27.05.2021

Зааны тухай бүү бод - Номын хэсгээс

Улс төр гэдэг бол ярих болон үйлдэх гэсэн үг. Юу төлөвлөсөн, ямар үр дүнд хүрсэн тухайгаа улс төрчид сонгогчидтойгоо ярилцдаг. Өөрсдийгөө болон зорилго зорилтуудаа сурталчилна. Амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн үндсэн нөхцөл. Харилцахдаа тааруухан хүн сонгуульд ялагддаг. Гэхдээ ямар ч хэлбэрээр явагдсан харилцаа бай, яригч ба хүлээн авагч гэсэн хоёр тал оролцоно. Улс төрийн харилцаа ярвигтай хэцүү байдаг нь чухам үүнээс үүддэг. Улс төрчид санаа бодлоо сонгогчдодоо хүргэхийн тулд өөрсдийгөө тэдний байранд тавих хэрэгтэй болдог. Сонгогчид ямар үнэт зүйлстэй, дэлхий ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай. Ингэж гэмээ нь тэд хэн хэнийхээ хажуугаар зөрж өнгөрөхгүйгээр нэг түвшинд харилцаж чадна.

Уг номын нэгдүгээр болон хоёрдугаар бүлгийг Монсудар хэвлэлийн газрын албан ёсны зөвшөөрөлтэйгээр Та бүхэнд хүргэж байна. Тус хоёр бүлгийг энд дарж уншаарай! Сонсдог ном хэлбэрээр эндээс сонсоорой!

Түүнчлэн уг номыг энэ линкээр орж худалдан авах боломжтой. 

АНУ-д олны анхаарлыг ихэд татсан энэхүү номоо Жорж Лейкоффын прогрессив буюу өөрөөр хэлбэл, нийгмийн шударга ёс, нийгмийн дэвшил болон хувь хүний эрх чөлөөг дэмждэг улс төрчдөд хандан бичжээ. Берклийн Их сургуулийн хэл шинжээч, философичийн хувиар Лейкофф тус улсын прогрессив үзэл баримтлалтай улс төрчид улам бүр шүүмжлэгдэх болсныг дэргэдээс нь ажигласан нэгэн. 2016 оны сонгуульд Трамп ялалт байгуулдаг нь үнэндээ аль ХХ зууны хоёрдугаар хагасаас хойш урт удаан хугацаагаар хуралдан нэмэгдсээр чинээндээ тулж, дээд цэгтээ хүрсэн үйл явцын эхний илрэл төдий юм. Нийгмийн баримжаат төр хумигдаж, цалин хөлс буурч, баян хоосны зааг ялгаа улам бүр нэмэгдэж байгаа нь ердөө л энэхүү үйл явцын наад захын жишээ. Прогрессив улс төрчид сонгуулийн шийдвэрлэх мэтгэлцээнд ялагдсан гэдгийг бүгд мэднэ. Тэд санаагаа ойлгомжгүй илэрхийлж, түүнчлэн сонгогчдын бодит амьдралыг сайн ухаарч мэдэхийн оронд тоо баримтын хүчинд дэндүү их найдсанаас мэтгэлцээнд ялагдал хүлээсэн юм.

Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг тоо баримт танилцуулах юм уу ард олны амьдралыг сайжруулах тухай санал дэвшүүлээд дуусдаг юм биш, харин үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнээсээ эхэлдэг гэж Лейкофф үзжээ. АНУ-д консерватив болон неолиберал чиглэлийн улс төрчид үүнийг эртнээс мэднэ. Тэд энэ арга хэрэгслийг алсын бодлоор бодлоготой эзэмшиж, зарим сонгогчдын ашиг сонирхлыг нь төлөөлөх бодолгүй атал саналыг нь авахын тулд амжилттай хэрэглэдэг.

Доналд Трамп цагаачлал, ажилгүйдэл, алан хядлагатай холбоотой айдас, зовнил түгшүүрийг кампанит ажлынхаа үеэр ахин дахин хөндсөн учраас эгэл жирийн ажилчин ангийнхны саналыг авч Цагаан ордонд орсон. Тэр айдас, зовнил үндэслэлтэй эсэх түүнд огт падгүй. Сонгогчид айж, зовниж байгаа гэдэг л түүнд хангалттай байлаа. Ингээд л тэрээр энгийн, эрс ширүүн голдуу мессежнүүдийг мөн л хүний сэтгэл хөдөлгөм үг яриагаар илэрхийлэн сонгогчидтой харилцсан. Харин түүний өрсөлдөгч Хиллари Клинтон яриандаа гол төлөв тоо баримт дурдсан нь хүмүүст нэг л хүйтэн хөндий, амьдралаас тасархай сэтгэгдэл төрүүлжээ. Сонгогчдын хувьд нэр дэвшигч өөрсөдтэй нь адилхан ярих нь чухал болох нь хараажаар ил. Өөрсдийнх нь нэг гэж боломгүй хүн өөрсдөд нь зааж сургахыг тэд хүссэнгүй. Цагаан ордны тэргүүнээр тэрбумтан хүн сонгогдож, баячуудын төлөө бодлого явуулах атлаа үүнийхээ төлөө жирийн иргэдээс алга ташилт хүртэх болсон гаж үзэгдлийн учир үүгээр тайлагдана.

Жорж Лейкофф өөрийн номдоо энэ үйл явцыг “харах хүрээ” хэмээн тайлбарлажээ. “Харах хүрээ” гэж улс төрийн харилцаанд сүүлийн жилүүдэд моодонд ороод байгаа нэр томьёо. Хүний тархи мэдээллийг санамсаргүй зохион байгуулах юм уу сонгож авдаггүй гэж Лейкофф бичжээ. Харин мэдээллийг хүлээж авах, боловсруулах механизмууд тархинд байдаг. Өдөр бүр хүлээн авч буй тоймгүй олон мэдээлэлд эзэн болохын тулд хүн бүрийн тархи ийм “харах хүрээ”тэй ажилладаг. Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүний улс төр дэх харилцаа нь амжилттай явах боломжтойг Лейкофф олж мэджээ. АНУ-ын прогрессив улс төрчид үүнийг төдий л анхааралгүй он удаан жил явах зуур өрсөлдөгчид нь хэдэн арван жилийн турш стратегиа болгон ашиглаж байна. Ихэнх ардчилсан орнуудын хувьд ч ялгаагүй.

Ирэх он жилүүдэд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг эрхэмлэсэн улс төрийг хэн хүнгүй эрэлхийлэн тэмүүлнэ гэдгийг үймж бужигнасан өнөөдрийн өнцгөөс төвөггүй таамаглан хэлж болохоор байна. Эдийн засгийн хямрал, популизм болон геополитикийн үймээн самуун гаарч буйн улмаас эгэл олон иргэдийн эрх ашгийг цөөн тооны баян элитүүдийн эрх ашгаас хамгаалах шаардлага улам бүр нэмэгдэж, тэр хэрээрээ улам бүр адармаатай болсоор байна. Прогрессив намуудын хамгийн гол үүрэг бол энэ, чухам үүний төлөө л тэд байгуулагдсан. Тэдэнд туслах нь ч энэхүү номын зорилго юм.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de