29.06.2020

Сүйрлийн дараах дэлхий рүү эгэн ирэх зам

Эдийн засгийн хүнд хямралын дараагаар өмнөхөөсөө илүү шударга нийгэм тогтож байсан түүх бий. Вирус бас нийгмийг сэргэлт рүү хөтлөх болов уу?

Хэрвээ би орондоо эргэж хөрвөн жаахан дугхийчих юмсан гэж хүлээсээр үүрийн гэгээтэй золгох юм бол өөрийгөө сатааруулахын тулд өмнө нь тоглож байгаад орхисон тархи сэргээх тоглоомоо үргэлжлүүлэн тоглож эхэлдэг. Тоглоом нь дэлхийн сүйрэх хугацаа ойртоод ирсэн үед эзгүй, зэлүүд газар луу явахаар бол ямар төрлийн хүмүүсийг багтаан авч явах вэ? гэдгийгээ бодох ёстой гэдэг тоглоом л доо. Ямар шинж чанарыг агуулсан хүмүүсийг авч явбал надад илүү ашигтай вэ? Булчинлаг, тэсвэр хатуужилтай, баяр баясгалантай зэрэг шинж чанаруудыг агуулсан хувь хүмүүсээс алиныг нь сонговол дээр вэ? Магадгүй, ан ав хийхдээ сайн хүн байвал дээр үү? Энэ хямрал хүмүүс бидний далд байсан олон чанаруудыг ил гаргаж ирж байгааг харахад сонирхолтой. “Wired” сэтгүүл дээр нийтлэгдсэн нэгэн өгүүллэгт английн зохиолч эмэгтэй Лаурие Пенни гамшгийн үеийн ихэнх сценариудад хүмүүс биеийн хүч, зэвсгийн ачаар яаж аврагддагийг тодорхойлсон. Эдгээр түүхүүдийн нийтлэг нэг зүйл нь нэг баатар эр ганцаараа аюулын эсрэг тэмцдэг. Аюул нь террористууд - алан хядагчид, зомби-цус сорогчид, харь гаригийнхан гэх мэт.

Энэ хямрал эхэлж байх үеэс “энэ удаагийн хямрал бол бидний төсөөлдөг шиг хямрал биш” юм гэдэг нь тодорхой болсон. Биднийг аврахын тулд амь амьдралаа эрсдэлд оруулан тэмцдэг баатар нь бүсэлхийнээсээ мөрөө хүртэл дүүрэн сумтай дайз үүрч, гартаа буу барьсан баатар эр биш. Харин вирусийн эсрэг тулаанд халдваргүйжүүлэлтийн бодис эсвэл зохистой хамгаалалтын хэрэгсэлгүйгээр гардан байлдаанд орохоос өөр аргагүй байдалд орсон туслах ажилтан эмэгтэй. Энэ удаагийн дэлхийн сүйрлийн үеийн “фронтын шугам дээрх тэмцэгчид” нь цэргүүд биш, харин асрагч, эмч, цэвэрлэгч, кассчид юм. Зэвсэг биш харин мэс заслын үед хэрэглэдэг маск буюу амны хаалтууд, амьсгалын аппаратууд Финляндын яаралтай тусламжийн агуулахаас алга болсон.

Энэ удаагийн гэнэтийн хямралын үед бидэнд биеийн чадал биш харин хамгаалалтын хэрэгслүүд, эм тариа, эмнэлгийн орнууд хэрэгтэй.

Гэнэтийн хямрал ба бидний хооронд биеийн тэнхээ, чадал биш харин хамгаалалтын хэрэгслүүд, эм тариа, эмнэлгийн орнууд байна. Эдгээр нь сүүлийн хэдэн арван жилийн туршид нийтийн сайн сайхны төлөөх төрөөс байнга санхүүжүүжилтийг нь танаж тамирыг нь барсан, тэр ч байтугай зардал хэмнэх гээд хувьчилж орхисон салбар юм. Чухам энд бидний дутуу бодсон, хүрэлцээ муутай, ядмаг байдал илүү тод харагдана. Асрамжийн газар ажилладаг, хэдийгээр хоолой нь өвдөж байсан ч халдвар бүртгэгдсэний дараагаар ажилдаа үргэлжлүүлэн явсаар байгаа, хүмүүсийн түүхийг бид өдөр тутамд сонссоор чих дөжирч хэвийн мэт хүлээн авдаг болж. Ажилдаа явахгүй бол амьдрах аргагүй учраас тэд явсаар л байгаа. Эцэст нь хэлэхэд тэдэнд ядуурлаас хамгаалах, вирусээс хамгаалах хамгаалалтын аль нь ч байхгүй. Зарим улс төрчдийн өмнө вирусийн эсрэг хийж буй тэмцэлд гар бие оролцох сорилт тулгарсан учраас энэ тэмцлийг “дайн” хэмээн нэрлэсэн. Бурхан өршөөг. Жинхэнэ дайн авьяас шаарддаг. Одоогийн дайн эсрэгээрээ биднээс: тэвчээр, бусдыг халамжлах, эв нэгдлээ чимээгүй илэрхийлэх, нөхөрсөг байдлаа эвтэйхэн илэрхийлж чаддаг байхыг шаардаж байна.

Эрх мэдэлтнүүдийн байгаа бүгдийгээ алдаж орхих вий гэдэг айдас мөрүүдийн хоорондуур цухалзана. Систем бүхэлдээ чичирч байна.

Энэтхэгийн зохиолч эмэгтэй Арундхати Ройгийн “Хэрвээ жинхэнэ дайн байсан бол хэн АНУ-аас илүү сайн бэлтгэлтэй байх байсан бэ? гэдэг асуулт шиг “Хэрвээ фронт дээр байлдаж буй цэргүүдэд маск, бээлий биш буу, ухаалаг бөмбөг, хонгил дэлбэлэгч буу, шумбагч завь, байлдааны онгоц хэрэгтэй байсан бол ингэж дутагдалд орох байсан уу?” гэдэг асуултын хариулт: Бараг л үгүй байх.

Санхүүгийн элитүүдийн дуртай сонин “Financial Times-Санхүүгийн цаг”-т хэдэн долоо хоногийн өмнө нэгэн түүхэн өгүүллэг нийтлэгдсэн юм. Тус сэтгүүлийн ерөнхий редакцаас эрхлэн гаргасан өгүүллэг нь “Вирус нийгмийн гэрээ буюу нийгмийн суурь зарчмуудын эмзэг цэгүүдийг ил гаргаж ирлээ” гэдэг гарчигтай. Тус өгүүллэгт сүүлийн жилүүдэд ноёлж ирсэн улс төрийн чиг хандлагыг эргүүлэх ёстой гээд өнөөг хүртэл зөвхөн улс төрийн радикал хүрээнд хэлэлцүүлэгдэж ирсэн түгээмэл орлого, хөрөнгийн татварыг нэмэх зэрэг саналуудыг эргүүлэн бодож үзэх нь зүйтэй гэжээ.

“Дэлхийн хоёрдугаар дайны дараа тохиосон эдийн засгийн хямралаас барууны орнуудын төр, засгийн газруудын тэргүүнүүд суралцсан ёсоор бүгдээрээ тодорхой хэмжээний золиос гаргахыг шаардахын тулд бүх хүнд ашигтай байх нийгмийн гэрээг” санал болгох хэрэгтэй” гэдэг үндэслэлийг санхүүгийн цаг сонин дэвшүүлжээ.

Эрх мэдэлтнүүдийн байгаа бүхнээ алдах вий гэдэг айдас мөрүүдийн хоорондоос цухалзана. Систем бүхэлдээ чичирч байна. Чухам одоо, тус сонины өөр нэгэн дугаарт 1930-аад оны үеийнхээс илүү олон америкчууд ажилгүй болох нь гэжээ.

“Эдийн засаг бол зөвхөн, нэн түрүүнд ашиг олох эсвэл мөнгөний асуудал биш. Харин хүмүүсийн материаллаг нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө байдаг.”

Коронавирусийн хэлэлцүүлэг буруу тийшээ яваад байна. Хэлэлцүүлэг нэг талд “эдийн засаг” нөгөө талд “эрүүл мэнд” гэдэг хоёр сонголтын аль нэгийг нь сонгох ёстой мэтээр өрнөж байна. “Эдийн засаг” бол нэн түрүүнд ашиг эсвэл мөнгөний асуудал биш харин хүмүүсийн материаллаг нөхцөл-хөдөлмөр ба хөрөнгө, мөн нийтийн эрүүл мэнд ба ажилгүйдэл хоорондын тэнцвэрт байдлыг хэрхэн хангах тухай асуудал юм. Итгэл найдвар- эргэлзээ, тээнэгэлзээний эсрэг.

Одоо олон хүмүүс зохиолч Альберт Камусын “Тахал” гэдэг зөгнөлт романыг уншиж байна. Тэрбээр түүхэн энэ эгшинд зориулан бичсэн мэт. Харин би номын тавиураас өөр нэгэн сонгодог зохиолыг сугалан авлаа. Энэ бол зохиолч Жон Штайнбекийн “Уур цухлын үр жимс” гэдэг номонд 1930-аад оны эдийн засгийн хямралын зүрх зүсэм бодит байдлыг Америкийн “Даст Воул”-д тохиосон экологийн сүйрэлтэй холбон тодорхойлжээ.

Уг номонд Жоадын гэр бүл Калифорнийн чиглэлд нүүдэллэж дэлхийн сүйрэл дундуур тэмцэнэ. Тэдний гэр бүлийн дунд Том, Ма хоёр явна. Тэдний дунд хүүхэд наснаас насанд хүрэгч болсон Розе оф Шерон явах бөгөөд номын сүүлчийн хуудсанд тэр өлбөрч үхэхэд тулсан гаднын хүнд хөхний сүүгээ өгч байгаа тухай гардаг. Жим Кесей гэдэг эмэгтэй сүсэг бишрэлээ алдсан нэгэн шашны номлогчийг дагалдан явна. Эдийн засгийн энэ сурах бичигт өмнө нь хамба ламтан байсан нэгэн үйлдвэрчний эвлэлийн ухуулагч болдог. Зовлонд унасан түүнийг үхтэл нь зодно. Гэтэл эдийн засгийн хямралаас өмнөхөөс илүү шударга нийгмийг байгуулах шаардлага ар араасаа урган гарна.

Энэ нийтийн сайн сайхны төлөөх төр зөвхөн сул бөгөөд ядуусыг хамгаалахад зориулагдаагүй юм шүү гэдгийг дундаж давхаргынхан гэнэтхэн ойлгосон мэт харагдана.

Коронавирус хутга мэт зүсэж байна. Гэхдээ бүгдийг ялгалгүй зүссэнгүй. Корона хүмүүсийг ангиар нь сортолж байгаад зүсэж байна. Чинээлэг хүмүүс, хөрөнгөлөг оффисын ажилтнууд гэртээ өөрийгөө тусгаарлах, гэрээсээ ажиллах боломжтой. Ажилчид, эмнэлгийн асрагч нар, автобусны жолооч нар асар өндөр эрсдэлтэй нүүр тулж, бусдын төлөө ачаа үүрч байна. Баталгаагүй ажлын байранд ажиллагсад, бага орлоготой хүмүүс, өмнө нь архаг өвчтэй байсан, ядуурлын улмаас эмзэг болсон, хүмүүст хамгийн хүндээр тусч байна. Эрх мэдлийн босоо тэнхлэгийн хамгийн доод төвшинд ажилчид “Гиг-буюу албан бус эдийн засагт ажиллагсад, орон гэргүй хүмүүс огт хамгаалалтгүйгээр тэмцэж байна.

Хүн бүр энэ вирусээр өвчлөн үхэх аюултай ч ядуус, өвчтэй хүмүүс хамгийн олноороо үхэж байна. Хүчтэй, ачаалал даах чадвартай эдийн засагтай орнууд мэгдэж сандран нийгмийн системүүдээ бэхжүүлж байна. Нийтийн сайн сайхны төлөөх төр зөвхөн сул хүмүүс болон ядуусыг хамгаалахад зориулагдаагүй юм шүү гэдгийг дундаж давхаргынхан гэнэтхэн ойлгов бололтой. Шведэд ажилгүйдлийн тэтгэмжийн дээд хэмжээг ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр шууд нэмж орхилоо.  Англид нийгмийн хамгааллын системүүд рүү хэдэн тэрбумаар нь мөнгө шахаж байна. Энэ вирус бүгдийг нойрноос сэрээв үү? Сэрсэн л байгаасай. Гэхдээ би үүнд итгэлгүй байна.

Би дараагийн шөнө нь бас л унтаж чадсангүй. Энэ шөнө би Жоадын гэр бүлийн тухай бодлоо. Эд бол над дэлхийн сүйрлийн дараа өөртөө хамгийн хэрэгтэй хүмүүсээс бүрдсэн баг байгуулах тоглоом ёсоор надтай хамт явах, төсөөллийн багтаа гишүүн сонгох сонголтод тэнцэхээргүй хүмүүс. Харин бодит амьдрал дээр хэзээ, хаана хямрал тохиохыг хэн ч сонгож, таах боломжгүй гэдэг нь тодорхой боллоо. Нэг л өдөр хямрал тохиодог. Настангууд, өвчтэй хүмүүс, ядуус багийн гишүүнээр авахыг, амьд тэсэж үлдэх тэгш боломжоор хангахыг шаардах болно.

Карин Петерссон бол Шибстед медиа группийн Олон нийтийн бодлогын газрын захирал, WAN-IFRA хэвлэлийн эрх чөлөөний зөвлөлийн дарга юм. Тэрээр Скандинавын өдөр тутмын хамгийн том сонин болох Афтонбладетын улс төрийн редактороор ажиллаж, Шведийн тэргүүлэх мэдээллийн сэтгүүл болох Фокусыг үүсгэн байгуулжээ.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. 

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de