05.02.2018

Цахим популизм

Нийгмийн сүлжээ нь улс төр, эдийн засгийн олон жил ноёрхож ирсэн бүлэг, хүчний эсрэг тэмцэгч “эгэл ард түмний төлөөлөл” гэдэг улс төрчийн имиж, уг улстөрчийн популист амлалтууд олон нийтэд асар их далайц, хурдтай хүрэх боломжийг нээж байгаа нь 2016 оны АНУ-ын, 2017 оны Франц, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиудаас харагдаж байна.

Нийгмийн сүлжээний хэрэглээ асар хурдацтай нэмэгдсэн сүүлийн жилүүдэд популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин цахим популизм болж хувирч байгаа нийтлэг дүр зураг харагдаж байна.[1] Популист улс төрчид болон намууд нийгмийн сүлжээний хяналт багатай байдлыг ашиглан хуурамч мэдээ, гүтгэлэг тараах үйлдэл хийх болов. Нийгмийн сүлжээ нь улс төр, эдийн засгийн олон жил ноёрхож ирсэн бүлэг, хүчний эсрэг тэмцэгч “эгэл ард түмний төлөөлөл” гэдэг улс төрчийн имиж, уг улстөрчийн популист амлалтууд олон нийтэд асар их далайц, хурдтай хүрэх боломжийг нээж байгаа нь 2016 оны АНУ-ын, 2017 оны Франц, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиудаас харагдаж байна.  Ингээд 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид цахим популизм хэрхэн илэрснийг энэхүү нийтлэлд авч үзлээ.

2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-аас парламентын спикер Mieygombo Enkhbold, сөрөг АН-аас бизнесмэн, жудогийн нэртэй бөх  Khaltmaa Battulga, гуравдахь хүчин буюу МАХН-аас Үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн асан Sainkhuu Ganbaatar өрсөлдсөн боловч эхний санал хураалтаар хэн нь ч 50-иас илүүгүй санал авч чадаагүй. Улмаар хоёр дахь шатанд Khaltmaa Battulga, Mieygombo Enkhbold нар өрсөлдсөнөөс Battulga 50.6 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.

2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжилсэн бөгөөд урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад хугацаа богино, телевиз, тараах материал зэрэг уламжлалт нэлээд хязгаарлагдсан юм. Тиймээс МАН болон АН-ын нэр дэвшигчид сошиал сүлжээг сурталчилгаанд түлхүү ашиглав. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд нийгмийн сүлжээг бус иргэдтэй хийх нүүр тулсан уулзалтууд сурталчилгааны гол суваг нь болов.

Монголын сонгогчдын мэдээлэл авдаг гол эх сурвалж телевиз байгаа ч жил ирэх тутам сошиал сүлжээний нөлөө өсч байна. Сонгуулийн үеэр Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн судалгааны дүнгээр сонгогчдын  74.6 хувь нь нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг телевизээс, 39.3 хувь нь фейсбүүкээс авч байна гэж хариулсан. Харин твиттерээс мэдээлэл авч буй сонгогчдын хувь 5.4 байгаа юм. Фейсбүүкээс улс төр, сонгуулийн талаар мэдээллээ голчлон авдаг хэрэглэгчдийн социал бүтцийг задлан үзэхэд 18-40 хүртэлх насны, нийслэл Улаанбаатар болон аймгийн төвд оршин суудаг хүмүүс байгаа юм. Үүнээс харахад энэ удаагийн сонгуулийн үеэрх сошиал сүлжээний сурталчилгаа залуу болон дунд насныханд илүүтэй нөлөөлсөн байх магадлалтай.

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа сошиал сүлжээг хэрхэн ашигласан бэ?

Сонгуулийн сурталчилгааны бүхий л хугацаанд нэр дэвшигч Х.Баттулга гол өрсөлдөгч М.Энхболдын эсрэг сөрөг сурталчилгааг фейсбүүкээр явуулсан бол М.Энхболдын хувьд мөн л гол өрсөлдөгч Х.Баттулгын эсрэг сөрөг сурталчилгааг твиттерт давамгайлан явуулав. Х.Баттулгын багаас Монголчуудын Хятадад дургүйцэх уламжлалт үзэл дээр тулгуурласан, М.Энхболд хятадын эрлийз учраас ерөнхийлөгч болбол Монгол улс Хятадын эрхшээлд орно гэсэн утгатай байв.

Сонгуулийн үеэр олны анхаарлыг татах, өрсөлдөгчийн нэр хүндийг унагах зорилготой их хэмжээний зохиомол мэдээллүүд нийгмийн сүлжээнд тархаж байсан нь Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээний үр нөлөөний талаарх мониторингийн судалгаануудаас харагддаг. Үүнээс хамгийн олон хүнд хүрсэн fake news-ыг авч үзье.

2017 оны 6 сарын 1, 2-ны өдрүүдэд буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад нэр дэвшигч Х.Баттулгын багаас фейсбүүкт “М.Энхболдын удам угсааны тухай”,  “Эрэлхэг Монгол залуугийн үхэл”,    “Эзэн Чингисийг доромжилж байна” хэмээх өөр хоорондоо холбоотой гурван янзын бичлэгийг байршуулсан юм. Эдгээр бичлэг нь хамгийн олон гишүүнтэй ФБ-ын групууд болон пейж хуудсуудаар тараагдсан. “М.Энхболдын удам угсааны тухай” бичлэгийг 48 цагийн дотор 99 мянган хүн үзэж, 2403 удаа шейр хийсэн байна. Мөн 2016.06.02-нд буюу тухайн бичлэг цацагдсанаас хойш 24 цагийн дараа зарим нэг сайтуудад энэхүү бичлэгийг тэр чигээр нь оруулан “М.Энхболд эрлийз гэдэг хөдлөшгүй баримтаар нотлогдлоо” гэсэн гарчигтай мэдээ болгон тавьсан юм. М.Энхболдын удам судрын тухай энэхүү бичлэгийг үзсэн хүмүүсийн дийлэнх “Яахаргагүй хятадын эрлийз, Эхийн талынхан хужаа нар, Жинхэнэ монгол хүнээ олоод сонгочих юмсан” гэх мэтээр түүний эсрэг сөрөг, буруушаасан сэтгэгдлүүд үлдээсэн байв.

 “Эрэлхэг Монгол залуугийн үхэл” хэмээх хоёрдахь бичлэг нь хятадууд машинаар өвөр монголчуудыг дайрч амь насыг хөнөөж байна гэсэн тайлбартайгаар байршуулсан байв. Уг бичлэгийг мөн л фейсбүүкийн том групп, пэйж хуудсуудаар тарааснаас гадна үүнийг үзсэн олон хүмүүс өөрсдийн фэйсбүүк хуудастаа хуваалцсан  байв.

“Эзэн Чингисийг доромжилж байна” хэмээх гурав дахь бичлэг нь Монгол гэрт хятад залуу Чингис хааны зургийн өмнө элдвээр аашилж буй богино үйл явдал байсан бөгөөд фейсбүүкийн томоохон групуудээр цацагдаж олон мянган хүн үзсэн байв.

Фейсбүүкийн орчинд тарсан хоорондоо уялдаа холбоотой дээрх гурван бичлэгийн доорх сэтгэгдлүүдийг үзэхэд дийлэнх нь хятадуудыг үзэн ядсан, хятадууд газар авлаа, М.Энхболд бол “хужаа”, монгол хүнээ сонгох хэрэгтэй гэсэн агуулгатай байв. Монголчуудын Хятадад дургүйцэх уламжлалт сэтгэлгээтэй холбоотойгоор сошиал орчинд Хятадын талаарх бүхий л постуудад олонх хүн ухамсаргүйгээр итгэн хүлээн авах хандлагатай байгаа нь бидний дээрх судалгаанаас харагдаж байв.

Дээр дурьдсанаас харахад  Монгол улсын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчдийн бодлого, мөрийн хөтөлбөр бус сөрөг сурталчилгаа, fake news, хөрш Хятад улсын эсрэг hate speech давамгайлав.

 

 

[1] Clara Hendrickson and William A. Galston. Why are populists winning online? Social media reinforces their anti-establishment message. April 28, 2017 www.brookings.edu/blog/techtank/2017/04/28/why-are-populists-winning-online-social-media-reinforces-their-anti-establishment-message/

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de