалт нас баралт, хүнд явцтай өвчлөлөөс сэргийлж эрчимт эмчилгээний төвүүдийн ачааллыг бууруулах зорилготой. Хоёрдугаар шат нь 2022 оны эцэс хүртэл үргэлжлэх бөгөөд тэд 16 болон түүнээс доош насныхныг вакцинжуулах төлөвлөгөөнд оруулаагүй байна.

Сенегал улс бүх нутгийн хэмжээнд вакцинжуулалт хийхийн тулд Олон улсын түнш, КОВАКС эвслийн тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр хөргөгч, хөргөлтийн байр, гүн хөлдөөгч зэрэг шаардлагатай эд зүйлийг худалдаж авах зэргээр тээвэр-ложистикийн ажлаа хангаж байна.

Одоогоор аль компанийн вакциныг сонгох нь тодорхойгүй ч "Астра Зенесса" компанийн вакциныг сонгох өндөр магадлалтай байна. Үүний зэрэгцээ Модернагийн вакцин ч мөн яригдаж байна. БНХАУ тус улсад 200.000 тун вакцин өгөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Энэ нь Синофармагийн вакцин байх болов уу. Оросын "Спутник Ви" вакцин "нээлттэй", мөн Файзер-Бионтех ч нээлттэй байгаа. Гагцхүү хөргөлтийн тоног төхөөрөмж хүрэлцээгүй явдал тулгамдсан асуудал болж байна. Мөн Африкийн холбооны хүрээнд 3.6 сая тун вакцин захиалаад байгаа. Эдгээр тоог харахад нэгдүгээр үеэс хойш вакцинжуулалтад хамрагдах хүнд вакцин хүрэлцээтэй юу? Гэх асуулт зүй ёсоор тавигдах болно. Хүн амын дунд вакцин тарилгыг дэмжих урам зориг дүүрэн. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох баруун Африкийн энэ улс цар тахлын дэгдэлтийн эхний давлагааг шийдэмгийн арга хэмжээ авч намжаасан гэдгээрээ магтуулаад байгаа. Нас баралтын тоо доогуур, засгийн газар ард иргэдтэйгээ ил тод харилцаж байлаа. Ингэснээр 2020 оны 8-аас 9 дүгээр сард дэгдсэн эхний давлагааг бууруулж чадсан юм. Түүнчлэн 10-р сард шинээр халдвар авагсдын тоо бараг бүртгэгдээгүй, сүргийн дархлаа тогтсон бололтой гэх таамаг өвөр зуур яригдаж байлаа. Гэтэл 11-р сарын сүүлчээр цар тахал эргэн хүч түрэн дэгдэж, өнөөдрийн байдлаар шинээр халдвар авагсдын тоо 30.000-д хүрч, 800 хүн нас бараад байна. 16 сая хүн амтай энэ оронд өдөрт 20.00-3.000 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж буй явдал хэт цөөн тул бүртгэгдээгүй тохиолдол, шинж тэмдэггүй өвчлөгсдийн тоо өндөр болно.

Тус улс эхний хөл хорионоос асар их хохирол амссан. Эдийн засаг бухэлдээ нурж, тэгш бус байдал газар авч, насанд хүрээгүй охид ихээр жирэмслэх болов. Канарын арлуудыг зорьсон цагаачлагчдын шинэ давалгаа үүсч, олон хүн далайд амь насаа алдсан юм. Энэ хүнд байдал олон хүнд ирээдүй тодорхойгүй эсвэл ирээдүйдээ итгэлгүй болох ухамсрыг улам бэхжүүллээ. Одоогоор далайгаар Канарын арлуудад хүрэх замыг сонгосон хүмүүс алга. Нийт бүртгэгдээд байгаа халдварын 90 хувь төвлөрч буй Дакар, Тийсиес хотод шөнө гэрээсээ гарахыг хориглосон хэвээрээ байна. Олон нийтэд маск зүүх үүрэг ногдуулсан ч бодит байдал дээр төдийлэн хэрэгжихгүй байна.

Гэтэл тус улсын засгийн газар хямралын эхэнд бүх сумаа дуусгачихсан. Эрүүл мэндийн байгууллагуудын нөөц, чадамжийг нэмэгдүүлэх, байгаа боломжийнхоо хэмжээнд вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх явдал хамгийн ач холбогдолтой, ухаалаг стратеги болохтой маргах хүн гарахгүй болов уу. Цар тахлаас өөр сорилт ч эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа. Энэ бүхэнд хөрөнгө хэрэгтэй. Олон улсад өрийн дарамтыг хөнгөвчлөх арга хэмжээ авч хэрэгжүүл гэх уриалга Сенегал даяр хүчтэй өрнөж байгаагийн цаад шалтгаан үүнтэй холбогдоно. Ерөнхийлөгч Маки Саалл саяхан болж өнгөрсөн Африкийн холбооны дээд хэмжээний уулзалт дээр уг уриалгыг дэмжсэн юм. 

ФЭС-гийн Дакар дах суурин төлөөлөгч Томас Мэттиг 

Унгар

Корона вирустай Унгар улс өөрийн замлалаар тэмцэж байна. Энэ нэгдүгээр сард шинээр халдвар авагсдын тоо буурснаас хойш Английн мутациас эхтэй гуравдугаар давалгааг дэгдээхгүй байхыг онцгой анхаарч байна. Гэвч 7 хоног тутмын дунджаар 100 орчим шинээр халдвар авагсад бүртгэгдэж байна. Цар тахлын эсрэг Орос, Хятадын вакциныг авахаар төлөвлөж буй. Тус улсын Эрүүл мэндийн сайд Миклос Каслер өнгөрсөн долоо хоногт: "... Гарцаагүй байдлын улмаас Унгарын ард түмний эрүүл мэндийн төвөөс Европын холбооны эмийн агентлагийн дүгнэлт гарахаас өмнө Оросын "Спутник Ви" вакцинд зөвшөөрөл олгох боллоо ...", "... Европын Холбоогоор дамжуулж вакцин авахад хэтэрхий их хугацаа шаардах тул Унгарын засгийн газар дангаараа ажиллах болно. "Спутник Ви" вакцинаас 2 сая тунг захиалах хэрэгтэй болох ..."-ыг мэдэгдлээ. Захилгыг ирэх гурван сарын дотор нийлүүлэх боломжтой. Энэ хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 75-аас доош насны, архаг хууч өвчингүй хүнд эхний ээлжид тарилгын дөрвөн төвөөр "Спутник Ви" вакциныг тарина. Үүнчлэн ойрын хугацаанд Синофрамаас 5 сая тун вакцин нийлүүлнэ. Ингэснээр Унгар улс Европын холбооны гишүүн орнуудын дундаас вакцин тарилгыг эхлүүлсэн анхны орон болох аж. Үүгээр ирэх зун гэхэд сүргийн дархлаа тогтоно хэмээн тооцоолж байна. Ийнхүү яаравчилсны гол зорилго ирэх 5 дугаар сараас эхлэж жуулчдыг хүлээн авахад бэлэн орон болох явдал юм. Унгарт дмэдээлэл ил тод бус байна гэх шүүмжлэл дахин ширүүслээ. Хараат бус мэдээлэл, таамаглал олж авахад нэн хүндрэлтэй. Засгийн газрын арга хэмжээнүүдийн итгэлтэй байдалд эргэлзээ төрүүлэх мэдээлэл тараасан тохиолдолд урт хугацаагаар баривчлах тухай "эрх олгох тухай хууль" хэрэгжиж эхэлснээс хойш нэн ярвигтай болсон. Иймээс Унгарын парламентад суудалтай сөрөг хүчний зургаан нам нийлээд эдийн засаг ба эрүүл мэндийн системийн өнөөгийн байдалд өргөн хүрээтэй үнэлгээ өгөх, вакцинжуулалтын төлөвлөгөө, мэргэжилтнүүдтэй хамтран тарилга хийх зөвшөөрөл олгох механизмуудад хяналт тавихын тулд "парламентын хяналт"-ын түр хороо байгуулаад байна. Тэд дээрх асуудлаар олон нийтийн санал асуулга зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм. Сөрөг хүчний намууд засгийн газар компаниудад ажиллагсдын хөдөлмөрийн тэвчишгүй нөхцөлд анхаарал тун бага хандуулж байна гэж үзэж буй. Үүний зэрэгцээ хоёрдугаар сард ковидын улмаас үүсээд байгаа нөхцөлд авч хэрэгжүүлсэн болон хязгаарлалтыг бууруулах арга хэмжээний талаар явуулахаар төлөвлөсөн санал асуулгад ковидын түргэвчилсэн шинжилгээ ба вакцинжуулалтын үр нөлөөтэй стратеги боловсруулахаас илүү ач холбогдол өгч байна гэжээ.

Эхний үед орон нутгийн эмнэлгүүдийн ажиллагсдад, дунд үед өрхийн эмч нарт вакцин тарихаар төлөвлөжээ. Түргэвчилсэн шинжилгээ өгөх, тарилга хийлгэх, ковидын эмчилгээ хийлгэхээс бусад эмнэлгийн үйлчилгээг зөвхөн хязгаарлагдмал хэмжээнд авах боломжтой хэвээр байна. Санал асуулгын дүнгээс харахад өнөөгийн байдлаар хүн амын 40 хувь вакцин хийлгэнэ, 24 хувь хийлгэхгүй хэмээсэн. Иймээс сүргийн дархлааг аль болох түргэн тогтоохын тулд вакцин тариулах үүрэг ногдуулах уу? гэдэг санал явж байна.

ФЭС-гийн Будапешт дах суурин төлөөлөгч Беате Мартин

 

Токиогийн Софиа Их сургуулийн Японы орчин цагийн түүхийн профессор, Фридрих-Эбертийн сангийн Япон Улс дах суурин төлөөлөгч Свен Саалер

 

 

 

Фридрих-Эбертийн сангийн Сенегал Улс дах суурин төлөөлөгч Томас Мэттиг 

 

 

 

Фридрих-Эбертийн сангийн Унгар Улс дах суурин төлөөлөгч Беате Мартин

 

 

 

 

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de