25.11.2020

ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН ДЭЛХИЙ ДАХИНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

Ковид-19 цар тахлын эсрэг вакциныг гаргах болон хэрэглэхийн төлөө улайран тэмцэлдэх энэхүү өрсөлдөөнд ядуу орнууд мөр зэрэгцэн оролцох боломжгүй байна. Гэвч цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж байж л үр дүнд хүрэхээс улс орнууд амин хувиа хичээж хэсэгчилсэн тэмцэл явуулаад амжилтад хүрэхгүй юм.

Америкийн эм үйлдвэрлэлийн Физер концерн болон германы БиоНТех концерн хамтран гаргаж авсан Ковид-19-ийн эсрэг вакцины клиник туршилтууд 90 гаруй хувийн үр дүнтэй байгаа тухай мэдэгдлээ. Энэ мэдэгдэл даян дэлхийн аж амьдрал удахгүй цар тахлын өмнөх хэвийн нөхцөлдөө шилжих найдварыг төрүүллээ. Эм үйлдвэрлэлийн концернууд мэдэгдэл хийсний дараахан засгийн газрууд вакцинаас аль болох олон тунг олж авах баталгаагаа хангахын төлөө яаравчлах болсон юм. Вакцины эхний тунгууд гарсан даруй чинээлэг улс орнууд болон хувь хүмүүс монопольчилж авна гэдэг бүрхэг таамаглал ийнхүү биеллээ олж эхэллээ. Гэвч энэ найдвар замхарч мэдэх эрсдэлтэй байна.

Дурдсан монопольчлолыг үүсгэхгүй байх үүднээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Цар тахлын бэлэн байдлын инновацийн холбоо, Гави-вакцины эвслийн удирдлага дор ажиллах Ковид-19-ийн вакциныг дэлхий дахинд хүртээмжтэй хуваарилах үүрэг бүхий "Global Access Facility GOVAX" нэртэй эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулсан юм. GOVAX Ковид-19-ийн эсрэг вакциныг гарган авах хөгжлийг хурдасгах, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй, хүрэлцээтэй түгээх, тунг баталгаажуулах шударга аргачлал боловсруулж, үүний дагуу эхний ээлжид хүн амын өндөр эрсдэлтэй бүлгүүдэд хуваарилах зорилготой болно. Өөрөөр хэлбэл чинээлэг улс орны засгийн газрууд вакциныг хэт олноор худалдаж авах, нөөцлөхөөс сэргийлэх зорилго бүхий хөтөлбөрийг боловсруулжээ.

Одоогоор уг хөтөлбөрт дэлхийн хүн амын гуравны хоёр хувь ногдох 180 гаруй улс нэгдээд байна. Үүнээс 94 улс нь чинээлэг, өндөр орлоготой орон байна. Эдгээр 94 улс уг хөтөлбөрт нэгдсэнээр заавал сахин биелүүлэх үүрэг хариуцлага хүлээх болно. Тэд GOVAX хөтөлбөрт нэгдсэнээр вакцин авах эрхээ нээж буй тул авах тунгийнхаа үнийг төлж болно. Хөтөлбөрт мөн 92 бага орлоготой улс нэгдсэн бөгөөд тэд Ковид-19-ийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй авах аж.

Эхний ээлжид дэлхийн хүн амын хамгийн өндөр эрсдэлтэй 3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх хэмжээний тунг өндөр эрсдэлтэй бүлэгт буюу халдвар тархсан голомтын бүсэд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын болон нийгмийн ажилтанд зориулах аж.

GOVAX-ын төлөвлөгөө ёсоор вакциныг хоёр үе шаттайгаар хуваарилах юм. Эхний шатанд оролцогч бүх орнууд хүн амын тоондоо хувь тэнцүүлсэн хэмжээгээр авна. Эхний шатанд оролцогч орнуудын хүн амын хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг буюу 3 хувийг дархлаажуулах тунг авна. Өндөр эрсдэлтэй бүлэгт нэн ялангуяа халдвар тархсан бүс нутагт ажиллаж буй эрүүл мэнд ба нийгмийн ажилтнууд багтана. Үүний дараа улс орон бүрийн хүн амын 20 хувийг дархлаажуулахад хүрэлцэх нэмэлт тунг нийлүүлнэ. Ингэхдээ өндөр эрсдэлтэй ахмад настнууд ба архаг хууч өвчтэй хүмүүсийг дархлаажуулах аж.

Хоёр дахь шатанд нэмэлт тунг тодорхой улсуудад нийлүүлнэ. Ингэхдээ цар тахлын тархцын хурд, улаан бурхан зэрэг бусад эмгэг өвчин тархаж буйг болон тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны дэд бүтцийн даац хэтрэх аюул хэр өндөр байгааг харгалзан үзэж нийлүүлнэ. Вакцины үйлдвэрлэл болон хуваарилалтын чадамж хязгаарлагдмал байгааг харгалзан ВиоН Тех Физерийн вакциныг тухайлбал гурван долоо хоногийн завсарлагатайгаар хоёр удаа нийлүүлнэ. Үйлдвэрлэлийг боломжит дээд хэмжээгээр тооцоход ирэх оны эцэс гэхэд 1.35 тэрбум тун үйлдвэрлэх боломжтой. Иймээс нийлүүлэлт, түгээлтийн шударга системийг танилцуулахад хүндрэлтэй юм.

Ерөөс ийм системийг нэвтрүүлэхэд багагүй саад бэрхшээл тулгарна. Тухайлбал, БНХАУ нэлээдгүй хүлээлгэсний эцэст өнгөрсөн аравдугаар сарын эхээр GOVAX хөтөлбөрт нэгдсэн бол АНУ одоо хэр нэгдээгүй байна. АНУ-ын ерөнхийлөгч "Нэн тэргүүнд Америк" бодлого баримтлахаа зарласан тул уг хөтөлбөрт нэгдэхгүй хойрго байсныг хэн ч гайхаагүй. Гэхдээ Нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Жое Байден илүү нээлттэй байх болов уу? гэх найдлага байна. Юутай ч Трампын үед АНУ гишүүнчлэлээс нь татгалзсан олон улсын цөөнгүй гэрээнд Байден эргэн нэгдэх саналтайгаа мэдэгдсэн. Саяхан тэрбээр Ковид-19 ажлын хэсэг байгуулсан. Түүнчлэн Ковид 19-ийн эсрэг вакцины GAVI эвслийн дарга Сет Беркли Байдений багтай ярилцахаар төлөвлөсөн байгаа.

GOVAX хөтөлбөрт нэгдсэн улсууд эм үйлдвэрлэгч концернуудтай хоёр талт гэрээ байгуулахын төлөө уралдаж байна.

Тэд ийнхүү өрсөлдөх хооронд БНХАУ бусад улсаас үл хамаарч өөрийн вакцины үйлдвэрлэл болон туршилт дээр хатуу ажилласаар байна. Вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа хятадын компаниудаас вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авсан нэг ч компани байхгүй авч багаар бодоход дөрөв нь өнөөгийн байдлаар 3 дугаар шатны туршилтаа хийж байна. Хятадын албан байгууллагуудын мэдээллээс үзэхэд олон арван мянга, магадгүй үүнээс ч олон хүнд тогтмол хийж буй шинжилгээнээс гадуур вакцин тарьж байгаа бололтой.

Өөр нэг тулгамдаж буй асуудал бол: GOVAX хөтөлбөрийн гишүүн орнууд эм үйлдвэрлэгч компаниудтай хоёр талт гэрээ байгуулахад хориглосон журам байхгүй тул хоёр талт гэрээ байгуулахаар улайран тэмцэлдсээр байна. Их Британи гэхэд БиоН Тех-Физер концерноос 40 сая тун вакцин захиалах гэрээ байгуулаад байна. Мөн Европын зарим улс хэдийнээ захиалгаа өгсөн, зарим нь гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Үүний зэрэгцээ Европын Холбоо 300 сая хүртэлх тун авах тохиролцоо хийгээд байна. Түүнчлэн 328 сая хүн амтай АНУ гэхэд 100 сая тун вакцины захиалга өгсөн бөгөөд нэмж 500 сая тун вакцин авах эрхээ баталгаажуулаад байна. АНУ хүн амынхаа тооноос давсан их хэмжээний захиалгыг өгөх болсон явдлыг вакцины зах зээлийг хоослох оролдлого гэж үзэх хардлагыг төрүүлж байна. Мөн GOVAX-ын гишүүн Бразил болон бусад энэ мэт хэлэлцээрийг Физертэй хийж байна.

Цар тахлыг дэлхий даяар нэг мөсөн дарахгүй бол хэсэгчлэн дарах боломжгүй. Иймд улс орон амин хувиа хичээх явдал ухаалаг шийдэл биш.

Физер концерн вакцин гарган авсан тухайгаа мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дотор тус компанийн ирэх жилийн эцэс хүртэл үйлдвэрлэх боломжит дээд хэмжээний вакцины тунгийн 80 гаруй хувь худалдаалагдаад дууссан аж. Гэтэл энэ 80 гаруй хувийг худалдаж аваад байгаа улс оронд дэлхийн хүн амын дөнгөж 14 хувь ногдож байна. Өөрөөр хэлбэл зах зээл дээр гарсан эхний баталгаатай бөгөөд үр дүн өндөртэй вакцинаас дэлхийн хүн амын дийлэнх хэсэг хүртэж чадахгүй хоцрох нь.

Одоогоор хоёр зуу гаруй компани вакцин үйлдвэрлэлд нэрээ дэвшүүлснээс тавин үйлдвэрлэгчийн вакцин клиник туршилтын шатандаа явж байна. Чинээлэг улсууд Модерна компанийн вакциныг давуу эрхтэйгээр худалдан авах гэрээ хэлэлцэж эхлээд байгаа юм. Модернагийн вакцин клиник туршилтын дүнгээр өндөр үр дүнтэй болох нь батлагдсан. Жонсон ба Жонсон, Астра Зенеса зэрэг вакцин үйлдвэрлэх эрхээ хүлээж байгаа бусад олон компаниудтай ч мөн гэрээ байгуулж байна. Эдгээр компаниуд эрхээ авсан тохиолдолд вакцинаа үйлдвэрлэх бөгөөд гэрээ байгуулсан улсуудад худалдах юм. Ядуу буурай орнууд ийм боломжгүй нь ойлгомжтой. Цар тахлыг дэлхий нийтээрээ тэмцэж байж л дарж чадна. Харин улс орон амин хувиа ийнхүү хичээж тус тусдаа хэсэгчлэн дарна гэвэл ухаалаг бус шийдэл болно. Үүнийг мэдсээр байж олон улс орон амиа хичээх шийдлийг илүүд үзэж вакцины төлөөх өрсөлдөөнд тэмцэлдэж байна. Энэ өрсөлдөөнд саад хийхгүй бол дэлхий дахины анхаарал вакцин дээр улам бүр төвлөрч үр дүнд нь тэгш бус байдлыг урьд өмнөхөөс илүү гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Цар тахал ч бидний дунд оршсоор байх болно. Өнөөг хүртэл шийдэж чадаагүй бидний олон асуудал дээр шинэ сорилт үүсгэсээр байх болно.
 

Жаяати Гоош нь Олон улсын хөгжлийн эдийн засгийн ассоциацуудын нарийн бичгийн даргын албыг хашдаг.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. 

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

(c) Project Syndicate

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de