18.01.2021

Ковидын дараа юу болох вэ?

Мэдээж хүсэн хүлээсэн амгалан цаг эргэн ирж, дэлхий нийтээрээ айх айдасгүй болно хэмээн итгэж найдаж байгаа. Тийм ээ... энэ бол хүн төрөлхтний хүсэл. Бүх зүйл урьдын адил хэвийн үргэлжилж, улс орнуудын хооронд эдийн засаг бизнесийн томоохон гэрээ хэлцлүүд хийгдэж, хөгжлийн том том төслүүд хөдөлгөөнд орж, үйлдвэрлэл явагдаж, технологийн шинэ дэвшлийн үр дүн болсон хэрэглээний бүтээгдэхүүнүүд уралдан шинээр төрж, хүмүүсийн оюуны болон биеийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн программууд бичигдэж, ухаалаг төхөөрөмжүүд нэмэгдсээр, шинжлэх ухааны эрэл хайгуулын үр дүнд өвддөггүй, өтөлж хөгширдөггүй, магадгүй үхэшгүй хүн бүтээх үйл явц биеллээ олж, нисдэг машин, авто зам гээд зөгнөлт киноны үйл явдлууд амьдрал дээр бодитоор хэрэгжиж эхлэх хөгжлийн ирээдүйг төсөөлж агаарын болно.

Сайхан ирээдүй. Багаар бодоход л олон улсын дунд худалдаа арилжаа сэргэж, улс хоорондын агаарын, усан замын болон хуурай замын урсгал хөвөрч, улс орон бүхэнд өөрийн гэсэн үйлдвэрлэл үйлчилгээгээ өрнүүлнэ. Гадаадын улс орнуудыг зоригчдын цуваа дахиад л эхэлж, хүмүүс 2019, 2000 оноос өмнөх он жилүүд шигээ гар барин мэндэлж, нүүр нүүрээ харан инээмсэглэж, аялал жуулчлал идэвхжиж, дэлхийгээр хэрэн сүлжсэн аалзны тор шиг их хөдөлгөөн дахин эхэлнэ. Хөгжлийг тарьж ургуулагч хүн төрөлхтний амьдрал аз жаргалтайгаар үргэлжилнэ. Ингэж төсөөлж байгаа. Хурдхан шиг ийм цаг маань эргэн ирээсэй гэж хүсэж байгаа. Гэхдээ ингэж чадахгүйд хүрчих вий дээ гэдэг болгоомжлол бий болоод байгаа нь нууц биш. Тиймээс ковидын дараа... гэдэг хэлц үг олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж "эрүүл мэнд, эдийн засаг, улс төр, хууль, хүний эрх, даяаршил, соёл боловсрол" гээд суурь асуудлуудаар томоохон хэлэлцүүлгүүд өрнөж, орон орны эрдэмтдийн олон олон асуулт, судалгаа, тандалт, санал дүгнэлт бүхий өгүүлэл, нийтлэлүүд гарсаар байна. Мэдлэг, мэдээлэл олж авах боломжийг оюун санааны хөгжлөөр хоцрохгүй байх чадамж болгон хувиргаж, түүнийгээ "Ковидын дараах хөгжлийн бодлого" болгон хэрэгжүүлж чадсан улс орон вирусын тахлаас үүдэх хохирлыг бууруулж, ирээдүйгээ зөв тооцоолж, зураглан төлөвлөж, зорилгоо оновчтой тодорхойлж түүндээ зохион байгуулалттайгаар хүрч болох юм байна. Тиймээс манай сан дэлхийн эрдэмтдийн бичсэн өгүүлэл нийтлэлийг сэдэвчлэн ангилж, цувралаар орчуулан олон нийтэд хүргэе хэмээн зорьсон юм. Монголчууд "үндэс иш, цоморлог"-ийн онолоор оршихуйгаа засаж, аливаа зүйлийн үүсгэл шалтгааныг үндэс хөрснөөс нь хөөн харж, түүнээс үүдэх шалтагт явдлыг үндэс иш цоморлогоор нь танин мэдэж, тайлан засах арга замыг олдог түүнийгээ үр хойчдоо захиж сургасан оюунт өв соёлтой түмэн. "Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж гарах ухаан" хэмээх гурамсан үгийн утгад дээрх утга санаа бүгд багтжээ. Тэгвэл уламжлалт монгол ухаанаа дэлхийн мэдлэг, цаг үеийн мэдээлэлтэй хослуулж яагаад болохгүй гэж. Эмийн тунг тааруулж чадвал амь аврах шидтэй. Үгийн тунг тааруулж хэлбэл сэтгэл сэргээх идтэй. Үйлсийн тунг тааруулж бүтээвэл оршихуйд тустай гэлцэнэ. Тиймээс герман хэлнээ бичигдсэн гарчгийг "Коронагийн тун" хэмээн хөрвүүлсэн цуврал маань олон улсын эдийн засагчдын бүтээлээр эхэлж байна.

 

Дэмбэрэлийн Нарантуяа нь МУИС-ийн докторант, МҮОНТ-ийн Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн алба, Хүүхдийн нэвтрүүлгийн албанд сэтгүүлч, редактороор 17 жил ажилласан, телевизийн салбарын мэргэшсэн уран бүтээлч. Нийгэм улс төр, эдийн засаг боловсрол, соёл иргэншил, үндэсний хөгжил, оюун санааны үнэт зүйл, сургамж, санал шүүмж, анализ дүгнэлтийн олон арван нийтлэл нэвтрүүлгийн зохиогч редактор, хөтлөгчөөр ажилласан нийгмийн сэтгүүлч.

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de