31.03.2021

Улс төрийн вирус

Цар тахлын үеэр хэн шийдвэр гаргадаг вэ? гэдэг одоо л тодорхой болж байх шиг. Улс төр, олон нийтийн санал бодол хөзрийн “тамга” байдаг бол биологи, бие махбод болон физиологи “цэцгийн долоо” төдий л аж.

Угтаа улс төр вируст хамаагүй. Вирус эрүүл мэндийн асуудал. Гэхдээ Сарс, Ковид хоёрт онцгой нэг шинж байна. Эдгээр вируст улс төр нэн хамаатай аж. Эн тэргүүнд цар тахал эхлэх үед вируст хэрхэн үнэлгээ өгөх, коронавирусийн халдварт цар тахлын хямралын үеэр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? гэх улс төрийн маргаанд мэдээж биологи, бие махбод маргашгүй чухал үүрэгтэй. Гэтэл цар тахал удахын хэрээр биологи, бие махбодын үүрэг суларсаар. Хэний үг хүчтэй вэ? гэдэг нь одоо л тодорхой болж байна. Улс төр бол хөзөр юм. Олон нийтийн санаа бодол ихэнхдээ хөзрийн тамганы үүрэг гүйцэтгэдэг бол биологи, бие махбод заримдаа зүгээр долоо хөзрийн үүрэг гүйцэтгэнэ. Үүний шалтгаан бол нэг талаар вирусийн талаар шинжлэх ухааны нэгдсэн үнэлгээгүй байгаатай холбоотой. Шинжлэх ухааны хөгжил урагшилж шинэ мэдлэг хуримтлуулахын хэрээр шинэ асуултууд урган гарсаар байна. Эрдэмтэд харилцан адилгүй таамаг дэвшүүлсээр л байна. Гэхдээ энэ бол хэвийн үзэгдэл л дээ. Эрсдэл өндөртэй хүн амын бүлгүүдийг хамгаалах болон нийгмийн бусад бүлгийг аль болохоор хязгаарлахгүй байх тухай Грейт Баррингтоны тайлбарт гарын үсэг зурагсад ярьж байхад ЖонСноу-ны санамж бичигт гарын үсэг зурагсад нийт хүн амын дунд халдварлагсдын тоог бууруулахын тулд боломжтой бүхнийг хийх тухай дурдаж байна. Улс төрийг анхдагч гэж үзэх хамгийн чухал шалтгаан бол улс төрийн эрх мэдэлтнүүдийн улс төрийн зорилт, улс төрийн итгэл үнэмшилтэй Коронагийн цар тахлын үеэр авч хэрэгжүүлэх багц арга хэмжээ ан цавгүй нийцэж байх ёстой болно. Гэхдээ багц арга хэмжээ олон нийтийн санаа бодол, сонгогчдын хүсэл сонирхлоос зөрж болохгүй. Цар тахал удаан үргэлжлэхийн хэрээр арга хэмжээнүүдийн чиглэл, хамрах хүрээг өөрчилсөн нөхцөлд улс төрийн өндөр үнэ төлөх шаардлагатай болж болзошгүй. Засгийн газрууд өндөр дарамтын дор ажиллаж авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ хамгаалах хэрэгтэй болж байна. Бусад тоглогчид ч нэгэн адил багц арга хэмжээний чиглэл, хамрах хүрээг улс төрийн өндөр төлөөс төлөхгүйгээр сольж өөрчилж чадахгүй. Зарим тоглогчийн хувьд “хатуу хөл хорио”, “хөл хориог цуцал” гэх холбоо үг тэдний улс төрийн бодлого, бусдаас ялгарах онцлог шинжийн нэгээхэн хэсэг болжээ.

АНУ-д улс төрийн хэлэлцүүлэг нэлээд туйлшралтай өрнөж байна. Үүний дээр вирусийн талаарх таамаг, коронагийн үеэр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд өгөх үнэлгээ улс төрийн өрсөлдөгчдөдөө хариу барих ердийн болон дадал хэлбэрийн хариу үйлдлийнх нь нэгэн хэсэг болчхоод байна. 

Нэгдсэн улсын хувьд онцлох хэд хэдэн жишээ байна. Тухайлбал, цагаачлалын урсгалыг хязгаарлах, хилээ хаах болон Хятадтай хийх маргаан зэрэг асуудал тус улсын өмнөх засаг захиргааны үндсэн сэдэв байлаа. Энэ хүрээнд Хятад-АНУ хооронд аялал, тээвэр зуучийг хязгаарлах тухай шийдвэр угтаа Трампын засаг захиргааны зүгээс коронагийн эсрэг авч хэрэгжүүлсэн анхны арга хэмжээ байсан бөгөөд тийм ч гэнэтийн зүйл биш байлаа. Учир нь энэхүү шийдвэр Трампын улс төрийн зорилтод яв цав нийцэж байлаа. 

Трампыг дэмжигчдийн ихэнх нь дэлгүүр, худалдааны төвийг хаах эсвэл амны хаалт зүүх үүрэг ногдуулсан явдлыг төрийн дур зоргоороо шийдвэрийн илрэл, иргэдийнхээ эсрэг хуйвалдсан арга хэмжээ гэж үзэж байлаа. Сургууль, дэлгүүр худалдааны төвийг хаах эсвэл иргэдийг амны хаалт зүүх үүрэг ногдуулах тухай шийдвэрийг гаргах хамгийн чухал шалгуур үзүүлэлт угтаа халдвар авагсдын тоо бус харин сонгуулийн дүн байсанд эргэлзэх хэрэггүй юм. Халдвар авагсдын тооноос үл харгалзан Бүгд Найрамдахчууд засгийн эрхийг барьж байгаа муж улсуудад сургууль, дэлгүүр, худалдааны төвийн ихэнх нь нээлттэй, харин ардчилсан нам засаглаж байгаа олонх муж улсад хаалттай байна.

Ерөөс вирусийн улс төрийн шинж чанарыг хэрхэн таньж мэдсэн байдал ухаалаг хэлэлцүүлэг явуулахад шийдвэрлэх үүрэгтэй аж.

Германд ч мөн адил улс төр анхдагч. Гэхдээ ашиг сонирхлын бүлгүүд тус тусдаа нэгдмэл байр суурьтай байгаагаараа илүүтэй олны анхаарлыг татаж байна. /Олон санаатай байна гэдэг нөлөө багатай байна гэсэн үг. Монгол хэлний “олон санаат оргож босохгүй” гэдэг хэлц үгтэй дүйцнэ/. Эцэг эхчүүд, багш нар, сурагчдын зөвлөл сургуулийг нээе гэдэг дээр санал нэгдэж чадахгүй байгаа учраас сургуулиуд хаалттай хэвээрээ байна. Гэтэл үйлдвэрлэгч компаниуд, барилга угсралтын салбарынхан эдийн засгийн ашиг сонирхол нэг тул хоёулаа бараг хязгаарлалтгүй ажиллаж байна. Хэдийгээр “Эдийн засгийн ашиг сонирхол хязгаарлалтыг сулруулахын төлөө байдаг” гэх энгийн томьёолол байдаг ч жижиглэн худалдаа, аялал жуулчлалыг хааж болж л байна.

Улс төрийг шинжлэх ухаанаас дээгүүр тавьж буйг харуулах олон жишээ байна. Тухайлбал, Серби, Унгар хоёр улс ОХУ-тай найрсаг харилцааг хадгалдаг. Иймээс Спутник V вакциныг хэрэглэж байна. Литви, Польш, Украин улс ОХУ-тай нэлээд ярвигтай харилцаатай тул Спутник V вакциныг хэрэглэхийг хүсэхгүй байна. Украйнчууд уг вакциныг “хайбрид зэвсэг” гэж үзэж буй бол Польш улс энэхүү вакциныг Оросын дипломат арга хэрэгсэл гэж үзэж байна. Коронагийн хямралын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг улс төрийн санал бодлыг уралдуулж шийдэх нь зүйн хэрэг. Гэвч эдгээр арга хэмжээ эхлээд улс төрөөс, дараа нь олон нийтийн санаа бодлоос хамаарч байна. Арга хэмжээнүүдийн тухай хэлэлцүүлгийг ухаалгаар явуулахад вирусийн эргэн тойрондох улс төржсөн байдлыг ойлгосон эсэх шийдвэрлэх үүрэгтэй. Вирусийг тандах хандлагыг шинжлэх ухааны хэлбэрэлтгүй үнэнд үнэнч гэдгээр илэрхийлж болохгүй. Коронагийн асуудлаарх тодорхой арга хэмжээг энэ л гагцхүү шинжлэх ухаанч хандлагад нийцэж байна, бусад нь үгүй гэдэг байдлаар танилцуулж болохгүй. Ийм нөхцөлд ардчилсан хэлэлцүүлэг явуулахад хүндрэлтэй болно.  

Иймэрхүү шийдлээр коронагийн эсрэг тэмцэх бодлого гэж ямар бодлогыг хэлэх вэ? гэдгийг тодорхойлоход амаргүй болно. Олон өөр шалгуур үзүүлэлтийн дагуу харилцан адилгүй ашиг сонирхлуудыг дэнсэлж үзэх ёстой болохоос шинжлэх ухааны тодорхой үзэл санааг шууд хэрэгжүүлэх учир дутагдалтай. Гагцхүү олон нийтийн хэлэлцүүлгээр дэнсэлж, цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэх арга хэмжээ, түүний зардлыг зөв хуваарилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тэнцвэрт байдлыг олж чадна. Өнөөг хүртэл энэ тэнцвэрт байдлыг олж чадсан нэг ч улс байхгүй байна. 

Др.Нильс Мейер-Олендорф нь Берлиний экологийн хүрээлэнгийн Европын засаглалын хөтөлбөрийн удирдагч юм. Тэрээр олон улсын ардчилал ба илтгэл нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд цаг уурын хамгаалал, Европын холбоо, Ардчилал Европ тивд сэдвээр бүтээлүүдээ туурвидаг. 

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл. Редактор Гунгаагийн Базарваань.

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de