12.08.2020

Зөвлөлт Холбоот Улсын төгсгөл үеийнх шиг Америк

АНУ-ын өнөөгийн нөхцөл байдал хуучин Зөвлөлт Холбоот үеийн төгсгөл үеийнхтэй улам төстэй болсоор байна. Үүнтэй холбоотойгоор долларын манлайллын төгсгөл ойртож байна.

Зөвлөлт Холбоот Улсад (цаашид ЗХУ хэмээн товчлох) улс төрийн онигоо шимтэй хөрсөнд ургасан суулгасан үр шиг хурдан урган соёолдог, онигоо нь тухайн үеийн нийгэмдээ өнөөгийн АНУ-ын оройны хошин нэвтрүүлгүүд шиг чухал үүрэг гүйцэтгэдэг байлаа. Хүмүүс“ Нэгэн залуу эр улаан талбай дээр зогсож байгаад “Хөгширч бие нь суларсан Леонид Брежнев бол хувиа хичээсэн амьтан” гэж чангаар хашхирсныхаа төлөө 25.5 жил шоронд хоригдох ял авчээ”. Тэрбээр ЗХУ-ын төрийн тэргүүнийг доромжилсныхоо төлөө 6 сарын ял, төрийн нууц задруулсныхаа төлөө 25 жилийн ял тус тус авчээ”гэдэг онигоог сонсох их дуртай байлаа.

Өмнө нь Америкийн аюулгүй байдлын зөвлөх байсан Жон Болтон ерөнхийлөгч Доналд Трампын тухай нэгэн ном бичсэн. Уур цухалдаа шатсан Трампын засгийн газраас зохиогчид барьж буй хариу нь дээрх онигоотой тун төстэй зохиолоор өрнөж байна.

Зохиогч Доналд Трампыг доромжилсонд гол аюул нь байгаа юм биш, харин ерөнхийлөгч үнэхээр чадваргүй дээрээс нь “харсан хүний нүд орой дээрээ гарч сонссон хүний чих дэлдиймээр мэдээлэл муутай” гэдгийг илчилж орхисонд байгаа юм. Өнөөг хүртэл энэ бүхэн даравч далдайж, булавч бултайсаар байсан ч ном гарснаас хойш дэлхий нийтээрээ АНУ-д стратегийн чиг баримжаа огтоос байхгүй, засгийн газар нь яаж удирдаад байгааг ойлгоход бэрх болжээ” гэдгийг мэддэг болчихлоо.

Бодит байдал дээр нийгмийн болон улс төрийн зөрчилдөөнийг улам хурцатгаж байгаагаас эхлээд ер нь Америкийн олон нөхцөл байдал ЗХУ-ын төгсгөл үеийг санагдуулдаг болчихлоо. ЗХУ-ын хувьд удаан жилийн туршид дарагдаж байсан үндэсний цөөнх хоорондын өрсөлдөөн ба үүнтэй өрсөлдөгч үндэсний түрлэг огцом дээш цойлж улс орныг бүхэлд нь хүчирхийлэл, салан тусгаарлалт, задралын зүг рүү залж орхисон юм. АНУ-д улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнд Трампын үзүүлсэн хариу үйлдэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүч хэрэглэх, тэгш бус байдал болон түүхийн явцад хүн амын бүлгүүдийн хооронд үүссэн ангал зэргийг гал дээр шар тос нэмсэн мэт ноцоон дэвэргэж гүнзгийрүүлж орхив. Зөвлөлт гүрэн задран унахад Лениний хөшөөг буулгасантай адил Америкт тэргүүлэх холбоотнуудын босоо зургуудыг хаа сайгүй газар унаган шидэлж байна.

Америкийн санхүүгийн үйлчилгээний нүсэр том секторыг хуучин ЗХУ-ын Госплан буюу улсын төлөвлөгөөтэй (зөвлөлтийн улсын төлөвлөгөөний комиссоос баталдаг байсан) адилтгах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Америкийн санхүүгийн үйлчилгээний секторын үйл ажиллагаа өртөг нэмэгдүүлэхийн оронд өртөг бууруулах үр дүнд хүрэх нь олонтаа.

ЗХУ-тай бас нэгэн төстэй зүйл бол Америкийн эдийн засаг нь. ЗХУ бол нүсэр, учир начрыг нь олоход хүндрэлтэй ч нөөцийн хуваарилалтыг хариуцсан төлөвлөгөөний аппараттай байсан юм. Уг аппарат нь тухайн нийгмийнхээ шилдэг боловсон хүчнүүдийн сонирхлыг татагч нь байсан бөгөөд шилдэг боловсрол эзэмшсэн хүмүүстээ бүтээмжгүй, ихэнхдээ сүйтгэлтэй үүрэг даалгавар өгдөг байлаа. АНУ-д бол Уолл Стрийт нь бий. АНУ-ын санхүүгийн үйлчилгээний нүсэр том секторыг хуучин зөвлөлтийн Госплан буюу улсын төлөвлөгөөтэй адилтгах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. (Улсыг хөгжүүлэх төлөвлөгөөг зөвлөлтийн улсын төлөвлөгөөний комиссоос баталдаг байсан). Гэхдээ Америкийн санхүүгийн үйлчилгээний секторын үйл ажиллагаа өртөг нэмэгдүүлэхээсээ илүүтэй өртөг бууруулах нөлөөтэй байх нь олонтаа. Иймээс хүссэн хүсээгүй нөөцийн хуваарилалтын талаар өрнөж буй хэлэлцүүлэг бүрийн нэгэн сэдэв болдог.

ЗХУ-ыг задран задартал нь задрал бодитой болно гэдэгт бүрэн итгэлтэй хүн бараг байгаагүй гэхэд хилсдэхгүй. Америкийн системийн өнөөгийн нөхцөл байдлын дүгнэлт дээр нэмж хэлэхэд эдийн засагчид төдийлөн сайн таамаглагчид биш гэдгийг мартаж болохгүй. Салбарын мэргэжлийн сахилга бат нь үүсээд байгаа нөхцөл байдлын таамаглал дээр тулгуурладаг бөгөөд дүн шинжилгээ хийж буй зүйлийн үндсэн ерөнхий мэдээлэл өөрчлөгдөхгүй гэж үздэг. Эдийн засагчид хийж буй таамаглал нь бодит бус, шал дэмий эд гэдгийг өөрсдөө маш сайн мэддэг учраас тэд ихэнхдээ дундад зууны үеийн шашин судлаачдын бүтээлийг хичээнгүйлэн оролдож түүнийгээ эргэлзээтэй таамаглал, үг найруулга, мэргэжлийн ойлголтуудаар хулдаж орхидог юм. Өөрийн таамаглалын урьдчилсан нөхцөлүүдийг (ceteris paribus-бусдаар бол ижил нөхцөлд) гэдэг ангилалд оруулахын тулд заавал латин хэлтэй ч байх шаардлагагүй.

Өнөө хэвшил болоод байгаа практикаас харахад бид урт хугацааны, бодитойгоор батлагдсан таамаглалд гол анхаарлаа хандуулсан нь дээр. 1960-аад оны сүүлчээр эдийн засагч Роберт А. Мунделл дараах гурван төрлийн таамаглалыг дэвшүүлсэн байдаг. Нэгд ЗХУ задарч болзошгүй, хоёрт Европ нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болж магадгүй, гуравт доллар олон улсад ноёлсон мөнгөн тэмдэгт гэдэг статусаа хадгалсаар байх магадлалтай. Өдгөө оршин байгаа тэнцэтгэлийн системийг харахад (алтны стандарт) түүнийг таамаглалаа дэвшүүлснээс хойш алтны стандарт удалгүй задарч үүнээс болоод долларын ханшийн бууралтыг эхлүүлснээс бусдаар бол түүний таамаглалууд их алсыг харсан таамаглал байжээ. Мундэллийн гурван таамаг гурвуулаа батлагдсан.

Трампын засгийн газар сүүлийн гурван жил хагасын хугацаанд долларыг улс төрийн зэвсэг болгон ашиглахын эсрэг арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Олон жилийн туршид долларыг дэлхийд манлайлагчийн байр сууринд залж байсан нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж байна. Ковид-19-ын цар тахал даяаршлын дижитал хэлбэрийг илүү хурдацтай урагшлуулж байна. Хүмүүс ба барааны улс орнуудын хил хязгаар дамнасан чөлөөт урсгал буурч байхад харин мэдээллийн урсгал түүхэнд хэзээ ч байгаагүй хэмжээнд хүртэл нэмэгдэж жигнэх жингүй буюу дижитал эдийн засгийн эрин айсуй.

Дээрээс нь Трампын засгийн газар сүүлийн гурван жил хагасын хугацаанд долларыг улс төрийн зэвсэг болгон ашиглахын эсрэг сүүлчийн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрээд байна. Санхүүгийн ба хоёрдогч хориг арга хэмжээнүүд анхдагч хэлбэрээрээ байх үед тэднийг Хойд Солонгос гэх мэтийн жижиг, тусгаарлагдмал хорлогчийн эсрэг авч байх үед үр өгөөж нь их өндөр байсан юм. Харин санхүүгийн болон хоёрдогч арга хэмжээнүүдийг Иран, ОХУ, хятадын компаниудын эсрэг авахад хүрээ нь өргөжийн хэрээр үр нөлөө нь буурдаг нь батлагдлаа. Зөвхөн ОХУ, Хятад төдийгүй Европ ч нэгэн адил олон улсын төлбөрийн гүйцэтгэлд орлуулах механизмуудыг боловсруулах чиглэлээр дорвитой алхмуудыг яаравчлан хийсэн юм.

Төрийн бус дижитал төлбөрийн системүүд ч өдгөө бүрэн ажиллаж байна. Нэн ялангуяа төр нь сул эсвэл итгэл бүрэн хүлээдэггүй газарт төрийн бус төлбөрийн системүүд хурдацтай хөгжиж байна. Африкийн ядуу орнууд эсвэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад тун удахгүй төлбөрийн хувьсгал гарна гэсэн таамаглал байна. Дижитал шинэ технологиуд эдгээр орнуудад ядуурлаас гарах, бүтцийн хөгжлийн хоцрогдлыг арилгаж иж бүрэн бүтэц болгон хөгжүүлэх, инноваци болон хангалуун чинээлэг амьдралд хүрэх хэрэгслүүдийг гарт нь атгуулчхаад байна.

Одоо АНУ-ын системийн функцийн буюу үйлдлийн доголдлыг ил гаргаж ирчхээд байхад дэлхийн бусад орнууд АНУ-ын төрийн үр өгөөж ба үндсэн чадамжид эргэлзэж байгаагаа илэрхийлэхэд болохгүй юмгүй.

Урт хугацааны туршид доллар голлох үүрэг гүйцэтгэж дэлхий дахинд хүчтэй, баталгаатай, хөрвөх чадвартай мөнгөн тэмдэгтийн эрэлтийг тодорхойлж байлаа. Гэтэл “хөрөнгийн баталгаатай үнэлгээ”-ний өөр хувилбар гараад ирвэл, тэр хувилбарыг нь төрийн бус нийлүүлэгч гаргаад ирвэл нөхцөл байдал тэр дороо өөрчлөгдөх болно. Үүнээс гадна долларын урт хугацааны ноёрхол нь урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдал дээр суурилсан олон улсын санхүүгийн систем, АНУ-ын санхүүгийн итгэл даах чадвар, соёлын нээлттэй байдал дээр тулгуурлаж байлаа. Одоо, АНУ-ын системийн функцийн буюу үйлдлийн доголдлыг ил гаргаж ирчхээд байхад дэлхийн бусад орнууд АНУ-ын төрийн үр өгөөж ба үндсэн чадамжид эргэлзэж байгаагаа илэрхийлэхэд болохгүй юмгүй.

Үүний тод жишээ бол Ковид-19-ийн хямрал юм.  Халдвар авагсад, нас барагсдын тоо, вирусийн тархалтыг үр нөлөөтэй бууруулах арга хэмжээтэй холбоотой асуудлаар АНУ дэлхийн бусад орнууд, тэр дундаа хөгжиж буй бүх орнуудаас хойгуур орж байна. Энэ хооронд ерөнхийлөгч Доналд Трампын удирдлага дор АНУ бусдын өмнөөс ичнэ гэдэг юу болохыг олон улсад мэдрүүлэхдээ тулаад байна. Энэ бүх нөхцөл байдлын дор олон улсад долларын худалдан авах чадвар буурах болно, тэр ч байтугай хуучин зөвлөлтийн мөнгөн тэмдэгт рублийн замаар орж болзошгүй. Америкийн удирдлага, стратегийн эрс өөрчлөлт гарлаа ч байдал дээрдэхгүй болов уу? Эцэст нь хэлэхэд Михаел Горбачёв шууд Леонид Брежневийг залгамжлан гарч ирээгүй ч дараа нь түүнийг эрх мэдэлд хүрч Престройка буюу өөрчлөн байгуулалтыг эхлүүлэх үед хэт оройтсон байлаа. Гай гамшиг үхэлд хүргэх хэмжээнд хүртлээ нэрвэсэн байлаа.

Харолд Жеймс нь Принстон их сургуулийн олон улсын харилцааны тэнхимд олон улсын харилцаа, дэлхийн түүхийн профессорын алба хашдаг. 

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. 

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эбертийн-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

(c) Project Syndicate

Фридрих-Эбертийн-Сан  

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info.mongolia@fes.de