14.01.2021

Трампын үнэнч дэмжигчид төөрөгдөлд орж түүнийг дагалдав

Капитол руу дайран орсон тухай болон Трампыг хугацаанаас өмнө албан тушаалаас буулгах боломжийн талаар Фридрих-Эбертийн сангийн Вашингтон хотод суугаа суурин төлөөлөгч Кнут Детлефсентэй ярилцав.

Вашингтонд Капитол, Америкийн парламентын ордон руу дайран орж эзлэн авсан үйл явдлыг харуулсан гэрэл зургууд дэлхийгээр нэг таржээ. Болж буй үйл явдлыг хэрхэн ойлговол зохистой вэ? Энэ төрийн эргэлт байв уу? эсвэл улс орны дотоод терроризм байв уу? эсвэл хөөрч, бухимдсан, бодит байдал, төсөөлөл хоёроо ялгаж салгаж чадахаа байсан Трампыг дэмжигчдийн ерийн нэг үйл ажиллагаа байв уу? Тэд илтэд давуу хүн хүчтэй тулгарсандаа балмагдсан хамгаалалтын албаныхантай тулгарчихав уу?


Доналд Трамп өчигдрийг хүртэл ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрсөнгүй. Энэ хугацаанд тэр нэлээд олон сонгуулийн тойрог дээр саналаа луйвардууллаа хэмээн шүүхэд өргөдөл өгсөн. Хэдийгээр шүүхийн шийдвэр түүний нэхэмжлэлийн эсрэг гарсан ч Трамп сонгуульд авсан саналаа луйвардуулсан тухай хуурмаг мэдээллийг боломжтой бүх сувгаар эцэж цуцалгүй тараасаар байна. Үүрэг гүйцэтгэгэгч ерөнхийлөгч сонгуулийн хууль ёсны байдалд халдаж ардчилсан институц, тэдний төлөөллийг тохуурхаж эцэст нь ардчилалд халдсан юм. Ингэхдээ тэр мөнөөх Америкийг дахин аугаа болгохын төлөө тэмцэснийхээ төлөө хээл хахуульд идэгдсэн элитүүдийн золиос боллоо, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр авсан саналаа луйвардлаа хэмээн ойлгуулахыг хичээсэн юм. Трампын үнэнч дэмжигчид түүнийг төөрөгдөж явахад ч хүртэл үнэнчээр дагалдлаа. Өөрийнх нам буюу Бүгд найрамдах намын гишүүдийн ихэнх тус намд бүрэлдээд буй сүйрэл дагуулах эрсдэлтэй давамгайлах хүч буюу Трампыг зайлуулахад хараахан бэлэн болоогүй байсан аж. Хэт барууны үзэлтэн Трамп хэт барууны үзлийг баримтлагсдын дэмжлэгийг авах тун ч дуртай. Олдсон боломж бүрийг алдалгүй ашигладаг, тэднийг хөөргөхдөө ч гаргууд нэгэн. Тэрээр Христосийн мэндэлсэн баярын гурав дахь өдөр хорон санаатнуудын сүнсийг сэрээж хуулийн дагуу явсан сонгуулийн үр дүнг хүчингүй болгоход туслуулахаар Вашигтон руу дуудаж орхисон юм. Трамп өмнө нь жиргээнд "нөхцөл байдал зэрлэгших болно" хэмээн жиргэсэн байдаг. Капитолын талбайд сэтгэл хөөрсөн бүлэг хүмүүс цугларсан байлаа. Трамп тэднийг цугларахаас өмнөхөн үг хэлж, цөсийг хөөргөж амжсан. Саяхан Вашигтон ДС-ийн Ерөнхий прокурор Трампыг ард түмнийг турхирсан, хүчирхийлэлд уриалан дуудсан гэдэг үндэслэлээр хуулийн хариуцлагад татах тухай бодож байгаагаа мэдэгдсэн юм. Трампын сүүлчийн бөгөөд хүч хэрэглэсэн арга өөрт нь Капитол руу орох замыг нээсэн ч уурын мунхагаар парламентын ордныг эзлэн авч ардчиллын үйл явцыг хэдэн цагаар тасалдууллаа. Үүнийг Нийслэл хотын дарга "мэдлэг нимгэний гайгаар төрийн эргэлт хийх гэсэн оролдлого. Харамсалтай нь илтэд давуу хүчний өмнө балмагдаж, цагийн байдлыг хяналтдаа авч чадаагүй цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ачаар Капитол руу дайран орж чадлаа. Энэ бол дотоодын терроризм" хэмээн тодорхойлсон юм. Би хувьдаа үүнийг төрийн эргэлт гэж үзэхгүй байна. Сонгуулийн үр дүнг магадлан итгэмжлэхийн эсрэг цэрэг хөндлөнгөөс оролцсон нөхцөлд төрийн эргэлт гэж нэрлэж болох юм. Эцэст нь Америкийн ардчилал өөрийгөө хамгаалах чадвартай гэдгээ баталлаа. Парламентын хоёр танхим хоёулаа энэ үйл явдал болж өнгөрсөн оройноос үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн бөгөөд Жое Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдосныг баталгаажуулсан юм.

Капитолыг эзлэх үйл явдал Бүгд найрамдах намаас сонгогдсон сенаторуудыг сонгуулийн үр дүнг эсэргүүцэхээ зогсооход нөлөөлсөн болов уу?


Үймээн, хүчирхийллийг шууд дэргэдээс харсан явдал Бүгд найрамдах сенаторуудын заримыг дуугаа хурааж дотор хүнтэйгээ ярилцахад хүргэсэн ч магадлан итгэмжлэгдсэн сонгуулийн үр дүнд эргэлзэж буйгаа илэрхийлсэн 13 сенороос 7 нь үлдэж, эргэлзсэн хэвээрээ байгаагаа мэдэгдээд байна. Арван нэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнг эргүүлэх оролдлогоос зайгаа барьсан сенаторууд шинээр сонгогдсон ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг хууль ёсны хүлээн зөвшөөрөх байдалд эргэлзсээр байгаагаа нийтэд нээлттэй мэдэгдсээр байгаа явдал асуудал үүсгээд байгаа юм. Бүгд Найрамдах Намын сенаторуудын тэн хагас Капитолыг дайран эзэлснээс хойш ч ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсээр байна. Энэ бол сэтгэл зовоосон асуудал. Эдгээр сенаторууд АНУ-ын Үндсэн хууль, ардчилсан үйл явцыг хүндэтгэхгүй байна. Тэд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг луйвардсан гэж дэлхий даяар тараасан Доналд Трампын үлгэрт итгэсээр, үргэлжлүүлэн өргөн хүрээнд тараасаар сууна. Би Христосийн мэндэлсэн өдрийн баярын гурав дахь өдөр ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг магадлан итгэмжлэх эсэх асуудлаарх явагдах санал хураалт нь Нэгдсэн улсын түүхэнд ичгүүртэй санал хураалт байлаа хэмээн тэмдэглэгдэж үлдэх болно гэдэгт итгэлтэй байна. Бүгд Найрамдахчуудын харьцааны сэдэлд зөвхөн нэг л тайлбар бий: Тэд Трампыг дэмжигчдийн радикал суурин дээр тэдний гэнэн итгэмтгийн байдлыг ашиглаж өөрсдийн улс төрийн кариераа өсгөх, нэмэх оноо авахыг л хүсэж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болон ерөнхийлөгчид Үндсэн хуулиар ногдуулсан үүргээ хэрэгжүүлэхэд зориуд саад тотгор хийж буй хэрэг. Бусад Бүгд найрамдахчуудын хувьд үсрэн босож амжихгүй бол Трамптай хамтдаа унана гэдгээ агшин зуур ойлгосон гэлтэй. Тэд ингэснээрээ улс төрийн байр сууриа бэхжүүлж, Трампыг бүтэлгүйтэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тодрохыг хүсэж байна. Иймээс хэдэн долоо хоногийн өмнөөс эхэлсэн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө албан тушаалаас буулгах хөдөлгөөн эрс эрчимжээд байна. Трамп улам бүр ганцаардаж байгаа тул Капитолд болсон хүчирхийлэлийн талаар өмнө нь бэлдэж цааснаа буулгасан үгээ үг бүрчлэн уншиж дүрс бичлэгээр байр сууриа илэрхийлэхийг зөв гэж үзсэн бололтой. Үйл явдал болж өнгөрмөгц төөрөгдөгсдийн тухай өөрийн ойлголтыг тэр тайлбарласан юм. Трамп өөрөө мэдэгдэл хийх явцдаа 01 дүгээр сарын 20-ний өдөр албан тушаалаа хүлээлгэн өгөх арга хэмжээ болдгоороо болж тэр ерөнхийлөгч биш болно гэдгээ ойлгож авлаа.

Трампыг Үндсэн хуулийн 25-р зүйлийн дагуу албан тушаалаас нь буулгах хуулийн арга хэмжээ авч тангараг өргөхөөс өмнө түүнийг Цагаан ордноос нүүлгэх боломжтой юу? Түүнийг хугацаанаас өмнө албан тушаалаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл бий юу? Тэр саяхны үйл явдлаар Үндсэн хуулиа зөрчлөө шүү дээ?


Түүнийг албан тушаалаас шууд эсвэл тойруу замаар буулгахыг зүйтэй гэх шаардлага ширүүссээр байна. Тэр ч байтугай түүний ойрын ажилтнууд Цагаан ордноос ийм шаардлагыг хүргүүлж байна. Энэхүү үйл явдал Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, ерөнхийлөгчид Үндсэн хуулиар ногдуулсан үүргийг хэрэгжүүлэхэд санаатайгаар саад учруулсан, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл тул түүнийг албан тушаалаас буулгах эрх зүйн болон хуулийн арга хэмжээ авах үндэслэл болно. Үүний зорилго түүнийг улс төрийн хувьд саармагжуулахад чиглэгдэж байгаа юм. Хэрэв бослого үймээнд турхирсны улмаас шийтгэл оноож, Д.Трампыг албан тушаалаас буулгах арга хэмжээ авсан тохиолдолд, тэрээр төрийн албан тушаалд дахин нэр дэвших эрхгүй болох юм. Энд зарчим яригдана. Гэвч Нэнси Пелоси түүнийг албан тушаалаас буулгахыг илүүд үзэж буй бололтой. Тэр өнөөдөр 01дүгээр сарын 08-ны Баасан гаригт Ардчилсан намын бүлэгтэй зөвлөлдөнө. Жое Байден иймэрхүү алхам хийх шаардлагагүй гэж үзэж байна. Тэр хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд болох албан тушаал шилжүүлэх үйл явц дээр анхаарлаа төвлөрүүлж, Трампыг өнгөрсөнд нь орхихыг хүсэж байгаа. Дэд ерөнхийлөгч Майк Пенсе болон Трамп хоорондоо үг солих үгүйдээ тултал муудалцсан хэдий ч тэрээр Трампын эсрэг Үндсэн хуулийн нэмэлт 25-р зүйлийн дагуу хэрэг үүсгэх бодолгүй байна. Конгресс албан тушаалаас буулгах тухай хэлэлцэх ч эцсийн шийдвэрийг сенат гаргах бөгөөд Бүгд найрамдахчууд оролцохгүй. Гэхдээ энэ бол эрх зүйн биш улс төрийн алхам гэдгийг бид мартаж болохгүй. Трамп хэрэв эрх зүйн зөрчил гаргасан бол нэгдүгээр сарын 20-ноос хойш хуулийн хариуцлагад татагдаж болзошгүй юм.

"You Gov" судалгааны үр дүнгээс Бүгд Найрамдахчуудын 45 хувь Капитолыг дайран эзэлснийг дэмжиж буй бол тэдний 69 хувь нь Трампыг буруугүй гэж үзэж байна. Энэ учир шалтгааны улмаас Жое Байдений америк үндэстнийг анагаах тухай амлалт тийм ч бодит байдлаас тасарсан зүйл биш гэсэн үг үү?


Энэхүү тоон үзүүлэлт нэн тэргүүнд Бүгд Найрамдахчуудад асуудал байгааг харуулж байна. Ардчилсан институц, байгууллыг үл тоомсорлох явдал эх оронч бус хандлага болно. Тэд хэрхэн засаглах хэмжээнд эргэн ирэх вэ? Жое Байден Трампын дэгжигчдийг намжаахыг оролдвол тэмтэрч явсаар тэдний тавьсан хавханд орчих эрсдэлтэй. Тэр Америкийн бүхий л нийгмийн давхарга, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой болохоос Трампын дэмжигчдийг намжаах нь гол асуудал биш. Жое Байден нарийн төлөвлөгөөний дагуу ажиллана, ухаалаг ерөнхийлөгч байна гэх амлалт өгсөн. Тэр ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа алсын хараагаа ийнхүү тодорхойлсон. Тэр нэр төртэй, ёс зүйтэй, шударга ерөнхийлөгч байна. Тэр бүхнийг анагаагч увидастан биш ч сайн засаглаж хөдөлмөрч хүмүүсийн аж байдлыг дээшлүүлэхийг хүсч байгаа. Байден улс төрд шинэ бөгөөд гэнэн нэгэн биш. Тэр үндэстнийг анагаах амлалтаа хэр хүнд, өндөр шаардлагатай, баталгаагүй болохыг болон ерөнхийлөгчийн дөрвөн жилийн хугацаа яаж ч хичээгээд хэтэрхий богино хугацаа гэдгийг мэдэж байгаа. Америк болон америкийн иргэдэд Нэгдсэн Улсыг байгуулж байх үеийн идеалыг эргэн сануулах болно. Сануулахдаа боолчлол зэрэг түүхийн бараан талуудыг нуулгүйгээр бодит үнэнийг сануулах болно. Засгийн газрын ажлыг итгэл даахаар, суурьтай явуулж америкчуудын дийлэнх олонхийг сайн сайханд хөтлөхийн тулд олон чухал алхам хийх шаардлагатай болно. Нэгдсэн улсын нэгдмэл байдлыг хангахад зөв хандлага чухал.

Кнут Детлефсен нь Вашингтон дахь Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч юм. Үүнээс өмнө тэрээр Варшав, Зүүн Иерусалим, Шанхай дахь ФЭС-гийн суурин төлөөлөгч байсан.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл, редактор Гунгаагийн Базарваань.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан&

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de