29.05.2023

Сүүдэрт ургасан ур хавдрууд хяналтаас гарлаа

Хөрөнгө оруулалтын фондууд (хөрөнгө оруулалтын фондууд дундаа ихэвчлэн эрсдэлийн батлан даагчийн үүргийг гүйцэтгэдэг, өндөр эрсдэлтэй, ашиг өндөртэй төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг фондууд) болон бусад сүүдрийн банкнууд улам томрохын хэрээр сүйрэлд хүрэх эрсдэл ч нэмэгдсээр байна. Эдгээрийг одоо л хазаарлахгүй бол оройтох гээд байна шүү.

БлэкРок (орчуулбал хар хад) “2023 оны хэтийн төлөв”-ийг хар бараанаар зуржээ. ВлэкРок нь санхүүгийн хэрэгслүүдэд оруулсан хөрөнгийг удирдаж байдаг дэлхийн хамгийн хүчирхэг санхүүгийн үйлчилгээний компани юм. БлэкРок 2023 онд хөрөнгө оруулалтын тогтвортой бус орчинд маш хүнд эдийн засгийн уналт болно хэмээн таамагласан бөгөөд хөрөнгө оруулагчид хүнд нөхцөлд төв банкнууд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаа бол тус компани харин найдах хэрэггүй гэжээ. Тэгсэн хэр нь “сүүдрийн банкнууд” гэж нэрлэгддэг БлэкРок шиг банкнууд системдээ өндөр эрсдэл авчрахад бэлэн байна шүү гэдгийг тайландаа дурдалгүй орхисон байна. Өнгөрсөн оны 12-р сард Холбооны санхүүгийн үйлчилгээний хяналтын албаны ерөнхийлөгч “Банк бус санхүүгийн зуучлагчид”-ын зохицуулалт дутмаг байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн. Швейцарын Базель хотноо төвтэй олон улсын төлбөрийн тэнцлийн банк (BIZ) аль нэг жилийн өмнө санхүүгийн үйлчилгээ үзүүлэгсдийн эрсдэл нэмэгдээд байна шүү гэдгийг анхааруулсан. 

Тэгвэл сүүдрийн банкнууд гэж ямар банкнуудыг нэрлээд байна? Ямар учраас тэднийг аюултай гэж үзээд байна вэ? Сүүдрийн банкнууд гэж мөнгөний зах зээлийн фондууд, хөрөнгө оруулалтын фондууд дундаа эрсдэлийн батлан даалт хийдэг фондууд, бусад хөрөнгө оруулалтын фондууд, зээлийн батлан даалтын фондууд зэрэг банкны үүрэг гүйцэтгээд байдаг хэр нь банк бус санхүүгийн зах зээлийн тоглогчдыг нэрлээд байгаа юм. Эдгээр нь банкнууд шиг мөнгө зээлдүүлдэг, үйлчлүүлэгчдийн хөрөнгийг багцлаад хөрөнгө оруулалт хийдэг. Гэхдээ банкнуудаас ялгаатай нь өөрсдөө мөнгө албан ёсоор бүтээдэггүй. Эдгээр нь дансандаа бүртгэлтэй мөнгө байхгүй учраас эргэлтэд байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлдэггүй. Мөн банкнуудаас ялгаатай эдгээр фондууд төв банкнуудаас мөнгө зээлэх боломжгүй. Энд хамгийн чухал нь: Эдгээр банкнууд банкнуудын зохицуулалт буюу хууль дүрмээс гадуур үйл ажиллагаагаа явуулдаг. 

Зарчмын хувьд хөрөнгө оруулагч тус бүрийн хөрөнгийг багцалж хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх нь ашигтай. Харин мөнгийг нь ямар зориулалтаар ашигласан бэ? гэдгийг харах боломж олгодоггүй фондын ил тод бус бүтэц нь асуудал үүсгэдэг. Дээрээс нь, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн мөнгөний хүүг бага байлгах бодлого хөрөнгө оруулагчдыг илүү өндөр эрсдэлтэй ч илүү өндөр ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийг сонгох зам руу хөтөлсөн. Ийм ч учраас хяналтын байгууллагууд “ Банк Бус-Санхүүгийн зуучлагчид”-дад хангалттай хэмжээнд хяналт тавьж чадахгүй байгаа шүү гэдгээ ахин дахин сануулаад байгаа юм. Үүний зэрэгцээ сүүдрийн банкнуудын эрх мэдэл эрс нэмэгдсэн. Сүүдрийн банкнууд 2019 оны байдлаар дэлхий дахины санхүүгийн хөрөнгийн бараг тал хувийг удирдаж байгаа нь ердийн арилжааны болон хөрөнгө оруулалтын банкнуудаас хол давсан хэмжээ юм. 

2019 оны байдлаар сүүдрийн банкнууд дэлхий дахины санхүүгийн хөрөнгийн бараг тал хувийг удирдаж байжээ.

Санхүүгийн салбарын системийн эрсдэлийг арай л дэндүү дутуу үнэлснээс болоод дэлхийн аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийг гүнзгий уналтад оруулсан нь саяхан. 2023 онд олон улсын санхүүгийн хямрал тохиосны 15 жилийн ой тохиох гэж байна шүү дээ. 2008 оны 9-р сарын 15-нд АНУ-ын Леман Бродерс банк дампуурснаар олон улсын санхүүгийн хямрал оргилдоо хүрч Уолл Стритийн хамгийн нэр хүндтэй, ууган банк хаалгаа барьсан билээ. Үр дагавар нь асар их хохирол авчирсан бөгөөд өнөөг хүртэл мэдрэгдсээр байна. Тэр үед АНУ-ын ерөнхийлөгч байсан Жорж Буш тухайн үедээ хамгийн их хэмжээний мөнгөн дүн болох 700 тэрбум долларын авралын багц гаргаж банкны салбарыг тогтворжуулах оролдлого хийсэн ч дэлхий дахины санхүүгийн систем бүхэлдээ хямрах аюулаас зайлсхийж чадаагүй юм. Үүний араас хоорондоо сүлжилдсэн засгийн газар ба банкны өр дээрээс нь эдийн засгийн хямрал шил дараалсны улмаас бүтэн жилийн турш евро мөнгөн тэмдэгтийн орон зай савласан юм. Олон улсын худалдааны харилцаа гацаанд орж дэлхий дахинд олон сая ажлын байр үгүй болсон. 

Зөвхөн АНУ-д энэ хямралын дараах 10 жилд эдийн засагт нийтдээ ойролцоогоор нэг хүнд 70 000 доллар ногдох хэмжээний хохирол учирчээ. Харин санхүүгийн системийн амгайнаасаа алдуурсан / хальсан/ хүчнүүдийн өмнө гараа өргөөд зогсож байсан улс төрийн шийдвэр гаргагчдад алдарсан итгэлийг эдийн засгийн хохирол шиг тоогоор илэрхийлэхэд хүндрэлтэй юм. Асар том хэмжээ, системдээ маш чухал байр суурь эзэлдэг санхүүгийн байгууллагууд хүнд байдалд орсон ч “бүтэлгүйтэхэд хэтэрхий том” байлаа. Тэднийг төлбөрийн чадваргүй болчих юм бол олон улсын санхүүгийн байгууллагууд ба бодит эдийн засагт учруулах сүйтгэл нь дэндүү их байсан учраас дэмжих, аврах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Банкнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр аварснаас болоод үүссэн сэтгэл ханамжгүй байдал ба дэлхий дахины санхүүгийн хөрөнгө супер баячуудын жижигхэн бүлэгт төвлөрснийг эсэргүүцэн “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнөөс дэлхий дахинд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн. Тэд “Бид үлдсэн 99 хувь” байна гэдэг уриа доор зохицуулалтыг сайжруулахын төлөө, олон улсын санхүүгийн систем ба бодит эдийн засаг хоорондын холбоосыг тасалсныг эсэргүүцэж гудамжинд гарч жагссан юм. 

Олон улсын хамтын нийгэмлэг эндээс сургамж авсан юм шиг л харагдаж байлаа. Питтсбург хотноо 2009 онд болсон Их 20- ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон төр засгийн тэргүүнүүд “Хариуцлагагүйн эрин” гэж дүгнээд банкны асар өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд хаалт тавихын тулд зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдэг амлалт өгсөн. АНУ-д ерөнхийлөгч Обамагийн засаг захиргаа ил тод байдлыг дээшлүүлэх, хариуцлагыг тодорхой болгох, төрийн зүгээс санхүүгийн байгууллагуудыг татвар төлөгчдийн мөнгөөр аврахад хязгаарлалт тавих зорилгоор санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих тухай Дод-Франкийн хуулийг баталсан. Европын Холбоонд нэгэн адил банкнуудыг илүү нэгдмэл зохицуулалтад оруулсан. Банкнуудад өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг өөрийгөө эрсдэлээс хамгаалах зориулалтаар хадгалдаг байх үүрэг ногдуулсан нь чухал арга хэмжээ байлаа. Үүнээс гадна шинэчлэлүүдийн үр нөлөөг тогтмол хянаж байх хэрэгслүүдийг төлөвшүүлсэн. Төсвөөс их хэмжээний дэмжлэг үзүүлснээс үүдэн санхүүгийн арилжааны татварыг нэвтрүүлэх санаа төрсөн. Санхүүгийн арилжаа ба мөнгө хүүлэх сонирхлыг бууруулах, санхүүгийн салбарыг эрсдэлээс үүдэлтэй зардлыг санхүүжүүлэхэд оролцуулах зорилгоор санхүүгийн татварыг нэвтрүүлэх, татварын мөнгийг “Ядуурлын эсрэг татвар” гэдэг зориулалтаар тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой байлаа. Өнөөдрийг хүртэл хүчирхэг лобби бүлгүүдийн эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн улмаас уг татварыг нэвтрүүлж чадаагүй л байна. 

2022 оны байдлаар БлэкРок компани 8.5 их наяд долларын хөрөнгийг удирдсан бөгөөд энэ нь нийт дүнгээрээ германы 2021 онд үйлдвэрлэгдсэн ДНБ-ээс бараг хоёр дахин их хэмжээний хөрөнгө юм.

Хэдийгээр тухайн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн заримыг нь ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа цуцалсан ч өдгөө банкнууд 2008 онтой харьцуулахад илүү чанга зохицуулалтын дор үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл банктай төстэй үйлчилгээ үзүүлдэг сүүдрийн банкнууд зохицуулалтгүй хэвээрээ, 2008 оны хямралд хүргэсэн үнэт цаасны ил тод бус арилжаагаа үргэлжлүүлсээр л байна. Өнөөдөр Банк Бус - Санхүүгийн зуучлагчдын систем дэх чухал ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй болсон. Энд хөрөнгийн удирдлагын Их гурав буюу Big Three гэж нэрлэгддэг БлэкРок, Вангуард, Стэйт Стрит хамгийн том гурван компани дээр их хэмжээний эрх мэдэл төвлөрсөн. Эдгээр гурван компани хамтдаа 2022 онд АНУ-ын биржийн арилжаа эрхэлдэг фондуудын зах зээлийн (Exchange Traded Funds, ETFs) 79 хувийг хяналтдаа авсан. БлэкРок нь 2022 онд нийтдээ 8.5 их наядаас дээш доллароор үнэлэгдэх хөрөнгийг удирдсан нь германы 2021 оны ДНБ-ээс хоёр дахин их хэмжээний хөрөнгө юм. БлэкРок нь олон төрлийн үйл ажиллагаа явуулж өөрөөр хэлбэл олон давхар малгай өмсөн эрх мэдлээ бэхжүүлж байна. БлэкРок нь хөрөнгө удирдаад зогсохгүй германы хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх DAX-концернуудын их хэмжээний хувьцааг эзэмшихийн зэрэгцээ төв банкнуудад зөвлөгөө өгч Алладин нэртэй асар том платформоороо дамжуулан зах зээл ба компаниудын мэдээлэлд дүн шинжилгээ хийж байдаг.

Банкнуудыг санхүүгийн хямралын үед дэндүү том учраас унагаахад хайран байсан шиг хөрөнгийн удирдагчид мөн “бүтэлгүйтэхэд хэтэрхий том” хэмжээтэй болсоор удаж байна. Коронагийн цар тахлын үед хөрөнгө оруулагч нар мөнгөө мөнгөний зах зээлийн фондуудаас эгүүлэн татаж сүүдрийн банкнуудын загвар хямралд орох аюул нүүрлэж байх үед тэдэнд төв банкнууд их хэмжээний дэмжлэг үзүүлсэн юм. 

Тэдний явуулсан түрэмгий лобби арга хэмжээний үр дүнд олон улсын санхүүгийн хяналтын байгууллага болох /Financial Stability Board/ Санхүүгийн тогтвортой байдлын удирдлагаас сүүдрийн банкнуудыг системийн ач холбогдолтой гэдэг ангилалд оруулаагүй хэвээр байна. Эдийн засагч Даниела Габор сүүдрийн банкнуудыг атомын цахилгаан станцуудтай зүйрлэн хэлэхдээ “Тэд хэрэгтэй байж магадгүй юм, гэхдээ системийг бүхэлд нь гамшигт хямралд хүргэх өндөр эрсдэлийг агуулдаг” гэсэн юм. Тэрээр бага цалинтай орнууд ба хөгжлийн санхүүжилтэд сүүдрийн банкнуудын үүрэг нэмэгдээд байна шүү гэдгийг анхааруулсан. Хөгжлийн тусламжийн санхүүжилтэд тэдний үүрэг нэмэгдээд байгаа нь улс орнуудын засгийн газрын өрийн хямрал ноцтой түвшинд хүрсэн учраас асуудалтай болоод байгаа юм. Олон улсын санхүүгийн хямралаас хойш 15 жил өнгөрч хожим нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын дараагаар дэлхийн бүх орнуудын гуравны хоёроос дээш хувийн өрийн түвшин ноцтой хэмжээнд хүрээд байна. 2009 онд улс орнуудын засгийн газруудын өр нэмэгдээд байгаа юм чинь дагаад төрийн бондын ханш өснө гэдэг хүлээлт евро бүсийн хямралын өдөөгч нь болсон гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Цар тахал болон Украйны дайны нөлөөгөөр 2022 оны 3-р сараас хөгжиж буй орнуудын эдийн засгаас хувийн хөрөнгийг эгүүлэн татсаар байна. Хэдийгээр зохицуулалтыг чангаруулсан ч дэлхий дахинд банкны салбарт хөрөнгийн төвлөрөл улам нэмэгдсээр байна. Оксфамын таамаглалаар 2009 онд дэлхийн хүн амын ядуу 50 хувийн нийт хөрөнгө дэлхийн хамгийн баян 380 хүний хөрөнгөтэй тэнцэж байжээ. Санхүүгийн хямралын дараах 10 жилд дэлхийн хамгийн баян 26 хүний жижигхэн бүлгийн эзэмшдэг хөрөнгө дэлхийн хүн амын ядуу хагасын нийт хөрөнгөтэй тэнцэх хэмжээнд төвлөрсөн байна. 

Леман Бродерс дампуурснаас хойш 15 жил өнгөрлөө. Тэр үед авсан гэрийн даалгавраа одоо л хийхгүй бол оройтлоо шүү! 

Санхүүгийн эргэлт нэртэй иргэдийн хөдөлгөөний зүгээс санхүүгийн зах зээлийн хэмжээ хэтэрхий том хэвээрээ байна шүү гэдгийг анхааруулсан. Сүүдрийн банкнуудын үйл ажиллагааг зохицуулах, төвлөрлийг сааруулах зорилгоор өргөн хүрээтэй арга хэмжээний жагсаалтыг боловсруулсан байна. Тус хөдөлгөөн бусад олон арга хэмжээний зэрэгцээ шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах байгууллагаар дамжуулан хөрөнгө удирдлагын компаниуд нэн ялангуяа Их гурвын олигополын зах зээлийн эрх мэдлийг хязгаарлах санал дэвшүүлээд байна. Цаашилбал Европ дахь сүүдрийн банкнуудыг Европын Төв банкны шууд хяналтад оруулах, үйл ажиллагаа нь ил тод бус фондуудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохдоо хяналтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үндсэн үзэл санаанд нийцсэн үйл ажиллагаа явуулдаггүй мөнгөний зах зээлийн фондууд, зээлийн фондуудын үйл ажиллагааг бүрэн хориглох санал дэвшүүлсэн. Төв банкны дэргэд үйл ажиллагаа явуулдаг, төсвийн санхүүжилттэй аюулгүй байдлын сүлжээ нээлттэй фондуудад төлбөрийн чадвараа өөрсдөө сэргээхэд нь тусламж үзүүлдэг байх ёстой. Дээрээс нь иргэний хөдөлгөөн ашиг сонирхлын зөрчил ба шударга өрсөлдөөний зарчмууд зөрчигдөхийн эсрэг төвлөрлийг сааруулах арга хэмжээнүүдийг санал болгосон. Хөрөнгө оруулалтын илүү тодорхой, сонголттой боломжуудыг бүрдүүлэхийн тулд Шведийн загвараар иргэдийн фонд байгуулахыг шаардсан. Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төвөөс (SOMO) засгийн газрын өрийн түвшин нь ноцтой хэмжээнд хүрсэн, хөгжиж буй орнуудын эдийн засагт сүүдрийн банкнуудын эрсдэлүүдийг бууруулах арга хэмжээний жагсаалтыг боловсруулаад байна. 

Дараагийн хямрал хаалга тогшиж байна. 2007/2008 оны сүйрлийг урьдчилан сануулсан учраас “Доктор Дүүм” хочийг хүртсэн Нуриэль Рубини 2022 оны сүүлчээр “Эдийн засаг-Санхүүгийн-Өрийн” хямралын холимог, дэлбэрэхэд бэлэн коктейль буюу “Бүх хямралуудын эх” гэж нэрлэж болох их хямрал айсуй хэмээн сануулсан. Леман Бродерс дампуурсны 15 жилийн ойн тохиож буй энэ жилд тухайн үед авсан гэрийн даалгавраа хийж зохицуулалтын цоорхойнуудыг одоо л бөглөхгүй бол оройтлоо шүү. Сүүдрийн банкнуудын салбарын системийн хямралыг хязгаарлах тухай сайн саналуудыг ширээн дээр нь тавьсаар удаж байна. Олон жилийн өмнө боловсруулсан санхүүгийн арилжаанд татвар ногдуулах үзэл баримтлалыг зөвхөн шүүгээнээс гаргаад ирэхэд л хангалттай. 2008 оны дараагаар хийсэн банкны зохицуулалтууд нь бодлогоор зохицуулалт хийх боломж байна гэдгийг харуулсан. Санхүүгийн зах зээлийн хүч бол хүн төрөлхтнийг эрхшээдэг байгалийн хүчин биш. 

Сара Гантер нь улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн бөгөөд Фридрих-Эбертийн сангийн дэлхий дахин, европын бодлогын рефератын даяаршлын төслийн удирдагчаар ажилладаг.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй. 

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. Хянан тохиолдуулсан Д.Мөнхцацрал. 

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de