02.06.2022

Оюун санааны хувьд шинэ орон болжээ

Испани тээврийн бодлогын салбарт мухардлаас гарах гарцаа олжээ. Санчезын засгийн газрын удирдлага дор Испани орон цаг уурын хамгааллын чиглэлд бүтээлч замыг сонгожээ.

Германд тээврийн эргэлт таг зогсжээ. Шинээр байгуулагдсан гэрлэн дохионы эвслийн засгийн газрын эвслийн гэрээнд энэ талаар үг үсэг ч алга. Цахилгаан машины үйлдвэрлэлийг дэмжинэ гэснээс өөр тээврийн салбарт хэрэгжүүлэх цаг уурын бодлогын талаар дорвитой зүйл алга, хурдны хязгаар тогтоох тухай зөвшилцөлд ч хүрч чадаагүй аж. Агора Тээврийн эргэлт бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал  Кристиан Хохфелд энэ байдлаар тээврийн салбарт дэвшүүлсэн цаг уурын зорилтууд биелэхгүй хэмээн таамаглаж байна.

Германд орон нутгийн түвшинд ч энэ чиглэлээр гавьтай ажил хийгдэхгүй. Берлинд шинээр байгуулагдсан гурван намын эвслийн засгийн газар урьдынх шигээ машинд илүү ач холбогдол өгсөн хэвээрээ байна. Хотын төвийн дүүргүүдэд тээврийн хэрэгслүүдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зарим арга хэмжээг төлөвлөсөн ч хотын төвөөс алслагдмал дүүргүүдэд урьдын адил: Машин бол тээврийн хөдөлгөөнд оролцох номер 1 хэрэгсэл хэвээрээ бөгөөд авто машиныг нийгмийн байр суурийг дээшлүүлэх амлалттайгаа уялдуулжээ.  Берлиний Чөлөөт Их Сургуулийн хөдөлгөөнт хэрэгслийн менежер Анке Борчердинг “Энэ сенат хувийн суудлын машинаас өөр хувилбар боловсруулах хүсэлгүй юм байна” хэмээн гомдоллож байна.

Социалист Петро Санчезын  цөөнхийн засгийн газар испанид цаг уурын бодлого ба тээврийн эргэлтийн салбарт ул суурьтай ажиллаж эхлээд байна. 

Гэтэл Испанид нөхцөл байдал эрс өөр байна. Энд тээвэр, Хөдөлгөөн, Хотын зорилтуудыг хариуцсан сайд Ракүел Санчез Жименез хувьдаа машингүй амьдралыг төсөөлж чадаж байна. Тэрээр “Хувийн машингүй амьдрал бол өөрийн хүслээр бус харин цаг уурын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд сөрөг нөлөөгүй амьдрах европын амбицтай зорилтуудыг хэрэгжүүлэх  шаардлагын үр дагавар юм” хэмээн тайлбарлаж байна.

2020 оны 11-р сард хааны 970/2020 тоот захирамж хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр испанийн гудамжны тээврийн дүрэмд багахан өөрчлөлт хэр нь  томоохон нөлөө үзүүлсэн. Захирамж ёсоор хотын төвд 30км/цаг ба түүнээс доош хурдтай явахыг зөвшөөрсөн. 50-р зүйлд “Машины зам ба явган хүний зам нь ижил өндөртэй хотын гудамжаар машинтай зорчих ердийн хурд 20 км/цаг байна. Нэг урсгалтай замын явах чиглэлд зорчих хурд 30 км/цаг байна. Хоёр ба түүнээс дээш урсгалтай замаар явах чиглэлд зорчих хурд 50 км/цаг байна.” гэж заасан.

Испанийн тээврийн ерөнхий газрын захирлын таамаглаж байгаагаар Испанийн хотын төвийн гудамжнуудын 70-80%-аар зорчих зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээ 30км/цаг түүнээс доош байх нь. Хоёроос гурван урсгалтай нэвт гардаг гудамжнуудад л хурдны хязгаар үйлчлэхгүй нь. Харин авто машин давамгайлсан тээврийн түүхэн эргэлтийг засварлахад испанийн замын тээврийн дүрэмд цөөхөн мөр өөрчлөхөд л хангалттай.

Испанийн цаг уурын өөрчлөлт ба эрчим хүчний эргэлтийн зорилго нь тодорхой: Парисын цаг уурын зорилтуудыг хангах

Үүний дараахан испанийн цөөнхийн засгийн газар социал демократууд (PSOE) ба зүүний хөдөлгөөнүүдийн цуглуулга Podemos -тай хамтран цаг уурын өөрчлөлт ба эрчим хүчний эргэлтийн тухай өргөн хүрээтэй хууль танилцуулсан. 2021 оны 5-р сарын 20-нд эцэслэн батлагдсан тус хууль нь цаг уур, карбоны хүчлийн ялгаруулалтыг бууруулах салбар дамнасан бодлогыг өдөр тутамд хэрэгжүүлэх оролдлого нь испанийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гаргаж буй хүчин чармайлтыг тодорхой харуулж байна. Дэвшүүлсэн зорилт нь бол тодорхой: Парисын цаг уурын хэлэлцээрийн зорилтуудыг биелүүлэх. Тус хуульд олон тооны арга хэмжээ тусгагдсаны дотор тээврийн салбарт мөрдөгдөх олон тооны тодорхой тоон утга бүхий зорилтууд багтаж буй. Нэн ялангуяа 50 000-аас дээш оршин суугчидтай испанийн бүх хотуудад  хорт бодис бага ялгаруулдаг гэсэн тэмдэглэгээгүй тээврийн хэрэгслүүдтэй компаниуд үйл ажиллагаа явуулахыг хориглодог, хүлэмжийн хийн ялгаруулалт багатай бүсүүдийг байгуулах үүрэг ногдуулсан. Энд нийт 25 сая хүн оршин суудаг 149 хот хамрагдаж байна. Хуулиар хот тосгодод 2023 он хүртэл эдгээр бүсийг байгуулах үүрэг ногдуулсан.

Маш их туйлширсан улс төрийн орчинд ажиллаж буй Петро Санчезын цөөнхийн засгийн газар цаг уур ба тээврийн бодлогод ингэтлээ сэтгэл зүтгэл гарган ажиллаж чадаад  байгаагийн учир шалтгаан нь юунд байна? Энэ асуултын хариултын хэсэг нь : Орон нутгийн түвшинд тээврийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн олон жилийн туршлагатай бөгөөд энэ туршлага нь үндэсний хэмжээний бодлогод үлгэр жишээ болж байна. Нэн ялангуяа (хувьсан өөрчлөгдөж буй хотууд) гэж нэрлэгддэг хотууд сүүлийн жилүүдэд зүүний шинэчлэлийн засгийн газруудтай  хамтраад тээврийн дэвшилтэт бодлого хэрэгжүүлж чадсан. Барселон, Валенсиа зэрэг зүүний нам засгийн эрхийг нь барьдаг хоёр  том хот, мөн Понтебедра, Викториа зэрэг жижиг хотууд тээврийн эргэлтийн амжилттай хэрэгжүүлсэн олон арга хэмжээг нэрлэж чадна.

Орон нутгийн түвшинд тээврийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн туршлага нь өдгөө үндэсний хэмжээний бодлогод үлгэр жишээ болж байна.

Испанийн хотууд, нэн ялангуяа Барселон, Мадрид-хоёр том хотод хорт бодист байнга хордож байдаг. Үндсэндээ моторт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн утаанд багтарч унахаас наагуур амьдардаг. Дээрх хоёр хотод дэвшилтэт засгийн газрууд нь олон жилийн өмнөөс эсрэг арга хэмжээ авахыг оролдож байна. Энд Европын комиссын мөнгөн торгууль ногдуулна хэмээн заналхийлж дарамт үзүүлж байгаа нь жаахан ч гэсэн нөлөөлж байгаа.

Барселонд бусад аль ч хотод байхгүй, хувь хүмүүсийн моторт хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн давамгайллын эсрэг чиглэсэн, тээврийн ачааллыг бууруулах  олон талт төслүүдийг хэрэгжүүлдэг. Нэг талаас супер блок нэрээр танигдсан 400-500 метрийн өргөнтэй бүсүүдийг байгуулсан. Энэ бүсийн дотор тээврийн хэрэгслээр зорчиж болохгүй. Барселон хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд Поп-концертын дэлгэцийн дэд бүтцийг түргэн бөгөөд хүнд сурталгүйгээр  нь барьж болдог хот байгуулалтын онцлогтой тул “тактикийн хотжилт”-ын нийслэл гэж нэрлэдэг.

Мөн испанийн нийслэл Мадрид хотноо 2019 он хүртэл зүүний холбоотнууд харизмтай, тэтгэвэрт гарсан шүүгч эмэгтэй Мануэлла Карменагийн удирдлага дор засгийн эрхийг барьсан. Түүний сонгуульт хугацаандаа хийсэн гол ажил бол хорт хийн тэг ялгаруулалттай бүсийг Мадрид хотын төвд байгуулж чадсан. 2019 онд хотын захиргааны байшинд олонхын санал аван орж ирсэн консерватив-баруун жигүүр ба барууны популист засгийн газар энэ бүсийг дахин хаах гэж оролдсон ч өнөөг хүртэл бүтэлгүйтсээр л байна. Эдгээр болон бусад олон арга хэмжээ нь үндэсний, дэвшилтэт бодлогыг олон нийтэд хэрхэн танилцуулах замыг заагч, түүчээ тогоруунууд юм.

Шинэ хууль Мадрид болон бусад хот тосгодод хүлэмжийн хийн ялгаруулалт багатай бүс байгуулах зэрэг амжилттай хэрэгжсэн , туршигдсан арга хэмжээнүүдийг удирдамж болгон хуульд тусгуулахаар олон хүмүүс тэмцэж байна. Засгийн эрхийг баригч социал-демократ намын Рибера Родригуезийн удирддаг экологийн хувьсал ба хүн ам зүйн сорилтуудын яам  эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зааварчилгааг боловсруулж  талуудын хариуцлагыг тодорхой болгосон. Хот бүр “цаг уурын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулах ёстой. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ёстой. Хотжилтын мэргэжилтэн Флорида Ди Гиоммагийн үзэж байгаагаар үндэсний түвшинд хуулийг хэрэгжүүлэх замаар  орон нутгийн бодлогод дэмжлэг үзүүлэх нь амин чухал асуудал юм. Тэднээс германд хуулбарлан авч  хэрэгжүүлэх боломжтой нэг санаа нь: Шилжих хөдөлгөөний социологич Веерт Ганцлер ба Андреас Кние нарын хэлснээр “ Тээврийн эргэлтийг германд амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид өнөөг хүртэл хувийн авто машинд нийцүүлсэн , хэт нэг талыг барьсан хууль эрх зүйн болон татварын өргөн хүрээтэй  өөрчлөлт хийх шаардлагатай.” гэдэг тайлбарыг “Хувийн авто машинтай байх нь хоцрогдсон загвар-оюун санааны хөгжлийн замналаас хараат байдлыг даван туулах шаардлага” өгүүллэгтээ тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд орон сууцны бодлого,  бага орлоготой иргэдийг өндөр орлоготой иргэд хотын төвийн орон сууцны хорооллууд руу шахах хандлага, авто машинтай байх албадлага хоорондын харилцан уялдаа нь  хэлэлцүүлгийн төвд орж ирлээ

Засгийн эрхийг баригч социал демократ намаас сонгогдсон тээвэр, хөдөлгөөн, хотын зорилтуудын сайд Ракүел Санчезын Жименезийн үзэж байгаагаар испанийн хотуудад хөгжлийн хоцрогдлоо арилгах өндөр  хэрэгцээ байна. Тэрээр хөгжлөөрөө бусад хотуудыг гүйцэхэд тус болох хоёр механизмыг нэрлэсэн. “Нэг талд эдийн засгийн өсөлт ба байгаль орчны сүйрэл хоорондын харилцаа, нөгөө талд хот төлөвлөлт ба хувийн авто машин хоорондын харилцаа нь үл хөдлөх хөрөнгийн таамаглалд нөлөөлж байдаг.” Ингэснээр орон сууцны бодлого, өндөр орлоготой иргэд бага орлоготой иргэдийг хотын төвийн орон сууц руу шахах хандлага , авто машинтай байх албадлага хоорондын уялдаа холбоонд анхаарлаа хандуулсан. Энэ сэдэв дэлхий дахинд сүүлийн жилүүдэд хэлэлцүүлгийн төвд орж ирсэн. Парис хотын харизмтай дарга эмэгтэй Анне Хидалга хотынхоо шилжилтийг амжилттай хийж чадсан тул гадаад орнуудын мэдээгээр  гарсан. Испанид ч нэгэн адил дэвшилтэт тээврийн бодлогын түүчээлэгчид нь маш олон эмэгтэйчүүд байна. Испанид тээврийн эргэлтийн бодлогод  хоцрогдлоо арилгах өндөр хэрэгцээ байна. Санчезын засгийн газар өөрийн улс төрийн тоглолтын орон зай ба санхүүжилтийн боломжуудаа тууштай ашиглаж тэр ч байтугай Брюүсселээс цар тахлын дэмжлэгт өгсөн мөнгийг орон нутгийн түвшинд хуримтлуулсан туршлагыг үндэсний тээврийн эргэлтийн-бодлогод хэрэгжүүлэхэд  зарцуулж байна. Герман Испаниас тээврийн эргэлтийн бодлогоос хэрчим хэрчмээр нь хуулбарлах боломжтой.

Зохиогч Тимо Даум нь 2020 оноос Берлиний нийгмийн судалгааны шинжлэх ухааны төвийн “Дижитал шилжилт хөдөлгөөн ба нийгмийн ялгарал” судалгааны бүлэгт ахлах судлаачаар ажиллаж байна. Тэрээр эдийн засгийн мэдээлэл зүй ба дижитал шилжилтийн салбарт зохиогч ба дээд сургуулийн багшаар ажилладаг.

Энэхүү нийтлэл нь анх  Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй. 

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de  

эхлэл хэсэгт буцах